Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2017/00400

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 13 өдөр

      Дугаар 183/ШШ2017/00400

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Дөрвөн улирлын цэцэрлэг С-1 байр 311 тоотод оршин суух Мушаадан овогт Чимэддоржийн Долгормаа /Регистрийн дугаар: ЧК62060225/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 00 тоотод бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, Дөрвөн улирлын цэцэрлэгт байрлах “Суруга Монгол” ХХК /Регистрийн дугаар:2073765/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Махатма гандийн гудамж, “Суруга Монгол” ХХК-ийн байранд бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Гарден центр 301 тоотод байрлах “Монгол Корпорэйшн” ХХК /Регистрийн дугаар:2740303/-д холбогдох

Хоёр давхраас өндөргүй барилга барихыг даалгуулах тухай,

Хариуцагч “Монгол Корпорэйшн” ХХК-д холбогдох тус компанийн 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Хурлын тэмдэглэлийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Долгормаа, өмгөөлөгч Б.Билгүүн, хариуцагч “Монгол Корпорэйшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.  

                                                                                       

ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                              

 

Нэхэмжлэгч Ч.Долгормаа, түүний өмгөөлөгч Б.Билгүүн нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Долгормаа миний бие “Суруга Монгол” ХХК-тай анх 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг Жапан таун хотхоны /Одоогийн Дөрвөн улирал цэцэрлэг/ С-1 байрны 311 тоот 139,94 мкв байрыг 119,190 ам.доллараар худалдаж авсан. Тухайн үед уг байрны урд ямар ч барилга баригдаагүй, эзгүй шахуу газар байсан. Энэхүү гэрээгээр манай авах орон сууц хамгийн урд эгнээнд 3 давхарт байрлаж байсан тул тухайн үеийн захиалга хийгдэж байсан бусад давхраас илүү үнэтэй байсан. Учир нь харагдах орчин маш сайхан, урагшаа Богд уулын байгалийн үзэсгэлэнг байнга харах боломжтой байсан. Мөн уг байрны урд зөвхөн хувийн орон сууцнууд баригдах төлөвлөгөөтэй учир танай цонхыг хаах, байгалийн сайхныг харахад саад болох өндөр байшин барилга баригдахгүй, дуу чимээ бага гэж тайлбарлан төлөвлөлт үзүүлсэн учраас энэхүү 3 давхарт орших байрыг тухайн үеийн зах зээлийн үнээс 2,5 дахин илүү үнэтэйгээр худалдаж авсан. Дээрх төлөвлөлтийг баталгаажуулж “Монгол Корпорейшн” ХХК болон С-1 байрны оршин суугчдыг төлөөлүүлэн надтай тус компаниас 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Санамж бичиг” байгуулсан. Уг санамж бичигт дурдснаар батлагдсан төлөвлөлтийн дагуу 2 давхар хаусууд С-1 байрны урд барина, өндөр байшин барихгүй гэсэн байдаг.

Гэтэл үүргээ зөрчиж 2015 оноос манай С-1 байрны урд талд 370 айлын 6 давхар байрууд багцаагаар 50 орчим метрийн зайтай газарт баригдаж эхэлсэн. Одоо барилга  угсралтын ажил нь 2 давхартаа ороод явж байна. Хэрэв дээрх өндөр барилгууд баригдвал тухайн үед зах зээлийн үнээс илүү үнэ төлж байрыг худалдан авсны хэрэг гарахгүй болох нөхцөл үүсээд байна.

Мөн С-1 байрны урдуур автозам төлөвлөлтөд байхгүй атлаа тавигдсан нь “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” Бнбд 30.01.04 –ийн 6 дугаар зүйлийн 6.13-т заасан заалтыг ноцтой зөрчиж орон сууцны байртай хэт ойртуулж барьснаас дуу чимээ ихтэй, цонх онгойлгох боломжгүй их шуугиантай болж байна.

“Суруга Монгол” ХХК батлагдсан төлөвлөлт, анх байр худалдаалахдаа сурталчлан ухуулж байсан бүх зүйлсээ зөрчиж манай гэрийн байгалийн сайхныг харах үзэгдэх орчинг хязгаарлаж, тодорхой хэмжээгээр нар халхлан өндөр байшингууд барьж байгаа нь Хот байгуулалтын хууль, Барилгын тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Хот байгуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Орон сууц, олон нийтийн бүсэд эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх үндсэн шаардлагыг хангаж... холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу төлөвлөгдсөн орон сууц .. барилга байгууламж төлөвлөх бөгөөд амьдрах аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөө үзүүлж болохуйц бусад барилга байгууламж төлөвлөхийг хориглоно”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 11.4, 12 дугаар зүйлийн 12.6, 16 дугаар зүйлийн 16.3, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгүүдэд заасан заалтуудыг ноцтой зөрчиж 2005 оноос барьж байсан төлөвлөлтийг оршин суугчдын саналыг авахгүйгээр өөрчилсөн.

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Хан-Уул дүүрэг 4 улирлын цэцэрлэг С-1 байрны урд анх танилцуулж байсан төлөвлөлтийн дагуу 2 давхраас өндөргүй барилга барихыг “Суруга Монгол” ХХК болон барилга угсралтыг гүйцэтгэж байгаа “Монгол Корпорейшн” ХХК-д даалгаж өгнө үү.

Мөн “Монгол Корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Хувьцаа эзэмшигч нар нь иргэн Ч.Долгормаатай тус компаниас байгуулсан “Санамж бичиг”-ийг хүчингүй болгохоор 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шийдвэрлэсэн байна. Энэ тухай надад өмнө нь огт мэдэгдэж байгаагүй ба нэхэмжлэгч миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдлээ. Иймд тус компанийн 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Хурлын тэмдэглэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Суруга Монгол” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 6 давхар барилга нь манай компанийн захиалан бариулж буй барилга биш бөгөөд уг барилгыг  “Монгол Корпорейшн” ХХК захиалан бариулж байгаа. Иймд нэхэмжлэлийг “Монгол Корпорейшн” ХХК-д хандан гаргах нь зүйтэй болов уу гэжээ.

 

Хариуцагч “Монгол Корпорейшн” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанцогт шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ч.Долгормаа нь 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Суруга Монгол” ХХК-тай  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших “Жапан таун” хорооллын С-1 байрны 311 тоот байрыг худалдан авах гэрээг байгуулсан байна. Энэхүү гэрээний дагуу “Суруга Монгол” ХХК нь тухайн орон сууцыг гэрээний дагуу барьж гүйцэтгэн иргэн Ч.Долгормаад хүлээлгэн өгч, акт үйлдсэн байдаг.

“Монгол корпорейшн” ХХК нь “Суруга Монгол” ХХК-ийн эзэмшил газар дээр гэрээний дагуу барилга угсралтын ажлыг Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2015/535 дугаар Архитекторын төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 278/2015 дугаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг үндэслэн тухайн газар дээр барилгын ажлыг эхлүүлсэн. Энэ нь иргэн Ч.Долгормаагийн өмчлөх эрхэд саад учруулаагүй. Тухайн С-1 байрны урд талаар явсан нийтийн эзэмшлийн авто замын урд талд нэхэмжлэгчийн байрнаас 100 орчим метрийн зайтай баригдаж буй болно.  Мөн Хот байгуулалтын тухай хуульд эрх бүхий байгууллага төлөвлөх, төлөвлөлтийг өөрчлөхөд оршин суугчдын саналыг заавал тусгахаар заагаагүй. Иймд оршин суугчдын зөвшөөрөлгүйгээр барилга барихаар төлөвлөсөн гэдэг нь үндэслэлгүй. 

Нэхэмжлэлд дурьдсан 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Монгол Корпорейшн” ХХК, иргэн Ч.Долгормаа нарын хооронд байгуулсан санамж бичиг нь  “Дөрвөн улирлын цэцэрлэг” төслийн авто замын урд талд шинээр барьж буй орон сууцны хорооллыг барих явцад нэг талаар С-1, С-2, С-3 байрны урд зүг рүү харсан орон сууцанд амьдрах сууц өмчлөгчдийн амьдрах эрхийг зөрчихгүй байх, нөгөө талаар хорооллын барилгын үйл ажиллагаанд сууц өмчлөгчдийн зүгээс саад учруулахгүй байх зорилго бүхий санамж бичиг байдаг. Энэхүү санамж бичгийг тухайн үеийн гүйцэтгэх захирал Ц.Буянцогтоо нь хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийг авалгүйгээр хэлцэл хийсэн бөгөөд өөртэй нь байгуулсан Контрактын гэрээний 6е-д заасан “Хэлцэл байгуулах хүсэлтийг хувьцаа эзэмшигчээр хэлэлцүүлж зөвшөөрөл авна” гэснийг зөрчсөн. Нөгөө талаас иргэн Ч.Долгормаа нь нийт оршин суугчдаас нэр бүхий 5 оршин суугчтай хэлцэл хийх зөвшөөрөл олгосон атал ганцаараа хэлцэл байгуулж өөрт олгогдсон эрхийг хэтрүүлсэн тул дээрх санамж бичиг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Мөн Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарах ба хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан хууль ёсны эзэмшлээс өмчлөгч эд хөрөнгө шаардах эрхгүй юм.

Нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ урвуулан ашиглаж холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу хэрэгжүүлж буй төслийг зогсоох болон өөрийн үзэмжид тааруулж барилга барихыг шаардаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            Мөн тус компанийн 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.           

            Нэхэмжлэгч Ч.Долгормаа нь “Монгол Корпорейшн” ХХК, “Суруга Монгол” ХХК-д холбогдуулан хоёр давхраас өндөргүй барилга барихыг даалгуулах тухай, “Монгол Корпорэйшн” ХХК-д холбогдуулан тус компанийн 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Хурлын тэмдэглэлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байрлах орон сууцны урд талд өндөр барилга барьснаар түүний байгалийн үзэсгэлэнг цонхоор харах орчныг хязгаарлана, мөн 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан санамж бичгийг зөрчсөн тул нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулав.

Хариуцагч нь барилгын ажлыг хууль тогтоомжийн дагуу эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрлөөр хэрэгжүүлж байгаа, нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан үйлдэл хийгээгүй, өмчлөгчийн эрхийг зөрчөөгүй, түүнчлэн нэхэмжлэгчтэй байгуулсан санамж бичиг хүчин төгөлдөр бус гэж маргав.

 Нэхэмжлэгч Ч.Долгормаа нь орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулан, улмаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Дөрвөн улирал цэцэрлэг хорооллын С-1 байрны 311 тоот 139,94 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон нь хэрэгт авагдсан Ү-2206009955 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, “Монгол Корпорейшн” ХХК-тай 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр, “Суруга Монгол” ХХК-тай 2008 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шинэчлэн байгуулсан гэрээнүүдээр тус тус тогтоогдож байна. /1хх 4-10, 21-22, 2хх-184-187/

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Суруга Монгол” ХХК-ийн ашиглах эрх бүхий газрын 4,9 га талбайд Нийслэлийн засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 329 тоот захирамжийг үндэслэн 6 давхар төмөр бетон краказ бүхий орон сууц үйлчилгээний зориулалттай 140 айлын барилга угсралтын ажлыг “Монгол Корпорейшн” ХХК гүйцэтгэж байгаа болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын  2014 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 2014/535 тоот Архитектор төлөвлөлтийн даалгавар, Ерөнхий төлөвлөгөө, 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 278/2015 тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх тухай зөвшөөрөл зэргээр тогтоогдож байна. /1хх 73, 75, 76, 2хх 70-91/

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрших Дөрвөн улирлын цэцэрлэг С-1 орон сууцны урд тал хариуцагч “Суруга Монгол” ХХК-ийн ашиглах эрх бүхий газарт “Монгол Корпорейшн” ХХК барилга угсралтын ажлыг  гүйцэтгэж байгаа, уг хоёр барилгын дундуур нийтийн эзэмшлийн авто зам байгаа, барилгын ажил 2 давхартаа яваа зэрэг үйл баримтуудад зохигчид маргаагүй байна.

 Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хууль ёсны өмчлөгч өөрийн өмчлөх эрх зөрчигдсөн тохиолдолд эрх зөрчигчөөс шаардах эрхтэй боловч дээрх шаардах эрх нь зөвхөн эзэмшил хууль бус үед хэрэгжинэ. Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий уг барилга угсралтын ажлыг гүйцэтгэснээр нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах нөхцөл байдал тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу шаардаж байна гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүргийг хүлээх бөгөөд дээрх барилга баригдснаар нэхэмжлэгчийн амьдрах орчин нөхцөл хэрхэн муудах, харах орчин хэрхэн хязгаарлагдах, түүнчлэн Барилгын талаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам хэрхэн зөрчигдсөнийг баримтаар нотлоогүй байна.

Харин нэхэмжлэгч Ч.Долгормаа, “Монгол Корпорейшн” ХХК нар 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдөр харилцан тохиролцож, нэг талаас хариуцагч нь Дөрвөн улирлын цэцэрлэг орон сууцны хорооллын С-1, С-2, С-3 орон сууцны шууд урд талд зөвхөн амины орон сууц барихаар, нөгөө талаас нэхэмжлэгч нь шинээр барих хорооллын төслийг хэрэгжүүлэх ажлын явцад саад учруулж аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхаар тус тус харилцан тохиролцож “Санамж бичиг” байгуулжээ. /1хх 24-25/

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь хуульд харшлахгүйгээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хэлцэл хийх, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талууд дээрх Санамж бичгийг харилцан хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан байна.  Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан байх ба шүүх зохигчдын хооронд байгуулсан дээрх хэлцлийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээ байна гэж үзэв. 

Хариуцагч дээрх хэлцэл нь компанийн хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлөөр хийгдэх хэлцэл байсан, эрхгүй этгээдтэй хийгдсэн тул хүчин төгөлдөр бус гэж маргаж байх боловч хариуцагч “Монгол корпорейшн” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Ц.Буянцогтоо уг санамж бичгийг байгуулсан, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн контрактын гэрээ нь “Эм Жэй Ти” ХХК болон Ц.Буянцогтоо нарын хоорондох хөдөлмөрийн харилцааг зохицуулсан энэ хэрэгт хамааралгүй гэрээ байна. Иймд тус компанийн Гүйцэтгэх захирал нь дээрх хэлцлийг зөвшөөрлийн үндсэн дээр байгуулах ёстой гэдгийг хариуцагч баримтаар нотлоогүй.  /2хх 114-116/

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хэн алин нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй ч мөн гэрээнд үүрэг зөрчигдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах, үр дагаварыг хэрхэх талаар зохицуулаагүйгээс гадна гэрээний 3.1-д “талууд үүргээ зөрчсөн тохиолдолд санамж бичгээр тохиролцсон бүх тохиролцоо хүчингүй болгох”-оор тухайлан тохиролцсон байна. Мөн гэрээний 2.1.1-д “С-1 орон сууцны шууд урд талд зөвхөн амины орон сууц барина” гэж тохиролцсон байхад нэхэмжлэгч хоёр давхраас өндөргүй барилга барихыг даалгуулахаар шаардаж буй нь тодорхойгүй, “амины орон сууц” болон “хоёр давхар барилга” хоорондоо адил гэж үзэх боломжгүйгээс гадна “Суруга Монгол” ХХК-иас “3 хүртэл давхар амины орон сууц болон таун хаусын барилга барихаар төлөвлөгдсөн талаар” тус байрны оршин суугч нарт өгсөн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 136 дугаар албан бичиг нь “Монгол Корпорейшн” ХХК, иргэн Ч.Долгормаа нарын хооронд байгуулсан дээрх гэрээний заалтыг тодорхойлсон тодорхойлолт, гэрээний тайлбар гэж үзэх үндэслэлгүй юм. /1хх 24, 25, 28/

Түүнчлэн нэхэмжлэгч нь “Монгол Корпорэйшн” ХХК-ийн хувь нийлүүлэгч, Гүйцэтгэх захирал нарын 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Хурлын тэмдэглэлд Ч.Долгормаатай байгуулсан дээрх санамж бичгийг хүчин төгөлдөр бусд тооцох талаар тусгасан тул хүчингүйд тооцуулна гэж шаардаж байх боловч дээрх хурлын тэмдэглэлийг хэлцэл гэж үзэх боломжгүй, зөвхөн гэрээ байгуулагч нэг тал дотооддоо гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар ярилцсан тухай тэмдэглэл байна. Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 186 дугаар зүйлийн 186.1, зааснаар “Суруга Монгол” ХХК, “Монгол Корпорэйшн” ХХК-д холбогдох хоёр давхраас өндөргүй барилга барихыг даалгуулах тухай, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар “Монгол Корпорэйшн” ХХК-д холбогдох тус компанийн 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Хурлын тэмдэглэлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Ч.Долгормаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ