Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2017/00223

 

 

2017 оны 01 сарын 23 өдөр

           Дугаар 183/ШШ2017/00223

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Сүхбэр орд, 603 тоотод оршин суух, Хонхот овогт Хүрэлбаатарын Тамир /Регистрийн дугаар:ЧР81021573/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202-77 тоотод бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, “АПУ” ХХК-ийн үйлдвэрийн урд Бэрэн нэхмэлийн үйлдвэрийн байрны 2 давхарт байрлах, “Норд Стар Инженеринг Энд констракшн” ХХК /Регистрийн дугаар:5885973/-д холбогдох

Бусдын өмнөөс тавилгын төлбөрт төлсөн 5,098,600 төгрөг, буцаалтын шимтгэл 1,021,000 төгрөг, түүнээс учирсан хохирол 1,250,000 төгрөг, нийт 7,369,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Тамир, иргэдийн төлөөлөгч Т.Дондог, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                              

 

Нэхэмжлэгч Х.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүргийн БСБ Мегамолл дэлгүүрийн тавилгын тасагт менежерээр ажилладаг. 2016 оны 5 дугаар сарын эхээр “Норд стар инженеринг энд констракшн” ХХК-ийн захирал П.Цэрэнбаатар болон “Алтан таван богд” ХХК-ийн захирал н.Батчулуун, туслах н.Ганбат нар  манай дэлгүүрээс оффисын тавилга үзээд 11,939,400 төгрөгний барааг зээлээр худалдан авах санал тавьсан. Манай дотоод журмаар зээлээр тавилга худалдахыг хориглодог ч хамт явсан н.Батчулуун урьд манайд ажиллаж байсан таних тул би түүнд итгээд зээлээр барааг өгч явуулахаар болсон. Ингээд 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 11,939,400 төгрөгний ажилчдын тавилга, сейф, буйдан, сандал зэргийг 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлбөрийг төлж дуусгахаар тохиролцож гэрээ байгуулан барааг хүргэж угсарч өгсөн. Анх зээлээр барааг өгч явуулахдаа хэрэв аудитын шалгалт ирвэл яаралтай мөнгөө төлөх ёстой гэдгийг хэлж тайлбарлахад зөвшөөрч гэрээг байгуулан, барааг авч явсан.

Тус компани хамтран ажиллах төсөл хэрэгжүүлэх зорилгоор манайхаас тавилга авсан ч төсөл нь хэрэгжихээ больсон гээд авсан тавилгынхаа заримыг буцааж өгье гэсэн. Ингээд 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 6,840,800 төгрөгний барааг буцаасан. Үлдэгдэл 5,098,600 төгрөгний тавилгыг “Норд стар инженеринг энд констракшн” ХХК-ийн захирал П.Цэрэнбаатар өөрийн компанидаа авсан.

 Манай компанийн дотоод журмаар худалдан авагч барааг буцаасан  тохиолдолд буцаалтын шимтгэлд үнийн дүнгийн 15-20 хувийг төлдөг журамтай бөгөөд 6,840,800 төгрөгний бараа буцаалтын шимтгэл 1,021,000 төгрөг болсон.

2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр миний ажилдаг салбарт компанийн дотоод аудитор, нягтлан бодогчид санхүүгийн зөрчил байгаа эсэх талаар гэнэтийн тооллого хийсэн. Энэхүү тооллогоор “Норд стар инженеринг энд контсракшин” ХХК-д өгсөн тавилгууд дутагдлаар гарсан. Иймд яаралтай барааны төлбөрийг төлөхгүй бол миний бие ажлаас халагдахаар байсан тул би тус компанийн нэрийн өмнөөс 5 дугаар сарын 18-нд зээлээр бараа худалдсан тавилгын төлбөр 5,098,600 төгрөгийг төлсөн. Мөн буцаалтын шимтгэл болох 1,021,000 төгрөгийг 5 дугаар сарын 26-ны өдөр “БСБ трейдинг” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 499173246 тоот дансанд “Норд стар инженеринг энд контсракшин” ХХК-ийн нэрийн өмнөөс төлсөн. Байгууллага дур мэдэн барааг зээлээр худалдсан гээд миний цалинг 3 сараар 20 хувиар хасах сахилгын шийтгэл ногдуулсан.

Би дээрх мөнгийг төлөхийн тулд 2016 оны  5 дугаар сарын 18-ны өдөр иргэн Х.Гэрэлцэцэгээс сарын 5 хувийн хүүтэй 5,000,000 төгрөг зээлсэн.  Энэ хугацаанд би зээлийн хүүнд 1,436,000 төгрөг төлөөд байна. “Норд стар инженеринг энд контсракшин” ХХК-ийн захирал П.Цэрэнбаатарт энэ талаар хэлэхэд ажил эхлэхээр тавилгын төлбөр, буцаалтын төлбөр, зээлийн хүүгийн хамт ойрын хугацаанд төлнө гэсэн хариуг өгсөн.

Ийнхүү “Норд стар инженеринг энд контсракшин” ХХК-ийн захирал П.Цэрэнбаатараас дээрхи төлбөрийг гаргуулахаар очиж уулзах бүрт маргааш, нөгөөдөр гэсээр өнөөдрийг хүрч байна. Иймд “Норд стар инженеринг энд контсракшин” ХХК-наас тавилгын төлбөр 5,098,600 төгрөг, буцаалтын төлбөр 1,021,000 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 1,249,400 төгрөг, нийт 7,369,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Норд стар инженеринг энд контсракшин” ХХК нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.         Нэхэмжлэгч Х.Тамир нь хариуцагч “Норд Стар Инженеринг Энд констракшн” ХХК-д холбогдуулан бусдын өмнөөс тавилгын төлбөрт төлсөн 5,098,600 төгрөг,  буцаалтын шимтгэл 1,021,000 төгрөг, түүнээс учирсан хохирол 1,250,000 төгрөг, нийт 7,369,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Норд стар инженеринг энд констракшн” ХХК нэхэмжлэлийн хувийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гардан авч, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.Түүнчлэн хариуцагчид өнөөдрийн шүүх хуралдааны товыг хүргэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаар “БСБ трейдинг” ХХК болон “Норд стар инженеринг энд констракшн” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр харилцан тохиролцож, худалдагч нь 11,939,400 төгрөгний үнэ бүхий албан тасалгааны тавилгыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Худалдан авагч “Норд стар инженеринг энд констракшн” ХХК төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр  тохиролцон, “Албан  тасалгааны тавилгын бараа нийлүүлэх гэрээ”-г байгуулжээ.  

Гэрээний дагуу 11,848,100 төгрөгийн тавилгыг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Норд стар инженеринг энд констракшн” ХХК-д нийлүүлж, улмаар 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 6,749,500 төгрөгийн барааг буцаан авсан, барааны үнэ 5,098,600 төгрөгийг мөн өдөр, буцаалтын шимтгэлд 1,021,000 төгрөгийг 5 дугаар сарын 26-ны өдөр тус тус төлсөн,  “Норд стар инженеринг энд констракшн” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөр тооцоо дуусгавар болсон болохыг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “БСБ трейдинг” ХХК тодорхойлон ирүүлсэн байна.

Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, 491.6-д зааснаар хэн нэгэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр түүний ашиг сонирхлын төлөө зайлшгүй шаардлагын үүднээс гүйцэтгэвэл зохих үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлсэн этгээдээс үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зардлаа буцаан шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Х.Тамир “БСБ трейдинг” ХХК-ийн мегамолл оффис мебелийн дэлгүүрийн менежерээр ажиллаж байхдаа “Норд стар инженеринг энд констракшн” ХХК-тай зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулж, улмаар тус компанийн нэрийн өмнөөс 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр тавилгын үнэ 5,098,600 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр буцаалтын шимтгэл 1,021,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны ордер, “БСБ трейдинг” ХХК-ийн кассын орлогын ордерт тушаагч “Х.Тамир” гэж бичигдсэн байдал, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. Түүнчлэн хариуцагчийн нэрийн өмнөөс нэхэмжлэгч Х.Тамир худалдан авсан барааны үнэ болон буцаалтын шимтгэл төлсөн гэдэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 2016 оны 12 дугаар сарын 19, 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа үгүйсгээгүй болно.   

Иймд нэхэмжлэгч нь тус компанийн “БСБ трейдинг” ХХК-д төлбөл зохих худалдан авсан барааны үнэ 5,098,600 төгрөг, буцаалтын шимтгэл 1,021,000  төгрөг төлөх үүргийг гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, 491.6-д зааснаар шаардах эрхтэй, хариуцагч төлөх үүрэгтэй байна.

Харин нэхэмжлэгч нь бусдаас 5,000,000 төгрөг зээлж дээрх төлбөрийг төлсөн тул зээлийн хүүнд төлсөн төлбөрөөс 1,249,400 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байх боловч нэхэмжлэгч гуравдагч этгээдээс мөнгө зээлсэн үйлдэл, хариуцагчийн нэрийн өмнөөс төлбөр төлсөн үйлдлүүд хоорондоо шууд шалтгаант холбоогүй, түүнчлэн хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор бусдаас зээл авсан гэж үзэх боломжгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Иймд хариуцагчаас нийт 6,119,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,249,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

         

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 491 дүгээр 491.1, 491.6, 491.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Норд стар инженеринг энд констракшн” ХХК-иас 6,119,600 /зургаан сая нэг зуун арван есөн мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Тамирт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,249,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжид 112,863 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        О.ОДГЭРЭЛ

 

    ШҮҮГЧИД                                       Б.МӨНХЖАРГАЛ

 

                                                          Д.ХУЛАН