Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2017/00509

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан 17023, Дүнжингарав 14, “Зайсан скуэр” төв, 6 давхарын 603 тоот байранд байрлах, “Оюуны ундраа групп” ХХК /Регистрийн дугаар:2065002/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 38, 131 тоот байранд байрлах, “Тиворлд беверейжис” ХХК /Регистрийн дугаар:5811716/-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 10,999,656 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, барьцаа 5,841,181 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.                                                                                           

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:    

                                                                                              

Нэхэмжлэгч “Оюуны ундраа групп” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хотхонд байрлах “Зайсан Скуэр” худалдаа үйлчилгээний төвийн барилгын 1 дүгээр давхрын 1177,5 мкв талбай бүхэлдээ “Оюуны ундраа групп” ХХК-ийн охин компани болох “Собт трейд” ХХК-ийн өмчлөлд байдаг юм. Уг барилга нь давхар давхраараа үл хөдлөх эд хөрөнгийн тусдаа гэрчилгээтэй бөгөөд “Собт трейд” ХХК-иас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах, түрээслэх, түүнтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэх бүрэн эрхийг “Оюуны ундраа групп” ХХК-д шилжүүлсэн байдаг.

Уг эрхийнхээ дагуу 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Тиворлд беверейжис” ХХК-тай түрээсийн гэрээг байгуулан уг барилгын нэгдүгээр давхраас 75.6 мкв талбайг “Tea World” цайны дэлгүүрийн зориулалтаар түрээслүүлэхээр тохиролцож, ТГ/028 тоот гэрээг байгуулсан. Бидний зүгээс түрээслэгчид нааштай хандаж, нэг сарын төлбөр 6,426,000 төгрөг байхаас 30 хувийн хөнгөлттэй байхаар гэрээг анх байгуулсан. Дараа нь  харилцан тохиролцож 2014 оны 7, 8 дугаар сарын төлбөрийг нэг сарын 1,927,800 төгрөгөөр, 2014 оны 9-11 дүгээр сарын төлбөрийг сарын 3,213,000 төгрөгөөр, 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 3 дугаар сарын төлбөрийг нэг сарын 4,498,200 төгрөгөөр, 2015 оны 4, 5 дугаар сард үндсэн үнээр буюу сарын 6,426,000 төгрөг байхаар тус тус тохиролцож гэрээнд нэмэлт, өөрчлөлтүүд оруулсан. Уг барилгын нэгдүгээр давхар  нийт 1177,5 мкв талбайтай бөгөөд үүнээс хариуцагч байгууллага зөвхөн 75,6 мкв талбайг түрээслэсэн тул түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Гэрээг байгуулснаас хойш хариуцагч нь түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байнга хугацаа хэтрүүлж, манай компани тухай бүрд нь түрээсийн төлбөрийг төлүүлэх талаар амаар болон бичгээр шаарддаг байсан. Улмаар түрээслэгчийн хүсэлтээр гэрээг 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, гэрээний үлдэгдэл төлбөрийг талууд баталгаажуулж, мөн өдрөө төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 10,850,804 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр тохиролцсон.  Энэхүү төлбөр нь 2015 оны 4-7 дугаар сарын төлбөрт хамаарч байгаа. Дээрх тохиролцоог хийснээс хойш хариуцагч тал 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,317,500 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 200,200 төгрөгийг бартераар тус тус төлсөн. Нийтдээ төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулснаас хойш 3,517,700 төгрөгийг төлж, үлдэгдэл 7,333,104 төгрөг байна.   

Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7,333,104 төгрөг, гэрээний 2.10-т заасны дагуу хоног тутамд 0,3 хувийн алдангийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлөгдөөгүй дүнд тооцоход хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн тул  алдангийг 50 хувиар хасч тооцон 3,666,552 төгрөг, нийт 10,999,656 төгрөгийг хариуцагч “Тиворлд беверейжис” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу барьцаа 5,841,181 төгрөгийг гэрээ байгуулсны дараа авсан нь үнэн. Гэхдээ дээрх барьцааны мөнгийг харилцан тохиролцож хариуцагчийн төлөх ёстой төлбөрт тооцож авснаар үлдэгдэл 10,850,804 төгрөг гарсан. Үүнийг баталгаажуулж 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрийн үлдэгдэл баталгаажуулсан гэрээг байгуулсан. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч “Тиворлд беверейжис” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ТГ/028 тоот түрээсийн гэрээг байгуулж, мөн өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түрээслэсэн, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 10,850,804 төгрөг байсан, үүнээс хойш 3,517,700 төгрөг төлсөн гэдэгт маргахгүй. “Тиворлд беверейжис” ХХК-ийн зүгээс 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэрээг цуцлах тухай санал тавьсан ч гэрээнд 3 сарын өмнө цуцлах тухай саналаа бичгээр мэдэгдэх ёстой гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч тал гэрээг цуцлаагүй байдаг. 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр, дээрх шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заасан байна. Түрээсийн төлбөр шаардах үндэслэл болсон дээрх ТГ/028 тоот гэрээ нь дээрх шаардлагыг хангаагүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн тул Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд түрээслүүлэгчээс төлбөр, алданги нэхэмжлэх эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“Тиворлд беверейжис” ХХК нь түрээсийн гэрээний дагуу анх барьцаа болгон 5,841,181 төгрөгийг байршуулсан. Нэгэнт талуудын дээрх гэрээ хүчин төгөлдөр бус, мөн хариуцагчийн зүгээс төлөх төлбөр байхгүй тул барьцааны мөнгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 2.7-д түрээслүүлэгч барьцаа төлбөрөөс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр заасан. Гэтэл нэхэмжлэгч талд ямар нэг хохирол учраагүй байхад гэрээний нөхцлийг зөрчиж төлөх төлбөрт барьцааны мөнгийг суутгасан нь үндэслэлгүй. Иймд барьцааны 5,841,181 төгрөгийг “Оюуны ундраа групп” ХХК-иас буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч “Оюуны ундраа групп” ХХК нь “Тиворлд беверейжис” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 10,999,656 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч барьцаа 5,841,181 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргав.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: “Оюуны ундраа групп” ХХК, “Тиворлд беверейжис” ХХК нь 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр харилцан тохиролцож, нэг талаас түрээслэгч нь Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан хотхон, “Зайсан скуэр” оффис, худалдаа үйлчилгээний барилгын нэгдүгээр давхрын “Собт трейд” ХХК-ийн өмчлөлийн 1177,5 мкв талбайгаас 75,6 мкв хэмжээтэй талбайг дэлгүүрийн зориулалттайгаар “Тиворлд беверейжис” ХХК-ийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, нөгөө талаас түрээслэгч нь нэг мкв талбайг хөнгөлөлттэй үнэ буюу сард 4,498,200 төгрөгийн төлбөр төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,3 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож ТГ/028 тоот гэрээг байгуулжээ. Мөн нэг сарын түрээсийн төлбөр 2014 оны 7, 8 дугаар сард 1,927,800 төгрөг, 2014 оны 9, 10, 11 дүгээр сард 3,213,000 төгрөг, дараагийн 4 сард 4,498,200 төгрөг, 2015 оны 4, 5 дугаар сард 6,426,000 төгрөг байхаар харилцан тохиролцож зохигчид 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.  /хх 3-15, 50, 51, 71 дэх тал/ 

Зохигчид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч “Собт трейд” ХХК-иас “Оюуны ундраа групп” ХХК-д олгосон итгэмжлэлийн дагуу “Оюуны ундраа групп” ХХК-тай гэрээг байгуулсан, гэрээний зүйлийг 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ашигласан, төлбөрийн үлдэгдэл 7,333,104 төгрөг байгаа зэрэг үйл баримтуудад маргаагүй байна. /хх-16, 17, 45 дахь тал/

Харин хариуцагч нь зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус зөвхөн тодорхой нэг хэсгийг түрээслэхээр тохиролцсон тул гэрээг бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлага тавигдахгүй, гэрээ хүчин төгөлдөр гэж тус тус маргав.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1-д зааснаар дээрх талбайг дэлгүүрийн зориулалтаар ашиглахаар зааснаас үзвэл тухайн талбайг хариуцагчид аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан шилжүүлсэн байх ба зохигчид түрээсийн гэрээг бичгээр байгуулжээ. Гэрээнд заасан түрээслэгчийн зорилгоо биелүүлэхэд нь зориулсан уг 75,6 мкв талбай нь тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан бие даасан эд хөрөнгө биш, харин нэг байшин барилгын тодорхой давхрын нэг хэсэг буюу эд юмсын бүрдэл хэсэг байх тул улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох боломжгүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй байна гэж үзэв.

Зохигчид гэрээг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан байх ба хариуцагч нь 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэрээг цуцлах тухай саналыг хүргүүлсэн байх боловч талууд тохиролцоонд хүрээгүйгээс гэрээг дуусгавар болгоогүй, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хариуцагч түрээсийн зүйлийг ашигласанд маргаагүй тул

            Зохигчид 2015 оны 4-7 дугаар сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7,333,104 төгрөг байгаа үйл баримтад маргаагүй, түрээслэгч нь гэрээгээр тохирсон хөлсийг төлөх үүрэг хүлээх тул дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.

            Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний 2.10-т төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон, нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэн хоногт алдангийг тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн үндэслэлээр алдангийн хэмжээг 7,333,104 төгрөгний 50 хувиар тооцож 3,666,552 төгрөг нэхэмжилснийг буруутгах боломжгүй байна.

Дээрхийг нэгтгээд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас түрээсийн төлбөр 7,333,104 төгрөг, алданги 3,666,552 төгрөг, нийт 10,999,656 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5, 3 дугаар хавсралтад заасны дагуу түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, барьцаа төлбөрөөс хохирлыг барагдуулах баталгаа болгож нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэхүйц хэмжээний буюу 5,841,818 төгрөгний барьцааг түрээслүүлэгчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон, улмаар дээрх мөнгийг барьцаа болгож нэхэмжлэгчид хадгалуулахаар шилжүүлсэн үйл баримтад зохигчид маргаагүй байна.  

Хариуцагч нь түрээслүүлэгчид хохирол учраагүй байхад гэрээний 2.7-д заасан нөхцлийг зөрчиж барьцааны мөнгийг төлбөрт тооцон авсан, мөн талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус тул барьцааны мөнгийг буцаан гаргуулна гэж, нэхэмжлэгч нь харилцан тохиролцож барьцааны мөнгийг төлөх ёстой төлбөрөөс хасч тооцсоноор үлдэгдэл 10,850,804 төгрөг болсон, үүнийг талууд баталгаажуулж 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулсан тул зөвшөөрөхгүй гэж маргав.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслэгч хэлэлцэн тохирсон төлбөрийг төлөх үндсэн үүргийг хүлээх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5-д зааснаас үзвэл түрээслэгч үүргээ биелүүлэх баталгаа болгон барьцаа төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байх тул барьцаа төлбөрийг түрээсийн төлбөрт тооцон суутгасан явдал гэрээний 2.7-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар “Тиворлд беверейжис” ХХК-иас 10,999,656 /арван сая есөн зуун ерэн есөн мянга зургаан зуун тавин зургаан/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Оюуны ундраа групп” ХХК-д олгож, “Оюуны ундраа групп” ХХК-иас 5,841,181 төгрөг гаргуулах тухай “Тиворлд беверейжис” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190,944 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсөн төлсөн 108,409 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190,944 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг,  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ