Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/295

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Ч.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б.Ч.С--д холбогдох эрүүгийн ............................... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...............-ны өдөр .......... төрсөн, ... настай, ...эй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ........-д хамгаалалтын албаны дарга ажил эрхэлдэг, ам бүл ....... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 617 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай Б.Ч.С- (РД:..........)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ч.С нь 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайны 5-2446 тоотод согтуурсан үедээ Б.Жамъянсүрэнг нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь дух, доод уруулд зулгаралт, баруун алимны салстад цус хуралт, доод уруулын салстад няцарсан шарх, дээд зүүн 3,4 шүднүүд унасан, буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Ч.С: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр гэртээ 20 цагийн үед хуурай дүү болох Заграгчаагийн хамт Хараа нэртэй 0,75 литрийн 1 шил архи хувааж ууж байхад манай найз Алтаншагай над руу 88142122 дугаарын утсаар залгаад Алтанцоож эгчийнд хүрээд ирээ би энд байна гэж ярихаар нь Заграгчаа бид хоёр Алтанцоож эгчийнд 20 цаг 30 минутын үед очиход Алтаншагай, Алтанцоож нар байхгүй Ч.С-, Алтанцоож эгчийн хүүхэд Хулан нар байсан. Тэгээд Ч.С- Алтанцоож эгчтэй яриад хаана байгаан гэж асуухад Алтанцоож эгч ажлаасаа  тарж байна гэж хэлсэн чинь Ч.С- “очиж тосож авъя гэж хэлээд Заграгчаа, Ч.С-, Хулан бид дөрөв Алтанцоож эгчийг тосохоор эгч рүү залгаж асуухад гэртээ ирчихсэн байна гэж хэлэхээр нь дэлгүүрээс Ч.С- Цагаан нэртэй 0,75 литрийн 1 шил архи аваад Алтанцоож эгчийнд очиж Заграгчаа, Даваа ах, Ч.С- бид дөрөв хувааж уусан. Би унтаад сэрэхэд Заграгчааг Ч.С- зодох гээд ноцолдож байхаар нь би очоод юу болоод байгаа юм бэ гэж асуухад Ч.С- эргэж хараад гараараа миний ам хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхэд миний дээд талын үүдэн 2 шүд унасан...

...гомдол санал байхгүй, хохирлоо бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” (хавтас хэргийн 9-10 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3-р сарын 04-ний өдрийн шинжээчийн 3663 дугаар “...Б.Жамъянсүрэнгийн биед дух, доод уруулд зулгаралт, баруун алимны салстад цус хуралт, доод уруулын салстад няцарсан шарх, дээд зүүн 3,4 шүднүүд унасан, буйланд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн хэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 16-17 дахь тал) гэсэн дүгнэлт

 

Яллагдагчаар Ч.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Жамъянсүрэн зүүн талын орон дээр сууж байсан босож ирээд чи яагаад миний дүү томроод байгаа юм бэ гээд над руу ирэхээр нь би энэ хоёр нийлж намайг зодох юм шиг байна гэж бодоод Жамъянсүрэнг хүрээд ирэхээр нь баруун гараа атгаж байгаад дээд талын уруулын зүүн хэсэгт нь нэг удаа цохиход Жамъянсүрэн газар унасан босож ирэхдээ чи миний шүдийг цохиод унагаачихлаа гээд хоёр ширхэг шүдээ баруун талын алган дээрээ тавьж надад үзүүлэхээр нь би явлаа гээд гараад явсан.” (хавтаст хэргийн 25 дахь тал) гэсэн,

 

102 тусгай дугаарт гомдол мэдээлэл ирүүлсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

          Шүүгдэгч Ч.Сийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 43-46 дэх тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 38-40 дахь тал),

          Хохирол төлбөр барагдуулсан баримт (хавтаст хэргийн 47 дахь тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч Ч.С нь 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайны 5-2446 тоотод согтуурсан үедээ Б.Жамъянсүрэнг нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь дух, доод уруулд зулгаралт, баруун алимны салстад цус хуралт, доод уруулын салстад няцарсан шарх, дээд зүүн 3,4 шүднүүд унасан, буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Ж- болон шүүгдэгч Ч.С нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №3663 дугаартай дүгнэлт, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

Хохирол төлбөр барагдуулсан баримт (хавтаст хэргийн 47 дэх тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Ж-гийн эрүүл мэндэд нь “...биед дух, доод уруулд зулгаралт, баруун алимны салстад цус хуралт, доод уруулын салстад няцарсан шарх, дээд зүүн 3,4 шүднүүд унасан, буйланд цус хуралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Ч.С түүний нүүрэн тус газар цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ч.С, хохирогч Б.Ж-гийн эрүүл мэндэд нь “...биед дух, доод уруулд зулгаралт, баруун алимны салстад цус хуралт, доод уруулын салстад няцарсан шарх, дээд зүүн 3,4 шүднүүд унасан, буйланд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Сийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Ч.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Ч.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 43-46 дахь тал) зэргийг харгалзан 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.С Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Ч.С оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ж-гийн эрүүл мэндэд биед дух, доод уруулд зулгаралт, баруун алимны салстад цус хуралт, доод уруулын салстад няцарсан шарх, дээд зүүн 3,4 шүднүүд унасан, буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Ж- нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд хиймэл шүдний үйлчилгээ зэрэг баримтаар нийтдээ 200.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан ба шүүгдэгч Ч.С мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн болох нь  Хохирол төлбөр барагдуулсан баримт (хавтаст хэргийн 47 дахь тал) тогтоогдож байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2210000000346 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Ч.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сийг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.С торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.С оногдуулсан 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн ............ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ