Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/296

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн И.Г.А-д холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..........-ний өдөр .......... төрсөн, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр .......... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, И.Г.А- (РД:........)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Арцат аппартмент” хотхоны 1418 дугаар байрны 12 тоот орон сууцанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.М-тай “гэрт орилж, хашхирлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь 2-3 удаа гараараа цохиж, хөлийн шагайн тус газарт нь 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь дээд уруулд язарсан шарх, цус хуралт, баруун шагайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Г.А: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Г.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...тэгээд бид хоёр 17 цагийн орчимд Алтанбаганын гэр болох Арцат вилла хотхонд очсон ба гэрт нь эхнэр нь 2 хүүхдийн хамт байж байсан. Тухайн үед бид хоёр 2 литрийн 2 том пиво дэлгүүрээс авч жоохон юм ярьж сууцгаасан. Сүүлд дахин 1 том пиво аваад уугаад сууж байсан юм....Алтанбагана гэнэт миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон...чи манай гэрт ингэж ярих болоогүй шүү гэж хэлээд над уруу дөхөөд ирэхээр нь би доош суухад миний нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Мөн гараараа миний нүүр рүү нэлээд хэдэн удаа цохисон...дүгнэлтэд тусгасан дээд уруулд язарсан шарх цус хуралт зэргийг Алтанбагана миний уруул ам орчим гараараа 2-3 удаа цохисноос үүссэн. Миний баруун шагайд үүссэн гэмтлийг Алтанбагана намайг гэрээс гаргах гэж хувцаснаас минь татаж чангааж байхдаа хөл рүү минь нэг удаа өшиглөсний улмаас үүссэн...” (хавтас хэргийн 8 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3-р сарын 14-ний өдрийн шинжээчийн 4075 дугаар “...Г.М-ын биед дээд уруулд язарсан шарх, цус хуралт, баруун шагайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой...” (хавтаст хэргийн 17-18 дахь тал) гэсэн дүгнэлт

 

Яллагдагчаар Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, өөрийн хийсэн үйлдлийг буруу гэдийг ухаарч байна.” (хавтаст хэргийн 23 дахь тал) гэсэн,

 

102 тусгай дугаарт гомдол мэдээлэл ирүүлсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

          Шүүгдэгч Г.А- хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 26, 28-30 дэх тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 27 дахь тал),

Хохирогч Г.М- хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 32 дахь тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч Г.А нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Арцат аппартмент” хотхоны 1418 дугаар байрны 12 тоот орон сууцанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.М-тай “гэрт орилж, хашхирлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь 2-3 удаа гараараа цохиж, хөлийн шагайн тус газарт нь 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь дээд уруулд язарсан шарх, цус хуралт, баруун шагайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.М- болон шүүгдэгч Г.А нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №4075 дугаартай дүгнэлт, Хохирогч Г.М- хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 32 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Г.М-ын эрүүл мэндэд нь “...биед дээд уруулд язарсан шарх, цус хуралт, баруун шагайд зөөлөн эдийн няцрал...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Г.А түүний нүүрэн тус газар цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.А, хохирогч Г.М-ын эрүүл мэндэд нь “...биед дээд уруулд язарсан шарх, цус хуралт, баруун шагайд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.А- дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Г.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Г.Алтанбаганыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 26, 28-30 дахь тал) зэргийг харгалзан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавь) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Г.А оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.М-ын эрүүл мэндэд биед дээд уруулд язарсан шарх, цус хуралт, баруун шагайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Г.М- нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүй гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2210000000358 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И.Г.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавь) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.А торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Ад оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавь) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн 2210000000358 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ