Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2017/00315

 

2017 оны 02 сарын 01 өдөр

        Дугаар 183/ШШ2017/00315

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголонгийн 10 дугаар гудамж, 417 тоотод оршин суух, Ламтан овогт Дамбын Дагдан /Регистрийн дугаар:ШЖ40061013/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголонгийн 21-692 тоотод оршин суух, Намхай овогт Дамбын Маабазар /Регистрийн дугаар:ЦД57030571/-д холбогдох 

Автомашины үнэ 1,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Дагдан, хариуцагч Д.Маабазар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа оролцов. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                              

                                                                                              

Нэхэмжлэгч Д.Дагдан шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

          Миний эзэмшлийн 6607 УБ дугаартай эксэл маркийн машиныг Д.Маабазар нь өвөх хаврын сар унаж байгаад дулаан орохоор өгье гэж хэлэхээр нь итгээд холбогдох бүх бичиг баримтын хамт 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өгөөд явуулсан боловч  буцааж өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Энэ машиныг анх 2012 онд миний том охин Д.Туяа надад худалдаж авч өгсөн ба би өөрийн 4 жил энэ машины татварыг цаг хугацаанд төлж байсан. Тухайн үед машинаа өгөөд явуулахад миний танил Долгорсүрэн байсан. Миний машин марк нь хуучин болохоос дотор эд анги шинэ, багаж хэрэгсэлтэйгээ байсан. Одоо миний бие өөрөө хараа муутай, өндөр настан, 2 зээтэйгээ хамт амьдардаг амьдралын боломж бололцоо бага, тун тааруу амьдралтай байна. Иймд хариуцагчаас автомашины үнэ 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Д.Дагдан, хариуцагч Д.Маабазар нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: 

Нэхэмжлэлийн шаардлага болох 1,500,000 төгрөгийг хариуцагч 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                                                                                                                                            

 

Нэхэмжлэгч Д.Дагдан нь хариуцагч Д.Маабазарт холбогдуулан автомашины үнэ 1,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 1,500,000 төгрөгийг хариуцагч 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв.

Талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:                                                                                                 

 

1.Д.Дагдангийн нэхэмжлэлтэй Д.Маабазарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 1,500,000 төгрөгийг хариуцагч 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогд хэвээр үлдээж, хариуцагчаас 38,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

         

          3.Зохигчид энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

          4.Энэ захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                О.ОДГЭРЭЛ