Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 186/2022/0212/Э |
Дугаар | 2022/ШЦТ/249 |
Огноо | 2022-03-16 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Уянга |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Д.Уянга,
Шүүгдэгч С.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2211000000297 дугаар хэргийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ,1968 оны 01 сарын 23-ны өдөр Увс аймагт төрсөн, 54 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, зээгийн хамтаар амьдардаг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 43-486е тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч С.Б нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2022 оны 01 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 15-330 тоотод Б.Энхжаргалтай маргалдаж улмаар гурилын ганжин мод шидэж, биед нь баруун шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
2022 оны 01 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 15-330 тоотод С.Б, Б.Э нар пиво ууж согтуурсан үедээ хоорондоо үл ялих зүйлээс болж маргалдан шүүгдэгч С.Б нь гурил элддэг ганжин мод хохирогч Б.Энхжаргалруу шидэж, биед нь баруун шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэсэн болох нь тогтоогдож байна.
Дээрхи үйл баримт нь шүүгдэгч С.Боос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч С.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 01 дугаар сарын 20-ны өдөр ЧД-ийн 15-р хороонд байх “Титан” төвийн манаач айл руу ороод буузны махыг татаж өгсөн. Тэгсэн Энхжаргал нь пиво авч ирээд уух уу гээд байсан. Энхжаргал, тухайн айлын Өнөрөө гэх эмэгтэй нарын хамт Нийслэл гэсэн бичиглэлтэй том пиво хувааж уусан. Өнөрөө нь тэгсэн дахин нэг пиво авч ирээд ууцгаасан. Энхжаргал бид хоёр бага зэрэг маргалдсан. Тэгтэл Энхжаргал нь над руу 2 ширхэг гурилын ганжин мод шидсэн ба гурилын жижиг гулууз мод нь миний зүүн нүдний дээд хөмсгийг цохисон. Тэгэхлээр нь би буцаагаад өнөөх гурилын ганжинг нь зөрүүлээд Энхжаргал гэгч рүү шидсэн. Өнөөх мод нь Энхжаргалын баруун гарын шууг оноод өнөөх гараас нь цус гараад байсан. Тэгээд би тэдний гэрээс нь гараад гэртээ хариад унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-31/,
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр миний бие Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байх “84-супермаркет"-ын арын хашаанд нь найз Өнөржаргал гэгчийнд эмч Баттогтох, Өнөржаргал нарын хамт бууз хийж байсан юм. Тэгээд жоохон пиво уутал Баттогтох нь согтоод агсам тавиад намайг хэл амаар доромжлоод байсан. Өнөөх жижигхэн гурилаа шидтэл тэр над руу гурилын модон ганжин шидсэн бөгөөд тухайн ганжин нь миний баруун талын гарын шуу хэсгийг онож гэмтээсэн. Тэгсэн Баттогтох нь над руу мөн аяга шидсэн бөгөөд өнөөх аяга нь намайг оноогүй ээ. Миний шидсэн гурил Баттогтох гэгчийг оноогүй ээ. Тухайн гурил нь жижигхэн буузны тасалсан гурил байсан юм. Тухайн үед би бага зэргийн согтолттой, Баттогтох харин жоохон халамцуу байсан. Надад ямар нэгэн санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-11/,
Гэрч Д.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 15-330 тоотод байх гэртээ Энхжаргал, Баттогтох нарын хамт бууз хийж байтал Баттогтох, Энхжаргал нар хоорондоо муудалцаад байсан. Тэгсэн Баттогтох нь урдаа байсан гурилын ганжинг Энхжаргал руу шидсэн бөгөөд өнөөх ганжин Энхжаргалын баруун талын гарыг нь оносон бөгөөд Энхжаргалын баруун талын гараас нь цус гараад байсан. Тэгээд мөн хажуудаа байсан савлагаатай ундааг шидсэн. Тэр ундаа нь бол Энхжаргал, гэгчийг оноогүй. Тухайн зодоон нь Энхжаргал, Баттогтох нарын хооронд болсон” гэх мэдүүлэг /хх-14/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2241 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:/хх-24/ “Б.Э биед баруун шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл н мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсс: байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарь гэх дүгнэлт,
Хохирогч Б.Э учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.Б нь хохирогч Б.Э “гурилын гажин мод шидсэн” гэж маргалдасний улмаас баруун шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Боос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.
Иймд шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч С.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Бод торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Б.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Баттогтод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР