Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/294

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Б.Баярчимэг,

Шүүгдэгч Г.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2111 00929 0235 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, , 1986 оны 7 дугаар сарын 18-ны едөр Дархан-Уул аймагт төрсөн. 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, төрсөн ахын хамт хамт, Дархан-Уул аймгийн Дархан сум, Өргөө баг, 21-р хороолол, 17-106 оршин суудаг,

урьд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 28-ны 94 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 401 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1 хэсэгт зааснаар 3 жил 6 cap хорих ял, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 627 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэхь хэсэгт зааснаа 2 жил хорих ял шийтгүүлсэн,

 

Шүүгдэгч Г.Б нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 2220 тоотод урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, гар утсаар чинь ярьчхаад өгье гэж хуурч, насанд хүрээгүй хохирогч Б.Гансүхийн гар утсыг залилан авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн задгай тоотод урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, гар утсаар чинь ярьчхаад өгье гэж хуурч иргэн Т.Сүрэнгийн Самсунг загварын гар утсыг залилан авч 451.700 төгрөгийн хохирол учруулж нийт 784.700 төгрөгийн үнэ бүхий "Самсунг" загварын 2 ширхэг гар утсыг насанд хүрээгүй хохирогч Б.Га, хохирогч Т.Снараас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 2220 тоотод гар утсаар чинь ярьчхаад өгье гэж хуурч, насанд хүрээгүй хохирогч Б.Гансүхийн гар утсыг авч 330.000 төгрөгийн хохирол,

2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн задгай тоотод мөн адил “гар утсаар чинь ярьчхаад өгье гэж хуурч хохирогч Т.Сүрэнгийн Самсунг загварын гар утсыг  авч 451.700 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Г.Бэс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Г.Бэс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 08 дугаар сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн Задгай тоотод байх танил ах Эрдэнэдалайгийнд би хэсэг амьдарч байсан. 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тэднийд байж байтал тэдний ойролцоо байх айлын Эрдэнэдалай ахын найз Сүрэн гэх тэднийд өглөөний 09 цагийн үед ирээд, эхнэртэй муудалцсан байгаа юм, гэж хэлээд машинаа хашаан дотор оруулж тавиад, орж ирээд унтаад өгсөн юм. Тэгээд удалгүй 14-15 цагийн үед эхнэр нөхөр гэх хоёр хүн ирсэн ба тэр хоёр халамцуу 1 шил 0.75 литрийн хэмжээтэй архитай ирэхэд Сүрэн сэрээд бид нар 5-уулаа хамт архи уусан юм. Тэгээд тэр архийг дуусахын алдад оройхон би Сүрэнд хандаж, утсаа өгч байгаач түр ярьчихаад өгье гэж асуухад надад /Самсунг маркийн А-50 маркийн гар утас байсан санаж байна/ гар утсаа өөрөө өгөхөөр нь би авч гараад, утсаар Дарханд байдаг нэг найзтайгаа сонин сайхан ярьж байгаад, /Сүрэнгийн утсыг авч байгаа талаар тухайн найзтайгаа ярилцаагүй/ цааш утсыг авч яваад, автобусанд суугаад, Хархорин зах орж, үл таних нэг хүнд 150.000 төгрөгөөр зарж, мөнгөөр нь ганцаараа архи ууж, буудалд хоносон юм. Самсунг галакси А-50 маркийн 1 ширхэг гар утсыг авсан... Баянзүрх дүүргийн 21-р хороо, Жамсран Уулын өврийн 2220 жижиг хавтан хэвлэгч дээр ажилладаг байсан. 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 16-17 цагийн хооронд байх шиг санагдаж байна Б.Гансүх гээд хамт ажилладаг залуугийн гар утсыг гуйж аваад, гэртээ орж фэйсбүүкээр орж байгаад аваад явсан Тэр утсыг би үл таних хүнд 80.000 төгрөгөөр зарсан ..” гэсэн мэдүүлэг /хх-103, 143/.

Хохирогч Т.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Бат-Эрдэнэ намайг утсаа өгч бай, нэг ярьчхаад өгье гэж гуйхаар нь би утсаа өгсөн чинь гэрийн гадаа Бат-Эрдэнэ утсаар яриад зогсож байсан нэг харсан чинь хашаан дотор байхгүй байхаар нь гайхаад би өөрийнхөө 91925430 дугаар луу найз Эрдэнэдалайгийн утсаар залгасан чинь Бат-Эрдэнэ миний дуудлагыг аваад одоохон орлоо хажууд байна гээд тэр чигтээ ирээгүй юм.. гэх мэдүүлэг /хх-12/,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Га мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өврийн 2220 тоотод байх явган замын авто ангийн үйлдвэр дээр ажиллаж байхад цуг ажилладаг Бат-Эрдэнэ ах ирээд эхнэртэйгээ видео дуудлага хийгээд өгье гэж хэлж авч- гарахаар нь би араас нь гутлаа өмсөөд гартал Бат-Эрдэнэ ах байхгүй явсан байсан. Тэгээд би өөрийн утас руу залгатал миний утсыг авахгүй байж байгаад унтраачихсан.. гэх мэдүүлэг /хх-127/,

 

Гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “..2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Төр засгийн автобаазын зуслан дээр задгай тоотод би гэртээ таньдаг дүү Г.Бтэй хамт манайд байсан юм. Тэгээд өдөр 11 цагийн үед манай найз Баярмагнай, эхнэр Доогийтой хамт 0.75-н хараа нэртэй нэг шил архи авч орж ирсэн юм. Тэгээд бид гурав авчирсан архийг нь уугаад сууж байсан чинь Сүрэн гэрт орж ирээд хамт уусан. ..тэгсэн чинь 2 цагийн дараа байх гэж бодож байна Сүрэн намайг сэрээгээд Г.Б миний гар утсаар ярина гэж хэлээд аваад явчихлаа сая би ярьсан чинь одоо би яваад очъё гээд ирээгүй гэж хэлсэн юм. ..2021 оны 8 дугаар сарын 05-ны өдер Бат-Эрдэнэ Т.Сүрэнгийн гар утсыг аваад алга болчихсон юм..” гэх мэдүүлэг /хх-18/,

 

Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би оройн 23 цагийн үед ирэхэд Гансүх надад хэлэхдээ Баагий ах миний гар утсаар яриад өгье гээд аваад явсан ба араас нь удалгүй гарахад миний гар утсыг аваад явчихсан байсан гэсэн..” гэх мэдүүлэг /хх-139/,

 

          Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-23/ “..Сүрэн Эрдэнэдалайгийн утсаар өөрийнхөө дугаар луу залгаад чанга яригч дээр нь тавьж ярихад Бат-Эрдэнз "Одоо очлоо. Ойрхон байна" гэж хэлээд утас нь салсан. Түүнээс хойш Бат-Эрдэнэ эргэж ирээгүй. Бат-Эрдэнэ гар утсыг нь аваад явсан байсан.. гэх мэдүүлэг, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-28/, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-131/ зэрэг шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Б нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн дээрхи гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй бөгөөд прокуророос зүйлчилсэн Эрүүгийн хуулийн зүйл заалт зөв байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр эрхэлсэн, тодорхой ажилгүй, сарын тогтмол орлогогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүх хуралдаанаас өмнө Г.Б нь 71 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Бэс нийт 784.700 төгрөгийг гаргуулан хохирогч Хэнтий аймгийн Норивлон сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, 330.000 төгрөгийг, хохирогч Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан 1-37 тоотод оршин суух 451.700 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Б бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч бусдын эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бат-Эрдэний энэ хэрэгт цагдан хоригдсон 71 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бэс нийт 784.700 төгрөгийг гаргуулан хохирогч Хэнтий аймгийн Норивлон сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, 330.000 төгрөгийг, хохирогч Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан 1-37 тоотод оршин суух 451.700 төгрөгийг тус тус олгуулсугай.

 

6. Шүүгдэгч Г.Бат-Эрдэний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.МӨНХБАЯР