Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 43

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Э.Халиун,  

Хохирогчийн өмгөөлөгч Д.Туяа,

Гэрч А.Оюу-Эрдэнэ,

Шүүгдэгч Д.Мөнхцэцэг, түүний өмгөөлөгч Х.Ургаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Даваажаргалын Мөнхцэцэгийг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625020458 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 13-нд Сүхбаатар аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 19 дүгээр гудамж 314 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хатиган овогт Даваажаргалын Мөнхцэцэг /регистрийн дугаар ЛМ 82051302/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Мөнхцэцэг нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Улаанбаатар Их дэлгүүрийн “Силбэр хаус” гутлын тасгийн худалдагчаар ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн тооллогоор 19 нэр төрлийн 23 ширхэг гутлын 4.586.000 төгрөгийг, бусад бараанаас 554.000 төгрөгийг хувьдаа завшиж хохирогч Д.Энхбулганд 5.140.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Мөнхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэв.

түүний мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би Улаанбаатар Их дэлгүүрийн гутлын тасагт 2011 оноос эхлэн ажиллаж байсан. 2015 оны 8 дугаар сарын тооллогоор 10.313.200 төгрөгийн бараа материал дутагдсан. Гутал зарсан мөнгийг өөрийн хувьдаа хэрэглээд дуусгасан байсан тул гаргасан дутагдлаа хүлээн зөвшөөрөөд ажиллаж байсан цалингаасаа суутгаад барагдуулж 2.270.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан…дахин 5.140.000 төгрөгийн үнэ бүхий гутал зарж мөнгийг нь хувьдаа ашигласан. Оюун-Эрдэнээс би байхгүй размерийн гуталнууд авч зардаг байсан. Эхний өрийг төлөх гээд цалингүй ажиллаж байсан болохоор бага багаар авч хэрэглэсээр байгаад дараагийн өрийг бий болгосон. Гаргасан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч байгаа. 2.270.000 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байна. Оюу-Эрдэнийн тасгийн гутлаас би 23 хос гутал буюу 4.586.000 төгрөгийн гутал зарж, өөрийн 2 гутал буюу 554.000 төгрөгийг авч ашигласан. Би нийт 5.140.000 төгрөгийг төлнө гэж бодож байна. Миний 15 хоногийн цалинг өгөөгүй байгаа тул төлбөрөөсөө хасуулмаар байна ...” гэсэн мэдүүлэг /хх-29/,

 

Хохирогч Д.Энхбулганы “...Надад одоогийн байдлаар 4.390.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Урьд шүүхийн шийдвэрээр төлөгдөх ёстой байсан 10.131.200 төгрөгөөс одоо 2.270.000 төгрөг үлдсэн. Энэ мөнгөө шүүхийн шийдвэрийн дагуу төлөөд явж байгаа. Энэ шүүхийн шийдвэртэй холбоотой үлдсэн мөнгийг дээр дурдсан 4.390.000 төгрөгт хамааруулаагүй байгаа. Мөнхцэцэгээс өөрт учирсан хохирлын мөнгөнөөс үлдсэн 4.390.000 төгрөгийг нөхөн төлүүлмээр байна…” гэсэн мэдүүлэг /хх-47/

 

гэрч А.Оюун-Эрдэнийн “...Би Мөнхцэцэг эгчтэй Улаанбаатар Их дэлгүүрт гутлын лангуу ажиллуулдаг Энхбулган гэдэг хүний 2 лангууг нэг нэгээрээ ажилладаг байсан…2016 оны 1 сарын эхээр Мөнхцэцэг эгчийн тасгийг тоолоход дутагдал бага байсан хэрнээ миний зардаг байсан бараанаас дутсан. Үнийн дүнг санахгүй байна 20-иод нэр төрлийн гутал байсан санагдаж байна. Мөнхцэцэг эгч өөрөө авч ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Яагаад гэвэл Мөнхцэцэг эгчийн тасагт агуулахын өрөө байдаг. Надад хэлэлгүй миний зардаг Брендийн гуталнуудаас зарсан байсан. Мөнхцэцэг эгчийг өрөө төлөөд дуусахаар аваарай гээд миний 2015-12-25-ны өдрөөс 2016.03.03-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан ажлын хөлсийг өгөөгүй байгаа…” гэсэн мэдүүлэг /хх-41-42/,

 

Д.Мөнхцэцэгийн хэргээ хүлээж бичгээр гаргасан баталгаа /хх-11/, Хөдөлмөрийн гэрээ /хх-12-14/, Д.Мөнхцэцэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-34/,  урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-35/, хохирол төлсөн тухай баримт /хх-43, 96/, “Силбэр Хаус” тасгаас гаргасан хохирлын тооцоо /хх-51, 112-113/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-54/, хохирлын тооцоо /хх-84-85/,  итгэмжлэл /хх-97/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Д.Мөнхцэцэг нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Улаанбаатар Их дэлгүүрийн “Силбэр хаус” гутлын тасгийн худалдагчаар ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн тооллогоор 19 нэр төрлийн 23 ширхэг гутлын 4.586.000 төгрөгийг, бусад бараанаас 554.000 төгрөгийг хувьдаа завшиж хохирогч Д.Энхбулганд 5.140.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Д.Энхбулган, гэрч А.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлэг, шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэрэгт шалгавал зохих байдлыг бүгдийг шалгасан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Мөнхцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 буюу Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Д.Энхбулган хохиролд 5.140.000 төгрөг, иргэний хэрэг үүсэхэд төлсөн тэмдэгтийн хураамжид 170.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 80.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөг нийт 5.890.000 төгрөгийг нэхэмжилжээ.

Хэрэгт авагдсан баримтаас харахад шүүгдэгч Д.Мөнхцэцэг мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 1.750.000 төгрөгийг төлсөн болох нь мөнгө шилжүүлсэн баримтуудаар, мөн хохирогч нь шүүгдэгч Д.Мөнхцэцэг болон түүний дүү Оюун-Эрдэнэ нарын цалин болох 1.456.000 төгрөгийг өөрт учирсан хохиролд тооцож суутгасан болох нь түүний тайлбараар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Мөнхцэцэгийг мөрдөн байцаалтын шатанд хохирогчид учруулсан хохирлоос 3.206.000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.  

Үүнээс гадна хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Д.Мөнхцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хохирогчийн нэхэмжилсэн иргэний хэрэг үүсэхэд төлсөн тэмдэгтийн хураамжид 170.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 80.000 төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж татгалзсан бөгөөд шүүгдэгч Д.Мөнхцэцэгээс хохирлын үлдэгдэл 1.934.000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 500.000 төгрөг нийт 2.434.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хүлээн зөвшөөрсөн тул шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхцэцэгээс 2.434.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Энхбулганд олгуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа бөгөөд уг гэмт хэрэг нь 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр үйлдэгдсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

  

Шүүгдэгч Д.Мөнхцэцэг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн дэвтэр 1 ширхгийг хохирогч А.Энхбулганд буцаан олгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Хатиган овогт Даваажаргалын Мөнхцэцэгийг Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Д.Мөнхцэцэгт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Мөнхцэцэгийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

  

3.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Мөнхцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн дэвтэр 1 ширхэгийг хохирогч А.Энхбулганд буцаан олгосугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Мөнхцэцэгээс 2.434.000 /хоёр сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Энхбулганд олгосугай.

 

5.Д.Мөнхцэцэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

 

6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               З.БОЛДБААТАР