Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2017/00313

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 01 өдөр

         Дугаар 183/ШШ2017/00313

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд амарын гудамж,  Хас банкны төв албаны байранд байрлах, “Хас банк” /Регистрийн дугаар:2578697/-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ХД-85 дугаар байр, 48 тоотод оршин суух, Зайсан овогт Гүнчингийн Батзаяа /Регистрийн дугаар:УУ63010437/-д холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 9,776,052 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, Б.Батцэцэг, хариуцагч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов. 

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                              

                                                                                               

Нэхэмжлэгч “Хас банк” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Хариуцагч Г.Батзаяа нь 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тус банктай 41/5000586191, 5000586191-А дугаартай овердрафтын болон барьцааны гэрээ байгуулж 10,000 ам.долларын зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэйгээр авсан бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон 2007 онд үйлдвэрлэгдсэн, 9990 УНИ улсын дугаартай Мерсэдэс бенз маркын автомашин барьцаалсан. Овердрафтын гэрээний хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дууссан бөгөөд хариуцагч нь гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас манай банкинд 3,926 ам.долларын хохирол учраад байна.

Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 3,926 ам.доллар буюу 9,776,052 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, хариуцагч Г.Батзаяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ: 

Бид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,776,052 төгрөгнөөс 3,000,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, үлдэх 6,776,052 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Мөн нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                                                                                                                                             

 

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Г.Батзаяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,776,052 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,776,052 төгрөгнөөс 3,000,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, үлдэх 6,776,052 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж, төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрэв.

Талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:                                                                                                 

 

1.Хас банкны нэхэмжлэлтэй Г.Батзаяад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 9,776,052 /есөн сая долоон зуун далан зургаан мянга тавин хоёр/ төгрөгнөөс 3,000,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, үлдэх 6,776,052 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171,367 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 171,367 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           

            3.Зохигчид энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

            4.Энэ захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                О.ОДГЭРЭЛ