Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 186/2022/0262/Э |
Дугаар | 2022/ШЦТ/290 |
Огноо | 2022-03-29 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Н.Ням-Очир |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
Улсын яллагч Н.Ням-Очир,
Шүүгдэгч О.С /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Осоржамаагийн Сугарсүрэнд холбогдох эрүүгийн 2011016150071 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, , 1996 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Дорнод аймгийн Сэргэлэн сумын Соёлын төвд хөгжмийн багш ажилтай, ам бүл 6, эхнэр, аав, ээж, 3 дүүгийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Улаан худаг гудамжны 1-1 тоотод бүртгэлтэй боловч Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Силикат 46-1-5 тоотод оршин суудаг, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1420 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, регистрийн дугаар:
Шүүгдэгч О.С нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 08 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжинд байх нийтийн байрны 2 тоот өрөөнөөс иргэн С.Н эзэмшлийн Redmi note 8 загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн С.Н 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.С нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 08 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжинд байх нийтийн байрны 2 тоот өрөөнөөс иргэн С.Нарантуяагийн эзэмшлийн “Redmi note 8” загварын rap утсыг нууцаар авч иргэн С.Нарантуяад 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Дээрхи үйл баримт нь шүүгдэгч О.Сгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч О.Сгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тэр өдөр би өөрийн ажилладаг газар луугаа буцах ёстой байсан болохоор яарч гарсан, яарч гарахдаа миний яг унтаж байсан орны хажууд уначихсан байсан саарал өнгийн утсыг аваад явчихсан. Тухайн үед замын зардал байхгүй байсан болохоор тэр утсыг 200.000 төгрөгөөр барьцаанд ломбарданд тавиад замын зардал болон хувцас хэрэглэл аваад явсан. Миний бие Нарантуяагийн данс руу 500.000 төгрөгийг шилжүүлж хохирлыг барагдуулсан..” гэх мэдүүлэг /хх-67/.
Хохирогч С.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн үед ажлаасаа гараад 3, 4 дүгээр хорооллын орчим байрлах нийтийн караокед орж үйлчлүүлсэн ба тухайн газарт байхдаа 25-27 орчим насны залуутай танилцсан. Тэгээд тэр залуутай нэг ширээнд сууж хамт пиво ууж, дуу дуулж байгаад караокены хаах цаг болоод гадагшаа гарсан. Гадаа гараад хаачих талаараа ярьж байгаад манайх руу явахаар бол Баянбүрдийн тойргийн ард байх түрээсэлж байсан нийтийн байр луу маань явсан. ..гэр лүү ороход найз маань унтаж байсан. Сэргээгээд бид 3 хамт пиво уухаар болж дуудлагын архи, пиво хүргэлтийн дугаар луу залгаж 2 литрийн пиво авч хувааж ууцгаасан. Үүрээр унтахаар болж манай найз Цагаанчулуу тэр залууг одоо яв гэж хэлэхэд тэр залуу явахгүйгээр хэвтээд байсан тул би ор засаж өгөөд унтуулсан. Өглөө 10 цагийн орчим сэрэхэд урд шөнө танилцсан нэрийг нь сайн мэдэхгүй залуу байхгүй байсан ба миний Редми нөүт 8 загварын гар утас алга болсон байсан..миний гар утсыг авч явсан залуу 2021 оны хавар надтай холбогдож миний гар утасны хохирлыг төлөх хүсэлт тавьсан ба надад 500.000 төгрөгийг төлсөн...." гэх мэдүүлэг /хх-26-27/,
Гэрч А.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..00 цаг өнгөрч байх үед Нарантуяа нь нэг залуутай согтуу орж ирсэн. Тэр залууг надтай танилцуулж Дорнод аймгийн театрт хөгжимчин байна, надтай адилхан урлагийн хүн байна, туршлага солилцох гээд аваад ирлээ гэсэн. Тэр залуу харваас хулгайч царайтай залуу байсан..ингээд өглөө 11 цагийн орчимд сэрсэн чинь Нарантуяа надад миний утас руу залга гэсэн, тэгээд Нараагийн утас руу залгасан чинь холбогдохгүй байсан..” гэх мэдүүлэг/хх-33/,
Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх-47/, шүүгдэгч О.Сгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-50/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-56/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Сгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг байдал зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Сд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч С.Нарантуяа нь хохирлоо бүрэн барагдуулж авсан мөрдөн шалгах ажиллагааны үед гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч О.Сг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
.
Шүүгдэгч О.С нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Сд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч О.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР