| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 102/2015/07128/И |
| Дугаар | 183/ШШ2017/00421 |
| Огноо | 2017-02-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2017/00421
| 2017 оны 02 сарын 15 өдөр | Дугаар 183/ШШ2017/00421 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжны 17 дугаар гудамж, 353А тоотод байрлах, “Ноён шанхай” ХХК /Регистрийн дугаар:2670283/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын 2 дугаар гудамж, 106 тоот байранд байрлах, “СЭСА” ЗГБХН /Регистрийн дугаар:2262479/-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Ноён шанхай” ХХК-ний захирал Х.Батжаргал, хариуцагч “СЭСА” ЗГБХН-ийн дарга Н.Аръяамангал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ноён шанхай” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компани 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “СЭСА” ЗГБХН-ийн дарга Н.Аръяамангалтай “Итгэлт” худалдааны төвийн гаднах авто зогсоолын хар тосон асфальтын ажил хийлгэхээр гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр аваад одоо болтол олдохгүй зугтаагаад, утсаа авахгүй байна. Тухайн үед барилга ашиглалтанд авах гээд хугацаа давчуу байсныг ашиглан манай худалдааны төвийг ашиглалтанд орохоос өмнө 5 хоногийн дотор хийж өгнө гэж залилан урьдчилгаа мөнгө авсан авсан болно.
“СЭСА” ЗГБХН нь манай компанийн “Итгэлт” худалдааны төвийн гаднах авто зогсоолын 320 м.кв талбайг асфальтаж тохижуулахаар гэрээ байгуулж 4,000,000 төгрөг аваад гэрээний үүргэ биелүүлээгүй тул гэрээний 5.4-т заасны дагуу алданги 2,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Ноён шанхай” ХХК-ний захирал Х.Батжаргал, хариуцагч “СЭСА” ЗГБХН-ийн дарга Н.Аръяамангал нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 6,000,000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагчаас чиргүүлэгч дугуйтай засварын вагончигийг нэхэмжлэгч талд шилжүүлж өгөхөөр хохирлоо барагдуулахаар тооцож, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ноён шанхай” ХХК-ний захирал Х.Батжаргал нь хариуцагч “СЭСА” ЗГБХН-ийн дарга Н.Аръяамангалд холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 6,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 6,000,000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагчаас чиргүүлэгч дугуйтай засварын вагончигийг нэхэмжлэгч талд шилжүүлж өгөхөөр хохирлоо барагдуулахаар тооцож, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, харилцан тохиролцож эвлэрэв.
Талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХнь:
1.“Ноён шанхай” ХХК-ийн нэхэмжлэлтэй “СЭСА” ЗГБХН-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагчаас чиргүүлэгч дугуйтай засварын вагончигийг нэхэмжлэгч талд шилжүүлж өгөхөөр хохирлоо барагдуулахаар тооцож, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Зохигчид энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ