Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 1076

 

Ш.У, Ч.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:        

          прокурор А.Ганзориг,

          шүүгдэгч Ш.У,

          шүүгдэгч Ш.У, Ч.Б нарын өмгөөлөгч Л.Батаа,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,     

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 893 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.У, Ч.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Ш.У, Ч.Б нарт холбогдох 1808 0283 10903 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т овгийн Ш-ын У, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Завхан аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................... оршин суух хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, /РД:..................../;

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5  жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял дээр өмнөх шүүхийн тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үйлдсэн 1 жил 9 сар 4 хоногийн ялын заримыг буюу 9 сар 4 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт 5 жил 10 сар 4 хоногийн хорих ял шийтгэж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 20 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, 

- Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2003 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 10 сар 4 хоногийн ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 20 хоногийн ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 49 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.1 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 1 сар 24 хоногийн ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 90А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар түүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс 50.000 төгрөг хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 162 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 11 сар 3 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн;

2. Г овгийн Ч-гийн Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Булган аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ....................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............... /;

- Ш.У нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Э.Аззаяатай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 32-16б тоотод оршин суух иргэн Ц.С-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, цахилгаан зуух, битүү чанагч, будаа агшаагч сав, хонины мах, цахилгааны утас, бугуйн цаг, бугуйвч, ноосон цамц, футболк зэрэг хөрөнгийг хулгайлж, бусдад 327.000 төгрөгийн хохирол,

- Ч.Б-тэй бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 15а-т9 тоотод оршин суух Л.М-ийн монгол гэрийн ханын шийрийг хугалан нэвтэрч, будаа агшаагч, цахилгааны уртасгагч залгуур, хонины мах, эрэгтэй, эмэгтэй пүүзэн гутал, сувинер зэрэг хөрөнгийг хулгайлж, бусдад 322.000 төгрөгийн хохирол, гэмт хэргийн улмаас бусдад нийт 649.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Ч.Б нь 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Ш.У-тэй бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 15а-9 тоотод оршин суух Л.М-ийн монгол гэрийн ханын шийрийг хугалан нэвтэрч, будаа агшаагч, цахилгааны уртасгагч залгуур, хонины мах, эрэгтэй, эмэгтэй пүүзэн гутал, сувинер зэрэг хөрөнгийг хулгайлж, бусдад 322.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Ш.У, Ч.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш.У, Ч.Б нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ш.У-ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Ч.Б-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ш.У, Ч.Б нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ш.У-ийн урьдчилан цагдан хоригдсон 73 хоногийг, Ч.Б-ийн урьдчилан цагдан хоригдсон 6 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.У-өөс 53.000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 15а-9 тоотод оршин суух Л.М-т /РД:Й091091401/ олгож, Ш.У, Ч.Б нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Миний бие 72 настай эх Чимэдсүрэнгийн хамт амьдардаг, байнгын асаргаа шаардлагатай байдаг. Иймд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн миний бие 2017 онд сүрьеэ өвчин туссан. Сүрьеэ өвчин хүндэрч, цагдах хорих ангид эмчлүүлж байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Ш.Удавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүсэлт гаргаж байна. Үүнд:

1. Миний бие 2001 онд нугасандаа гэмтэл авч, улмаар нугаснаасаа ус авахуулж байсан бөгөөд тухайн үедээ гүйцэд эмчлүүлж чадаагүй. Одоо байнгын өвчтэй болсон.

2. Мөн 2015 оны 12 дугаар сард хорих ангид ял эдэлж байгаад шар өвчин тусч, “С” вирустэй болох нь тогтоогдсон бөгөөд ар гэр мөнгө, санхүүгийн боломжгүйгээс эмчилгээ хийлгэж чадаагүй. Дээрх өвчний улмаас одоо цагдан хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Иймд миний биеийн байдал, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, оногдуулсан хорих ялаас тодорхой хэмжээгээр хасч өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч Ш.У, Ч.Б нарын өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар Ш.Уийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү.

Шүүгдэгч Ч.Б-ийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон түүний эрүүл мэндийг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Л.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Ш.У-нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Э.Аззаяатай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 32-16б тоотод оршин суух иргэн Ц.С-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, цахилгаан зуух, битүү чанагч, будаа агшаагч сав, хонины мах, цахилгааны утас, бугуйн цаг, бугуйвч, ноосон цамц, футболк зэрэг хөрөнгийг хулгайлж, бусдад 327.000 төгрөгийн хохирол,

- Ч.Б-тэй бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 15а-т9 тоотод оршин суух Л.М-ийн монгол гэрийн ханын шийрийг хугалан нэвтэрч, будаа агшаагч, цахилгааны уртасгагч залгуур, хонины мах, эрэгтэй, эмэгтэй пүүзэн гутал, сувинер зэрэг хөрөнгийг хулгайлж, бусдад 322.000 төгрөгийн хохирол, гэмт хэргийн улмаас бусдад нийт 649.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

- Ч.Б нь 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Ш.У-тэй бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 15а-9 тоотод оршин суух Л.М-ийн монгол гэрийн ханын шийрийг хугалан нэвтэрч, будаа агшаагч, цахилгааны уртасгагч залгуур, хонины мах, эрэгтэй, эмэгтэй пүүзэн гутал, сувинер зэрэг хөрөнгийг хулгайлж, бусдад 322.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ц.С- /1-р хх-13-17/, Л.М- /1-р хх-85-88, 89-90/, гэрч Г.Т /1-р хх-20-21/, Л.М /1-р хх-91-92/, Э.Э /1-р хх-93-94/, М.М /1-р хх-95-96/ нарын мэдүүлгүүд, 

хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-5-6, 7-9, 76-77, 78-80/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-10, 83/, түр хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-11-12, 84/, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн үнэлгээний тайлан /1-р хх-29-32, 108-111, 112-114/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-66-67, 68-69/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-81-82/, шүүгдэгч Б.Батмөнхөөс хохирол төлсөн баримт /2-р хх-45/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.У, Ч.Б нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн заалтын дагуу хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Ш.У нь “... хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Уийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгч Ш.Уийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Б нь “... хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Ч.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй

 

Иймд шүүгдэгч Ч.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 893 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад:

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ш.У-ийг 03 жилийн хугацаагаар хорих ялаар, Ч.Б-ийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ш.Урантөсгийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ч.Б-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2.  Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Уийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                      

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                   Л.ДАРЬСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                   Ш.БАТ-ЭРДЭНЭ