Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/186

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Ц.Майбаяр,

Шүүгдэгч Б.С /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1811 01376 1012 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, Мужаан мэргэжилтэй, Ай ди си апартмент ХХК-д мужаан ажилтай гэх, ам бүл 3 хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 386 байрны 143 тоотод оршин суудаг, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 439 дугаартай захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Шүүгдэгч Б.С нь /яллах дүгнэлтэд дурьдсанаар/ 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Уран бүс" барааны дэлгүүрийн лангуун дээр байсан иргэн Б.Сгийн эзэмшлийн 790,000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уран бүс барааны дэлгүүрийн лангуун дээр байсан хохирогч Б.Сгийн эзэмшлийн 790.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А8 загварын гар утсыг мэдээгүй байхад нь авсан болох нь тогтоогдож байна.

 

Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Б.Саас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Б.Саас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн баруун талаар зам дагуу ганцаараа явж байтал торго, бүс бараа гэх хаягтай дэлгүүр байхаар нь монгол цамц сонирхохоор ортол миний хайж байсан цамцны төрлийн бараа байхгүй болохоор нь гарах гэж байтал торго тавьдаг тавиур дээр торгоны дэргэд улаан өнгийн хавтастай утас байхаар нь аваад халаасандаа хийгээд аваад гарсан. Гараад Бөмбөгөр худалдааны төв рүү явж байхдаа уг гар утасны арын хэсгийг нь хартал 2, 3 камертай байхаар нь унтраалгүйгээр Бөмбөгөр худалдааны төвийн урд явж байсан ах, эгч хоёроос гар утас авах уу гэж асуутал хэдэн төгрөгөөр зарах юм гэж асуухаар нь өөрөө гар утас сайн мэдэхгүй болохоороо та нар үнээ хэлээд ав гэтэл нөгөө 2 хүн 250,000 төгрөгөөр авъя гэхээр нь би бодож байгаад 300,000 төгрөгөөр авчих гэж хэлсэн чинь тэр хоёр хүн авъя гээд авчихсан юм. Тэгээд би уг мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулаад дуусгачихсан...” гэсэн мэдүүлэг /хх-58/,

Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 21 дүгээр байрны өргөтгөлд байдаг Уран бүс барааны дэлгүүрийг ажиллуулдаг юм. Тэгээд өнөөдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 16 цаг 15 минутын үед ажлаа хийж байхдаа гар утсаа лангуун дээрээ тавьчихсан цай уугаад сууж байсан юм. Тэгтэл гаднаас эхлээд 1 жирэмсэн эмэгтэй 2 залуугийн хамт орж ирээд эмэгтэй нь намайг дуудаад дээр тавиур дээр байгаа даавууг аваад өгөөч үзье гээд байсан. Тэгэхээр нь би босоод тэрийг нь авч өгөөд үзүүлээд байж байтал цаанаас нь дахиад 2 эмэгтэй дуудаад энэ хэд вэ, үзье гээд байсан. Тэр хүмүүс бараагаа авч өгөөд үзүүлж байтал удалгүй гараад явцгаасан. Тэрхэн үедээ гар утсаа мартчихсан байж байгаад 17 цагийн үед утсаар ярих гээд утсаа хайхад алга болчихсон байсан. Тэгэхээр нь камерын бичлэгээ шүүж үзэхэд нөгөө даавуу үзээд байсан эмэгтэйтэй хамт орж ирсэн залуу нь аваад гарч байгаа харагдсан. ..Самсунг галакси А8, цэнхэр ягаан өнгөтэй, 2 сим карт ордог, солонгос, 2018 оны 04 дүгээр сарын эхээр 1.150.000 төгрөгөөр худалдан авч байсан..гэх мэдүүлэг /хх-21-22/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “..камерын бичлэгийн цагаар 2018-04-30 16:18:02 минутад хар өнгийн саравчтай малгай, цагаан өнгийн фудволк өмссөн, саарал өнгийн өмд, хар өнгийн пүүз өмсөж баруун гартаа гадуур хувцасаабарьсан эрэгтэй хүн лангууны хажуу талаар явж байгаа бичлэг бичигдсэн байх ба уг этгээд нь хяналтын камерын бичлэгийн цагаар 2018-04-30 16:18:38 минутад хяналтын камерын баруун доод буланд харагдаж байсан улаан өнгийн хавтсан гэртэй гар утсыг авч өмдний баруун талын халаасанд хийгээд гадагш гарч явсан дүрс бичлэг байв..” гэх тэмдэглэл /хх44-48/,

 

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан: “..Миний гар утсыг хулгайлан авсан хүний гэрэл зургийг харвал танина. ..Би тухайн хүнийг биеийн ерөнхий байдал, нүүрний хэлбэр, царай төрхөөр нь танина. ..миний гар утсыг хулгайлан авсан хүн 4 гэж дугаарласан гэрэл зураг дээрх хүн мөн байна.. (№4 Баярцогт овогтой Сайнжаргалын гэрэл зураг) гэсэн тэмдэглэл /хх59-63/

Самсунг галакси А8 загварын гар утас нь 790.000 төгрөгний үнэтэй гэх эд зүйлийн үнэлгээ /хх-29/, шүүгдэгч Б.Сын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Б.СуХ алдсан дээрх гар утас нь хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний үнэлгээний тайлангаар нийт 790.000 төгрөгөөр үнэлэгджээ.

 

Шүүгдэгч Б.Сын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгч Б.Сыг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Сын үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчоос авсан гар утсаа эргүүлэн хүлээлгэн өгсөн буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.С нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Булган аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 262 дугаар шүүгчийн захирамжаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан ял оногдуулах жишиг аргачлалын дагуу 16 жил хорих ялыг, 12 жил 9 сар 22 хоног болгон дүйцүүлэн хасч тооцож шийдвэрлэжээ.

 

Мөн түүнчлэн Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 62 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч Б.Сын биеэр эдэлсэн 9 жил 2 сар 26 хоног, шагналын 1 жил 1 сар 05 хоног, нийт эдэлсэн 10 жил 04 сар 01 хоног гэж тооцон эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 21 хоногийг хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, хянан харгалзах хугацааг мөн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна.

 

Гэтэл шүүгдэгч Б.С нь дээрх тэнсэнтэй байх хугацаандаа буюу 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уран бүс барааны дэлгүүрийн лангуун дээр байсан иргэн Б.Сгийн эзэмшлийн 790.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А8 загварын гар утсыг хууль бусаар, нууцаар авсан байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Сд оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт тооцон нийт 60 хоногийн хорих ялыг түүний өмнө эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 21 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 7 сар 21 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.С нь хохирогч Б.Сд гар утасны үнэ болох 790.000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.С нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 13 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон дээрх хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Сын бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Сд оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт тооцон нийт 60 хоногийн хорих ялыг түүний өмнө эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 21 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 7 сар 21 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С оногдуулсан 2 жил 7 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын цагдан хоригдсон 13 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

   8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР