| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2022/0371/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/408 |
| Огноо | 2022-05-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/408
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
Улсын яллагч Ц.Хулан,
Шүүгдэгч Н.А /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурал овогт Нэргүйн Ариунтуяад холбогдох эрүүгийн 2211 00000 0826 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, "Барилга корпораци" ХХК-д үйлчлэгч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 428-65 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,Х
Шүүгдэгч Н.А нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Барилга" корпорацын В1 давхарт иргэн Г.Гтэй маргалдаж улмаар хуванцар саваар түүний нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.А нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барилга” корпорацын В1 давхарт иргэн Г.Гтэй маргалдаж улмаар хуванцар саваар түүний нүүр рүү цохиж зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэсэн болох нь тогтоогдож байна.
Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Н.Агаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Н.Агаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-42/ “..би 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Ганчимэгийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Гээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 3 дугаар сарын 13-ны ажил дээрээ ирчхээд хувцсаа сольчхоод фитнесийн заал руу ороход Ариунтуяа эгч цэвэрлэгээ хийгээд байж байхаар нь Знхцэцэг та хоёр намайг тоохгүй хоёулаа нийлээд байна. Би та хоёрыг хүний нөөцөд хэлнэ гэсэн чинь юу хэлэх гэж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би доошоо буугаад цэвэрлэгээ хийчхээд В1 давхарт хувцсаа өмсөөд гадагшаа гарах гээд байж байтал Ариунтуяа эгч гөлөг минь чи юу гээд байгаа юм бэ гээд намайг үсдэхээр нь түлхээд салгасан чинь хажуу талдаа байсан хувцас зайлагч шингэний саваар миний зүүн нүд тус газар нэг удаа цохичхоод гараад явсан.. миний зүүн нүд хөхөрч хавдсан..”, “..надад одоо ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн эмчилгээний зардлаа бүрэн барагдуулж авсан болно..” гэх мэдүүлэг /хх-8-9/,
Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4389 дугаартай дүгнэлтэд: “..Г.Гийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-13-14/, шүүгдэгч Н.Агийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-26/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Г.Гт учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.А нь Г.Гтэй маргалдаж улмаар хуванцар саваар түүний нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Агаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.
Иймд шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Н.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Ад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Г.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.А нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Н.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР