Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 44

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Н.Бадамцэцэг,

шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /№0690/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Монгол овогт Хишигдэмбэрэлийн Цолмонбаатар, Олхонууд овогт Чинбатын Бат-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201501000086 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Дархан уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гэмт хэрэгт холбогдох үедээ Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик инженерийн сургуулийн 3 дугаар курст суралцаж байсан, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 6-1176 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Хишигдэмбэрэлийн Цолмонбаатар /РД: ТА95040112/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер программ хангамжийн мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Соёл эрдэм дээд сургуулийн 4 дүгээр курст суралцаж байсан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол 6 дугаар байрны 39 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд овогт Чинбатын Бат-Эрдэнэ /РД:УШ95020414/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч Х.Цолмонбаатар, Ч.Бат-Эрдэнэ нар нь бүлэглэн 2015 оны 9 дүгээр сард Төв аймгийн Борнуур сумын нутгаас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодис"-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй ургамлыг хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан гэх газарт хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Цолмонбаатар мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

                 Гэрч Н.Өнөбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай ангийнхан Цогтбаатарыг Энэтхэгээс ирсэн гээд 2016 оны 4 сарын 16-ны өдөр хороололд уулзсан юм. Ангийнхантайгаа уулзаад сууж байхад Цогтбаатар Энэтхэгээс авчирсан гээд цүнхнээсээ ногоон өнгөтэй хуванцар зүйл гаргаж ирээд өвс татахад хэрэглэдэг юм гэж хэлэхээр нь би тухайн үед юу ч хэлэлгүй өнгөрсөн. Маргааш өдөр нь А.Золбоог манайд орж ирэхээр нь би ойр зуурын юм ярьж байгаад сонирхуулаад надад үзүүлээд байсан зүйлийнх нь тухай А.Золбоод хэлэхэд яг ямар юм байна харий л даа Цогтбаатараасаа аваад өгөөч гэхээр нь би Цогтбаатараас авч өгсөн. А.Золбоо надаас авахдаа ганц хоёр хоногийн дараа буцаагаад өгье гэж хэлсэн, юунд хэрэглэх гэж байгаагаа хэлээгүй, би ч асуугаагүй...” гэх мэдүүлэг /xx-ийн 66х/

Гэрч Э.Цогтбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 01 сард Энэтхэгээс ирэхдээ усан тамхины 1 ширхэг ногоон өнгийн хуванцсар сав авчирсан юм. Учир нь би Энэтхэгт байхдаа өөрийнхөө найзуудтайгаа усан тамхи их татдаг байсан болохоор Монголд усан тамхины сав нь олдохгүй байх гэж бодоод 1 ширхэгийг авчирсан юм. Удалгүй Н.Өнөрбаяр манай гэрт дахиж ирээд надаас нөгөө савыг гуйгаад байхаар нь би өгчихсөн юм...” гэх мэдүүлэг /xx-ийн 72х/

 

Сэжигтэн А.Золбоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2015 оны 9 дүгээр сард байхаа Ч.Бат-Эрдэнэ, Х.Цолмонбаатар хоёр Төв аймгийн Борнуур сумын нутагт байх Х.Цолмонбаатарын ногоон талбайн дээр ногоо хурааж байгаад ногоон талбайн хажууд нь мансууруулах сэтгэцэд нөлөөт каннабис гэх ургамал ургачихсан байхаар нь түүсэн гэж ярьж байсан. Тэр өвсийг нь Ч.Бат-эрдэнийн зуслан дээр хэрэглэж байгаад талыг нь үлдээчихсэн юм. Тэгээд үлдсэнийг нь 2016 оны 4 сарын 20-ны өдөр хэрэглээд дуусгачихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 120-121х/

Яллагдагч Ч.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 9 билүү 10 сард найз Цолмонбаатарын хамт тэдний Төв аймгийн Борнуур суманд байх нотоон талбай руу төмс хураахаар явсан. Төмс хурааж байхад ногоон талбайн хажуугаар мансууруулах үйлчилгээтэй каннабис гэх ургамал ургаж хатсан байхаар нь Х.Цолмонбаатар бид хоёр тамхины хайрцаганд бага зэргийг түүсэн. Тэгээд төмсөө хурааж дуусчихаад шууд хот руу явсан. Гэртээ ирээд байрны гадаа байх автомашины грашны доор нуучихсан юм. Хоёр хоногийн дараа Шадивланд байх зуслан руугаа Цолмонбаатар, Золбоо нарын хамт явсан. Учир нь Борнуураас түүж ирсэн өвсөө хэрэглэж үзэх гэж явсан юм. Зуслан дээр очоод нөгөө өвсөө бэлэн тамхины тамхийг нь гаргаж байгаад оронд нь өвсөө хийгээд татаж үзэхэд аймаар гашуун хоолой хорсохоор нь дэмий юм байна гээд татахаа больсон. Үлдсэн жоохон өвсөө тэнд нь хаячихсан юм. Бид гурав тэр өдрөөс хойш ахиж өвс хэрэглээгүй. Он сарыг нь санахгүй байна Золбоо над руу залгаад зориулалтын өвс татахад хэрэглэдэг бонго байна, Өнөбаярын найз нь Энэтхэгээс авчирсан байхаар нь Өнөрбаяраар авахуулчихлаа гэж ярьж байсан. Тэр үед нээх юм бодоогүй ээ. 2016 оны 4 сарын 18-ны өдөр би зуслангаа эргэхээр очсон юм. Зуслангийнхаа байшинг эргэж тойрч байгаад 2015 оны 10 сард Цолмонбаатар, Золбоо бид гуравын анх хэрэглээд хаядаг өвсийг олсон. Тэгээд зуслангаасаа хотод ирээд Золбоод нөгөө хэрэглээд хаядаг өвсөө олсон шүү нөгөө бонгоор чинь хэрэглэж үзэх үү гэж асуухад Золбоо тэгье гэж хэлсэн. Тэгээд Цолмонбаатар, Золбоо бид гурав 2016 онь 4 дүгээр сарын 20-ны өдөр манай байрны 1 дүгээр орцны 5 давхарт нөгөө өвсөө Золбоогийн авчирсан бонгод хийж байгаад хэрэглэж үзэхэд миний биед ямар нэгэн үйлчилгээ үзүүлээгүй. Тэгээд ч жоохон өвс байсан болохоор бид гурав ганц хоёр сороод дуусчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 126-128х/

 

Яллагдагч Х.Цолмонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “…Тухайн үед ногоо хураагаад зогсож байхад Ч.Бат-Эрдэнэ гар утсаа барьчихсан энэ нөгөө каннабис гэдэг ургамал мөн юм шиг байна гээд намайг дуудахаар нь очиход ногоон талбайн хажууд хатаж шарласан зэрлэг ургамал байхаар Ч.Бат-Эрдэнийн гар утасных нь зургийг харахад каннабис гэх ургамлын зурагтай төстэй харагдсан. Тэгээд бид 2 тамхины хайрцагт бага зэргийг түүсэн. Хотод ирээд ногоон талбайгаас түүсэн ургамлаа Ч.Бат-Эрдэнэ аваад явсан. Маргааш нь бил үү нөгөөдөр нь бил үү бид гурав яриад зогсож байхад Ч.Бат-Эрдэнэ нөгөө өвсөө татаж үзэх үү, байгаа ш дээ гэхээр нь А.Золбоо тэгье гэж хэлээд бид гурав ярилцаж байгаад Ч.Бат-эрдэний зуслангийн байшинд очиж түүсэн өвсөө татаж үзэхээр Шадивлан гэх газар луу явсан. Ингээд би бэлэн тамхины тамхийг нь гаргаж байгаад нөгөө түүсэн өвснөөсөө хийж байгаад асаагаад хоёр гурван удаа сорсон чинь хоолой их гашуу оргиод ханиалгахаар нь А.Золбоод өгсөн, А.Золбоо аваад хоёр гурван удаа сороод ханиалгаад Ч.Бат-эрдэнэд өгөөд, Ч.Бат-Эрдэнэ хоёр, гурван удаа сороод ханиалгаад буцаагаад надад өгөхөд нь би ганц хоёр сороод дуусчихсан. 2016 оны 4 сарын 20-ны өдөр Ч.Бат-Эрдэний байрны эсрэг талынх нь 5 давхарт гарч Ч.Бат-Эрдэний авчирсан өвсийг А.Золбоогийн авчирсан ногоон өнгөтэй бонгод хийж байгаад татсан. Тэр үед хүний хоёр, гурван удаа сороод өвс нь дуусчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 134-135х/

Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестр ашигласан тухай ...Х.Цолмонбаатарыг шээлгэж тестийн үр дүнг харахад ТНС илэрсэн болохыг тэмдэглэлд тусгав гэх тэмдэглэл /xx-ийн 23х/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3659 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн Х.Цолмонбаатарын гэх шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтанд багтдаг гэх дүгнэлт /хх-ийн 78х/,

 

Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестр ашигласан тухай ...Ч.Бат-Эрдэнийг шээлгэж тестийн үр дүнг харахад ТНС илэрсэн болохыг тэмдэглэлд тусгав гэх тэмдэглэл /xx-ийн 30х/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3657 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн Ч.Бат-Эрдэнийн гэх шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканкабинол /ТНС/ нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтанд багтдаг гэх дүгнэлт /хх-ийн 81х/,

Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 54-56х/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /xx-ийн 57х/, яллагдагч Ч.Бат-Эрдэний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 50-53х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 169, 175х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Х.Цолмонбаатар, Ч.Бат-Эрдэнэ нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн 2015 оны 9 дүгээр сард Төв аймгийн Борнуур сумын нутгаас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодис"-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй ургамлыг хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан гэх газарт хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч Х.Цолмонбаатар /хх-ийн 134-135х/, Ч.Бат-Эрдэнэ /хх-ийн 126-128х/ нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Н.Өнөбаяр /xx-ийн 66 х/,  Э.Цогтбаатар /xx-ийн 72х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, сэжигтэн А.Золбоогийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 119-121х/,

 

Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестр ашигласан тухай ...Х.Цолмонбаатарыг шээлгэж тестийн үр дүнг харахад ТНС илэрсэн болохыг тэмдэглэлд тусгав гэх тэмдэглэл /xx-ийн 23х/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3659 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн Х.Цолмонбаатарын гэх шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтанд багтдаг гэх дүгнэлт /хх-ийн 78х/,

 

Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестр ашигласан тухай ...Ч.Бат-Эрдэнийг шээлгэж тестийн үр дүнг харахад ТНС илэрсэн болохыг тэмдэглэлд тусгав гэх тэмдэглэл /xx-ийн 30х/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3657 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн Ч.Бат-Эрдэнийн гэх шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканкабинол /ТНС/ нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтанд багтдаг гэх дүгнэлт /хх-ийн 81х/, эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 54-56х/,          эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /xx-ийн 57х/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд Х.Цолмонбаатар, Ч.Бат-Эрдэнэ нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн сэтгэцэд нөлөөлөх бодис болох Каннабис /ТНС/-ийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Х.Цолмонбаатар, Ч.Бат-Эрдэнэ нар энэ гэмт хэргийг үйлдсэнээр бусдад учруулсан гэм хорын хохиролгүй болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Х.Цолмонбаатар, Ч.Бат-Эрдэнэ нарын сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисыг хэрэглэхдээ ашигласан хуванцар савыг /бонго/ уг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Х.Цолмонбаатар, Ч.Бат-Эрдэнэ нарт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохиролын шинж чанар, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг нь харгалзан тэдгээрт шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзав.

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол овогт Хишигдэмбэрэлийн Цолмонбаатар, Олхонууд овогт Чинбатын Бат-Эрдэнэ нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн сэтгэцэд нөлөөлөх бодис болох Каннабис /ТНС/-ийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт  зааснаар Х.Цолмонбаатарыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сар хорих ялаар,

 Ч.Бат-Эрдэнийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Х.Цолмонбаатар, Ч.Бат-Эрдэнэ нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Цолмонбаатар, Ч.Бат-Эрдэнэ нарт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн бонго гэх нэршилтэй хуванцар сав 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан, Х.Цолмонбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст,

Ч.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус хариуцуулсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Цолмонбаатар, Ч.Бат-Эрдэнэ нарт урьд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ