Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/294

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,

улсын яллагч Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.Б.Д-д холбогдох эрүүгийн ................. дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ......... өдөр ......... төрсөн, ... настай, .............тэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл-................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ........................... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй , Б.Б.Д- (РД:..............)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Зайсан гэйт” зочид буудлаар үйлчлүүлсэн Т.Мөнх-Эрдэнийн мартаж явсан Хаан банкны картаас нууцаар, хууль бусаар 1.033.900 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Б.Д: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

         

          Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Т.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Бүтэн сайн өдөр буюу 2022 оны 01 сарын 09- ний өдрөөс 10-нд шилжих шөнө 05 цагийн орчим найзуудын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гэйт зочид буудлын 302 тоот өрөөг хоногоор түрээсэлсэн. 302 тоот өрөөнд орохдоо нэлээн согтолтын байдалтай байсан. Лхагважаргал гэх найздаа өөрийн картаа өгөөд доошоо ресейпшн рүү буулгасан. Тэгээд түүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. ..2022 оны 01 сарын 11-ний өдөр өөрийн картаа байхгүй байгааг анзаараад хаячихсан юм байхдаа гэж бодоод орой нь гэртээ хариад шинэ карт захиалахаар Хаан банкны апликэйшн рүүгээ ороход миний картаас олон удаагийн үйлдлээр мөнгө гарсан байсан... 1 033 900 төгрөгний хохирол учраад байна... Хаан банкны оператор луу залгаж асуухад эргүүлээд холбоо барья гэж хэлээд. Над руу 2022 оны 01 сарын 12-ны 11 цаг 23 минутад Хаан банкнаас эргэж холбогдоод “50 орчим насны эмэгтэй хүн таны картыг ашиглаад явж байна...” (хавтас хэргийн 7-12 дахь тал) гэсэн,

 

Гэрч У.Лхагважаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Би авсан юмнуудаа дээш өрөөндөө орж уугаад унтацгаасан. Өглөө сэрээд Мөнх-Эрдэнэ картаа хайгаад олоогүй бид нар буудлаас гараад явсан. Ресейпшн эгчээс бас картаа асуусан боловч мэдэхгүй гэсэн учир хаячхаж гэж бодоод тоолгүй орхиод бид нар гараад явсан. Тэгтэл маргааш орой нь Мөнх-Эрдэнэ над руу залгаад миний картаас мөнгө алга болсон байна санаж байна уу гэсэн. ..Би ус ундаа авахдаа кодыг нь тэр эгчид хэлээд өөрөөр нь уншуулсан байх. Тэрийг тогтоож үлдээд намайг карт авахгүй орхичихоор мөнгийг нь авчихсан юм байна гэдгийг сүүлд л ойлгосон...” (хавтаст хэргийн 14 дэх тал) гэсэн,

 

Яллагдагчаар Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2022 оны 01 дүгээр сарын 09-нийөдөр 23 цагийн орчим манай Буудалд 2 ортой 302 тоотын өрөөг 5 залуу хоногоор авч орцгоосон. Удалгүй тэдний нэг болох намхан залуу 3 давхраас бууж ирээд ус ундаа худалдаж аваад 70.000 төгрөгийн тооцоог картаар хийчхээд картаа үлдээгээд явчихсан. Пос машинд картыг уншуулсан бөгөөд надад кодыг тэр залуу хэлж өгөөд би кодыг хийж гүйлгээ хийсэн юм. Тэгтэл нөгөө залуу надаас картаа авалгүй ус ундаагаа аваад дээшээ гарсан. Би тухайн картын кодыг тухайн үед тогтоогоод авсан болохоор картыг нь өгөлгүй өөрөө аваад ажлаас буухдаа замаараа 21-р хорооллын Хаан банкны АТМ-аас 100.000 төгрөг бэлнээр уншуулан авсан. Дараа нь аптек орж 16.000 төгрөгийн эм худалдан авсан. Мөн гэрийнхээ гаднах эмийн сангаас үе мөчний тос 17.400 төгрөгөөр худалдан авсан. Дараа нь тэндхийн Голомтын АТМ-аас 400.000 төгрөг бэлнээр уншуулан авсан. Мөн Хаан банкны АТМ-аас тухайн картаар бас 500.000 төгрөг бэлнээр уншуулан авсан. Ингээд нийтдээ 1.033.400 төгрөгийн зарлагыг тэр хүний картаас гарган авч хувийн хэрэгцээндээ ашиглаж хэрэглэсэн. ... Би тухайн хүнийг ажил дээр ирж уулзахад нь л үнэнээ хэлээд мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Харин ч дээр нь буруугаа хүлээж бага зэргийн нэмж мөнгө өгсөн. Хохирлыг бүрэн төлсөн байгаа...” (хавтаст хэргийн 27 дахь тал) гэсэн,

 

Цагдаагийн байгууллагад өргөдөл гарсан, дансны тэмдэглэл (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

Шүүгдэгч Б.Дын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 32-35 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дахь тал),

Хохирогч Т.М гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 37 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Зайсан гэйт” зочид буудлаар үйлчлүүлсэн Т.Мөнх-Эрдэнийн мартаж явсан Хаан банкны картаас нууцаар, хууль бусаар 1.033.900 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар, хохирогч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд  мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн 2022-01-10-ны өдрийн Хаан банкны зарлагын гүйлгээний баримт (хавтаст хэргийн 5 дахь тал),

Хохирогч Э.Мөнхбат гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 37 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Дын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Б.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлсөн, хохирогч гомдол саналгүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

          Шүүхээс шүүгдэгч Б.Дыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 32-35 дахь тал) прокурорын гэм буруугийн хуралдаанд гаргасан санал дүгнэлтийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Иймээс шүүгдэгч Б.Дын эдлэх 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.Дд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Мөнх-Эрдэнийн Хаан банкны картаас нууцаар, хууль бусаар 1.033.900 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан талаарх баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрийг барагдуулж хохирогч Т.М гомдол саналгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 37 дахь тал) зэргээр тогтоогдож  байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн ................ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, хохирогч нь санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б.Д-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Д-ыг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ