Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2017/00185

 

 

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2017/00185

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 8 дугаар байр, 109 тоотод байрлах, “Ар хутаг өндөр хайрхан” ХХК /Регистрийн дугаар:5812062/-ний  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзулын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 29 дүгээр байр, 24 тоотод байрлах, “Роксолид констракшн” ХХК /Регистрийн дугаар:5676444/-д холбогдох 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 19,898,025 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа оролцов. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                              

                                                                                              

Нэхэмжлэгч “Ар хутаг өндөр хайрхан” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзулын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          2014 оны 8 дугаар сард Батлан хамгаалах их сургуулийн дэргэдэх “Тэмүүжин өрлөг” дунд сургуулийн хичээлийн байрны барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Shift” ХХК-ийн санал болгосны дагуу тус барилгын ерөнхий гүйцэтгэгч “Роксолид констракшн” ХХК-ийн захирал Р.Болдбаатартай уулзаж, ярилцаж тохиролцсоны дагуу 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу тус сургуулийн барилгын ажилд шаардагдах авто замын хашлага, явган замын хашлага, явган замын өнгөт хавтан, эко хавтан зэрэг нийт 24,147,000 төгрөгний үнэ бүхий барилгын бараа бүтээгдэхүүнийг “Ар хутаг өндөр хайрхан” ХХК-ийн зүгээс “Роксолид констракшн” ХХК-д нийлүүлэхээр болсон.

          Ингээд гэрээний дагуу “Ар хутаг өндөр хайрхан” ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 17-ноос эхлэн гэрээнд заагдсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авагч талд тохиролцсон хугацаандаа тоо ёсоор нийлүүлж эхэлсэн. Бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж байх хугацаандаа төлбөр тооцоог төлөх талаар “Роксолид констракшн” ХХК-ийн захирал Р.Болдбаатар, нягтлан Б.Жаргалсайхан нарт хэлэхэд удахгүй мөнгө орж ирнэ бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаач хэмээн гуйсны дагуу итгэл хүлээлгэн үлдэгдэл бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Бүтээгдэхүүн нийлүүлж байх хугацаанд дансаар 1,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үүнээс хойш төлбөр тооцоогоо хийхгүй байсан тул үнийн дүнд тооцон 32 тонн цементийг “Роксолид констракшн” ХХК-иас авсан. Төлбөр тооцооны асуудлаар удаа дараа “Роксолид констракшн” ХХК-ний захирал Р.Болдбаатар, нягтлан Б.Жаргалсайхан нартай холбогдож лавлахад удахгүй тэрбум гаран төгрөг орж ирнэ гэх мэтчилэн шалтаг заан хойшлуулсаар гэрээний үлдэгдэл төлбөр 13,265,350 төгрөгийг төлөхгүй өдийг хүрлээ.

          Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр 13,265,350 төгрөг, алдани 6,632,675 төгрөг, нийт 19,898,025 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч “Ар хутаг өндөр хайрхан” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул, хариуцагч “Роксолид констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болдбаатар нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: 

“Ар хутаг өндөр хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Роксолид констракшн” ХХК-д холбогдох иргэний хэрэг дээр талууд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тооцооны үлдэгдэлийн дагуу 13,265,350 төгрөгийг хариуцагч “Роксолид констракшн” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дотор нэхэмжлэгч талд үл маргах журмаар шилжүүлэхээр харилцан тохиоролцов. Мөн алданги төлбөрөөсөө нэхэмжлэгч тал татгалзаж байгаа болно гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                                                                                                                                            

 

Нэхэмжлэгч “Ар хутаг өндөр хайрхан” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул нь хариуцагч “Роксолид констракшн” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 19,898,025 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага болох 19,898,025 төгрөгнөөс 6,632,675 төгрөгийг татгалзаж, хариуцагч үлдэх 13,265,350 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 18ы өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв.

Талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХнь:                                                                                                  

 

1.“Ар хутаг өндөр хайрхан” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзулын нэхэмжлэлтэй “Роксолид констракшн” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага болох 19,898,025 төгрөгнөөс 6,632,675 төгрөгийг татгалзаж, хариуцагч үлдэх 13,265,350 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,500 төгрөгийг улсын орлогд хэвээр үлдээж, хариуцагчаас 257,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

         

          3.Зохигчид энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

          4.Энэ захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                О.ОДГЭРЭЛ