Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 34

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Болормаа,

улсын яллагч Н.Алтантүлхүүр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тунгалаг /¹0324/ нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онход овгийн Лхагвасүрэнгийн Базарсадад холбогдох 201625030362 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад, шүүн хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эх нарын хамт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Онход овгийн Лхагвасүрэнгийн Базарсад /РД:УИ93081716/ 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: яллагдагч Л.Базарсад нь шунахай сэдэлтээр. 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 17:00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 01 тоотод оршин суух хохирогч Ц.Цэгмидийн эзэмшлийн орон байранд нэвтэрч 32 инчийн зурагт, суваг хүлээн авагч зэргийг хулгайлж нийт 280,000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Базарсад мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.  

Хохирогч Ц.Цэгмидийн мөрдөн байцаалтад өгсөн: “...нийтийн байрны 1 тоот өрөө түрээслэж амьдардаг. Манайх өдрийн цагаар хүнгүй байдаг... 17 цагийн үед гэртээ ирэхэд өрөөний хаалганы цүүг эздэн хулгайч орж зурагт, суваг хүлээн авагч хулгайлсан байсан... би алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авлаа... би хаалганы цүүг үнэлүүлэхгүй...гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25х, 82х/

Иргэний нэхэмжлэгч П.Энх-Оюуны мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оын 02 сард... байх...17 дугаар автобусны буудал орчим явж байхад үл таних 1 согтуу хүн зурагт барьчихсан явж байгаад надтай ирж уулзаад эгчээ зурагт авах уу. ломбардад тавих гэсэн чинь согтуу хүнээс авахгүй гээд байна эхнэртэйгээ муудалцаад зурагтаа аваад явж байна гэж хэлсэн . хямдхан зарвал авья гэж хэлэхэд...150,000 төгрөгөөр зарна гэсэн... тухайн зурагтыг 105,000 төгрөгөөр авсан...би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28х/

Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл: 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр П.Энх-Оюунаас Хар өнгийн корпустай 32 инчийн Шарп Маркийн ЛСД зурагт 1 ширхэг, хар өнгийн корпустай МИВС суваг хүлээн авагч 1 ширхэг байсныг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 15х, 17х/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7х/

 

Яллагдагч Л.Базарсадын мөрдөн байцаалтад өгсөн: “…ЧД-ийн 16 дугаар хороо, Согоотын 42 дугаар гудамж 478 тоот нийтийн байранд байдаг юм ... 02 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчим манай нийтийн байрны хажуу өрөөнд хүн байхгүй цоожтой байхаар нь хаалганы бариулаас нь татаж байгаад цоожны цүүг мулталж ороод хар өнгийн Шарп маркийн 32 инчийн зурагт, МИВС-ийн суваг хүлээн авагч байсныг нь хулгайлж...хулгайлсан зурагт, суваг хүлээн авагчаа 30 орчим насны эмэгтэйд 105.000 төгрөгөөр зарахаар болоод явсан... Би давхар дэлгүүрийн тэнд зурагт авсан эмэгтэйн гэрт нь хулгайлсан зурагтаа оруулж өгөөд эргээд гараад... баригдсан...надад мөнгө хэрэг болоод хажуу айлаас зурагт, суваг хүлээн авагч хоёрыг хулгайлсан юм... Би ганцаараа хулгай хийсэн... хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... жижиг суудлын тэрэг байсан юм зам дагуу гар өргөж суусан, улсын дугаар, маркийн тодорхой санахгүй байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46х, 54- 57х/

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Л.Базарсад нь шунахай сэдэлтээр. 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 01 тоотод оршин суух хохирогч Ц.Цэгмидийн эзэмшлийн орон байранд хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт, суваг хүлээн авагч зэргийг хулгайлж нийт 280,000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 44-46х, 54-57х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Цэгмэдийн мөрдөн байцаалтад /хх-ийн 23-25х, 82х/ өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч П.Энх-Оюуны /хх-ийн 26-28х/ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 15х, 17х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас С.Базарсадын гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ц.Цэгмэд нь хүсэлтдээ: “эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан, санал гомдол байхгүй” /хх-ийн 85, 91х/, мөн иргэний нэхэмжлэгч П.Энх-Оюун нь “гомдол санал байхгүй” /хх-ийн 91х/ гэж байх тул шүүгдэгч С.Базарсадыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

С.Базарсадад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан мөн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад төлөх төлбөргүй тул шүүхээс түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Онход овгийн Лхагвасүрэнгийн Базарсадыг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Базарсадад эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Л.Базарсадыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж баривчлах ялыг эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Л.Базарсад нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Л.Базарсадын эдлэх ялын хугацааг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Л.Базарсадад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ