Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2017/00186

 

 

 

 

2017.01.18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Д.Мөнгөнтуул, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр дөчин мянгат, Б-8-7 тоотод байрлах “Газрын үр шим” ХХК /Регистрийн дугаар:5198135/-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2-р хэсэг, Мөнх Зайсангийн задгайн аманд байрлах 1-85 тоотод оршин суух, Шовгууд овогт  Түгжээгийн Нуржин /Регистрийн дугаар:ЧИ44071206/-д холбогдох

Газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй үйлдлийг таслан зогсоож, газрыг чөлөөлж, дахин хашаа барихгүй байхыг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, эдийн бус гэм хорын хохиролд 16,520,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цагаандорж, түүний өмгөөлөгч Д.Нямдорж, иргэдийн төлөөлөгч Б.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Газрын үр шим” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын үр шим" ХХК нь Байгал орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А272 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын Зайсангийн амд байршилтай 2,0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг авч, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2012/60 дугаарын гэрчилгээг олгосон. Улмаар Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 3 талт гэрээ байгуулан аялал жуулчлалын цогцолбор байгуулах бэлтгэлээ хангаад байна. Гэтэл Т.Нуржин нь эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр манай газар дээр хашаа хатган айл буулгаад манай газрыг чөлөөлж өгөхгүй, удаа дараа албан бичиг болон амаар шаардсан боловч үл тоомсорлож, өөрийн хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй ажилд хүндрэл учруулж байна. Манай компани ажлаа эхлүүлэхийн тулд хашааг өөрсдөө буулгасан боловч дахин хашаа барьж хүндрэл учруулж, шаардлага тавихаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас надад зөвшөөрөл өгсөн гэж амаар тайлбарладаг. Иргэн Т.Нуржин хашааг буулгасны дараа дахин хашаа барьсан бөгөөд компанийн зүгээс хашааг буулгасан байгаа ч дахин хашаа барьж болзошгүй юм.

Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй үйлдлийг таслан зогсоож, газрыг чөлөөлж, дахин хашаа барихгүй байхыг хариуцагч Т.Нуржинд даалгаж өгнө үү.

Хариуцагч одоо уг газар дээр амьдрахгүй байгаа, гэрээ нүүлгэсэн нь үнэн. Гэхдээ уг газарт хариуцагчийн суулгасан суулгац, Суварга зэрэг одоо ч байгаа. Удаа дараа мэдэгдээд байхад дээрх суварга, суулгацыг шилжүүлэн авахгүй байгаа нь өөрөө газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй үйлдэл гэж үзэж нэхэмжилж байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд хашааг компани буулгасан үйл явдал болсон нь үнэн. Гэхдээ нэхэмжилж буй хохирол ямар ч нотлох баримтгүй байна. Уг газарт байсан хашаа нь юугаар хийгдсэн, хэдий хэмжээнийх байсан, ямар өртөгөөр барьж байсан  зэрэг нь тодорхойгүй, 500 ширхэг дарцаг, суулгасан чацарганы суулгац 500 байсан гэдгийг тогтоосон баримт алга. Мөн дарцаг салхинд хийсэх, суулгацыг мал идэх зэргээр өөр бусад байдлаар гэмтсэн, устсан байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн хариуцагч Т.Нуржин өөрөө хөрөнгө гаргаж хашааг бариагүй, хандиваар барьж өгсөн гэж гэрч мэдүүлсэн байдаг. Суулгацыг  Анхнаасаа хариуцагч Т.Нуржин олгосон зөвшөөрөл бүхий газарт Суварга, чацарганы суулгацаа суулгаагүйгээс ийм байдал үүссэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Т.Нуржин шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Т.Нуржин нь Зайсангийн аманд эдүүгээ 46 жил тогтвор суурьшилтай амьдарч, 2009 онд одоогийн байгаа газарт анх буурь сэлгэн бууж, чулуугаар гортиг татан суурьшсан байдаг юм. Ямар байдлаар нэхэмжлэгч компани гэрчилгээ авсныг мэдэхгүй. Гэхдээ 2012 онд гэрчилгээг авсан хэрнээ өөрийн эрх үүргээ хэрэгжүүлээгүй,  байсаар 2014 оны 5 дугаар сараас энэ манай газар гэж маргаж гарч ирсэн байдаг.

Нэгэнт албан ёсны бичиг баримтаар нэхэмжлэгч “Газрын үр шим” ХХК-д хууль ёсны ашиглах эрхийг эрх бүхий байгууллага олгосон тул газрыг чөлөөлөхөд маргахгүй. Угаасаа Т.Нуржин гуай уг газраас 2014 онд нүүсэн, одоо уг газарт амьдрахгүй байгаа. Тус компани хашааг нь буулгаснаас хойш дахин хашаа бариагүй. Иймд  газрыг чөлөөлж өгөх шаардлагыг биелүүлчихсэн гэж үзэж байна. Дахин хашаа барихгүй байхыг зөвшөөрч байна. Т.Нуржин гуай нүүснээс хойш ямар нэг үйлдэл хийгээгүй байхад тус компани эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй ямар үйлдлийг зогсоолгохоор шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Дондогдулам хатны нэрэмжит цэцэрлэг барихаар байгуулсан Суварга, чацарганы суулгацын тухайд нэхэмжлэгч байгууллага өөрөө нураах эсэхээ шийдэх байх. Т.Нуржин гуайн тухайд уг суварга, суулгацыг бусдын сайн сайхны төлөө, буяны үйлсэд зориулж босгосон болохоор өөрийнх нь бус ард түмний хөрөнгө гэдэг. Үүнийг шүүх шударга ёс, хүн чанар, ёс заншлын хувьд анхаарч, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ үү.

2014 оны 05-р сарын сүүлээр “Газрын үр шим” ХХК-ийн төлөөлөгч гэх Тайванбаатар, Намсрай нар нь “...энэ манай газар...”гэж дайран орж ирээд, өөрийнх нь эзэмшлийн хашааг харанхуй бүрийгээр нурааж, портер машин дээр ачихад Т.Нуржин гуай Хан-уул дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгч, эрх бүхий албан тушаалтнууд ирж Тайванбаатар, Намсрай нарыг авч явсан байдаг.

Цагдаагийн албан тушаалтан хууль бус үйлдлээ зогсоохыг шаардаж, харин буулгаж, ачсан байсан хашаануудыг эргүүлэн барьж өгөхийг даалгаж байсан. Үүнээс хойш “Газрын үр шим” ХХК-ийн төлөөлөгч гэх Тайванбаатар, Намсрай нар нэг ч удаа ирээгүй бөгөөд харин ч хүний өмчийг өнөөдрийг хүртэл эргүүлэн өгөөгүй байна.

Уг хашааг 2010 онд одоо Чингэлтэй дүүргийн Иргэний бүртгэлийн албанд ажиллаж байгаа Сүхмаа гэдэг бүсгүй Т.Нуржин гуайн тухайн газар дээр хэрэгжүүлж эхэлсэн “Дондогдулам хатны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төслийн хүрээнд сайн санааны тусламж болгон өөрийн хөрөнгөөр барьж, хандивласан байдаг.

Иргэн Т.Нуржин гуайн тухайн газар дээр нийтийн эзэмшлийн “Дондогдулам хатны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлыг санаачилан Богдын музейн захиргаанаас түүний энэ төсөлд дэмжлэг үзүүлж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүх ард түмэндээ гаргасан мод тарих буяны үйлс хийх уриалгыг хэрэгжүүлж маргаад байгаа талбайд Увсын хамба лам болох Отгон гуайн бэлэглэсэн нийт 2013 онд 108 гаруй, 2014 онд 200 гаруй чацарганы суулгацыг өөрийн гараар суулгасан юм.

Ингэж буян үйлдэж, мод тарьж байхад “Газрын үр шим” ХХК-ийн эрх бүхий төлөөлөгч нар гэх этгээдүүд хаана юу хийж байсан юм болоо, мөн “хүчээр” хашааг буулгаж авч явахдаа маш олон суулгацыг портер машинаараа дайрч гэмтээсэн.

Иргэн Т.Нуржин нь өөрийн хөрөнгөөр 2006 оноос хойш хүч хөдөлмөрөө гаргаж суварга босгож, тухайн газрыг тордон, арчилж хамгаалан, 1000 гаруй бут сөөг чацарганы  модыг тарьж суулгасан. Нуржин гуай өөрөө уг суулгацыг суулгаж, цэцэрлэгийн дайтай болгох гэж нүхийг ухан өөрийн хүч хөдөлмөрийг шингээсэн байдаг. Өдий насалсан надад уг газар хэрэггүй, үр хойчид маань Дондогдулам хатны нэрэмжит цэцэрлэг үлдээсэй гэж бодож зүтгэж ирсэн гэдэг.

Тиймээс хүний хашааг буулгаж нураагаад өнөөг хүртэл өгөөгүй тул хашаа, сүйтгэсэн чацарганы бут, дарцагны үнэд нийтдээ 16,520,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: Уг нураасан хашаа нь 144 метр өргөнтэй, 100 метр урттай 4 тал төмөр хашаа байсан тул хашааны үнэд 13,420,000 төгрөг,  хашааг газарт тогтоож бэхлэхэд модон шон 100 ширхэг 600,000 төгрөг, төмөр труба 100 ширхэг 750,000 төгрөг,  төмөр торон хашаа 2 ширхэг 110,000 төгрөг, дээврийн гөлмөн төмөр 50 ширхэг 250,000 төгрөг, мөн суварга, хашаанд өлгөсөн байсан 500 ширхэг хийморийн дарцагны үнэ 250,000 төгрөг, хашаа нурааж авч явсанаас устаж сүйтгэгдсэн 500 ширхэг чацарганы бутны үнэ 1,250,000 төгрөг, нийтдээ 16,520,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2014 онд хашааг нураах үед төмөр торон хашаа, шон зах зээлд ямар үнэтэй байсныг нотлохоор үнэлгээний компаниар үнэлгээг гаргуулж, хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Нэхэмжлэгч уг үнэлгээнд маргаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч “Газрын үр шим” ХХК нь хариуцагч Т.Нуржинд холбогдуулан газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй үйлдлийг таслан зогсоолгох, газрыг чөлөөлж, дахин хашаа барихгүй байхыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас газрыг чөлөөлж өгөх, дахин хашаа барихгүй байхыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэсгээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Газрын үр шим” ХХК нь Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай Зайсангийн ам нэртэй газрын 2,0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаагаар ашиглах эрхтэй болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А-272 тоот тушаал, тус яамны 2012 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2012/60 дугаартай газар ашиглах гэрчилгээ, кадастрын зураг, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2012/60 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчид маргааны зүйл болсон уг газрыг нэхэмжлэгч хууль ёсны дагуу ашиглах эрхтэй, хариуцагчийн ашиглах эрх олгогдсон байсан газартай давхцаагүй, хариуцагч Т.Нуржин уг газарт амьдрахаа больсон,  уг газарт одоо Дондогдулам хатны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар босгосон суварга, чацарганы бут байгаа зэрэг үйл баримтуудад маргаагүй байна.

Харин хариуцагч нь хашааг нураасан үйл явдлаас хойш нэхэмжлэгчийг эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан үйлдэл хийгээгүй, ямар үйлдлийг зогсоолгохоор шаардаж буй үндэслэл тодорхойгүй гэж, нэхэмжлэгч нь уг газарт байгаа суварга, чацарганы суулгацыг шилжүүлэхгүй байгаа нь өөрөө эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй үйлдэлд хамаарна гэж маргав.

Хариуцагч Т.Нуржин нь эзэмших, ашиглах эрхийн зөвшөөрөлгүй газарт суварга босгон, чацарганы бут, суулгац тарьж, улмаар уг газраас суварга, чацарганы бутыг шилжүүлэн авч зөрчлийг арилгах боломжтой байхад авахгүй, газрыг чөлөөлж өгөхгүй байлгасаар байгаа нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй үйлдэлд хамаарахаар байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шаардах эрхтэй байна.

 Иймд хариуцагчийг бусдын газар ашиглах эрх хэрэгжүүлэхэд саад учруулж буй үйлдлээ зогсоохыг даалгах нь зүйтэй гэж үзэв.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч нь “Газрын үр шим” ХХК-иас өөрт учирсан эд хөрөнгийн хохиролд нийт 16,520,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь 2014 оны 5 дугаар сард хариуцагч Т.Нуржингийн хашааг  нураасан, улмаар хашааг ачиж авч явсан, хариуцагчид эргүүлэн өгөөгүй гэдэгт маргаагүй, хүлээн зөвшөөрөв.

Харин нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх зорилгоор хийсэн үйлдэл, мөн хариуцагчид учирсан бодит хохирол тодорхойгүй, баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд  хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээх бөгөөд нэхэмжлэгч нь зохих байгууллага, эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр бусдын хашааг буулгаж байгаа үйлдэл нь эрхээ хэрэгжүүлж өөртөө тусласан үйлдэл гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлин 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй,  хэдий хэмжээний ямар үнэ, өртөг бүхий хашаа байсан, сүйтгэгдсэн чацарганы суулгац, бут хэд хичнээн байсан, ямар өртөг зардлаар байгуулсан зэрэг бодит хохирлоо баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Газрын үр шим” ХХК-ийн Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газрын Зайсангийн ам дахь 2 га газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй үйлдлээ зогсоохыг хариуцагч Т.Нуржинд даалгасугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан газрыг чөлөөлж, дахин хашаа барихгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “Газрын үр шим” ХХК-иас гэм хорын хохиролд 16,520,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т.Нуржингийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

  

 

                         ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ

 

                           ШҮҮГЧИД                                                  Д.МӨНГӨНТУУЛ

 

Д.РЕНЧЕНХОРОЛ