Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 0145

 

 

 

 

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0145

Улаанбаатар хот

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж, 

Нэхэмжлэгч: “ЭУ” ХХК, “ВТ” ХХК

Хариуцагч: “ЭТ” ХК, “ЭТ” ХК-ийн ТҮХ

Нэхэмжлэлийн шаардлага: “ЭТ” ХК-д ERP программ хангамж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201901144 ТҮХны 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Тендерээс татгалзах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ЭУ” ХХК болон “ВТ” ХХК-иудын  итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “ЭТ” ХК-д ERP программ хангамж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201901144 дугаартай нээлттэй тендер шалгаруулалтад манай “ЭУ” ХХК, “ВТ” ХХК-иудын түншлэл оролцож тендерийн материал хүргүүлснийг ТҮХноос үнэлж, “ЭТ” ХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 07/2291 дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгээр “танай түншлэлийн ирүүлсэн тендерийн материалыг хянан үзэж, үнэлэхэд тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг хангасан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т заасныг үндэслэн мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтын дагуу гэрээ байгуулах эрх олгох болсныг” мэдэгдсэн байдаг.

Үүний дараагаар дахин 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 07/2388 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “тендерт оролцогч этгээдээс гомдол гаргасантай холбоотойгоор Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 6-1/6367 дугаартай албан бичгээр тус тендерийн баталгааг үргэлжлүүлэн сунгах арга хэмжээ авах”-ыг мэдэгдсэн бөгөөд өөр ямар нэгэн мэдэгдэл дахин өгөөгүй байсан.

Гэтэл “ЭТ” ХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07/2562 дугаар “Тендерээс татгалзах тухай” албан бичгээр “... Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 6.1-ийн “б” дэх заалтын дагуу түншлэлийн гэрээнд төлөөлөх эрх бүхий гишүүнийг томилоогүй нь шаардлагыг хангахгүй байна. Түншлэлийг төлөөлөх болон түншлэгч гишүүн тодорхой бус байх тул түншлэлийн гишүүн бүрийн чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг тодорхойлох боломжгүй байгаа тул түншлэлийн шаардлага хангаагүй” гэж манай түншлэлийн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь хүргүүлсэн тендерийн баримт бичгийн 87 дахь талд 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1908/23 дугаар “Итгэмжлэл хүргүүлэх тухай” баримтаар “ТОӨЗ-ны 6.1-ийн “б”-д заасны дагуу “ЭУ” ХХК, “ВТ” ХХК-иудын түншлэлийг төлөөлөх эрх бүхий гишүүнээр “ВТ” ХХК-ийг томилж, тус компанийн төслийн багийн ахлагч Ц.Бд, ... уг тендерт оролцогчдыг төлөөлж тендерийн бичиг баримтад гарын үсэг зурах, сонгон шалгаруулалттай холбоотой бүх материалд гарын үсэг зурах эрхтэй итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн болохыг баталгаажуулсан” түншлэлээр оролцож буй  ЭУ” ХХК-ийн захирал С.Г, “ВТ” ХХК-ийн захирал Х.Э нар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан түүнийгээ тендерийн баримт бичигтээ хавсарган хүргүүлсэн, түүнчлэн уг бүрэн эрхт гишүүнээр томилогдон ажиллах талаар 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 18-12/2019 дугаар гэрээнд маш тодорхой тусгасан илэрхий баримт байхад яагаад уг баримтыг байхгүй гэж үгүйсгэн тендерээс татгалзах үндэслэл болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, эрх бүхий гишүүнийг томилсон шийдвэр ил тодорхой хуулийн шаардлага, ТОӨЗ-д заасны дагуу баталгаажиж, эрх үүргийг нь тодорхойлон зааж өгсөн байхад санаатайгаар бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, илтэд хуулийг зөрчсөн үндэслэлээр тендерээс татгалзаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг, 6 дугаар зүйлийн 6.1-д Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасныг тус тус зөрчиж байгаа тул “ЭТ” ХК-д ERP программ хангамж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201901144 ТҮХны 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Тендерээс татгалзах тухай” шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч “ЭТ” ХК-ийн ТҮХны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.... “ЭТ” ХК-д ERP программ хангамж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201901144 ТҮХ нь гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/388 тоот тушаалаар байгуулагдсан.

“ЭТ” ХК-д ERP программ хангамж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201901144 дугаартай нээлттэй тендер шалгаруулалтыг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 8 дугаар сарын 26-ны өдрүүдийн хооронд Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем ашиглан зохион байгуулж, тендер шалгаруулалтыг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 30 минутад нээсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу үнэлэлт дүгнэлт гарган захиалагчид хүргүүлэн танилцуулсны үндсэн дээр “ЭУ” ХХК, “ВТ” ХХК-иудын түншлэлд шаардлага хангасан тендер тул гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүргүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу тендерт оролцогч “АТЗ” ХХК болон “И” ХХК-иуд Сангийн яаманд гомдол гаргасан. Энэхүү гомдлыг хянан үзэхтэй холбоотойгоор Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст уг тендерийн баримт бичиг, холбогдох материалыг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүргүүлсэн.

Сангийн яамнаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу гомдлыг хянан үзэж, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/6784 дугаартай “Гомдлыг хянасан тухай” хариуг ирүүлсэн. Мөн тус албан бичигт тендерийн хугацааг сунгах зөвшөөрөл олгосон.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/6784 дугаартай гомдол хянан үзсэн тухай албан бичигт “.... Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 6.1-ийн “б” дэх заалтын дагуу “ЭУ” ХХК болон “ВТ” ХХК-ийн түншлэлийн гэрээнд уг төлөөлөх эрх бүхий гишүүнийг томилоогүй нь дээрх шаардлагыг хангахгүй байна. Түншлэлийг төлөөлөх болон түншлэгч гишүүн тодорхой бус байх тул түншлэлийн гишүүн бүрийн чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

Түүнчлэн “ВТ” ХХК-ийн ERP систем нэвтрүүлсэн тухай нотлох баримтад “Санхүүгийн удирдлагын систем”, “Ханган нийлүүлэлтийн удирдлагын систем”, “Хүний нөөцийн удирдлагын систем”, “Төслийн удирдлагын систем”, “Гэрээний удирдлагын систем”, “Борлуулалтын удирдлагын систем”-ийг хийж гүйцэтгэж байсан нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 20.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгаа тул тендерийн үнэлгээг дахин хийх тухай мэдэгдсэн.

Иймд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/6784 дугаартай мэдэгдлийг үндэслэн Үнэлгээний хороо дахин үнэлээд тендерт оролцогч “ЭУ” ХХК болон  “ВТ” ХХК-ийн түншлэлийн тендерт ирүүлсэн баримт бичиг нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 6.1-ийн “б” дэх заалтын дагуу “ЭУ” ХХК болон “ВТ” ХХК-ийн түншлэлийн гэрээнд уг төлөөлөх эрх бүхий гишүүнийг томилоогүй нь дээрх шаардлагыг хангахгүй. Түншлэлийн төлөөлөх болон түншлэгч гишүүн тодорхой бус байх тул түншлэлийн гишүүн бүрийн чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг тодорхойлох боломжгүй байгаа тул шаардлага хангаагүй гэж үзсэн.

ТҮХ нь төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг үндэслэн тус оролцогчид олгосон гэрээ байгуулах эрхийг хүчингүй болсон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.“ гэв.

Хариуцагч “ЭТ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Үнэлгээний хороо дээрх нээлттэй тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулан, “ЭУ” ХХК болон “ВТ” ХХК-ийн түншлэлийг шаардлага хангасан гэж үнэлэн, гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.

Гэтэл тендер шалгаруулалтад оролцогч “АТЗ” ХХК болон “И” ХХК-иуд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргаж, манайхаас холбогдох материалыг Сангийн яаманд хүргүүлсэн.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/6784 дугаартай албан бичгээр “...тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 6.1-ийн “б” дэх заалтын дагуу “ЭУ” ХХК болон “ВТ” ХХК-ийн түншлэлийн гэрээнд уг төлөөлөх эрх бүхий гишүүнийг томилоогүй нь дээрх шаардлагыг хангахгүй. Түншлэлийн төлөөлөх болон түншлэгч гишүүн тодорхой бус байх тул түншлэлийн гишүүн бүрийн чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг тодорхойлох боломжгүй байна” гээд тендерийн үнэлгээг дахин хийх тухай мэдэгдсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэр эцсийн шийдвэр байдаг тул Үнэлгээний хороо нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/6784 тоот албан бичгийг үндэслэн тендерийг дахин үнэлж, “ЭУ” ХХК болон “ВТ” ХХК-ийн түншлэлийн тендерт ирүүлсэн баримт бичиг нь тендерийн үндсэн баримт бичгийн ТОӨЗ-ны 6.1-ийн “б” дэх заалтын дагуу “ЭУ” ХХК болон “ВТ” ХХК-ийн түншлэлийн гэрээнд уг төлөөлөх эрх бүхий гишүүнийг томилоогүй нь дээрх шаардлагыг хангахгүй. Түншлэлийн төлөөлөх болон түншлэгч гишүүн тодорхой бус байх тул түншлэлийн гишүүн бүрийн чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг тодорхойлох боломжгүй байгаа тул шаардлага хангаагүй” гэж үзэн гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгосон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ЭУ” ХХК, “ВТ” ХХК нь тус шүүхэд хандан ”ЭТ” ХК-д ERP программ хангамж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201901144 ТҮХны 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Тендерээс татгалзах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий акттай холбогдуулан шүүхээс хийсэн үзлэг, гэрчийн мэдүүлэг зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1. “ЭТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/388 дугаар тушаалаар “ЭТ” ХК-д ERP программ хангамж нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог” байгуулжээ.

Үнэлгээний хороо 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хуралдан, тендерийн баримт бичгийг баталж, ERP программ хангамж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201901144 тендерийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах цахим тендерийг хүлээн авах эцсийн хугацааг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 10.00 цаг хүртэл авахаар шийдвэрлэж, тендер шалгаруулалтын зарыг “Өнөөдөр”, “Зууны мэдээ” сонин, “ЭТ” ХК-ийн цахим хуудас болон төрийн худалдан авах ажиллагааны цахим систем https://www.tender.gov.mn веб хуудсанд байршуулжээ.

2. Үнэлгээний хороо 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 10.30 цагт цахим тендерийг нээж, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр  “Бодь-электроникс” ХХК, “М” ХХК, “И” ХХК, “АТЗ” ХХК /түншлэл/, “А” ХХК болон “ЭУ”, “ВТ” ХХК-ийн түншлэлээс ирүүлсэн цахим тендерийн материалд үнэлгээ хийж, “ЭУ”, “ВТ” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендер нь ... хамгийн бага харьцуулах үнэтэй тендер тул ...гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөмж болгон” хүргүүлсэн тул захиалагчаас 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 07/2291 дүгээр албан бичгээр “ЭУ”, “ВТ” ХХК-ийн түншлэлд “гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүргүүлсэн байна.

3. “ЭТ” ХК-ийн дээрх албан бичигтэй холбогдуулан “АТЗ” ХХК болон “И” ХХК-иас Монгол Улсын Сангийн яаманд хандан гомдол гаргаснаар Сангийн яамны 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 6-1/6367 дүгээр албан бичгээр “ЭТ” ХК-д гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлсэн болохыг мэдэгдэж, улмаар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/6784 дүгээр албан бичгээр “... тендер шалгаруулалтын үнэлгээг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т дахь хэсэгт заасны дагуу дахин хийхийг ... мэдэгдье” гэсэн хариуг захиалагч болон гомдол гаргагч нарт хүргүүлсэн.

4. Үнэлгээний  хороо 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуралдан, дахин үнэлгээ хийж, бүх тендерээс татгалзаж, “шууд гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөмж болгон” хүргүүлж, “ЭТ” ХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07/2562 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид татгалзсан хариуг өгчээ.

Үнэлгээний  хорооны 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтэй холбогдуулан “ЭУ” ХХК, “ВТ” ХХК-ийн зүгээс Сангийн яаманд хандан гомдол гаргасанд Сангийн яам 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 6-1/7781 дүгээр албан бичгээр “..шүүхэд гомдоо гаргаж шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн хариуг өгсөнтэй холбогдуулан “ЭУ” ХХК, “ВТ” ХХК нь Үнэлгээний  хорооны 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн зөвлөмж дүгнэлттэй холбогдуулан тус шүүхэд “шаардлага хангасан байхад үндэслэлгүйгээр тендерээс татгалзсан” гэх үндэслэлээр нэхэмжлэл гарган маргаж байна.

5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасанчлан Үнэлгээний хороо нь орон тооны бус ажиллагаатай, техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх болон тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх чиг үүрэгтэй этгээд бөгөөд мөн зүйлийн 47.7 болон 47.8-д Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /үнэлгээний дүгнэлт/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байж, хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байхаас гадна хорооны бүх гишүүд гарын үсэг зурснаар баталгаажихаар хуульчлан заажээ.

6. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг болон хэргийн оролцогчдын тайлбараар, “гомдол хянасан тухай” Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/6784 дүгээр албан бичигт “ ...Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 6.1-ийн “б” дэх заалтын дагуу “ЭУ” ХХК болон “ВТ” ХХК-ийн түншлэлийн гэрээнд уг төлөөлөх эрх бүхий гишүүнийг томилоогүй нь ... шаардлагыг хангахгүй байна. Түншлэлийн төлөөлөх болон түншлэгч гишүүн тодорхой бус байх тул түншлэлийн гишүүн бүрийн чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

Түүнчлэн “ВТ” ХХК нь “С” ХХК, “Б” ХХК, “ЗҮЗ” ХХК-д ЕRР систем нэвтрүүлсэн нотлох баримтыг ирүүлсэн байх бөгөөд нотлох баримтаас үзэхэд “Санхүүгийн удирдлагын систем”, “Ханган тийлүүлэлтийн удирдлагын систем”, “Хүний нөөцийн удирдлагын систем”, “Төслийн удирдлагын систем”, “Гэрээний удирдлагын систем”, “Борлуулалтын удирдлагын систем”-ийг хийж гүйцэтгэж байсан нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 20.1 дэх хэсэгт заасан ЕRР системийн 15 бүрэлдэхүүн хэсгүүдээс 60 хувь буюу түүнээс багагүй систем нэвтрүүлсэн байх шаардлагыг хангахгүй байна.” ... гэсэн үндэслэлээр “ЭТ” ХК-д дахин үнэлгээ хийх мэдэгдлийг хүргүүлсэн.

Энэ дагуу хариуцагч “ЭТ” ХК-ийн ТҮХ 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуралдан “ЭУ” ХХК болон “ВТ” ХХК-ийн түншлэлээс ирүүлсэн тендерээс татгалзах зөвлөмжийг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д заасан журмын дагуу үнэлэх ажиллагааг явуулалгүй, Сангийн Яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/6784 дугаар мэдэгдэлд дурдагдсан “ЭУ” ХХК болон “ВТ” ХХК-ийн түншлэлийн тендерт ирүүлсэн баримт бичиг нь Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 6.1-ийн “б” дэх заалтын дагуу “ЭУ” ХХК болон “ВТ” ХХК-ийн түншлэлийн гэрээнд уг төлөөлөх эрх бүхий гишүүнийг томилоогүй нь дээрх шаардлагыг хангахгүй. Түншлэлийн төлөөлөх болон түншлэгч гишүүн тодорхой бус байх тул түншлэлийн гишүүн бүрийн чадварын доод шалгуур зүүлэлтийг хангасан эсэхийг тодорхойлох боломжгүй байгаа тул шаардлага хангаагүй” гэх үндэслэлийг зааж тендерээс татгалзах зөвлөмжийг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн байна гэж шүүх үзлээ.

Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримт болох “ЭТ” ХК-д ERP программ хангамж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201901144 дугаартай нээлттэй цахим тендер шалгаруулалтад нэхэмжлэгчээс ирүүлсэн тендерийн баримт бичигт 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн огноо бүхий “ЭУ” ХХК болон “ВТ” ХХК-ийн хооронд байгуулсан 08-12/2019 дугаар “Түншлэлийн гэрээ” авагдсан.

Уг гэрээний 2.2-т “Түншлэгч талууд төслийн ахлагч Ц.Бд итгэмжлэл бичиж, нотариатаар баталгуужуулж өгөх ба уг баталгаа нь түншлэгч талуудын өмнөөс төслийн хугацаанд эрх бүхий талуудыг төлөөлнө” хэмээн заасан, “ЭУ” ХХК болон “ВТ” ХХК-иудаас “ЭТ” ХК-д хаягласан, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн огноо бүхий итгэмжлэлээр “... Ц.Бг итгэмжлэн томилсон байна. ... уг тендерт оролцогчдыг төлөөлж ... итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн” болохыг баталгаажуулсан баримтыг тендерийн баримт бичигт хавсаргасан үйл баримт тогтоогдож байхад энэ асуудалтай холбогдуулан тодорхой үнэлэлт, дүгнэлт өгөлгүй дан ганц Сангийн яамны албан бичгийг шууд эшлэн төлөөлөх эрх бүхий этгээдийг томилоогүй хэмээн үзэж татгалзсан, Үнэлгээний хорооны дүгнэлтэд хорооны нийт 7 гишүүн гарын үсэг зурж баталгаажуулахаас 5 гишүүн гарын үсэг зурсан зэргээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7, 47 дугаар зүйлийн 47.7, 47.8 дахь хэсгийг тус тус зөрсөн байна.

Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад “ВТ” ХХК нь “С” ХХК, “Б” ХХК, “ЗҮЗ” ХХК-д ЕRР систем нэвтрүүлсэн нотлох баримтыг ирүүлсэн байх хэдий ч  эдгээр компаниудад гүйцэтгэсэн “Санхүүгийн удирдлагын систем”, “Ханган тийлүүлэлтийн удирдлагын систем”, “Хүний нөөцийн удирдлагын систем”, “Төслийн удирдлагын систем”, “Гэрээний удирдлагын систем”, “Борлуулалтын удирдлагын систем” зэрэг нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэпийн ТОӨЗ 20.1 дэх хэсэгт заасан ЕRР системийн 15 бүрэлдэхүүн хэсгүүдээс 60 хувь буюу түүнээс багагүй систем нэвтрүүлсэн байх шаардлагыг хангахгүй байсан” гэж,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Систем бүрийг байгууллага өөрөө нэрлээд л зарладаг. Тэр шаардлага нь манайх хавтаст хэргийн 219 дүгээр талд тайлбарлачихсан байна. Бидний өөр газар хийсэн нягтлан бодох бүртгэлийн систем гэдэг бол санхүүгийн удирдлагын систем гэснийг нь хангачихсан байгаа юм. Ханган нийлүүлэлтийн удирдлагын систем нь “ЗҮЗ” ХХК-ийн хувьд дуусаагүй байгаа. Бид хангасан гэж хэлээгүй. Гэхдээ  “Сайн Монгол сервис” ХХК нь бидний хийсэн худалдан авалтын тендерийн агуулахын систем гэж хийчихсэн ажил байгаа.  Энэ нь танай хүсээд байгаа ханган нийлүүлэлтийн удирдлагын системийг хангачихсан байгаа юм. 15 системийн 14-ийг нь хангасан туршлага байна” хэмээн тус тус тайлбарлан маргаж байх боловч энэ асуудалтай холбогдуулан нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн гэх ажил, үйлчилгээ нь тендерт оролцогчийн техникийн чадавхи болон туршлагыг үнэлэх талаарх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан “ижил төстэй ажил” гэдэгт хамаарах эсэх асуудлаар Үнэлгээний хороо дүгнэлт хийгээгүй, маргаан бүхий актад энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзаагүй байх тул хариуцагчийн энэхүү тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.8,  56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус үндэслэн “ЭТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/388 дугаар тушаалаар байгуулагдсан  “ЭТ” ХК-д ERP программ хангамж нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хорооны 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Тендерээс татгалзах тухай” шийдвэрийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.М