Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
Хэргийн индекс | 105/2022/0642/Э |
Дугаар | 2022/ШЦТ/684 |
Огноо | 2022-05-10 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/684
2022 05 10 2022/ШЦТ/684
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч С.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт С-ын Ч-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1364 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 36Б байрны 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогтой С-ын Ч /РД: хх0000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч С.Ч нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баатар тайж” худалдааны төвийн гэр ахуйн бараа зарж борлуулдаг лангуу ажиллуулдаг хохирогч Э.Б-ний эзэмшлийн Редми Нөүт-8 загварын 320.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг лангуун дээрээс нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Ч-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс
Яллагдагч С.Ч-ийн “Би тухайн өдөр Баялаг ундраа худалдааны төв орчихоод гэр рүүгээ явах замдаа гэр ахуйн барааны түц орсон. Намайг ороход тухайн түц дотор худалдагч болон ганц нэг үйлчлүүлэгч байхаар нь гэр ахуйн бараа үзэж байтал барааны лангуун дээр загвар, маркийг нь мэдэхгүй гар утас байхаар нь аваад гараад явчихсан. Тэгээд гэртээ хариад хүргэндээ уг гар утсыг ээж нь олсон гэж худлаа хэлж өгөөд, хүргэн маань цааш нь гар тусыг ахдаа өгсөн гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/,
Хохирогч Э.Б-ний “Баатар тайж группын үйлчилгээний төвд байрлах гэр ахуйн барааны дэлгүүрт ажиллаж байхдаа Редми Нөүт-8 загварын гар утсаа голын жижиг лангуун дээр тавьсан байсан. Тэгээд бараагаа янзалж байхад нэг эгч орж ирээд бараа үзээд тойрч яваад буцаад гараад явсан. Ямар нэгэн бараа аваагүй. ... Усан цэнхэр өнгийн Редми Нөүт-8 загварын гар утас, зүүн буланд цуурсан, шилэн наалт нь салсан, өөр эвдрэл гэмтэл байхгүй. 2019 онд 900.000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/,
Гэрч Д.Отгонбаатарын “Авчирсан өдрөө надад олсон гэж хэлж байсан, тухайн гар утсыг 5-10 цаас болгодог юм билүү гэж яриад байхаар нь би аваад зараад өгөх үү гэхэд тэг тэг гэж хэлээд надад тэр гар утсыг өгсөн. Би тэр утсыг зарах гээд хэлсэн байж байтал манай ээж цагдаагийн дуудагдаад гэж хэлсэн. Тэгээд тэр утсыг ээждээ буцааж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,
“Дамно” ХХК-ий 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн БЗ1-22-576 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 320.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 22-23 дугаар тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17-18 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч С.Ч нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баатар тайж” худалдааны төвийн гэр ахуйн бараа зарж борлуулдаг лангуу ажиллуулдаг хохирогч Э.Б-ний эзэмшлийн Редми Нөүт-8 загварын 320.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг лангуун дээрээс нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч С.Ч-ийн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/, хохирогч Э.Б-ний мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/, “Дамно” ХХК-ий 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн БЗ1-22-576 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 22-23 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
С.Ч-ийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул С.Ч-ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Э.Билгүүн нь гар утсаа буруутай этгээдээс бүрэн бүтэн хүлээн авсан ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 49 дүгээр тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, С.Ч-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Ч-ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч С.Ч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ч-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг С.Ч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
С.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд С.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогтой С-ын Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар С.Ч-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг С.Ч-т мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.Ч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ