Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
Хэргийн индекс | 183/2017/00093/И |
Дугаар | 183/ШШ2017/00350 |
Огноо | 2017-02-06 |
Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2017/00350
2017 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2017/00350 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармаг, наадамчдын зам гудамж, 605 дугаар байрны 5 тоотод оршин суух, Борогчин овогт Буухүүгийн Ганхуяг /Регистрийн дугаар:ЙЮ61121702/-ын нэхэмжлэлтэй
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 оны 12 дугаар сарын 17-нд Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн одоо 56 настай. Би багадаа өөрийн эмээ Шийлэгээр овоглодог байсан. Дараа нь иргэний үнэмлэхээ авахдаа өөрийн өвөө Буухүүгээр овоглох болж үүнээс хойш би Буухүүгийн Ганхуяг болсон. Гэтэл миний Хөдөлмөрийн дэвтэрт намайг Шийлэгийн Ганхуяг гэж бичигдсэнээс болоод овог нэрийн зөрүү үүсч тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Миний эхийг Думаа гэдэг байсан бөгөөд би өвөө эмээ дээрээ өсч, тэдэнд үрчлэгдэж амьдардаг байсан. Миний ихэнх бичиг баримт Буухүүгийн Ганхуяг байдаг бөгөөд хамгийн сүүлд би Би 1981 онд сургуулиа төгсөөд Өвөрхангай аймгийн тээврийн удирдах газарт нарядакаар ажилд орсон. Дараа нь байгууллагын нэр өөрчлөгдөж 15 дугаар бааз нэртэй болж, сүүлд нь Ганхүлэг ББХК болсон. Би 1981 онд нөхөр О.Жаргалсайхантай гэр бүл болж, бидний дундаас 1982 онд том охин Ж.Мөнхзул төрсөн. Түүний төрсний гэрчилгээнд миний овог нэрийг мөн Шийлэгийн Ганхуяг гэж бичигдсэн байсан. Мөн миний анхны гэрлэлтийн гэрчилгээнд Шийлэгийн Ганхуяг гэж бичигдсэн байсныг 2015 онд Буухүүгийн Ганхуяг болгож өөрчлүүлсэн. Иймд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганхуяг нь 1955 онд төрсөн, тусгай дунд боловсролтой Шийлэгийн Ганхуягт 1981 оны 5 дугаар сарын 11-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогын баримтад “Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын оршин суугч О.Жаргалсайханы гэр бүлд эхнэр Шийлэгийн Ганхуяг 27 настай” гэж, 1982 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн Жаргалсайханы Мөнхзулын /РД:ЙЮ82033123/ 215 тоот төрсний гэрчилгээнд “эх Шийлэгийн Ганхуяг” гэж, мөн 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаанд “нэр Шийлэг байсныг 2015 оны 3 дугаар сарын 24-нд Буухүү болгож өөрчилсөн” тухай тэмдэглэгээг тус тус хийсэн байна. Мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн лавлагаагаар Буухүүгийн Ганхуягт 1981 онд иргэний үнэмлэх олгоход бөглөсөн 1981 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн паспортын маягтад “1961 оны 12 дугаар сарын 17-нд төрсөн, Өвөрхангай аймгийн Тээврийг удирдах газарт нарадчик ажилтай, нөхөр О.Жаргалсайхан, хүүхэд Мөнхзул” гэж тэмдэглэсэн, 1987 онд олгосон паспортын маягтад “аймгийн тээврийн удирдах газрын захиргаанд тоо бүртгэгчээр 1981 оноос ажиллаж байгаа, эх Буухүүгийн Думаа, эцэг Буухүү” гэж тэмдэглэгдсэн байна.
Мөн түүнчлэн уг хөдөлмөрийн дэвтэрт Шийлэгийн Ганхуяг 1955 онд төрсөн гэж тэмдэглэгдсэн байх боловч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар 1955 онд Монгол Улсад ийм хүн төрсөн болохыг тогтоох боломжгүй тухай хариуг ирүүлжээ. Нэхэмжлэгч Б.Ганхуягийн өөрийнх нь иргэний үнэмлэх болон түүний төрсний бүртгэлийн шинэчилсэн гэрчилгээнд эцэг, эхийн нэр гэсэн хэсэгт түүний эцгийн нэрийг Буухүү гэж бичигдсэн байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дээрх баримт бичгүүдэд түүний овог нэр Шийлэгийн Ганхуяг, Буухүүгийн Ганхуяг гэж зөрүүтэй бичигдсэн байдал тогтоогдож байх ба түүний ажиллаж эхэлсэн эхний хугацаа, нөхөр, хүүхдийн овог нэр зэрэг тохирч тул шүүх Шийлэгийн Ганхуяг гэж овог нэрийг бичиж 1981 оны 5 дугаар сарын 11-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Буухүүгийн Ганхуяг мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Шийлэгийн Ганхуягт 1981 оны 5 дугаар сарын 11-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Буухүүгийн Ганхуяг /регистрийн дугаар: ЙЮ61121702/ мөн болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ