| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 102/2016/02553/И |
| Дугаар | 183/ШШ2017/00269 |
| Огноо | 2017-01-26 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2017/00269
| 2017 оны 01 сарын 26 өдөр | Дугаар 183/ШШ2017/00269 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Жаргалантын 12 гудамж 299 тоотод оршин суух, Борнууд овогт Лхагвасүрэнгийн Уянга /Регистрийн дугаар:ЧН78102005/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 1 дүгээр байр, 164 тоотод оршин суух, Занги овогт Чимэдийн Лхагвадорж /Регистрийн дугаар:ФД62042519/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг, алдангид 3,582,000 төгрөг, тэжээн тэтгэхтэй холбогдон гарсан зардалд 8,000,000 төгрөг, нийт 11,582,000 төгрөг гаргуулах, охин Энгүүний овгийг солиулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваажав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1160 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар Ч.Лхагвадоржоос охин Энгүүнд 18 нас хүртэл сар бүр тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл Ч.Лхагвадорж нь хүүхдийн тэтгэлгийг төлөөгүй, хуулиар хүлээлгэсэн үүргээ сайн дураар биелүүлдэггүй, мөн охин Энгүүнийг өсч, хүмүүжих, боловсроход анхаардаггүй тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үүнд: 1.Шүүхийн шийдвэр гарсан үеэс буюу 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарыг хүртэл нийт 30 сарын хүүхдийн тэтгэлэг 2,388,000 төгрөг, уг тэтгэлэгийг хугацаандаа төлөөгүйн алданги үнийн дүнгийн 50 хувиар тооцон 1,194,000 төгрөг, нийт 3,582,000 төгрөг,
2.Миний охиныг төрсөн цагаас хойш Ч.Лхагвадорж эцэг хүний ёсоор хандаж үзээгүй, нэг ч удаа төрсөн өдөр хүүхдийн баяраар хамт байж, ууттай бэлэг, бялуу авч өгөн баярлуулж байгаагүй ба тусдаа байх болсон үеэс ч огт холбогдож байгаагүй. Охин Энгүүн сургуулийн нийтийн арга хэмжээнд оролцох болгонд Лхагвадорж гэж овоглон дуудах бүрт эмзэглэж, ангийн багшдаа миний аав биш, би хамт амьдардаггүй гэж хэлж уйлсан байсан. Овгийг солиулахаар иргэний бүртгэлийн газар хандсан боловч, овгийг солиулахыг зөвшөөрсөн зөвшөөрлийн бичиг шаардлагатай гэхээр нь утсаар холбогдож уг бичгийг авахыг хүсэхэд Ч.Лхагвадорж хийж өгөхгүй гэсэн. Иймээс танихгүй хүнтэй адил хүнээр охиноо овоглох шаардлагагүй гэж үзэж охин Энгүүний овгийг эх Уянгаар солиулах,
3.Гэр бүлийн тухай хуулийн 21, 26, 34, 35, 38, 48 дугаар зүйл, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйл зэргийг үндэслэн охин Энгүүнийг 2010-2016 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд тэжээн тэтгэхтэй холбогдон гарсан зардлын зарим хэсэг буюу 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх зардалд
-Охин Энгүүнийг ерөнхий боловсролын сургуульд элсэн орж суралцсантай холбогдон 2013-2014 оны хичээлийн жилд сургуулийн дүрэмт хувцас, цүнх, хичээлийн хэрэгсэл авсан зардалд 504,050 төгрөг, 2014-2015 оны хичээлийн жилд 164,800 төгрөг, 2015-2016 оны хичээлийн жилд 312,500 төгрөг, нийт 981,350 төгрөг,
-2014 онд төрсөн өдрөөр нь шинээр иж бүрэн тавилга авч өгсөн зардалд 3,150,000 төгрөг,
-2013-2014 оны хичээлийн жилд 132 долоо хоног буюу 660 хоног, 2014-2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 100 долоо хоног буюу 500 хоног нийтдээ 1160 хоног сургуульд хүргэж өгч, авч байсан. Нийтдээ сургуульд хүргэж өгөх, авахад өдөрт 4 удаа тээврийн хэрэгслээр явах шаардлага гардаг. Үүнд нэг өдөрт 2000 төгрөг зарцуулдаг. Гэвч Энгүүнийг байнга өвөөгийнх нь автомашинаар хүргэж өгч, авдаг тул бензиний үнийг нийтийн тээврийн хэрэгслээр хүргэсэн зардлаар тооцон охин Энгүүнийг сургуульд 1160 хоног хүргэж өгөх, авахад гарсан тээврийн зардалд 1,400,000 төгрөг,
-Хүүхэд гэрээсээ хол сургуульд сурдаг, дээр нь байнга сонгон, дугуйланд суралцдаг учраас утсаар холбогдох шаардлагатай байдаг. Иймд 2 удаагийн гар утас худалдан авч өгсөн зардалд 450,000 төгрөг,
-Сургуульд элсэн орсноос хойш өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацаанд 4 улирлын хувцасны зардалд 1,875,000 төгрөг, нийтдээ охин Энгүүнийг 2010-2016 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд тэжээн тэтгэхтэй холбогдон гарсан зардлын зарим буюу 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваажав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгийг авсан тул хүүхдийн тэтгэлэг, алдангид 3,582,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа өмнө татгалзсан. Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлттэй холбогдуулан хүүхдийн өрөөний тавилгын зардалд 3,150,000 төгрөг гаргуулах хэсгээсээ татгалзаж, нийт нэхэмжлэлийн шаардлагаа 5,000,000 төгрөг болгон багасгаж байна гэв.
Хариуцагч Ч.Лхагвадорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л.Уянга болон охин Энгүүн нарыг тодорхой хэмжээгээр өнөөдрийг хүртэл буюу одоогийн амьдралд хүргэхэд миний бие эд хөрөнгө, мөнгөөр тусалж, сургуулийн төлбөрийг хүртэл тусалж байсан. Тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Харин тэтгэлэгийн алданги нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Сайн дураар тодорхой хэмжээнд өсгөж хүмүүжүүлэх тал дээр тохиролцож болно. Хүүхдийн овог солиулах асуудлыг өмнө ярьж байгаагүй. Овог солиход татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хуурамч баримт бүрдүүлэн тэжээн тэтгэхтэй холбоотой зардал нэхэмжилж байна. Үүнийг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн тогтоосон. Хэрэв нэхэмжлэгч хүүхдэд гарсан бодит зардлаа шаардлага хангасан баримтаар шаардсан тохиолдолд өөр асуудал болно. Мөн хүүхдийн овог солих асуудлыг иргэний бүртгэлийн байгууллага шийдвэрлэхээс иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх асуудал биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Л.Уянга нь хариуцагч Ч.Лхагвадоржид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг, алдангид нийт 3,582,000 төгрөг, тэжээн тэтгэхтэй холбогдон гарсан нэмэлт зардалд 8,000,000 төгрөг, нийт 11,582,000 төгрөг гаргуулах, охин Энгүүний овгийг солиулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь тэжээн тэтгэхтэй холбогдон гарсан зардлыг нотлосон баримтгүй, хэрэгт нотлох баримтаар өгсөн баримтууд хуурамч, мөн овог солиулах асуудал иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгийг хариуцагчаас авсан үндэслэлээр тэтгэлэг, алдангид 3,582,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул шүүх энэ хэсгээр нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тэжээн тэтгэхтэй холбогдон гарсан нэмэлт зардалд 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгав.
Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1160 дүгээр шийдвэрээр зохигчид 2001 оноос хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр охин Энгүүн төрсөн болохыг тогтоож, улмаар Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Ч.Лхагвадоржоос сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Энгүүнийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүхийн дээрх шийдвэр хүчин төгөлдөр байна.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөлд байдал тохиолдсон үед нэмэлт зардлыг тэтгэлэг төлөгчөөс гаргуулахаар шаардах эрхтэй байхаар зохицуулжээ.
Хуулийн дээрх зохицуулалтад заасан онцгой нөхцөл байдал үүссэн буюу тэжээн тэтгүүлэгч хүнд нөхцөлд орсон, өрхийн орлого амьжиргааны доод түвшингээс бага болсон зэргээр бусдын санхүүгийн нэмэлт дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсон нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар болон шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас тээврийн зардал 1,400,000 төгрөг, гар утас худалдан авсан зардал 450,000 төгрөг, тавилга 3,150,000 төгрөг, хувцас худалдан авсан зардал 1,875,000 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх нэхэмжилж буй нэмэлт зардлуудыг онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн зардал гэж үзэх боломжгүй байна.
Харин Охин Энгүүн сургуульд орсон үйл явдлын улмаас хөрөнгө мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлсэн онцгой нөхцөл байдалд хамааруулж үзэх боломжтой байна. Иймд шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан 2013-2015 онд хичээлийн хэрэгсэл худалдан авсан зардал 605,550 төгрөгнөөс тавин хувь болох 302,775 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв. /хх 28-32 дахь тал/
Мөн хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас худалдан авсан зардлыг нэмэлт зардалд хамааруулж үзэхээр байх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан сурагчийн дүрэмт хувцас худалдан авсан санхүүгийн баримт нь тавилга худалдан авсан санхүүгийн баримттай адил, уг баримтуудыг нэг хүн бичсэн болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 7014 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүх дээрх нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх боломжгүй гэж үзэв. /хх33-36, 131-136 дахь тал/
Иймд тэжээн тэтгэхтэй холбогдон гарсан нэмэлт зардалд хариуцагчаас 302,775 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Мөн хүүхдийн овгийг солих тухай нэхэмжлэгчийн шаардлага нь тус шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш, Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д хамаарахгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Хүүхдийн тэтгэлэг, тэжээн тэтгэхтэй холбогдон гарсан зардал нэхэмжилсэн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс дээрх шаардлагадаа урьдчилан төлсөн 146,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хангагдсан хэмжээнд тохирсон тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод нөхөн оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч Ч.Лхагвадоржоос 302,775 /гурван зуун хоёр мянга долоон зуун далан таван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Уянгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,697,225 төгрөг, охин Энгүүний овгийг солиулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэг, алдангид 3,582,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 216,200 төгрөгнөөс 146,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 9,734 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ