Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/291

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч О.Нандинцэцэг,

Шүүгдэгч Р.Ч /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2111000000470 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 61-820 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай

 

Шүүгдэгч Р.Ч нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 40-672 тоотод Д.Энхтөгсийн дух хэсэгт шилэн аягаар цохисоны улмаас духанд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.Ч нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 40-672 тоотод Д.Энхтөгсийн дух хэсэгт шилэн аягаар цохиж үүний улмаас түүний биед духанд шарх бүхий гэмтэл үүсгэсэн болох нь тогтоогдож байна.

 

Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Р.Чаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Р.Чаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өөрийн ах Чинзоригийн гэр болох Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 40-672 тоотод аав, ээж, эхнэр хүүхдүүдээ дагуулан оройхон очсон бөгөөд эхнэр, хүүхэд, ааж ээж нар удалгүй гэр рүү харьсан. Чинзориг ахын гэрт түүний эхнэр, хүүхэд, хадам ээж нарын хамт байж байтал гаднаас найз нар болох Энхтөгс, Ариунболд нар золгохоор орж ирээд байж байтал гаднаас Ганзориг, Мөнхзориг нар орж ирсэн. Ариунболд гэрээсээ архи авч ирэхээр болоод Ганзориг бид 3 Ариунболдын гэр рүү явж архийг нь аваад замдаа дэлгүүрээс Ганзориг 1 шил архи аваад Чинзориг ахын гэрт эргэж ирээд 6-уулаа архи бараашигаа хувааж уугаад байж байтал Энхбат гэдэг найз гаднаас орж ирсэн бөгөөд эхний архийг ууж дуусч байхад Энхтөгс согтуурахаад салаавч гаргаад гараараа ширээ балбаад байхаар нь би бие муутай, настай хүний хажууд агсан тавьлаа гэж уур хүрээд бараашиг ууж байсан шилэн аягаар Энхтөгсийн толгой орчим нэг удаа цохитол түүний толгойноос цус гарсан. Тэгээд бид нар гэмтлийн эмнэлэг хүргэж өгсөн..” гэсэн мэдүүлэг /хх-29-30/,

           

            Хохирогч Д.Э мөхдөн шалгах ажиллагааний үед мэдүүлсэн: “…2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би нэлээн согтуу чээж бачуураад байхаар нь сууж байсан ширээгээ гараараа нэг удаа цохьсон чинь хажууд сууж байсан Чинбат бараашиг ууж байсан шилэн аягаараа миний толгой орчим 1 удаа цохьсон. Шилэн аяга хагарч миний толгойноос цус гараад тогтохгүй байсан..гэх мэдүүлэг /хх-10/,

 

            Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ..2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөрорж ирэхэд Энхтөгс, Чинбат, хоёр хоорондоо хэрэлдээд байж байсан. Тэгээд авчирсан архиа ширээн дээр тавиад сууж байтал Чинбат нь архины стаканаар Энхтөгсийн толгойг цохьчихсон. Тэгээд Энхтөгсийн толгойноос цус гараад бид нар сандарсандаа машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэгт аваачсан юм..гэх мэдүүлэг /хх-14/,

           

            Гэрч Б.Амөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Энхтөгс согтоод сууж байсан ба ширээний тавцанг гараараа нэг удаа цохиод авсан чинь хажууд нь сууж байсан Чинбат гэнэт уурлаад гартаа байсан шилэн аягаар Энхтөгсийн толгой руу нь нэг удаа цохьсон. Энэ үед Энхтөгсийн толгойноос цус гараад байхаар нь эмнэлэг рүү Ганзориг, Чинбат, Энхбат нар авч явсан.. гэх мэдүүлэг /хх-16/,

 

            Гэрч Р.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ..Гэнэт чимээ гараад хартал Энхтөгсийг манай дүү Чинбат шилэн аягаар цохьсон байдалтай, гартаа хагарсан шилэн аяга барьчихсан, Энхтөгсийн толгой хагарсан харагдаж байсан.. гэх мэдүүлэг /хх-18/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 3012 дугаартай дүгнэлтэд: “…Д.Э биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-21-22/,

 

Шүүгдэгч Р.Чын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Д.Э учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Р.Ч нь хохирогч Д.Э шилэн аягаар цохиж, үүний улмаас духанд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

                                      

Иймд шүүгдэгч Р.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.Чаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Р.Чад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Р.Чад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Д.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Р.Ч нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Р.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Чыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Чад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Р.Ч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б. МӨНХБАЯР