| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2016/01010/И |
| Дугаар | 183/ШШ2017/00273 |
| Огноо | 2017-01-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2017/00273
| 2017 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2017/00273 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Арвайхээр 5 дугаар баг, Арвайхээр 28 дугаар байр 1-1 тоотод оршин суух, Тайж овогт Өлзийхүүгийн Даваасүрэн /Регистрийн дугаар:ЙЮ78061230/,
Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 25/3-2 байрны 602 тоотод оршин суух, Боржигон овогт Цэрэндүгийн Нүрзэд /Регистрийн дугаар: ЙВ81042506/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол, 69б байрны 20 тоотод оршин суух, Батшар овогт Пүрэвдоржийн Улам-Энхтуяа /Регистрийн дугаар:ЧЛ64012687/-д холбогдох,
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 53,935,226 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, өмгөөлөгч Т.Багахүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чандагбал, өмгөөлөгч Э.Түмэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Даваасүрэн, Ц.Нүрзэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ө.Даваасүрэн, Ц.Нүрзэд бид 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн П.Улам-Энхтуяатай харилцан тохиролцож, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 89/3 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай барилгын нэг давхар буюу 260 м.кв талбайтай, улсын эрхийн бүртгэлийн Ү-2205026481 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 550,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, гэрээг байгуулсан. Бидний зүгээс үл хөдлөх хөрөнгийн төлбөрт 330,000,000 төгрөгийг дансаар, үлдэх 220,000,000 төгрөгийг бэлэн бусаар буюу Баянгол дүүргийн 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж, 25/3-2 байрны 602 тоот хаягт байрлах 3 өрөө орон, автогараж, Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийг тооцож шилжүүлэн, төлбөрийг бүрэн төлсөн.
Гэвч П.Улам-Энхтуяагаас худалдан авсан дээрх нэг давхрын үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ нь 260 м.кв биш 213 м.кв буюу 47 м.кв талбайн хэмжээгээр дутуу болохыг уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсны дараа мэдсэн. П.Улам-Энхтуяад энэ тухай хэлэхэд талбайн хэмжээ нь дутуу байгаа нь үнэн, би мөнгийг чинь хэрэглэчихсэн миний зоорийн давхарыг худалдаж ав, үнийг нь харилцан тохиролцьё гэдэг санал тавьсан. Бидний зүгээс үл хөдлөх хөрөнгий төлбөрт нийт 550,000,000 төгрөгийг бүрэн төлж, өмчлөгч болсон байсан тул түүний саналын дагуу уг байрны зоорийн давхрын үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар тохиролцсон.
Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр П.Улам-Энхтуяатай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг барилгын зоорийн давхрын 260 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2205026481 дугаартай бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан. Ингэхдээ 200,000,000 төгрөгийг шилжүүлж, өмнөх дээд давхрын талбайн зөрүү 98,365,402 төгрөгийг тооцон шингээж, нийтдээ зоорийн давхрын нэг метр квадрат талбайг 1,147,558 төгрөгөөр, нийтдээ 298,365,402 төгрөгөөр худалдан авсан байна.
Бид П.Улам-Энхтуяад дахин итгэж зоорийн давхрын талбайн хэмжээг хэмжиж үзээгүйгээр худалдан авсан. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд бичигдсэн талбайн хэмжээ болох 260 м.кв талбайдаа мөн хүрэхгүй дахин 47 м.кв дутуу байгааг худалдан авсныхаа дараа 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №15/195 дугаар бүхий “Барилга орон сууцны өрөө, тасалгааны талбайн хэмжээг тогтоосон акт”-аас олж мэдсэн юм.
П.Улам-Энхтуяагийн биднийг дахин хуурч мэхэлсэн дээрх үйлдлийг шалгуулахаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хандсан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Иймд П.Улам-Энхтуяа нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний 1.1, 1.2, 3.1, Иргэний хуулийн 243.1, 243.2, 251.1-т хэсэгт заасныг тус тус зөрчиж, доголдолгүй эд хөрөнгө нийлүүлэх үүргээ биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.4-т зааснаар 47 м.кв талбайн зөрүүнд тухайн обьектийг худалдан авсан нийт үнээс нэг метр квадратын үнийг тооцож, нийт 53,935,226 төгрөгийг хариуцагч П.Улам-Энхтуяагаас гаргуулж өгнө үү.
Зоорийн давхрыг худалдсан үнийг 298,365,402 төгрөг биш 200,000,000 төгрөг гэж хариуцагч тал маргаж байх тул бодитоор шилжүүлсэн 200,000,000 төгрөгөөр худалдан авсан гэдэгт маргахгүй. Иймд уг үнэнээс нэг метр квадратын үнийг тооцоолж нэхэмжлэлийн шаардлагыг багасгах боломжтой юм гэв.
Хариуцагч П.Улам-Энхтуяа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 89/3 дугаар байр хаягт байрлах обьектын нэг давхрыг зарахаар анх хөрөнгө зуучлалын “Мастер пропертиз” ХХК-д хандсан. Ингээд зарын дагуу нэхэмжлэгч нар байрыг үзэн, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр харилцан тохиролцож 550,000,000 төгрөгөөр худалдан авсан. Ингээд удаагүй хэд хоногийн дараа зоорийн давхрыг худалдан авья гэсэн саналыг дахин тавьсан. Бид үнийг хямдруулан 200,000,000 төгрөгөөр 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулан худалдсан. Зоорийн давхрыг худалдахаар тохиролцоход нэгж талбай буюу метр квадратаар үнийг тохироогүй, гэрээний үнийг бүхэл дүнгээр тохирсон. Дээрх хоёр гэрээг байгуулахаас өмнө нэхэмжлэгч Ө.Даваасүрэн, Ц.Нүрзэд нарт уг үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ нь гэрчилгээнд заагдсан хэмжээнээс бага гэдгийг мэдэгдэж байсан. Уг барилга нь анх баригдахдаа тухайн үеийн стандарт болох тэнхлэгээр тооцсон хэмжээтэй тул одоо мөрдөж байгаа стандартаар хэмжээг тооцвол дутах юм. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд өөрчлөлт оруулаагүй нь манай буруу. Гэхдээ энэ тухай нэхэмжлэгч нарт маш сайн хэлж, өөрсдөө худалдан авахдаа хэмжиж хүртэл үзсэн. Нэхэмжлэгч нар үүнийг мэдээд анхны үнээс ихээр хямдруулан худалдан авсан. Энэ тухай зуучлалын компанийн зуучлагч гэрчилнэ. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах, эд хөрөнгийг хүлээн авах үед тухайн хөрөнгийн доголдлын талаар мэдсэн боловч хүлээн авсан тохиолдолд худалдан авагч доголдлын талаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдах үндэслэл болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ө.Даваасүрэн, Ц.Нүрзэд нар нь хариуцагч П.Улам-Энхтуяад холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 53,935,226 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөв.
Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тус тус харилцан тохиролцож, нэг талаас худалдагч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2205026481, Ү-2205026480 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 89/3 дугаар байрны, тус бүр 260 мкв талбай бүхий нэгдүгээр болон зоорийн давхрыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөхөөр тохиролцож “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г байгуулжээ. Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. /хх-6, 11 дэх тал/
Дээрх гэрээнүүдэд уг барилгын нэгдүгээр давхрын үнийг 330,000,000 төгрөг, зоорийн давхрыг 50,000,000 төгрөг байхаар тусгасан боловч зохигчид худалдах худалдан авах зүйлийн үнэ бодитоор нэгдүгээр давхрын хувьд 550,000,000 төгрөг, зоорийн давхрын хувьд 200,000,000 төгрөг байсан гэж тайлбарлаж байх ба дээрх хоёр үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн үйл баримтад талууд маргаагүй байна.
Мөн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний дагуу худалдан авсан нэгдүгээр давхрын талбайн хэмжээ гэрээнд заасан 260 мкв хэмжээнд хүрэхгүй байсан, нэхэмжлэгч үүнийг мэдсэн гэдэгт маргаагүйгээс гадна уг нэгдүгээр давхрыг худалдан авсан гэрээтэй холбогдуулан шаардлага гаргаагүй.
Харин нэхэмжлэгч нар нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр хүлээн авсан зоорийн давхрын үл хөдлөх эд хөрөнгө доголдолтой буюу гэрээгээр тохиролцсон талбайн хэмжээнээс дутуу тул талбайн үнийн зөрүүг буцаан гаргуулах шаардлага гаргаж, орон сууцны талбайн зөрүүг 47 м.кв-аар, гэрээний нийт үнээс нэг метр квадратын үнийг тооцоолон 1,147,558 төгрөгөөр тооцон, нийт 53,935,226 төгрөг гаргуулна гэж, хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахдаа нэгметр квадратын үнээр бус нийт үнээр харилцан тохиролцсон, мөн анхнаасаа доголдлыг мэдэж байсан тул зөвшөөрөхгүй гэж маргав.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч гэрээний зүйл болох эд хөрөнгийг гэрээнд заасан тоо, хэмжээ чанарт нийцүүлэн худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх шаардлага гаргах эрхтэй бөгөөд гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15/195 дугаар талбайн хэмжээ тогтоосон актаар нэхэмжлэгчийн худалдан авсан зоорийн давхрын талбайн хэмжээ 213 мкв хэмжээтэй болохыг тогтоосон байх ба хариуцагч гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй, доголдолтой гэдэгт маргаагүй байна. /хх-18,19/
Хэдийгээр нэхэмжлэгч хүлээн авсан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах үүднээс эд хөрөнгийн үнийг буцааж төлүүлэхээр шаардах эрхтэй байх боловч тэрээр 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээг байгуулан эд хөрөнгийг хүлээн авах үедээ доголдлыг мэдэж хөрөнгийг хүлээн авсан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, гэрч М.Энхзаяагийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нарын худалдан авсан дээрх хоёр үл хөдлөх хөрөнгө нь нэг барилгын нэгдүгээр давхар, зоорийн давхрууд бөгөөд зохигчдын хооронд байгуулсан гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ тус бүрт 260 мкв хэмжээтэй болохыг дурьдсан, нэхэмжлэгч нар нь зоорийн давхрыг худалдаж авахаар хоёр дахь гэрээг байгуулахдаа нэгдүгээр давхрын хэмжээ дутсан болохыг мэдсээр байж хэмжиж үзээгүй, худалдагчид итгэл үзүүлэн худалдан авсан гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч нарыг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардах эрхээ алдсан гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дүгээр зүйлийн 255.1.1-д зааснаар П.Улам-Энхтуяагаас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 53,935,226 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ө.Даваасүрэн, Ц.Нүрзэд нар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 427,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ