Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 42

 

 

Б.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Д.Жамбалсүрэн, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 137 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт оршин суух Хатач овогт Бат-Эрдэнийн Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “МонЭнко” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа, нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Би “МонЭнко” ХХК-ний захирлын 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 10/123/15 дугаартай тушаалаар 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн уурхайд ахлах тогоочоор томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. 2016 оны 07 дугаар сарын 31-ний шөнө ээлжинд гарсан.Өдөр DPP-д өгч чадаагүй амтлагч болон талхны хольц, сонгино, сармис, цуу, гүчгари зэргийг өгөх гээд авч гарах гэтэл бамбай харуул Түмэнжаргалын зөвшөөрөлгүй гаргахгүй гэсэн. Би одоо үүнийг яах бэ гэтэл буцаагаад оруулаад тавь гэсэн би эдгээр зүйлийг кемпээс авч гараагүй.

 Гэтэл намайг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбал болгон ажлаас халсан. Миний бие ажлаас халагдах хэмжээний хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаагүй гэж үзэж байгаа тул тус компанийн захирлын тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Б.Лхагвасүрэнгийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй тул “МонЭнко” ХХК нь иргэн Б.Лхагвасүрэнгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохыг үүгээр мэдэгдье. Бид шаардлагатай тохиолдолд дахин нэмэлт тайлбар, нотлох баримт хүргүүлэн түүний нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлийг нотлон тайлбарлах болно гэжээ.

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 137 дугаар шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар МоЭнКо ХХК захирлын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №161/16 дугаар тушаалыг хүчингүй болгож Б.Лхагвасүрэнг Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт байрлах МоЭнКо ХХК-ны уурхайн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 9381760 төгрөгийг хариуцагч МоЭнКо ХХК-иас гаргуулан Б.Лхагвасүрэнд олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан ажилтан Б.Лхагвасүрэнгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж түүний дэвтэрт бичилт хийхийг хариуцагч МоЭнКо ХХК-д үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч МоЭнКо ХХК-иас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын утга: Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгээс харахад шүүгч хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч талын тайлбарыг анхаараагүй, түүнийг нотлох баримтын хэмжээнд авч үзээгүй болох нь харагдаж байна.  

Хариуцагч тал яг нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримт, нотлох баримттай холбогдуулан шүүхэд нийт 3 удаа дэлгэрэнгүй тайлбар хүргүүлсэн боловч шүүгчийн тухайд түүнийг уншаагүй, шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж оруулаагүй, нотлох баримтаар үнэлэн, дүн шинжилгээ хийлгэлгүйгээр хэргийг зөвхөн нэхэмжлэгчийн бүрэн хэмжээний тайлбар, түүний эсрэг хариуцагч талаас сүүлд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 354 тоот захирамжтай холбогдуулан гаргасан тайлбарт үндэслэн шийдвэрлэсэн байдлаар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагчийн татгалзал, тайлбар, зохиогчийн төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заахаар хуульчилсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрт хуулийн энэ зохицуулалт зөрчигдсөн байна.

Хэргийн харьяалал зөрчөөгүй талаар анхан шатны шүүх шийдвэртээ дурдсан боловч бодит байдал ил тодоор хууль зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана мөн 14.2-д хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана гэсэн зохицуулалтыг зөрчсөн. 

МоЭнко ХХК нь Улаанбаатар хотод бүртгэлтэй хуулийн этгээд бөгөөд Иргэний хуулийн 28.1, 28.2-т зааснаар МоЭнко ХХК-ийн оршин байгаа газар нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 4-р хороо, Сөүлийн гудамж, Түшиг төвийн 3-р давхар хуулийн этгээдийн албан ёсны хаяг бөгөөд энэ нь МоЭнко ХХК-ийн удирдах байгууллага байгаа, мөн ажил хэргээ байнга явуулдаг газар юм. Булган сум дахь сум дундын шүүх илэрхий харьяалал зөрчигдсөн маргааныг хүлээн авч, харьяалал зориуд зөрчин шийдвэрлэсэн.

 Иргэн Б.Лхагвасүрэн нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бөгөөд мөн түүний үйлдэл нь маш ноцтой сахилгын зөрчилд тус тус тооцогдож байгаа тул ажил олгогчийн зүгээс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, түүнийг ажлаас халахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон.

 Энэ хэрэгт нэр бүхий 8 гэрч мэдүүлэг өгсөн боловч шүүгч зөвхөн өөрт хэрэгтэй хэсгийг сонгон авч, бүхэл бүтэн 6 гэрчийн мэдүүлэгт дүн шинжилгээ хийлгүй орхигдуулсан нь түүнийг асуудалд ямар хандсаныг илтгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн нь “МоЭНКо” ХХК-ний захирлын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 161/16 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус компаний Хөшөөтийн уурхайн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг  даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч МоЭнКо ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн нь 2016 оны 7 дугаар сарын 31-ний шөнө 23 цаг 43 минутанд 10-43ХОҮ улсын дугаартай автомашины хойд талын сандал доор хар гялгар уутанд “түүхий татсан мах, лаазалсан бүтээгдэхүүн” зэрэг зүйлийг авч гарахыг завдсан үйлдэл хийсэн болох нь “Бамбай СС” ХХК-ний  2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Зөрчлийн хуудас[1], МоЭнКо ХХК-ний зөрчлийн судалгаа[2], сахилгын шийтгэлийн маягт[3], хамгаалагч Р.Сүрэн, О.Хүсэлбаяр, тайлбар өгөх маягт[4], иргэн Ч.Даваасамбуугийн и-мэйлээр бичиж ирүүлсэн тодорхойлолт[5] Р.Сүрэн[6], Ч.Даваасамбуу[7], П.Түмэнжаргал[8] нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Энэ нь ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.3-т нэрлэн заасан хөдөлмөрийн  харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил байна.  

Иймд ажил олгогч МоЭнКо ХХК-ний дэд захирал Ж.Оюунчимэг[9] нь 2016 оны 8 дугаар сарын 08-ний өдөр Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг удирдлага болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг шүүхээс буруутгах боломжгүй байна.

Ажил олгогч Б.Лхагвасүрэнгийн гаргасан зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор сахилгын шийтгэлийг ногдуулсан байх бөгөөд МоЭнКо ХХК-ний дэд захирал Ж.Оюунчимэг нь тушаал гаргах эрхтэй болох нь хэрэгт авагдсан МоЭнКо ХХК-ний 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр тогтоогдож байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэл түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгааг тухайгаа заахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн байх тул дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинзаяад буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ний өдрийн 153/ШШ2017/00137 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнгийн хариуцагч ”МоЭнко” ХХК-нд холбогдуулан гаргасан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинзаяад буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.ЖАМБАЛСҮРЭН

                                  

М.НЯМБАЯР

 

 

 


[1] Хоёрдугаар хавтаст хэргийн 38 дугаар хуудас

[2] Нэгдүгээр хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас

[3] Нэгдүгээр хавтаст хэргийн 132 дугаар хуудас

[4] Нэгдүгээр хавтаст хэргийн 215-126 дугаар хуудас

[5] Нэгдүгээр хавтаст хэргийн 128 дугаар хуудас

[6] Нэгдүгээр хавтаст хэргийн 152-153 дугаар хуудас

[7] Нэгдүгээр хавтаст хэргийн 162-163 дугаар хуудас

[8] Нэгдүгээр хавтаст хэргийн 157-158 дугаар хуудас

[9] Нэгдүгээр хавтаст хэгийн 122 дугаар хуудас