Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/260

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,

Улсын яллагч Б.Ундармаа,

Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борогчууд овогт Элдэвийн Энхбаярт холбогдох эрүүгийн 2011 01573 0750 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          Монгол Улсын иргэн, , 1981 оны 7 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 02-143 тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 7 сарын 24-ний өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох, Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 4 сарын 14-ний өдрийн 87 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

 

Шүүгдэгч Э.Э нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 20 дугаар байрны 56 тоотод автомат тоглоом ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өөрийн түрээсэлсэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 20 дугаар байрны 56 тоотод хүмүүс цуглуулан автомат тоглоом тоглуулж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Э.Эаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Э.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-131/  “...Миний бие зүйл ангийг болон тус хэргийг хүлээн зөвшөөрч байна. Уг болсон асуудлын талаар ярих зүйл байхгүй. Гэрч нарын өгсөн мэдүүлгүүд үнэн зөв бөгөөд миний бие нэмж ярих зүйл байхгүй. Тус мэдүүлгүүдтэй санал нэг байна. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар эхнээс нь дуустал яриад байх шаардлага байхгүй байна..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-25-26/ “..миний бие 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр надтай цуг такси үйлчилгээнд хамт явдаг танил болох Ууганбаяр луу өөрийн 80027198 гэсэн дугаараас Ууганбаярын 86636373 гэсэн дугаар луу залгаад Чиний яриад байдаг автомат тоглоомын газар хаана байдаг юм бэ. Өнөөдөр очиж сонирхох гэсэн юм гэж хэлэхэд Ууганбаяр За юу ч гэсэн 5 дугаар сургуулийн энэ хавьд уулзъя гэж хэлээд тус өдрийн 18 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн тэр хавьд уулзацгаасан.  Тухайн  үед Ууганбаяр бид хоёо  автомат тоглоомын  газар ажиллуулдаг гэх Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 21 дүгээр байрны урд талд зүс мэдэх Нэргүйбаатар гэх залуутай таарсан. Ингээд Нэргүйбаатараас дээрх тоглоомын газар ажиллаж байгаа эсэхийг асуухад Нэргүйбаатар бид хоёрт хандан Одоохондоо ажиллаагүй байх шиг байна. Нөгөө Мардаан гээд залуу наашаа ирж байгаа юм шиг байна гэж хэлсэн ба 30 орчим минутын дараа Мардаа гээд өмнө нь огт харж байгаагүй халзан толгойтой шар цайвар царайтай, 165 см орчим өндөртэй, махлаг биетэй эрэгтэй хүн хүрч ирээд За орцгооё гэж хэлээд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 21 дүгээр байрны 5 дугаар орцны 3 давхарт гараад шатны баруун талын хаалгыг Мардаа гээд залуу түлхүүрээр онгойлгосон. Ингээд бид нарыг дээрх тоот хаалга руу ороход нийт 3 өрөө орон сууц байсан ба хаалгаар ороод зүүн тийшээ эргэхэд нэг өрөө байсан. Тухайн өрөөн дотор шар өнгийн ширээ бүхий 2 ширхэг автомат тоглоом байсан. Тэгээд Мардаа гээд тухайн ширээ бүхий тоглоомыг тогонд залгаж асаасан ба тухайн залуу бид нарт ханданШирээний түлхүүрийг мартчихжээ. Та нар наанаа байж байгаарай, түлхүүрийг аваад ирье гэж хэлээд гараад явсан..гэсэн мэдүүлэг,

 

Гэрч П.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-27/ “..... Миний бие 2020 оны 8 дугаар сарын 19-ний орой гэртээ байж байтал 20 цагийн үед Эрдэнэбат ах над руу яриад хамт автомат тоглоомын газар орох уу гэхэээр нь гэрээс гараад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар сургуулийн урд талд байдаг 3 давхар шар байрны гадаа ирэхэд Эрдэнэбат ах ганцаараа байрны гадаа зогсож байсан тэгээд Эрдэнэбат ахтай хамт 3 давхарт байдаг тоглоомын газар луу ороход Нэргүйбаатар гэх залуу ганцаараа байж байсан. Бид нарыг ороод байж байтал араас Мардаа гэх залуу гаднаас орж ирсэн. Тухайн өрөөнд загас буудаж тоглодог 2 ширээ байрлуулсан байсан. Тэгээд тоглох гэтэд Мардаа цэнэглэж оноо хийдэг түлхүүрээ гадаа орхичихсон байна гээд түлхүүрээ аваад ирье гээд гараад явсан. Эрдэнэбат Нэргүйбаатар бид гурав кофе уугаад сууж байтал гаднаас хаалга цохисон. Гэтэл Нэргүйбаатар луу Мардаа залгаад гадаа цагдаа ирчихсэн байна. Та нар чимээгүй байгаарай гэсэн. Тэгэхээр нь бид нар чимээгүй сууж байтал цагдаа нар хаалга эвдээд ороод ирсэн.. гэсэн мэдүүлэг,

 

Гэрч П.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:/хх-36/ “..Миний бие 2020 оны 2 дугаар сард жоншны уурхайд ажилд орсон байсан бөгөөд ажил нь улирлын чанартай байсан ба миний бие үүнээс үүдэж ажилгүй болоод Улаанбаатар хотод ирчихсэн байсан юм. Миний бие ажил олдохгүй голоо зогоох зорилгоор хааяа мөрийтэй тоглоом тоглодог байсан. Гэр орон ч байхгүй, эхнэр хүүхдээ салчихсан хэцүү байсан. Тэгээд Улаанбаатарт байх хугацаандаа би Мардаа буюу Энхбаяртай утсаар холбогдож хааяа хааяа мөрийтэй тоглоом тоглодог байсан. Мардаа нь өөрөө / дунжаан-мөрийтэй тоглоом зохион байгуулагч/ нь байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн замын эсрэг талд байрлах 20 дугаар байрны 3 давхарт тоглуулдаг байсан юм. Миний бие орох оронгүй оочих аягагүй байсан учир буудлаар хоног төөрүүлж явсаар сүүлдээ Мардаагийн мөрийтэй тоглоом тоглодог байсан Мардаагийн байранд амьдрах болсон юм.Тус тоглоом тоглуулдаг байранд загас бууддаг, хоёр ширхэг ширээ байдаг байсан бөгөөд Мардаад хүмүүс хандаж тоглоё гэхэд нь Мардаа нь өөрөө ирээд ширээгээ залгаж кодыг нь хийж үйлчлүүлэгчийнхээ цагийг нь тохируулдаг байсан. Тоглоом тоглож байгаа хүн нь Мардаагийн өөрийнх нь данс руу нь мөигө хийдэг байсан ба тоглоомыг асааж өгчхөөд гараад явчихдаг байсан.Миний бие тухайн үед орох оронгүй байсан ба Мардаа нь намайг ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр тус түрээсийн байранд амьдрахыг санал болгосон учир би ч Мардаагийн үгнээс гардаггүй байсан юм. Мардаа намайг тоглоом тоглож байгаа хүмүүст хяналт тавиад мөн тоглоомыг нь эвдэж мааслуулчих вий хэмээн болгоомжилж надаар харуулаад үлдээдэг байсан. Би үнэгүй байранд амьдарч ажилгүй гэр оронгүй орлогогүй байсан учир Мардаа тухайн үед намайг тэжээдэг байсан юм.2020 оны 8 дугаар сарын сүүлээд Мардаа над руу залгаад  “Хоёр хүн орох гэж байгаа юм чи аваад орчих гэж хэлсэн ба би тэр хоёр хүнийг аваад орсон бөгөөд удалгүй Мардаа араас ирсэн ба тус тоглоомуудынхаа кодуудыг нь хийгээд тоглоомуудыг ажиллуулж өгчихөөд буцаад гараад явсан.Тэр ирсэн хоёр хүний нэгийг нь Ууганбаяр, нөгөөх нь Эрка ах гэж дууддаг байсан..гэсэн мэдүүлэг, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-20/,  шүүгдэгч Э.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-147/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-151/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 20 дугаар байрны 56 тоотод автомат тоглоом ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Эаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Иймд шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанүр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  550 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Эт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Э.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа автомат тоглоомын ширээний эд анги 4 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасан болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасанүр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Э.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан одоо Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа автомат тоглоомын ширээний эд анги 4 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР