Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/379

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Н.Уранбайгаль,

Шүүгдэгч И.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2203 00000 0141 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төв аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Бодь хараа ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3: эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Барилгачин 9-11 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар НФ86123019.

 

Шүүгдэгч И.Н нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цаг 32 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Цэдэн хүнсний дэлгүүрийн баруун замд Бодь хараа ХХК-ийн эзэмшлийн Киа маркийн Рино загварын 53-50 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон,..харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын гэрэл асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, мөн дүрмийн 5.2-т заасан Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 39 настай, эрэгтэй Ч.Ганболдыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч И.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цаг 32 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, "Цэдэн хүнсний дэлгүүрийн баруун замд Бодь хараа ХХК-ийн эзэмшлийн Киа маркийн Рино загварын 53-50 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа явган зорчигч 39 настай, эрэгтэй Ч.Ганболдыг мөргөж чамархайгаас чамархайн суурь руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальс дээрх цусан хураа, зүүн сүүжний ташаа яс, суудал ясны далд хугарал, зулайн хуйханд няцарсан шарх, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч И.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авнамөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ..харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын гэрэл асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, мөн дүрмийн 5.2-т заасан Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн, хохирогч Ц.Ганболдын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд болох нь тогтоогдож байна.

 

Дээрхи үйл баримт нь шүүгдэгч И.Нын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэрэлтүүлэг сайтай байсан. Нэгдүгээр эгнээнд автобус зогсож байсан. Хажуугаар 2 машин өнгөрөхөд хохирогч маш хурдан гүйж байсан. Би гэрэлийн тохиргоо алдагдсан гэдгийг мэдээгүй. Хол ойрын гэрэл хэвийн юм шиг санагдсан. Сая эмнэлэгт хэвтээд гарч ирсэн. Би хохирол төлбөрийн мөнгийг боломжоороо төлсөн. Өчигдөр холбогдоод байрны түрээсийн мөнгө өгөөч гэхээр нь одоохондоо мөнгө алга байна. Хэд хоногоос олж өгье гэж хэлсэн. Буудалгүй газар автобус нэгдүгээр эгнээнд зогссон байсан. Би 2 дугаар эгнээгээр явж байсан.  Миний хажуугаар 2 тээврийн хэрэгсэл явсан. Хохирогч 10 орчим метрийн зайд байсан бол би зогсох боломжтой байсан гэж бодож байна. ..” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч И.Наас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..хохирогчийн гэрт нь тогтмол очиж шаардлагатай эм тариаг авч өгч байгаа. Сүүлд гэрээр нь зүү тавих эмч авсан байсан тэр мөнгийг төлсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-109/,

 

Хохирогч Ч.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..зам хөндлөн гарахаар зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсэг рүү орсоноо санаж байна, автомашинд мөргүүлсэн болон эмнэлэгт хүргэгдсэн талаар би юу ч санахгүй байна..” гэх мэдүүлэг /хх-20/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №2660 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “..Ц.Ганболдын биед чамархайгаас чамархайн суурь руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальс дээрх цусан хураа, зүүн сүүжний ташаа яс, суудал ясны далд хугарал, зулайн хуйханд няцарсан шарх, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. З.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаална..” гэх дүгнэлт /хх-40-41/,

Зам тээврийн ослын дуудлаганы лавлагааны хуудас /хх-2/

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас: /хх-65/ ... 2022-02-10, тэнцсэн эсэх- тэнцээгүй, тэнцээгүй /өнгө үзэмж/, тэнцээгүй /тоормос, дугуй/, тэнцээгүй,

Авто тээврийн үндэсний төв Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №999218 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:/хх-68-72/ “..тоног төхөөрөмжөөр шалгахад хоёрдугаар тэнхлэгний тоормос нь стандартын шаардлага хангахгүй / огсоогүй/ байгаа нь тухайн зам тээврийн осолд тоормосны зам уртсах байдлаар нөлөөлөх боломжтой. Баруун зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй, тохиргоо алдагдсан /тусгал доошоо/ байгаа нь тухайн зам тээврийн осолд хэрэв нөлөөлсөн бол жолоочид үзэгдэх орчин хязгаарлах байдлаар нөлөөлөх боломжтой, гэрэл зургийн үзүүлэлт,

 

2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №158 дугаар мөрдөгчийн магадлагаанд:/хх-79-80/ “.. K.Hino маркийн 53-50 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч И.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ..харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын гэрэл асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, мөн дүрмийн 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Ч.Ганболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна..” гэх магадлагаа, шүүгдэгч И.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-92/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-93/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.                                        

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Гбиед учирсан гэмтлийг гэмтийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид хүнд хохирол учруулсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, үйлдэл түүнийг нотлож буй нотлох баримтуудыг үгүйсгээгүй, ямар нэг байдлаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч И.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч И.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь тохиолдын шинжтэй, түүний санамсар болгоомжгүй байдлын улмаас үйлдэгдсэн байдал, гэмт хэргийн улмаас учруусан хохиролыг төлж барагдуулсан, хохирогчийн цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч И.Нт мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

 

Хохирогч Ч.Гань шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, хохиролоо барагдуулж авсан, цаашид гарах эмчилгээний зардлыг И.Н барагдуулна гэсэн тул бид хоёр энэ асуудлаар тохиролцсон гэсэн тул хохирогч Ч.Ганболдын цаашид эмчилгээ хийлгэсэн талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хохирлыг шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ

Шүүгдэгч И.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч И.Нын №597833 дугаартай жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудсын хамт Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч И.Нт мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Нт жолооны дамжаанд давтан суралцах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч И.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулсугай.

 

          5. Хохирогч Ч.Га цаашид эмчилгээ хийлгэсэн талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хохирлыг шүүгдэгч И.Наас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч И.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч И.Нын №597833 дугаартай жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудсын хамт Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР