Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/362

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Ж.Баянжаргал,

Шүүгдэгч Ц.М /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2211 00000 0754 дугаар хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, засгийн газрын авто баазад жолооч ажилтай, ам бүл 1, ганцаараа Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 12-135 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй регистрийн дугаар

 

Шүүгдэгч Ц.М нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 5-76 тоотод иргэн Д.Нямбаярыг өмөөрч Э.Мтай маргалдсаны улмаас түүний зүүн гар луу хөлөөрөө өшиглөж биед нь зүүн богтос ясны зөрүүтэй шинэ хугарал гэмтэл үүсгэн үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.М нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 5-76 тоотод иргэн Д.Нямбаярыг өмөөрч Э.Мтай маргалдан улмаар түүний зүүн гар луу хөлөөрөө өшиглөж биед нь  зүүн богтос ясны зөрүүтэй шинэ хугарал бүхий гэмтэл үүсгэсэн болох нь тогтоогдож байна.

 

Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Ц.Маас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Ц.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “..Би Мөнхбаяр гэх залуугийн хөл рүү өшиглөсөн, тухайн үед гартай хавсарсан байж магадгүй. Би хохирогчтой уулзаж хохирлыг нь төлж барагдуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүмэлтэй байна..” гэх мэдүүлэг /хх-29/,

 

Хохирогч Э.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 02 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 хороо Дэнжийн 5-76 тоот Балжаа гэх ахын гэрт Балжаа, Мөнхдаваа, Хуягаа гэх ах нартай архи ууж сууж байтал гаднаас Ц.М гэх миний урьд нь огт харж байгаагүй огт танихгүй залуу орж ирээд шууд миний зүүн гарын шуу хэсэг рүү гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Гэтэл тэнд байсан хүмүүс Мөнхбаяр гэх залууг надаас салгахаар нь би түүнийг намайг ямар учраас цохиж байгаа талаар түүнтэй хамт орж ирсэн ах нь болох Нямбаяраас асуутал өөр хүнтэй андуураад өшиглөсөн байна гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-5-7/,

Гэрч С.Бмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Би 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэртээ архи ууж байгаад би тасраад өглөө сэртэл манай гэрт Даваагийн хажууд миний танихгүй Мөнхбаяр гэх залуу гар луугаа өшиглүүлсэн гээд сууж байсан. Тухайн үед манай гэрт байсан Даваа, Мөнхбаяр нар нь гаднаас өөр Мөнхбаяр гэх нэртэй залуу орж ирээд түүний гар луу өшиглөчихсөн гэж яриад байсан..” гэсэн мэдүүлэг /хх-9/  ,

 

Гэрч Д.Ня мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..манай дүү Ц.М ороод манай ах та нараас мөнгө хулгайлах хүн мөн үү гээд үүдэнд сууж байсан Э.Мын гар луу нь өшиглөчихсөн. Тэгэхээр нь би дүү Ц.Мыг аваад гарсан. Гараад Ц.Мт чиний цохьсон хүн чинь биш байна гээд Мөнхбаярыг гэрт нь хүргэж өгөөд буцаж Балжаа ахын гэрт очтол манай дүүд цохиулсан Э.М нь нилээн согтуу болохоор нь тэндээ бөөнөөрөө амарцгаасан. Харин маргааш нь Мөнхбаяр надаас миний гарыг хэн цохьсон бэ гэж асуухаар нь манай дүү намайг өмөөрч орж ирээд цохьсон гэдгийг нь хэлсэн..гэх мэдүүлэг /хх-12/,

 

Шүүхийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4039 дугаартай дүгнэлтэд “..Э.Мын биед зүүн богтос ясны зөрүүтэй шинэ хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..гэх дүгнэлт /хх-17-18/, шүүгдэгч Ц.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Э.Мт учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хүндэвтэр хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.М нь хохирогч Э.Мтай Д.Няг өмөөрч Э.Мтай маргалдан түүнийг өшиглөж биед нь зүүн богтос ясны зөрүүтэй шинэ хугарал гэмтэл бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Маас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Мт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Э.М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.М нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ц.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР