Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/323

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Ц.Майбаяр,

Шүүгдэгч Н.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овогт Наянжингийн Баасандоржид холбогдох эрүүгийн 2111 01414 0827 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын иргэн, , 1998 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнхэл суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хөрөө раманд засварчин ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Түнхэл сум, 6 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй

 

Шүүгдэгч Н.Б нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө 00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 6 дугаар гудамжны 48 тоотод байх өөрийн гэрт эхнэр Б.Гтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, үсдэж, орны толгой мөргүүлж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд шарх, дээд уруулд зулгаралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө 00 цагийн орчим архи ууж согтууруурсан үедээ Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 6 дугаар гудамжны 48 тоотод байх өөрийн гэрт эхнэр Б.Гтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, үсдэж, орны толгой мөргүүлж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд шарх, дээд уруулд зулгаралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий гэмтэл үүсгэсэн болох нь тогтоогдож байна.

 

Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Н.Боос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Н.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 6-48 тоотод байх нийтийн байранд байх гэрээсээ гараад найз нартайгаа уулзаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тэгээд би нийлээн согтсон ба 00 цагийн үед гэртээ ирсэн...Би эхнэр Ганцэцэгийг сэрээгээд уулзахад эхнэр Ганцэцэг намайг архи уулаа гээд уурлаад байсан. Тэгээд түүнээс болж бид хоёр маргалдсан ба эхнэр гарч явах гээд байхаар нь би хэрүүл хийж маргалдаж байтал эхнэр уурлаад намайг түлхэхээр нь би уурлаад эхнэрийн нүүр лүү 2-3 удаа цохисон, тэгээд түүнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа юм. Нэг мэдсэн цагдаагийнхан ирсэн байсан..гэх мэдүүлэг /хх-61-62/,

 

Хохирогч Б.Гээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Баруу гэртээ байж байхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд гээд уурлаад гарч бие засах гээд босох гэхэд Баасандорж намайг босгохгүй “хаачих гээд байгаа юм” гээд байхаар нь би “чи одоо яагаад байгаа юм Баасандорж над руу уурлаад элдвээр хэлээд байхаар нь би Б түлхэж унагаагаад гарах гэхэд Баасандорж босож ирээд миний толгойны зүүн хэсэгт гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохиод, баруун хэсэгт гараа атгаж айгаад 3-4 удаа цохихоор нь би нүүрээ дараад хэвтэж байтал намайг үсдэж байгаад ор мөргүүлсэн. Тэгэхээр нь босох гэтэл намайг хүзүүнээс боохоор нь гарыг нь хазаж болиулаад цагдаа дуудсан юм..” гэх мэдүүлэг /хх-22-23/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11320 дугаартай  дүгнэлтэд: “..Б.Гийн биед баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд шарх, дээд уруулд зулгаралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх-35-36/,

Шүүгдэгч Н.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Гт учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Б нь эхнэр Б.Гтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, үсдэж, орны толгой мөргүүлж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд шарх, дээд уруулд зулгаралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

                                       

Иймд шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Боос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Н.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдлыг харгалзаж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгчид сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Б.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Бийг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР