Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 1062

 

  Ч.Х-ад холбогдох эрүүгийн

                                                                             хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч С.Намжилмаа, Э.Ганбат,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Мөнхзул, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1989 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Х.Анхцэцэгийн бичсэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Ч.Х-ад холбогдох эрүүгийн 1808024600569 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овгийн Ч.Х-, 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух,

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 164 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

             Ч.Х- нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 65-8 тоотод Ч.Гантогтохтой маргалдаж, түүний толгойн тус газарт цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Ч.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Х-ад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөний гадна, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал”-ыг бүрэн гүйцэд тогтоогоогүй. Тухайлбал гэмт хэрэг гарсан цаг хугацааны талаар гэрчүүд “19, 21, 23 цаг” гэж өөр өөрөөр мэдүүлсэн бөгөөд улсын яллагч гэмт хэргийг 19 цагт гарсан гэж үзсэн үндэслэл нь тодорхойгүй байна.

2. Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд “...дух ясны баруун талаас, их далавч, суурийн дунд хонхорын яс руу үргэлжилсэн шугаман хугарал бүхий гавал тархины гэмтэл учирсан нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх бөгөөд шинжээч эмч шүүхийн хэлэлцүүлэгт “уг гэмтэл гараар үүсэх боломж муутай, мохоо зүйл дотроо ирмэгтэй мохоо зүйлээр үүсэх магадлал ихтэй” гэж тайлбарлажээ. Гэтэл прокурор уг гэмт хэрэг яаж үйлдэгдсэн, дээрх гэмтэл юугаар үүсгэгдсэн болохыг тогтоогоогүй байна.

3. Хэргийн газарт эмч, цагдаа нарыг очиход хохирогчийг газарт хэвтүүлсэн, ил харагдах ямар нэгэн шарх сорвигүй, гадна байдлыг нь засаж янзалсан байдалтай байсан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, дуудлагаар очсон эмчийн мэдүүлэг зэргээс харагдана. Үүнээс үзэхэд хэргийн газрын ул мөрийг хэн ямар шалтгаанаар арилгасан, тухайн үед хамт байсан гэрч нарын мэдүүлгүүд яагаад өөрчлөгдсөн, зарим гэрч нар хэргийн талаар мэдүүлэг өгөхөөс яагаад зайлсхийсэн талаар шалгах, хэргийн талаар харсан, сонссон бусад гэрчээс мэдүүлэг авах зэрэг ажиллагаануудыг нөхөн гүйцэтгэх шаардлагатай байна.

4. Хэрэг гарсан газар, шүүгдэгч Ч.Х-ын эцгийн гэр хоёрын хооронд ямар зайтай, ямар хугацаанд ирж, буцаж болох талаар тодорхой ажиллагаануудыг хийж гүйцэтгэх, гэрч Ч.Хишигдалайгийн “5 дугаар сарын 18-ны өдөр манай ах согтуу яриад ажил хийсэн хүмүүс надаас мөнгө нэхээд дээрэлхээд байна гэж утсаар ярьсан” гэх мэдүүлэг өгсөн бөгөөд уг утсаар ярьсан цаг хугацаа болон гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтооход ач холбогдолтой байж болох ажиллагаануудыг хийж гүйцэтгэх шаардлагатай байна.

5. Камерын бичлэгт үзлэг хийх ажиллагааг дахин гүйцэтгэх, өөрөөр хэлбэл үзлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцүүлж, уг бичлэгийн цаг бодит цагаас хэр зөрүүтэй явдаг, бичлэг дээр байгаа хүний дүрс танигдах боломжтой эсэх, шинжилгээнд тэнцэх эсэхийг тодруулах шаардлагатай байна.

Эдгээр ажиллагаануудыг болон өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан бусад асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол Ч.Х-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн 1122 дугаартай дүгнэлт, шинжээч Т.Амартүвшин, насанд хүрээгүй гэрч Г.Ариунхүсэл, Г.Нандинхүсэл нарын мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэргээр дээрх гэмт хэрэг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 19-23 цагийн хооронд үйлдэгдсэн, Ч.Х- нь талийгаач Ч.Гантогтохтой маргалдаж зодолдсоны улмаас толгойн урд хэсгээс цус гарч, гавал тархины хүнд гэмтэл авсан болох нь тогтоогдсон. Талийгаач нь өөр бусад хүмүүст зодуулж гэмтсэн байдал мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүй болно.

2. Насанд хүрээгүй гэрч Г.Ариунхүсэл нь талийгаач Ч.Гантогтох, яллагдагч Ч.Х- нарын зодооныг харсан хөндлөнгийн ганц гэрч бөгөөд “...юугаар цохьсон болохыг хараагүй, бригадын дарга ах Ганаа ахтай зодолдоод зугтаагаад явсан, Ганаа ахын толгойноос цус гарч байсан” гэж тодорхой мэдүүлсэн нь яллагдагч Ч.Х-ын үйлдлийн улмаас талийгаачид гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Дээрх үйлдэл, гэмтэл хоёр нь шалтгаант холбоотой байна гэж дүгнэхээр байна.

3. Насанд хүрээгүй гэрч Г.Нандинхүсэл, гэрч Д.Ганчимэг, Г.Хулан нарын “...талийгаач нь унтаж байсан газраа нас барсан...” гэх, яаралтай түргэн тусламжийн эмч Г.Нямсүрэнгийн “...32 настай, эрэгтэй ухаангүй гэсэн дуудлага ирсэн. Миний санаж байгаагаар 1 эрэгтэй, 2 эмэгтэй, 3 хүүхэд байсан. 2-3 хоног архи уусан гэж хэлсэн. Гэрийн зүүн талд орны урд гудас дээр дээш харсан байдалтай хэвтэж байсан. Би анхны байдлаар архины хордлогын улмаас нас барсан байж болзошгүй гэсэн таамаг тавьсан, шархыг угааж цэвэрлэсэн байдал ажиглагдаагүй...” гэх мэдүүлгээр талийгаачийг газарт хэвтүүлсэн, ил харагдах ямар нэгэн шарх сорвигүй, гадна байдлыг засаж янзалсан байдалтай байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хавтаст хэрэгт авагдаагүй нөхцлийг, мөн үйл баримтыг хийсвэрлэн дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна.

4. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд хэрэг гарсан газар буюу Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 65-8 тоот хаяг нь яллагдагч Ч.Х-ын эцгийн гэр болох Хилчин хотхонтой хэр зайтай байгаа талаар тодорхой дүрсэлж тусгасан. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г шинжлэн судлахад уг бичлэгийн 19 цаг 36 минутад “Ч.Хишигдалай нь ах Ч.Х-ыгаа аваад орж байгаа” талаарх үйл баримт харагдана. Үүнээс үзэхэд гэрч Ч.Хишигдалайгийн “ах Ч.Х- 5 дугаар сарын 18-ны өдөр дээрэлхээд байгаа талаар ярьсан” гэх яриа нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 36 минутаас өмнөх яриа болох нь тодорхой харагдаж байна.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г яллагдагчийн өмгөөлөгч С.Намжилмаа прокурорын шатанд гаргаж өгсөн ба уг бичлэгийг яллагдагч Ч.Х-ын дүү Ч.Хишигдалай “Хилчин” СӨХ-ийн компьютерийн дэлгэцнээс гар утсаараа бичиж авсан байдаг. Уг бичлэг нь 1 цагаар түрүүлж явдаг талаар тус СӨХ-ийн нягтлан бодогч М.Энхсайхан гэрчээр тодорхой мэдүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Ч.Х- 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 19-23 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 65-8 тоот иргэн Д.Ганчимэгийн гэрт эргэж очсон болох нь тогтоогдсон гэж үзэж байгаа тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгт /бодит хугацаа 15 цаг 15 минутаас 18 цаг 35 минутын хооронд/ дахин үзлэг хийх, бичлэг дээрх хүнийг таниулах нь ач холбогдолгүй болно.

Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Талийгаач өөр бусад нөхцөл байдлын улмаас гэмтэл авсан байж болзошгүй асуудлыг шалгаагүй. Тухайлбал Б.Хишигбаярын “тоосго шидсэн” гэх цаг хугацаа нь талийгаачийн толгойноос цус гарсан гэх цаг хугацаатай тохирдог. Гэрч Б.Хишигбаярын дээрх мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулж, шидсэн гэх тоосгыг нь хүртэл заалгасан байгаа. Энэхүү нөхцөл байдлаас үзэхэд Б.Хишигбаярын шидсэн тоосго нь талийгаачийг оносон байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн талийгаачийг үхэлд хүргэсэн гавлын суурь ясны гэмтлээс үзэхэд уг гэмтлийг гараар үүсгэх боломжгүйг дурьдах нь зүйтэй. Хэргийн газарт очсон яаралтай түргэн тусламжийн эмч Г.Нямсүрэн нь өгсөн дуудлагыг үндэслэн, тэнд байсан хүмүүсийн хэлсэн ярьсан зүйлийг өөрийнхөө санаж байгаагаар мэдүүлсэн байдаг. Прокурор дутуу шалгасан зүйлээ хэрэгт авагдаагүй гэх тайлбараар няцааж байгаа нь үндэслэлгүй юм. Нөгөөтэйгүүр талийгаачийн өмссөн хувцсыг хэд хоногийн дараа, өөр газраас очиж хурааж авсан байдаг. Энэ ямар шалтгаантай болохыг тогтоогоогүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад, яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс Хилчин хотхоны камерын бичлэгийг шалгуулах хүсэлт гаргасаар байхад уг хүсэлтийг хангахгүй явсаар камерын бичлэгийн хадгалах хугацааг өнгөрөөсөн. Ингээд аргагүйн эрхэнд тус хотхоны СӨХ-ийн даргыг гуйж гар утсаараа бичлэг хийж авсан байдаг. Прокурорын зүгээс Ч.Х-ыг зугтааж явахдаа талийгаачийг гэмтээсэн гэж, нэг бол эргэж очоод гэмтээсэн юм шиг үйл явдлыг ойлгомжгүй яриад байна. Иймээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүхийн тогтоолыг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч С.Намжилмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд хэн хохирогчийн амь насыг хохироосон болох нь тодорхой бус байдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд хамт байсан бусад этгээдүүдийг шалгаагүйн гадна, Ч.Х- тухайн цаг хугацаанд хэргийн газарт байсан эсэх нь эргэлзээтэй. Иймээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүхийг тогтоолыг дэмжиж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, Ч.Х-ад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудад заасан “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” буюу нотолбол зохих байдлыг эргэлзээгүй нотолж чадаагүй, тухайлбал гэмт хэрэг хэзээ, яаж үйлдэгдсэн, амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг бүрэн гүйцэд шалгаж тогтоолгүй орхигдуулсан байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүхийн тогтоолын зарим хэсгийг үндэслэлтэй гэж үзэв.

Прокуророос Ч.Х-ыг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 65-8 тоотод Ч.Гантогтохтой маргалдаж, түүний толгойн тус газарт цохиж алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд хамт байсан гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд, Ч.Х-, Ч.Гантогтох, А.Ганчимэг нар нь ажлын хөлснөөс болж хоорондоо маргалдсан, улмаар Ч.Х-, Ч.Гантогтох нар хоорондоо барьцалдаж авсан, зодолдсон гэх бөгөөд энэхүү болсон үйл явдлын цаг хугацааг тус тус зөрүүтэй байдлаар мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл тухайн өдөр хэдэн цагийн үед Ч.Х-, Ч.Гантогтох нар хоорондоо зодолдсон болох нь тодорхой бус байна.

Амь хохирогч Ч.Гантогтохын цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №1122 дугаартай дүгнэлтэд, цогцосны гадна үзлэгээр “...зүүн зулайн урд хэсгийн хуйханд босоо 4х1см зах ирмэг нь тэгш бус язарсан шарх...” тогтоогдсон, талийгаачид “...дух ясны баруун талаас, их далавч, суурийн дунд хонхорын яс руу үргэлжилсэн шугаман хугарал...” бүхий гавал тархины гэмтэл учирсан нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэжээ. Шинжээч эмч Т.Амартүвшин нь дээрх дүгнэлттэй холбогдуулан “...энэ гэмтэл гараар үүсэх боломж муутай, мохоо зүйл дотроо ирмэгтэй мохоо зүйлээр үүсэх магадлал ихтэй...” гэсэн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн байна.        

 Иймээс гэмт хэрэг хэзээ /хэдэн цагийн үед/, яаж үйлдэгдсэн, амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л арга хэрэгслийг ашиглан шалгаж тогтоох шаардлагатай бөгөөд энэ тухай заасан шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 1, 2 дахь заалтуудыг хэвээр үлдээж, эс зөвшөөрсөн улсын яллагчийн эсэргүүцлийн заалтыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №6476 дугаартай дүгнэлтээр Ч.Х-ын биед хамар, хөмсөг, хүзүү, цээж, хэвлий, шуу, тохойд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон бөгөөд тэрээр уг гэмтлийг А.Ганчимэгийн маажих, түлхэх үйлдлийн улмаас үүссэн болохыг удаа дараа мэдүүлсэн байхад энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар хуульд заасан зохих ажиллагааг явуулалгүй орхигдуулсан байна.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн уг хэрэгт хуульд заасан зохих ажиллагааг бүрэн гүйцэд явуулбал зохино.

Харин шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 3, 4, 5 дахь заалтууд буюу хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон байдал, яаралтай түргэн тусламжид өгсөн дуудлагын талаар гэрчүүдээс дахин мэдүүлэг авах, хэрэг учрал болсон гэх газар болон Ч.Х-ын эцгийн гэр хоорондын зайг тогтоох, гэрч Ч.Хишигдалайгийн гар утасны ярианы лавлагааг гаргуулах, Ч.Х-ын эцгийн гэрийн гаднах камерын бичлэгт дахин үзлэг хийх зэрэг ажиллагаанууд нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүй байх тул эдгээр заалтуудыг хүчингүй болгож, энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авлаа.

Иймд шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 1, 2 дахь заалт болон магадлалд заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1989 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурор Х.Анхцэцэгийн бичсэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийн 1, 2 дахь заалтуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                                     ШҮҮГЧИД                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                                             Н.БАТСАЙХАН