Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2014/0117

 

 “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Д, түүний өмгөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 34 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Г, С.Бнарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 202058 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа\ ““Т-Ү” ХХК нь “Е” ХХК-д 40454.5 мянган төгрөгийн бараа материалыг худалдан борлуулаагүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичиж өгсөн гэдгийг Улсын мөрдөн байцаах газраас тогтоож, шийдвэр ирүүлсэн.

1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй ..., 15.1.2-т албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал” гэж заасныг зөрчсөн гэж үзэн 2010 онд хуурамчаар хий бүрдүүлсэн 40454.5 мянган төгрөгийн бараа материалыг үйл ажиллагааны зардалд оруулсныг,

2010 онд 40454.5 мянган төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр “Т-Ү” ХХК-ийн нэр, тамга бүхий 003288829 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичүүлэн бүрдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган татвар ногдох орлогоос хасч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан ... нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй...” гэж заасныг зөрчсөн гэж үзэн 2010 онд 40454.5 мянган төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг хасагдах зардалд оруулж хасч тооцсон зөрчлүүдийг үндэслэсэн.

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, мөн 74.1.4-т “тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон хасагдах зүйлийг өсгөх...” гэж заасныг зөрчсөн үндэслэлээр аж ахуйн нэгжийн нөхөн татвар 4045.4 мянган төгрөгийг, нэмэгдсэн өртгийн нөхөн татвараар 4045 4 мянган төгрөгийг хүү, торгууль, алдангиар 5604.2 мянган төгрөгийн, бүгд 13695.0 мянган төгрөгийн 202058 тоот акт бичигдсэн.

“Е” ХХК-ийг шалгах явцад кассын орлогын ордер байгаагүй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр “Т-Ү” ХХК-ийн тамга биш Г санхүүгийн тамга дарагдсан байсан. Хэрэв худалдан авалт хийсэн бол Кассын орлогын ордер дээр 4045.4 мянган төгрөгөөр биш 44500.0 мянган төгрөгөөр бичигдсэн байх ёстой.

Иймд “Е” ХХК-ийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй“ гэжээ.Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 09- ний өдрийн 34 дүгээр шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан “Е” ХХК-ийн “Татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 202058 дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож" шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Дуламсурэн давж заалдах гомдолдоо: “Татварын улсын байцаагч С.Базар, Г.Г нарын тавьсан 202058 < дугаар төлбөрийн актад их хэмжээний алданги хүү, торгууль, анз тооцож оруулсан.

Татварын шалгалт хийсэн байдлыг үгүйсгэх учиргүй боловч захиргааны хэргийн анхан шатны шүүгч компанийн тайлбарыг өчүүхэн ч харгалзахгүй үйл ажиллагаа нь зогсоод 3 жил болж байгаа, төлбөрийн ямар ч чадваргүй компанид их хэмжээний алданги, анз тооцсон үндэслэлгүй актыг төрийн байгууллага гэсэн утгаар нь үнэн зөвийг олохыг эрхэмлэхийн оронд, хувь хүнийг хохироож, төлбөрийг байцаагчийн тавьсан актаар шууд баталгаажуулж өгсөн бөгөөд ямар ч тайлбар сонсохгүйгээр актыг хүчин төгөлдөр болгож шийдвэр гаргаж байгаа нь хүчтэний дэргэд хүчгүй нь буруутан гэдгийн адил шударга бус шийдвэр болсонд гомдолтой байна. Татварын хуулийг буруу хэрэглэж, компанийн үйл ажиллагаа, төлбөрийн чадварыг үл харгалзан их хэмжээний хүү, алданги тооцож торгууль ногдуулсан нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Бид түрүүчийн өгсөн өргөдөл материалд “Т-Ү” ХХК-ийн холбогдолтой нэмэгдсэн өртгийн албан татварын эрүүгийн хэргийг эцэслэн шийдэх хүртэл энэ асуудлыг түдгэлзүүлж өгөөч гэж шүүх хурал дээр хүсэлт гаргаад шийдвэрлүүлж чадаагүйд гомдолтой байна. Монгол Улсын төр иргэдээ хүндэтгэж үгийг нь сонсох учиртай байх.

Захиргааны хэргийн шүүх 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийг авч хэлэлцэхдээ хууль бусаар ашигласан бичиг баримт /нэмэгдсэн өртгийн албан татварын падаан/-ыг хэн ашигласан болохыг тогтоогоогүй, нотлох баримтыг бүрэн дүүрэн судлаагүй атлаа манай компанийг буруутгаж акт тогтоосон татварын улсын байцаагч нарын шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж бидний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 34 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр нотлох баримтыг цуглуулж, /шаардлагатай тохиолдолд “Т-Ү” ХХК-ийн нягтлан бодогч Б.Өлзийхишигт холбогдох хэргээс авах/ үнэлсний үндсэн дээр шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шийдвэр гаргаж өгнө үү“ гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

“Е” ХХК нь Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 202058 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Энэхүү актаар “нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааныг ашиглан, татвар төлөхөөс зайлсхийсэн” гэсэн үндэслэлээр 13.695.000 төгрөгийн төлбөр тогтоожээ.

Нэхэмжлэгч “барилгын материал худалдан авсан байхад хуурамч падаан гэсэн үндэслэлээр их хэмжээний төлбөр тавьж байгаа нь шударга бус, худалдан авалтыг хуулийн дагуу хийсэн” гэж маргажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээдээс “2010 оны 7 сард Зуун айлын барилгын материалын захаас 40.490.000 төгрөгийн барилгын материал худалдан авч, түүнд ногдох албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар хасч тооцуулсан” гэх боловч 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд бичигдсэн худалдан авалт бодит байдалд хийгдээгүй болох нь Татварын ерөнхий газрын улсын төсвийн орлого хяналтын газрын 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 210008 тоот татварын улсын байцаагчийн дүгнэлт, түүний хавсралт, гэрч Б.Өлзийхишигийн “манай компаниас “Е” ХХК бараа худалдан аваагүй” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Маргаан бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр бичигдсэн 40.454.545 төгрөгийн худалдан авалт хийгдсэн эсэхийг худалдагч болох “Төгс- Үчинбэр” ХХК болон худалдан авагч болох “Е” ХХК-ийн санхүүгийн баримтыг харьцуулан шалгах замаар шалгаж тогтоох ёстой.

Энэ тохиолдолд “Т-Ү” ХХК-ийн санхүүгийн баримтыг захиргааны байгууллагаас хянаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 210008 дугаар дүгнэлтээр уг маргаан бүхий падаанд бичигдсэн 40.454.545 төгрөгийн борлуулалт хийгдээгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд бараа борлуулсан мэтээр хуурамчаар бичсэн болохыг тогтоожээ.

Иймээс маргаан бүхий худалдан авалт бодит байдалд хийгдээгүй байна.

Нэхэмжлэгчийн “барилгын захаас худалдан авч, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авсан, компанийн тамга, тэмдэгтэй байсан учир хуурамч гэдгийг мэдэх боломжгүй” гэх гомдлын тухайд Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 236 дугаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 3.1.4.2, Сангийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварыг анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайланд тусгах журамд зааснаар санхүүгийн анхан шатны баримтыг хуулийн дагуу үнэн зөв хөтөлж, нэмэгдсэн < өртгийн албан татварын падааны бүрдэлт, үнэн зөвийг түүнийг олгосон болон хүлээн авсан татвар төлөгч хариуцахаар зохицуулжээ.

Иймээс “Т-Ү” ХХК-ийн борлуулалт хийгдээгүй хий бичилттэй падааныг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийлгэсэн “Е” ХХК-ийг татвараас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгчээс “өмнө нь санхүүгийн баримтыг шалгаж, төлбөр тогтоохдоо энэхүү худалдан авалтыг шалгаагүй атлаа нэгэнт шалгасан оны санхүүгийн баримттай холбогдуулан дахин шалгаж, төлбөр төлөхийг шаардаж байгаа нь хууль ( бус, цаг хугацааны хувьд болон хүүний хэмжээний тухайд ч хохиролтой” гэж маргаж байна.

Орхон аймгийн Татварын улсын байцаагчийн 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 201068 дугаар актаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2007-2010 оны санхүүгийн баримтуудад хяналт шалгалт хийсэн байх ба энэхүү шалгалтын үед маргаан бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой зөрчлийг илрүүлэх боломжгүй байсан бөгөөд “Т-Ү” ХХК-ийн санхүүгийн баримтыг шалгах үед энэхүү зөрчил илэрсэн, зөрчлийг илрүүлснээс хойш хуулийн хугацаанд холбогдох татварыг нөхөн ногдуулсан байх тул гомдол үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 85.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 34 дүгээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ШҮҮГЧИД

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

Ц.ЦОГТ