Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
Хэргийн индекс | 168/2022/0147/Э |
Дугаар | 2022/ШЦТ/143 |
Огноо | 2022-04-22 |
Зүйл хэсэг | 17.4.1., |
Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Ч.Мөнхзул
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, *******
Шүүгдэгч ******* нь 2021 оны 04 сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд “ЖБЧЭ” ХХК-ний Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах үйлчилгээний төвийн “Кибер” барьцаат зээлийн газарт теллерээр ажиллах явцдаа нийт 6376.800 (зургаан сая гурван зуун далан зургаан мянга найман зуу) төгрөгийг барьцаа хөрөнгөгүй, илүү үнэлж, хаяг тодорхойгүй хүний нэр ашиглаж завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн үед “Кибер” барьцаат зээлийн газарт ажиллаж байх хугацаанд мөнгөний хэрэг гарч нэг барьцаа хөрөнгийг нь авч өөртөө мөнгө авснаар ийм зүйл болсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ******* нь “Кибер” барьцаат зээлийн газарт теллерээр ажилладаг байсан. Тухайн өдөр теллер *******ийг 24-ийн салбар руу шилжүүлэхээр очиж тооллого хийхэд 6 барьцаа дутсан. Шүүгдэгч үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. 2 хоногийн бүрэн шалгалт хийхэд дараа дараагийн асуудлууд гарсан. ******* нь байгууллагад учруулсан хохирлоо бүрэн төлж дуусвал гомдол саналгүй байна...гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 08 дугаар сарын 13-наас 15-ны өдрийн хооронд байх яг сайн хэлж мэдэхгүй байна очиж барьцаад тавьсан эд зүйлээ авах гэхэд тухайн теллер хийж байсан эмэгтэй нь надад хандан “та эд зүйлээ авсан юм биш үү, эд зүйлээ авсан гээд хаачихсан байна” гэж хэлсэн юм. Харин миний хувьд өнөөдрийг хүртэл эд зүйлээ аваагүй байгаа юм. Мөн тухайн үед би холбогдох ажилтантай уулзаж тодруулахад надад миний барьцаанд тавиад хааж гарын үсэг зуруулсан 1301 дугаартай баримтын эх хувийг харуулахаар нь би сайтар харахад миний өмнөөс гарын үсэг зураад хаачихсан байсан юм...” гэжээ. /хх-ийн 56-57 тал/
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би мөнгөний хэрэг гараад өөрийн зүүж байсан 5.1 гр алтан бөгжийг Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах Үйлчилгээний төвийн “Кибер” барьцаалан зээлдүүлэх газарт 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байх 600.000 төгрөгийн барьцаанд тавьсан юм. Харин миний хувьд барьцаанд тавьсан алтан бөгжөө тухай бүрд нь сунгуулж яваад 2021 оны 10 дугаар сарын сүүлээр яг сайн өдрийг нь хэлж мэдэхгүй байна очиж барьцаанд тавьсан эд зүйлээ авах гэхэд тухайн теллер хийж байсан эмэгтэй нь надад хандан “таны барьцаанд тавьсан алтан бөгж устаж алга болсон, гэхдээ таны хохирлыг барагдуулна” гэж хэлсэн юм. Ингээд ямар ч байсан тухайн “Кибер” барьцаалан зээлдүүлэх газар нь миний хохирлыг барагдуулсан бөгөөд өмнө нь миний барьцаанд тавьсан 5.1 гр алтан бөгжийг зах зээлийн ханшаар граммыг нь 220.000 төгрөгөөр бодож нийт 1122.000 төгрөг бэлнээр өгч намайг хохиролгүй болгосон...” гэжээ. /хх-ийн 61-62/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хэрлэн сумын 6 дугаар баг 23 дугаар байранд байрлах “Кибер” барьцаалан зээлдүүлэх газарт очиж уулзахад тухайн газрын ажилтан гэх нэг эмэгтэй надад хандан “өмнө нь таны барьцаанд тавьсан эд зүйлийг манайд ажиллаж байсан теллер салгаад өөр хүний нэр дээр тавьсан байсан, мөн манай байгууллага цагдаагийн байгууллагад хандсан байгаа” гэж хэлсэн. Харин миний хувьд барьцаанд тавьсан 10.3 гр монетон бөгж 2 ширхэг, монетон гинж 1 ширхэг, монетон ээмэг хос, монетон кулон зэргийг бүрэн бүтэн буцааж авсан юм...” гэжээ. /хх-ийн 82-83 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бэлэн мөнгөний хэрэг гараад монетон ээмэг бөгж нийлээд 5,8 гр тус бүрийг Хэрлэн сумын 7 дугаар багийн “Кибер” барьцаат зээлийн газарт 1744 дугаарын баримт дээр өөрийн нэр дээр бүртгүүлж 480.000 төгрөг авсан юм. Ингээд би 2021 оны 09 дүгээр сард барьцаанд тавьсан зүйлийн хугацааг сунгуулах гээд очиход миний эд зүйл байхгүй байхад нь яагаад дутсан талаар асуухад тухайн газар энэ талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаад шалгуулж байгаа гэж хэлээд өнөөдрийг хүрсэн. Гэхдээ “Кибер” барьцаат зээлийн газар миний хохирлыг бүрэн барагдуулсан...” гэжээ. /хх-ийн 90-91 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаад мэдүүлэхдээ: “...Анх миний 4869 дугаартай баримтан дээр барьцаанд тавьж гарын үзэг зурж лацадсан монетон ээмэг /хос/, монетон бөгж 1 ширхэг нийлээд 3.7 гр, алтан бөгж 1 ширхэг, Алтан ээмэг /2 хос/ нийлээд 9.3 гр тус бүрийг битүүмжлэн хийсэн жижиг дугтуйг харуулахад дотор нь байсан миний зүүж хэрэглэж байсан алтан ээмэг /1 хос/ нь байхгүй байсан юм. ... Тухайн үед миний дутсан алтан ээмгийг гэх хүний 1638 гэсэн баримтан дээр барьцаанд тавьчихсан байсан...” гэжээ. /хх-ийн 94-96 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...надад 5.5 гр монетон бөгж болон монетон кулон байхгүй, мөн миний хувьд 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тухайн “Кибер” барьцаалан зээлдүүлэх газарт эд зүйл тавиагүй. Тухайн 1726 дугаартай миний нэр дээр барьцаанд тавьж мөнгө авсан баримтыг харахад миний гарын үсэг биш, холбогдох дугаар нь хүртэл буруу байсан...” гэжээ. /хх-ийн 99-100 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний хувьд өмнө нь тухайн “Кибер” барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлж байгаагүй. Надад монетон эд зүйл байхгүй... Харин би *******тэй “Тунга майнз” ХХК-д 2019 оны 03 дугаар сараас 2020 оны эхэн үе хүртэл яг цаг хугацааг нь хэлж мэдэхгүй байна хамт ажиллаж нэг өрөөнд амарч, амьдардаг байсан учраас бие биенээ мэднэ. Тухайн үед ******* миний баримт бичгийг хуулбарлан аваад “Кибер” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байхдаа ашигласан байна. Мөн 1492 дугаартай баримтыг харахад *******ийн өөрийнх нь бичгийн хэлбэр байсан...” гэжээ. /хх-ийн 103-104 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...надад 2.8 гр алтан ээмэг байхгүй, мөн миний хувьд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тухайн “Кибер” барьцаалан зээлдүүлэх газарт эд зүйл тавиагүй. Тухайн 1642 дугаартай миний нэр дээр барьцаанд тавьж мөнгө авсан баримтыг харахад миний гарын үсэг биш, мөн гар утас нь дугаар нь хүртэл буруу байсан...” гэжээ. /хх-ийн 107-108 тал/
Гэрч Ц мөрдөн шалгах ажилагаанд мэдүүлэхдээ: “...би анх 2021 оны 03 сарын 27-ны өдөр бэлэн мөнгөний хэрг гараад өөрийн хэрэглэж байсан монетон бөгж, монетон гинж, алтан бөгжийг тус тус “Кибер” барьцаалан зээлдүүлэх газарт 4752 дугаарт бүртгүүлж 650.000 төгрөг авсан. ...миний 4752 дугаартай баримт дээр барьцаанд тавьж гарын үсэг зурж лацадсан жижиг дугтуйг харуулахад хажуу талаас нь цавууг нь салгаад монетон гинж, бөгжтэй хамт байсан 2,7 гр алтан бөгжийг маань авчихсан байхгүй байсан. ...миний дутсан гэх алтан бөгжийг гэх хүний нэр 1717 гэсэн баримт дээр барьцаанд тавьчихсан байсан ба миний эд зүйлийг өгч намайг хохиролгүй болгосон...” гэжээ. /хх-ийн 111-112 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний хувьд өмнө нь тухайн барьцаалан зээлдүүлэх газраар эд зүйл барьцаанд тавьж мөнгө авч байсан бөгөөд харин надад ч миний эхнэрт алтан ээмэг ч байхгүй. Мөн барьцаанд тавьсан гэх баримтыг би харсан миний өөрийн гарын үсэг биш байсан. Дээрээс нь гар утасны дугаарыг хүртэл буруу бичсэн байхыг үзэхэд хуурамч материал бүрдүүлсэн байна...” гэжээ. /хх-ийн 119-120 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17 тал/
-Кибер барьцаалан зээлдүүлэх газрын падан /хх-ийн 25-40 тал/
- Санхүүгийн шинжээч гаргасан дүгнэлт /хх-ийн 137-140/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 153-155 тал/
- гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 70-75, 18, 147-152 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд “ЖБЧЭ” ХХК-ний Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах үйлчилгээний төвийн “Кибер” барьцаалан зээлдүүлэх газарт теллерээр ажиллах явцдаа нийт 6376.800 (зургаан сая гурван зуун далан зургаан мянга найман зуу) төгрөгийг барьцаа хөрөнгөгүй, илүү үнэлж, хаяг тодорхойгүй хүний нэр ашиглаж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч , , гэрч , , , , , , , Ц, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, санхүүгийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хууль бусаар ашиглалтад оруулж өмчлөгчид нөхөн төлбөрийг өгөхгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд оруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг 6376.800 (зургаан сая гурван зуун далан зургаан мянга найман зуу) төгрөгийг барьцаа хөрөнгөгүй, илүү үнэлж, хаяг тодорхойгүй хүний нэр ашиглаж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч “ “ЖБЧЭ” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт 6376.800 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч байгууллагад 1400.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул үлдэгдэл 4976.800 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж, хохирогч “ЖБЧЭ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг барьцаа хөрөнгөгүй, илүү үнэлж, хаяг тодорхойгүй хүний нэр ашиглаж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлинй 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хорих ял оногдуулахгүйгээр 6 сар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 4976.800 төгрөгийг гаргуулж, хохирогч “ЖБЧЭ” ХХК-д олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ