Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/218

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

Хохирогч О.Г,

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж холбогдох эрүүгийн 2211000000001 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, , 1984 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, Ирмүүн Мармат ХХК-д гагнуурчин ажилтай, Ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3-352Д тоотод оршин суух хаягтай*/Урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар, \Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, ялаа эдлэж дууссан.

 

Шүүгдэгч Б.М нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооньг нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагчдад саатуулагдан явж байхдаа О.Гийн нүүрэн тус газар толгойгоороо нь мөргөж, биед нь дээд зүүн 1-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт, дээд доод уруулын салстад шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн нийгмийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Д.Оюунбаатар, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Р.Доржготов нар 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байхад архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан этгээд нийгмийн хэв журмыг зөрчсөн, агсам тавьсан дуудлагийн дагуу эхлээд 19-р хороо доод Салхитын 5-99 тоотоос О.Гийг, дараа нь 19-р хороо Талилтын3-352д тоотоос Б.Мг тус тус саатуулан албаны суудлын авто машиныхаа арын суудал хэсэгт авч явсан байна. Ингэхдээ Б.Мгийн гарын ард нь гавлаж, О.Гийн гарыг гавлаагүй байна. Цагдаагийн алба хаагч нар согтуурсан этгээдүүдийг авч Цагдаагийн хэлтэс хүрэх замд дахин өөр дуудлага ирсэн бөгөөд дуудлагийн дагуу дээд Салхитын 36-473б тоотод очиж тэднийг буусан байхад нь Б.М нь О.Гийн ам хэсэгт мөргөж дээд зүүн 1-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт, дээд доод уруулын салстад шарх бүхий гэмтэл үүсгэсэн болох нь тогтоогдож байна.

 

Дээрхи үйл баримт нь хохирогч О.Гээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Тухайн өдөр улс тунхагласны баярын өдөр байсан. Намайг цагдаагийн машинд сууж байхад Д.М гавтай оруулж ирсэн. Замдаа энэ хүн цагдаагийн араас жийгээд эсэргүүцэл үзүүлсэн. Цагдаагийн албан хаагч хаалга машины хаалга хаахад Д. намайг мөргөсөн. Би шүдийг машинд унасан байх гэж бодсон. Шүүх эмнэлэгт үзүүлсэн зардлаа нэхэмжилж байна..” гэв.

Хохирогч О.Гээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..тэгээд нөгөө гавлуулсан гэх залуу нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нилээн согтуу байдалтай цагдаагийн ард талаас нь суудал руу нь хөлөөрөө жийгээд, зүгээр явж өгөхгүй байсан. Тэгээд цагдаа нар дахиад нэг дуудлаганд очоод, нөгөө хүмүүстэйгээ гараад уулзаж байх хойгуур нөгөө залуу миний уруул руу нэг удаа мөргөхөд миний үүдэн нэг шүд унаад, хажуу талынх нь шүд хөдөлгөөн ороод би буугаад цагдаа нарт хэлсэн..гэх мэдүүлэг /хх-4-7/,

 

Гэрч Р.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Б шаардлага биелүүлэхгүй байсан тул хоёр гарыг нь гавлаж байх хойгуур иргэн О.Г нь машинаас гавтай залууд шүдээ мөргүүлчихлээ гээд амнаас нь цус гарсан байдалтай бууж ирсэн. Би тухайн үед Б болон хамт байсан хүмүүсийг машинд суулгах гэж байсан болохоор хараагүй, гэхдээ машин дотор О.Г, Б.М нар үлдсэн..гэх мэдүүлэг /хх-15-16/,

 

           Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би араас нь буух үед машины ард талд иргэн О.Г, Б.М нар үлдсэн. Гадаа байсан иргэн Батгэрэл нь шаардлага биелүүлэхгүй байсан тул хоёр гарыг нь гавлаж байх хойгуур иргэн О.Г нь машинаас шүдээ мөргүүлчихлээ гээд амнаас нь цус гарсан байдалтай бууж ирээд газарт цусаа нулимсан. Иргэн О.Г нь анх дуудлаганд очиход биед нь ямар нэгэн гэмтэл шархгүй зүгээр байсан..гэх мэдүүлэг /хх-17-18/,

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмчийн 11897 дугаартай дүгнэлтэд: “..О.Гийн биед дээд зүүн 1-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт, дээд доод уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. гэх дүгнэлт /хх-30-31/  ,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1-2/, шүүгдэгч Б.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

О.Гэд учирсан зүүн дээд 1-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт, дээд доод уруулын салстад шарх гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед О.Гийг хохирогчоор тогтоосон бол Б.Мг хохирогч О.Гийн биед хөнгөн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан нь зөв байна.

 

Шүүгдэгч Б.Мгээс мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт “би О.Гийг мөргөөгүй, түүнд гэмтэл учруулаагүй, цагдаагийн машины арын хаалга дотроосоо онгойдоггүй, тэр өөрөө гараагүй гэх зэргээр өөрт холбогдох хэргийг хүлээн зөвшөөрдөггүй боловч энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Мг хохирогч О.Гийн нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж биед нь зүүн дээд 1-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт, дээд доод уруулын салстад шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон, хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хууьд заасан журмын дагуу бүрэн хийсэн гэж үзээд шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлж барагдуулаагүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгаагүй байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч О.Гээс мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардал, хохиролтой холбоотой зардлыг нэхэмжилнэ гэх боловч энэ талаараа холбогдох баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Б.Мг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч О.Г нь “унасан шүдний оронд шүд хийлгээгүй, суларч булгарсан шүдээ эмчлүүлээгүй тул шүд хийлгэх, эмчилгээ хийлгэсэн мөнгийг нэхэмжлэнэ” гэж байх тул цаашид эмчилгээ хийлгэх эмчилгээний зардал, хохиролтой холбоотой нэхэмжлээ холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Мгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8  цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  хохирогч О.Гийн цаашид эмчилгээ хийлгэх эмчилгээний зардал, хохиролтой холбоотой нэхэмжлээ холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР