Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 119

 

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2020/0119

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Дүгнэлт гаргагч: БЗДПГЗХБАХТХП С.У.

Хариуцагч: БЗДТХТУБ Э.З, С.З.

Дүгнэлт: БЗДТХТУБ Э.З, С.З нарын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0303388 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлт бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: БЗДПГЗХБАХТХП С.У, хариуцагч БЗДТХТУБ Э.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

БЗДПГХП С.Уас тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...БЗДПГХП С.У би Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.З, Э.З нарын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ЭСИ ХХК-д торгох шийтгэл оногдуулсан бүртгэлийн 24170500296 дугаартай материалыг хянахад ...ЭСИ ХХК-ийн захирал Б.С нь Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд урьдчилан тэмдэгтийн хураамж төлөлгүйгээр, тэмдэгтийн хураамжийг дараа төлөх нөхцөлтэйгээр хилээр самар экспортлох тусгай зөвшөөрөл авсан атлаа 2015 онд 992.508.000 төгрөг, 2016 онд 4.033.650.000 төгрөг, нийт 5.026.068.000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөөгүй, мөн хилээр эд зүйл экспортолсон 37.000.232.570 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогыг албан татварт тайлагнаагүй, нийт 42.260.300.570 төгрөгийн борлуулалтын орлогоо нуусан гэх хэрэгт үйлдэлд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгажээ.

Татварын улсын байцаагч С.З нь ЭСИ ХХК-д татварын хяналт шалгалт хийж, 2015-2016 онд 5.026.680.000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөөгүй, 37.000.232.570 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тайлагнаагүй гэх зөрчлийг илрүүлж 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр татварын улсын байцаагчийн дүгнэлт гаргасан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад татварын улсын байцаагчийн дээрх дүгнэлтийг үндэслэлтэй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байх ба хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар ...ЭСИ ХХК-ийн захирал Б.С нь татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж заасныг үндэслэн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ЭСИ ХХК-д холбогдуулан татвар нөхөн төлүүлэх талаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.З, Э.З нар нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ЭСИ ХХК нь 2015 онд 4.507.159.944.38 төгрөгийн /хуш модны самрын идээ/ экспортын борлуулалтын орлогыг, 3.977.032.494.02 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй, 2016 онд 32.570.293.801.16 төгрөгийн /хуш модны самрын идээ/ экспортын борлуулалтын орлогыг, 31.384.298.176.00 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй гэх үйлдэлд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3-т зааснаар 51.018.248.20 төгрөг, хохирлын 170.060.827.50 төгрөг, нөхөн төлбөрийн 34.012.165.80 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.

Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, 33.2.6-д заасан үндэслэлээр дүгнэлт бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ, 35.1-д Татварын алба нь татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн биелэлтэд хяналт тавин хангуулж байна, 35.2-т Татварын алба, татварын улсын байцаагч нь энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмаар хэрэгжүүлэх боломжгүй болсон актын биелэлтийг хангуулах нэхэмжлэлийг хууль тогтоомжийн дагуу шүүхэд гаргана гэж тус тус заасан.

ЭСИ ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тайлагнаагүй үйлдэлд татварын улсын байцаагчийн дүгнэлт бичигдэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад ЭСИ ХХК-ийн захирал Б.Сыг татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн байхад уг үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж үзэн торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон БЗДТХТУБ С.З, Э.З нарын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ЭСИ ХХК-д шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн. гэв.

Хариуцагч БЗДТХТУБ Э.З шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭСИ ХХК-д хяналт шалгалтыг хийх явцдаа дүгнэлтээ эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн заалтаа үндэслээд шийтгэлийн хуудас болон улсын байцаагчийн акт үйлдсэн. Улсын байцаагчийн актыг үйлдэхдээ Татварын ерөнхий газар болон Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын арга зүйн газар, хуулийн хэлтсээс зохих журмын дагуу хуулийн зөвлөгөө, мэдээлэл авсны үндсэн дээр 5.026.680.000 төгрөг дээр улсын байцаагчийн шийтгэлийн хуудас, татварын улсын байцаагчийн актыг, 37,000,232,570 төгрөг дээр аж ахуй нэгжийн орлогын албан татвар ногдуулаагүй, төлөөгүй зөрчил дээр нь татварын улсын байцаагч шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн дагуу бичсэн. Нийтдээ 255,091,241 төгрөгийн шийтгэлийн хуудас бичсэн. Эндээс 170,060,827 төгрөг нь нөхөн татвар, 51,018,248 төгрөгийн торгууль, 34,012,165 төгрөгийн алданги байгаа болно. Шийтгэлийн хуудсыг бичихдээ татварын хөөн хэлэлцэх хугацаагаа бариад 2015-2016 оны зөрчил дээр шийтгэлийн хуудас бичсэн. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын бичсэн 106 дугаар дүгнэлтийн хамгийн доод хэсэгт ... ЭСИ ХХК-ийн аж ахуй нэгжийн орлогын албан татвар тайлагнаагүй үйлдэлд татварын улсын байцаагчийн дүгнэлт бичигдэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад ЭСИ ХХК-ийн захирал Б.Сыг татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн байхад уг үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж үзэн торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж заасан байна. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.5.8-т Зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө гэж заасан байна. Татварын ерөнхий хуульд заасны дагуу татвар ногдуулах, татварын зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг 5 жил байхаар тогтоосон байна. Энэ нь Татварын ерөнхий хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь 5 жил байна гэж заасны дагуу хамаарна. Эрүүгийн болон зөрчлийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа үүнд хамаарахгүй. Тийм учир шийтгэлийн хуудас дээр хөөн хэлэлцэх хугацаа ямар нэгэн хамааралгүй. Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосонд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр бол эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 69 дүгээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоод захиргааны хариуцлагыг 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаагаар Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.5.8-т зааснаар шийтгэлийн хуудсаа бичээд явсан. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын 2017 оны 24170500296 дугаартай томилолт, хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу БЗДТХТУБ С.З, Э.З нарыг ЭСИ ХХК-ийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийлгэхээр томилсноор татварын улсын байцаагч нар хяналт шалгалтыг хийжээ.

Улмаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0303388 дугаар шийтгэлийн хуудсаар 51.018.2486.20 төгрөгийн шийтгэл, 170.060.827.50 төгрөгийн хохирол, 34.012.165.60 төгрөгийн нөхөн төлбөр, нийт 255.091.241.30 төгрөгийн төлбөрийг ЭСИ ХХК-нд ногдуулсныг БЗДПГХП эс зөвшөөрч ...ЭСИ ХХК-ийн захирал Б.Сыг татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн байхад уг үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж үзэн торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэх үндэслэлээр дүгнэлт бичиж маргаж байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон дүгнэлт гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтаас үзэхэд, Татварын улсын байцаагч нар ЭСИ ХХК-ийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 240000269 дугаар дүгнэлтээр ЭСИ ХХК-ийг Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчин, их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй 42.026.300.570.60 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 170200197 дугаар тогтоолоор ЭСИ ХХК-ийн захирал Б.Сод холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэргийг шалгах ажиллагааг явуулсан байх бөгөөд энэ хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дүгээр шинжээчийн дүгнэлтээр ЭСИ ХХК нь ...2015 онд 4.407.159.944.4 төгрөг, 2016 онд 32.493.072.626 төгрөг нийт 37.000.232.570.7 төгрөгийг зөрүү орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнаагүй,

2015 онд 992.508.000 төгрөг, 2016 онд 4.035.990.000 төгрөг нийт 5.028.498.000 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлээгүй болохыг дүгнэж, Татварын улсын байцаагчийн 240000269 дугаар дүгнэлтийг үндэслэлтэй болохыг тогтоожээ.

Улмаар Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн 69 дүгээр тогтоолоор ... ЭСИ ХХК-ийн захирал Б.С нь татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болон тогтоогдож байна. ...харин хэрэг бүртгэлтийн 170200197 дугаартай хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш ... нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж заасан нь зөрчлийн шинжтэй болж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг удирдлага болгон хэрэг бүртгэлтийн 170200197 дугаартай хэргийг хаасугай хэмээн шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8-д Зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө, 9-д Хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно хэмээн,

Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1-д Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй хэмээн тус тус заажээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дүгээр шинжээчийн дүгнэлт болон Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн 69 дүгээр тогтоолоор ЭСИ ХХК-ийн захирал Б.Сыг татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон байх боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул яллагдагчаар татах боломжгүй хэмээн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, зөрчлийн шинжтэй хэмээн дүгнэсэнтэй холбогдуулан хариуцагч БЗДТХТУБ С.З, Э.З нар 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр ЭСИ ХХК-ийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль зөрчсөн үйлдэлд нь холбогдуулан 24170500296 дугаар зөрчлийн хэрэг нээж, 2019 оны 10 дугаар сарын 30ны өдөр Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0303388 дугаар шийтгэлийн хуудсаар ЭСИ ХХК-нд торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-дэх заалтад зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй тус тус нийцсэн байх бөгөөд үүнтэй холбогдуулан прокурорын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Энэ хүрээнд, хариуцагч нар нь ЭСИ ХХК-ийн Тэмдэгтийн хураамжийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд нь холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 240013651 дугаар Улсын байцаагчийн актаар 4.525.168.000 төгрөгийн зөрчилд, 4.525.168.000 төгрөгийн тэмдэгтийн хураамж нөхөн төлөх, 1.152.000 төгрөгийн торгууль, нийт 4.526.320.000 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.

Гэвч, хариуцагч БЗДТХТУБ С.З, Э.З нараас 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 24170500296 дугаар Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд холбогдогч ЭСИ ХХК-ийн 2015 оны зөрчилд 60.307.849.14 төгрөгийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нөхөн, торгуульд 18.092.354.75 төгрөгийг, алдангид 12.061.569.85 төгрөгийг нийт 90.461.773.75 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр,

2016 оны зөрчилд 109.752.978.40 төгрөгийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нөхөн, торгуульд 32.925.893.50 төгрөгийг, алдангид 21.950.595.70 төгрөгийг нийт 164.629.467.60 төгрөгийн төлбөр ногдуулахаар тус тус шийдвэрлэсэн тухай тэмдэглэсэн байх боловч маргаан бүхий акт болох 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0303388 дугаар шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ холбогдогч ЭСИ ХХК-нд оногдуулсан нөхөн төлөх татвар болох 170.060.827.50 төгрөгийг алдангийн оронд, төлөөгүй татварт тооцогдсон 34.012.165 төгрөгийн алдангийг нөхөн татварын оронд тус тус зөрүүлэн бичсэн болох нь хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 24170500296 дугаар Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 0303388 дугаартай шийтгэлийн хуудас болон хариуцагчийн хариу тайлбараар тус тус тогтоогдож байх тул шүүхээс маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн хэмээн үзэх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 , Татварын ерөнхий хуулийн /2008оны/ 74 дүгээр зүйлийн 74.1-т заасныг тус тус үндэслэн БЗДТХТУБ Э.З, С.З нарын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0303388 дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол БЗДТХТУБ Э.З, С.З нарын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0303388 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдөхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М