| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2022/0298/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/324 |
| Огноо | 2022-04-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
Улсын яллагч Ц.Майбаяр /томилолтоор/,
Шүүгдэгч О.Т /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2211 00000 0516 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, , 1983 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 02-14 тоотод оршин суух, урьд нь Чингэлтэй дүүгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 473 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Чингэлтэй дүүгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч О.Тнь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг авто засварын газарт М.Мөнхзоригийн нүүр лүү будаг шингэлэгч цацаж биед нь баруун нүдний эвэрлэгийн түлэгдэл гэвдтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Т нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг авто засварын газарт М.Мөнхзоригийн нүүр лүү будаг шингэлэгч цацаж биед нь баруун нүдний эвэрлэгийн түлэгдэл бүхий гэмтэл үүсгэсэн болох нь тогтоогдож байна.
Дээрхи үйл баримт нь шүүгдэгч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч О.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байх машин засварын газарт Мөнхзориг гэдэг хүн Приус-20 маркийн машиныг янзлуулах гээд ирсэн байсан юм. Тэгээд 18 цагийн үед Мөнхзоригийн машиныг янзлахын тулд цонхыг нь хаах хэрэгтэй болчихоод цонхоо хаачих гэтэл “Чи янзалж байгаа биздээ, мөнгө төгрөгийг нь өгчихөөд байхад яачихаал байгаа юм” гээд байхаар нь би “хийх албатай ч биш гэж хэлээд гартаа байсан будаг шингэлэгчний бага зэрэг үлдэгдлийг Мөнхзориг руу цацчихсан чинь санаандгүй нүд рүү орчихсон юм..” гэсэн мэдүүлэг /хх-48/.
Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 02 дугаар сарын 09-ний Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байх кузов засвар дотор өөрийн танил болох Анхаагаар автомашинаа засуулаад сууж байтал Түвшинтөгс хажуугаар гарахдаа талаас нь доогуур дүүрэн байсан шилтэй будаг шингэлэгчийг миний нүүр лүү цацаад “хохь чинь муу хөгшин банди минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад хандсан юм..” гэх мэдүүлэг /хх-6/,
Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 2-18 тоотод байх засварын газарт өөрийн төрсөн дүү Түвшинтөгстэй байхад Мөнхзориг найзуудтайгаа машинаа засуулах гэж ирсэн юм. Тэгээд 16 цагийн үед тэнд байсан бүх хүмүүс гэрлүүгээ харихаар болоод яваад өгсөн. Харин Мөнхзориг машиндаа унтаад үлдсэн юм. Мөнхзоригийн унтаж байхад нь бид хоёр машинаа засаад дууссан. Орой 20 цагийн үед Мөнхзориг сэрээд бид хоёр 0.33 литрийн LX нэртэй архи хувааж уусан ба 1 цагийн дараа би гараашаас гараад гэрлүүгээ орсон. Тэгээд гэртээ галаа түлчихээд буцаад гараж руу ороход Мөнхзориг “дүү чинь миний нүдрүү будаг шингэлэгч цацчихлаа” гэж хэлэхээр нь би гайхаад хартал тэнд байсан шилтэй будаг шингэлэгч бага зэрэг шавхруутай байсан тэгэхээр нь би дүүгээр ус авчруулаад нүдийг нь угаалгаад арай гайгүй болгоод гэрлүү нь явуулсан..” гэх мэдүүлэг /хх-19-20/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.А 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2844 дугаартай дүгнэлтэд: “..М.Мөнхзоригийн биед баруун нүдний эвэрлэгийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь химийн бодисын түлэгдэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, шүүгдэгч О.Тийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-26/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч М.М учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хүндэвтэр хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.Тнь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг авто засварын газарт М.Мөнхзоригийн нүүр лүү будаг шингэлэгч цацаж биед нь баруун нүдний эвэрлэгийн түлэгдэл бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч О.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Т хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч О.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж дрозурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч М.М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.М нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тү 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч О.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР