Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/685

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д. Нямсүрэн ,

улсын яллагч Б.Өлзийжаргал,

           шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.А-т холбогдох эрүүгийн 220 601 159 1031 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                            

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Г.А нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоол орчим “....УАУ” улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хамаарал бүхий этгээд, хамтран амьдрагч Б.Ч-тэй тээврийн хэрэгслийн зээлийн эргэн төлөлтийн улмаас маргаан үүсгэж улмаар түүнийг зодож уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, тохой, баруун бугуйн үений гадна гадаргуу, баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: ...Бид хоёр Банк бус санхүүгийн байгууллагаас машин лизингээр хамтарч авсан. Тухайн үед машины лизингийн эргэн төлөлт хийх хугацаа болсон байсан. Сард 750.000 төгрөг төлдөг. Би ажил хийгээд буцаж ирэхдээ тал мөнгийг нь төлнө. Одоо байгаа мөнгөнийхөө талаар нь хоол хүнсээ аваад талаар нь зээлийнхээ эргэн төлөлтийг төлөөрэй гэж хэлтэл надад “Би чиний мөнгийг авахгүй гэж хэлсэн. Үүнээс болоод бид маргалдсан гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.Ч-ийн өгсөн: ... 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн баруун талын авто зогсоол дээр машиндаа хамтран амьдрагч Г.А-тай сууж байгаад гэр бүлийн асуудлаас болоод маргалдаад хоорондоо хэрэлдсэн, тэгсэн намайг Г.А үсдэж аваад баруун гар руу цохисон мөн цээж рүү цохиод, уруулыг татаад, хоолой боогоод ална гээд хэл амаар доромжлоод байсан. Бид хоёр Приус-20 маркийн ....УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг лизингээр 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр авч байсан төлөлт хийх дээрээс болоод маргаж муудсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.А-ын өгсөн: ... 2022 оны  01 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумаас орж ирээд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоол дээр очоод зогссон. Тэгээд бид хоёр машиндаа байж байхдаа мөнгөний асуудлаас болоод хоорондоо маргалдаад би нүүр рүү нь 2 удаа алгадсан. Тэгсэн машинаас Б.Ч- гарах гэхээр би гарнаас нь татахад орилж хашгираад байхаар нь амыг нь гараараа дарсан өөрөөр бол цохиж зодсон зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2329 дүгээр шинжээчийн:

 

1. Б.Ч-ийн биед уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, тохой, баруун бугуйн үений гадна гадаргуу, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Н.Энхцолмонгийн өгсөн: ... Б.Ч-ийн биед учирсан гэмтэл 1-3 хоногийн дотор үүссэн байх боломжтой, тухайн цаг үедээ үүссэн шинэ гэмтэл байна. өөрөөр хэлбэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

 

           Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

Шүүгдэгч Г.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 27 дахь тал/,

Шүүгдэгч Г.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 26 дахь тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоол орчим “....УАУ” улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хамаарал бүхий этгээд, хамтран амьдрагч Б.Ч-тэй тээврийн хэрэгслийн зээлийн эргэн төлөлтийн улмаас маргаан үүсгэж улмаар түүнийг зодож уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, тохой, баруун бугуйн үений гадна гадаргуу, баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...  дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид  хорих ялын дээд  хэмжээг  таван  жил, түүнээс  доош  хугацаагаар оногдуулахаар  тогтоосон , эсхүл хорих  ял оногдуулахаар  заагаагүй  гэмт хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.

 

      Шүүгдэгч Г.А-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан,  хохирогч нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Г.А-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Г.А нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоол орчим “....УАУ” улсын дугаартай “Тоёота Приус- 20” загварын тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хамаарал бүхий этгээд, хамтран амьдрагч Б.Ч-тэй тээврийн хэрэгслийн зээлийн эргэн төлөлтийн улмаас маргаан үүсгэж улмаар түүнийг зодож уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, тохой, баруун бугуйн үений гадна гадаргуу, баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь :

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.Ч-ийн өгсөн: ... 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн баруун талын авто зогсоол дээр машиндаа хамтран амьдрагч Г.А-тай сууж байгаад гэр бүлийн асуудлаас болоод маргалдаад хоорондоо хэрэлдсэн, тэгсэн намайг Г.А үсдэж аваад баруун гар руу цохисон мөн цээж рүү цохиод, уруулыг татаад, хоолой боогоод ална гээд хэл амаар доромжлоод байсан. Бид хоёр “ Приус-20” маркийн ....УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг лизингээр 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр авч байсан төлөлт хийх дээрээс болоод маргаж муудсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Х.Энх-Амгалангийн өгсөн: ... 2022 оны  01 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумаас орж ирээд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоол дээр очоод зогссон. Тэгээд бид хоёр машиндаа байж байхдаа мөнгөний асуудлаас болоод хоорондоо маргалдаад би нүүр рүү нь 2 удаа алгадсан. Тэгсэн машинаас Б.Ч- гарах гэхээр би гарнаас нь татахад орилж хашгираад байхаар нь амыг нь гараараа дарсан өөрөөр бол цохиж зодсон зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн   2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2329 дүгээртэй  шинжээчийн:

 

1. Б.Ч-ийн биед уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, тохой, баруун бугуйн үений гадна гадаргуу, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул шүүгдэгч Г.А-ыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч  Г.А нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан байна.

 

     Г.А нь хохирогч Б.Ч-тэй маргалдаж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохин, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Г.А-ын гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой  байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ хэргийн учир хохирогч Б.Ч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.А-ыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-н 44-р тал/

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан Монгол улсын Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх тухай Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т   ...  эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж хамгалалтад байгаа этгээд, тухай гэр бүлд хамт амьдарч байгаа  этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар гэж хуульчилжээ.

 

  Шүүгдэгч Г.А-ын үйлдсэн гэмт хэргийн хохирогч Б.Ч нар нь хамтран  амьдарч байсан  болох нь  тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогджээ.

 

 Шүүгдэгч Г.А-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэстэй байна.

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь    хэсэгт зааснаар гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8  дугаар зүйлд заасан хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Г.А-т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                                                                                                                                 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.А-т үйлдсэн хэрэгт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8  дугаар зүйлд заасан хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.

 

 Шүүгдэгч Г.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8  дугаар зүйлд заасан хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8  дугаар зүйлд заасан хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар Г-ийн А-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.А-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид нотлох баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ