Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00171

 

ЧВЖ- /CHWJ-/-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00269 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 721 дугаар магадлалтай,

ЧВЖ- /CHWJ-/-ны нэхэмжлэлтэй,

Г К ХХК-д холбогдох

Эрх шилжүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 103.429.500 төгрөг, алданги 51.714.750 төгрөг, нийт 155.144.250 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Д.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 2 дугаар орцны 149 тоотод байрлах 42.74 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн тус орцны 96 тоотод байрлах 75,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр УБ М ХХК, Г Б ХХК тус тус оролцсон иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд УБ М ХХК-ийн өмгөөлөгч К.Ж, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ЧВЖ- /CHWJ-/ Т Х ХХК-тай 2017 оны 11 сарын 02-ны өдөр Эрх шилжүүлэх тухай гэрээгээр Т Х ХХК болон Г К ХХК нарын хооронд 2015 оны 08 сарын 26-ны өдөр байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу Г К ХХК-аас авах 257.661.500 төгрөгийн авлагыг нэхэмжлэх, төлбөрийг хүлээн авах тухай холбоотой эрх, үүрэг хариуцлагыг Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу эрх шилжүүлэн авсан. Дээрх шаардах эрх шилжүүлэх тухай хэлцлээр Т Х ХХК-аас авах ёстой байсан авлага 257.661.500 төгрөгийг түүнээс нэхэмжлэхгүйгээр, талууд гэрээний үүргээ шударгаар, бодитоор, зохих ёсоор биелүүлэх, Т Х ХХК-ийн Г К ХХК-тай байгуулсан гэрээний бүхий л эрх, үүрэг, хариуцлага гэрээнд заасан нөхцлийг хэвээр хадгалж эрх хүлээн авагчид буюу ЧВЖ- /CHWJ-/-д шилжүүлэхээр тохиролцсон. Дээрх шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу хариуцагч Г К ХХК-аас 257.661.500 төгрөг болон алдангийг шаардах эрх бий болсон. Т Х ХХК болон Г К ХХК-ийн хооронд 2015 оны 08 сарын 26-ны өдөр Бетон зуурмаг нийлүүлэх 015/09 дугаар гэрээгээр Т Х ХХК нь өөрийн зуурмагийн үйлдвэрээс М250 маркийн бетон зуурмаг /Ready mixed concrete/ нийлүүлэх, Г К ХХК нь бетон зуурмагийн үнийг төлөхөөр тохиролцсон. Гэрээгээр талууд 1 м.куб бетон зуурмагийг 145.000 төгрөгөөр тооцож, 4.000 м.куб бетон зуурмагийг Т Х ХХК нийлүүлж, 580.000.000 төгрөгийг Г К ХХК-д төлөхөөр тохиролцсон. Т Х ХХК нь барилгын норм, дүрэм стандартын болон гэрээнд заасан чанар, тоо, хэмжээний шаардлага хангасан бетон зуурмагийг нийлүүлж Г К ХХК хүлээн авсан бөгөөд талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төлбөр барагдуулах хэлцэл байгуулагдаж, уг хэлцлээр Т Х ХХК нь 543.939.000 төгрөгийн бетон зуурмагийг худалдан авагч Г К ХХК-д нийлүүлсэн талаар талууд маргаагүй бөгөөд Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 253.134.000 төгрөгийг худалдан авагч Г К ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний дотор үл маргах журмаар төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна. Мөн хэлцлээр гэрээнд заасан үүргийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд дээрх үлдэгдэл төлбөрийн асуудал 253.134.000 төгрөг болон Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу алдангийн хамт шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр талууд харилцан тохиролцсон. Бетон зуурмаг нийлүүлэх тухай гэрээний 4.7-д хугацаандаа нийлүүлсэн бетон зуурмагийн төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байх бөгөөд шаардах эрх шилжүүлэх гэрээгээр уг алданги шаардах эрх нэхэмжлэгчид шилжсэн. Т Х ХХК болон Г К ХХК-ийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний №2017/01/09 дугаартай Орон сууц захиалгын гэрээгээр Г К ХХК-ийн баригдаж буй орон сууцнаас бетон зуурмагийн төлбөрийн үлдэгдэл үнийн дүнгийн тодорхой хэсэгт 71А байрны 2 орцны 149 тоотод байрлах 2 өрөө 42.74 м.кв-ыг 55.562.000 төгрөгийн, мөн орцны 96 тоотод байрлах 3 өрөө 75.9 м.кв-ыг 98.670.000 төгрөгийн орон сууцнуудыг Т Х ХХК-д шилжүүлэх, Т Х ХХК-д 257.661.000 төгрөгийн бетон зуурмагийн төлбөрийг төлөхөөс энэхүү төлбөрт оролцуулан тооцож буй орон сууцнуудын нийт үнийн дүн буюу 154.232.000 төгрөгийг хасч үлдэгдэл 103.429.500 төгрөгийн үндсэн төлбөрийг төлөхөөр талууд тохиролцсон. Үүний дараа Т Х ХХК болон Г К ХХК-ийн хооронд 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг шилжүүлэх тухай хэлцэл байгуулж, дээр дурдсан орон сууцнуудыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгч, Г К ХХК нь орон сууц захиалгын гэрээг шилжүүлэн хийхээр харилцан тохиролцсон. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь Г К ХХК-тай 257.661.500 төгрөгөөс 154.232.000 төгрөгийн авлагад Г К ХХК-ийн барьж буй Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, Д.Лувсанцэвээний гудамж, УСУГ-ын ажилчдын 180 айлын орон сууцны 71A байрны 2 орцны 149 тоотод байрлах 2 өрөө 42.74 м.кв-ыг 55.562.000 төгрөгийн, мөн орцны 96 тоотод байрлах 3 өрөө 75.9 м.кв-ыг 98.670.000 төгрөгийн орон сууцнуудыг ЧВЖ-ы өмчлөлд шилжүүлэхээр 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах тухай №2017/02/25 дугаартай гэрээ байгуулсан. Тухайн гэрээг байгуулах болсон шалтгаан нь Т Х ХХК-аас нэхэмжлэгч тухайн үед төлбөр авах авлагатай байсан бөгөөд Т Х ХХК нэхэмжлэгчид төлөх төлбөрөө Г К ХХК-аас авах байсан авлагын зарим хэсэг болох 154.232.000 төгрөгийг Г К ХХК-ийн барьсан орон сууцаар, үлдэх 103.429.500 төгрөгийг бэлнээр ЧВЖ-д төлөхөөр болсон учир талууд тохиролцож уг гэрээ байгуулагдсан. 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тухайн орон сууцыг Улсын комиссоос орон сууцыг ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн акт гарсны дараа гаргуулах, орон сууцны төлбөрийг Т Х ХХК-тай Г К ХХК байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу бүрэн төлөгдсөн бөгөөд Г К ХХК захиалагч буюу ЧВЖ- захиалсан орон сууцыг гэрээний турш гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх үүрэгтэй бөгөөд барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй. Иймд Т Х ХХК-аас шилжүүлсэн шаардах эрхийн дагуу нэхэмжлэгч Т Х ХХК болон Г К ХХК-ийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх 015/09 дугаар гэрээний үүрэгт төлөгдөх ёстой нийт 257.661.000 төгрөгөөс бэлнээр төлөх 103.429.500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 71А байрны 2 орцны 96 тоот 75,90 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц, 71А байрны 2 орцны 149 тоотод байрлах 2 өрөө 42.74 м.кв талбайтай орон сууцнуудыг Г К ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.6, 4.1.2, 4.1.4, 5.1 7.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй тул ЧВЖ- дээрх орон сууцнуудын өмчлөгч болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан өгөхийг хариуцагч Г К ХХК-д даалгаж өгнө үү. Т Х ХХК болон Г К ХХК-ийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Бетон зуурмаг нийлүүлэх 015/09 дугаар гэрээний 4.7-д заасны дагуу хугацаандаа нийлүүлсэн бетон зуурмагийн төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон бөгөөд уг заалтын дагуу хариуцагч тал болох Г К ХХК-ийн төлөх төлбөр болох 257.661.500 төгрөгөөс зарим төлбөрт нь 154.232.000 төгрөгийн орон сууц худалдан авахаар тохиролцсон тул түүний үлдэгдэл төлбөр 103.429.500 төгрөг байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэх заалтын дагуу 103.429.500 төгрөгийн 50 хувь болох 51.714.750 төгрөгийн алданги гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Манай компани Г Бтай 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ8115100450 тоот зээлийн гэрээ /хугацаа сунгасан нэмэлт гэрээ/, түүнтэй холбогдох бусад гэрээг байгуулан хамтран ажилласны үр дүнд Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын нутаг дэвсгэрт Ус сувгийн удирдах газрын захиалгаар 180 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр улсын комисс ажиллуулж, 2017/53 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын дагуу ашиглалтын шаардлага, Монгол улсад мөрдөгдөж буй стандартыг хангасан орон сууцыг захиалагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүлээлгэн өгсөн. 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Т Х ХХК-тай байгуулсан 015/09 тоот бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үнийн дүнгийн тодорхой хэсэгт УСУГ-аас ажлын төлбөртөө тооцон авсан өөрт ногдох 71А байрны 2 орцны 149 тоотод байрлах 42.74м.кв талбайтай, 2 өрөө, мөн байрны 96 тоотод байрлах 75.9 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцнуудыг 154.232.000 төгрөгт тооцон Т Х ХХК-аас орон сууц захиалгын гэрээг шилжүүлэн хийж өгнө үү хэмээн гаргасан хүсэлтийн дагуу Солонгос улсын иргэн ЧВЖ- /Chae Won Jun/-тай 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалгын гэрээг хийсэн. Тус орон сууцнуудыг шилжүүлэн авсан үеэс эхлэн эзэмшиж ашигласаар байгаа бөгөөд Монгол банкнаас санхүүжүүлж буй ипотекийн зээлийн санхүүжилт зогсонги байдалд орж, удааширсны улмаас орон сууц захиалагч иргэд зээл авах нөхцлийг хангаж, зээл олгох шийдвэр гарсан хэдий ч бодитоор мөнгөн хөрөнгө нь шийдвэрлэгдэхгүй хэдэн сараар саатаж, улмаар цаг хугацаа алдах хэрээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдож, банкинд төлөх үндсэн төлбөр, зээлийн хүүг төлж чадахгүй нөхцөл байдал үүсэх, аж ахуйн нэгжид ажлын хөлс, бараа материалын үнийн төлбөрт тооцон шилжүүлсэн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй хэвээр байна. Т Х ХХК-д төлбөл зохих бетон зуурмагийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу ЧВЖ- /Chae Won Jun/-д шилжүүлсэн эсэх талаар манай байгууллагад мэдэгдээгүй тул Т Х ХХК-тай байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу талууд харилцан бие биенийхээ өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ. Иймд иргэн ЧВЖ- /Chae Won Jun/ нь Т Х ХХК-ийг төлөөлж Г К ХХК-аас бараа материалын үлдэгдэл төлбөрийг шаардах эрхгүй гэж үзэж байгаа тул мөнгөн төлбөрийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд УБ М ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...УБ М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г К ХХК-д холбогдох иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд явагдаж байгаа ба УБ М ХХК-аас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71A байрны 23, 53, 149 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах, 271.843.143 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Г К ХХК-д холбогдуулан гаргасан. Уг иргэний хэрэгт ЧВЖ- /Chae Won Jun/ нь гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаа ба ЧВЖ- /Chae Won Jun/-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай ижил шаардлагыг УБ М ХХК гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэж заасны дагуу маргаж байгаа зүйл ижил хэрэг буюу УБ М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г К ХХК-д холбогдох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71A байрны 149 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын гэрчилгээ гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй. Мөн УБ М ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхөө болон Г К ХХК-ийн Ерөнхий захирал Д.Цэнд нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 63/УБМ тоот Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээний дагуу Г К ХХК-д 603.591.640 төгрөгийн үнэтэй арматур нийлүүлсэн. Уг арматурын 50 хувийн төлбөрийг урьдчилж төлж, үлдэгдэл төлбөрт 7 орон сууц олгохоор талууд харилцан тохиролцсон байдаг. Манай компани нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 07/2015 дугаартай Орон сууц захиалгын гэрээг Г К ХХК-тай байгуулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэрэнгийн гудамж, 71А байрны 23, 47, 53,125,131,137,149 тоот орон сууцнууд буюу нийт 314.91 м.кв талбайтай орон сууцыг манай компани 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авахаар харилцан тохиролцсон. 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 07/2015 дугаартай Орон сууц захиалгын гэрээний 3.2-т гэрээний зүйлийг заасан хугацаанд буюу 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр барьж дуусган захиалагчид хүлээлгэж өгнө. 4.3-т энэхүү гэрээний 3.3-т заасны дагуу хэмжиж тогтоосон орон сууцны байшингийн 1 м.кв талбайн анхны үнэ 1.050.000 төгрөг байна. 4.4-т Захиалагч тал 326,6 тонн арматур, катанка буюу бараа солилцоогоороо хийж гүйцэтгэсэн болно гэж тус тус заасны дагуу 149 тоот орон сууцны үнийг Г К ХХК-д бүрэн төлсөн тул УБ М ХХК нь өмчлөгч мөн болно. Г К ХХК болон Т Х ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12017/01/09 дугаартай орон сууц захиалгын гэрээгээр 149 тоот орон сууцыг худалдах хэлцэл хийгдсэн боловч цаг хугацааны хувьд 1 жил 6 сарын дараа хийгдсэн байна. Иймд УБ М ХХК-ийн өмч болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ЧВЖ- /Chae Won Jun/-ыг тогтоох хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар  зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 149 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын гэрчилгээ гаргуулан өгөхийг Г К ХХК-д даалгах иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г Б ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Уг маргаан бүхий орон сууц нь Г Б ХХК-ийн барьцаанд байгаа. Иймээс манай талын эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00269 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г К ХХК-аас бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 103.429.500 төгрөг, алданги 51.714.750 төгрөг, нийт 155.144.250 төгрөгийг гаргуулан ЧВЖ- /Chae Won Jun/-д олгож, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Д.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 2 дугаар орцны 96 тоотод байрлах 75,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр ЧВЖ- /Chae Won Jun/-ыг бүртгэхэд шаардагдах бичиг баримтыг түүнд шилжүүлэн өгөхийг Г К ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Д.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 2 дугаар орцны 149 тоотод байрлах 42.74 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан өгөхийг даалгах тухай ЧВЖ- /Chae Won Jun/-ны нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.932.981 төгрөгөөс 1.427.021 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн болон хүлээн авахаас татгалзсан шаардлагад холбогдох 505.960 төгрөгийг улсын орлогоос гаргаж нэхэмжлэгчид, хариуцагчаас 1.427.071 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 721 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00269 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1.430.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нэхэмжлэлийг Чой Вон Жун /CHWJ-/-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Амаржаргал гаргасан. Ингэхдээ 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 441 дугаартай итгэмжлэлийг нэхэмжлэлд хавсаргасан байх бөгөөд тус итгэмжлэл нь хуулийн шаардлага хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр, хэрэв хараагүй, хэлгүй, дүлий зэрэг шалтгааны улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй.” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Чой Вон Жун /CHWJ-/- нь монгол хэл мэддэг тухай баримт хэрэгт авагдаагүй бөгөөд итгэмжлэлийг Монгол хэлнээс Солонгос хэл рүү орчуулснаас үзвэл Монгол хэл мэддэггүй болох нь тогтоогдож байгаа болно. Монгол хэл мэдэхгүй хэргийн оролцогч нь өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр тайлбар, мэдүүлэг, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т нийцнэ. Итгэмжлэл бол төлөөлүүлэгчийн хүсэл зориг байх ёстой бөгөөд өөрийн мэдэхгүй хэлээр итгэмжлэл өгч, түүнд гарын үсэг зурсан нь итгэмжлэлийн агуулгыг ойлгож, хүсэл зоригоо тодорхой, бүрэн дүүрэн илэрхийлсэн эсэхэд тодруулбал, төлөөлөгчид ямар, ямар эрхийг шилжүүлж байгаагаа ойлгож мэдсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Иймд нэхэмжлэгч Чой Вон Жун /CHWJ-/-аас И.Амаржаргалд олгосон итгэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2, 7.4-т заасныг тус тус зөрчсөн. Т Х ХХК нь нэхэмжлэгч Чой Вон Жун /CHWJ-/-тай 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулсан гэх бөгөөд хариуцагчийн зүгээс тус гэрээгээр Т Х ХХК нь нэхэмжлэгч Чой Вон Жун /CHWJ-/-д эрх шилжүүлсэн гэж үзэхгүй байна. Учир нь эрх шилжүүлэх гэрээний 2 дугаар зүйлд ямар эрхээ шилжүүлж байгаагаа тодорхойлсон байх бөгөөд Т Х ХХК болон Г К ХХК нарын хооронд 2015.08.26-ны өдөр байгуулагдсан “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний нийлүүлэгчийн эрх, үүрэг, хариуцлагыг гэрээнд заасан нөхцөлийг хэвээр хадгалж, эрх хүлээн авагчид шилжүүлж байна” гэж заасан байна. Эндээс үзвэл яг ямар, эрх, үүргийг щилжүүлээд байгаа нь тодорхой харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл эрх шилжүүлж байгаа тохиолдолд шаардах эрхийн хэмжээ, хязгаарыг тодорхой тусгасан байх ёстой бөгөөд ийнхүү тодорхой тусгаагүй тохиолдолд Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхээ шилжүүлсэн гэж үзэхгүй. Мөн ийнхүү эрх шилжүүлж байгаа талаараа Г К ХХК-д урьд өмнө нь мэдэгдээгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Амаржаргалын зүгээс мэдэгдсэн гэж шуудангийн хүргэлтийн дэвтэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн ч энэ нь Гэрэгэ констракш ХХК-д эрх шилжүүлсэн талаар мэдэгдсэн гэдгийг нотолж чадаагүй. Гэтэл Чой Вон Жун /CHWJ-/-тай Г К ХХК “Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан нь эрх шилжүүлэх гэрээг мэдсэн, хүлээн зөвшөөрсөн гэдгийг нотолж байна гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн Чой Вон Жун /CHWJ-/-болон Г К ХХК-ийн хооронд 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан бөгөөд эрх шилжүүлэх гэрээ 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан. Эндээс үзвэл Орон сууц захиалгаар бариулах гэрээ эрх шилжүүлэх гэрээнээс өмнө байгуулагдсан байна. Энэ гэрээг байгуулсан нь эрх шилжүүлэх гэрээг бүхэлд нь мэдсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас 51.714.750 төгрөгийн алданги нэхэмжилсэн. Иргэний хуулийн 232.6-т зааснаар гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй алданги тооцох хуулийн зохицуулалттай. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэх хугацаа тодорхой байх ёстой бөгөөд үүргээ гүйцэтгэх ёстой байсан хугацаанаас хойш алданги тооцогдох ёстой. Гэтэл Т Х болон Г К ХХК нарын хооронд байгуулсан “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-нд Г К ХХК яг хэзээ үүргээ гүйцэтгэх ёстой байсан талаар зохицуулаагүй. Ийм байхад нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс буюу өөрийн тогтоосон хугацаанаас эхлэн алдангийг тооцсон байхб бөгөөд ямар шалтгаанаар энэ хугацаанаас эхлэн алданги тооцсон нь тодорхойгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын тайлбарласнаар буюу 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс алдангийг тооцож эхэлсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн байна. Иргэний хуулийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан бөгөөд бичгээр хийгээгүй тохиолдолд анз нэхэх эрхээ алддаг. Үүнтэй адил Иргэний хуулийн 232.6-т зааснаар алданги тооцохын тулд үүрэг гүйцэтгэх ёстой хугацааг гэрээнд заавал тодорхой тусгах ёстой бөгөөд ийнхүү тодорхойлж тусгаагүй нь алданги нэхэх эрхээ мөн адил алдана гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгүүлэгч нь алданги тооцох хугацаагаа өөрийн дураар тодорхойлж нэхэмжлээд байж болохгүй бөгөөд үүнээс сэргийлж гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн гэх урьдчилсан нөхцөлийг хууль тогтоогч оруулсан. Иймд алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн шүүх хуралдааны явцад шүүгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн санаачилгаар тодруулж хэт нэг талыг баримталж байсан болохыг дурдах нь зүйтэй. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ЧВЖ- /CHWJ-/ Г К ХХК-д холбогдуулан эрх шилжүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 103.429.500 төгрөг, алданги 51.714.750 төгрөг, нийт 155.144.250 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Д.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 2 дугаар орцны 149 тоотод байрлах 42.74 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн тус орцны 96 тоотод байрлах 75,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Д.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 2 дугаар орцны 149 тоотод байрлах 42.74 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн талаар Г К ХХК-д холбогдох маргааныг өөр шүүх шийдвэрлэж байгаа гэх үндэслэлээр УБ М ХХК, эдгээр орон сууц зээлийн барьцаанд байгаа гэх үндэслэлээр Г Б тус тус хүсэлт гаргаж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож тайлбар гаргажээ.

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч, Т Х ХХК-тай байгуулсан 2017.11.02-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээ, Г К ХХК-тай байгуулсан 2017.02.25-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ, Т Х ХХК, Г К ХХК-ийн хооронд  2015.08.26-ны өдөр байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээг үндэслэсэн, эдгээр гэрээ хүчин төгөлдөр тул шаардах эрх үүссэн талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 123 дугаар зүйлийн 123.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Чой Вон Жун /CHWJ-/-с 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэн И.Амаржаргал шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд итгэмжлэл монгол хэл дээр хийгдэж, солонгос хэл дээр орчуулуулсан баримт хэргийн 6-7-р талд авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр, хэрэв хараагүй, хэлгүй, дүлий зэрэг шалтгааны улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй.”, 7.4-т “гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна.” гэж тус тус зааснаар монгол хэл мэдэхгүй этгээдийн бусдад олгож буй итгэмжлэлийг тухайн этгээдийн эх, эсхүл мэддэг хэл дээр бичиж, улмаар түүнийг орчуулуулсан байх  нь зөв боловч хэрэгт авагдсан итгэмжлэл, түүний орчуулгаас төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн  илэрхийлэл дутагдалтай гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн төлөөлөгч, төлөөлүүлэгчийн хэн аль нь итгэмжлэлийн талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй.

Т Х ХХК нь нэхэмжлэгч ЧВЖ /CHWJ-/-тай 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхээ шилжүүлсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно.

Харин мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ.” гэж заасан нь шаардах эрхээ бусдад шилжүүлснээ үүрэг гүйцэтгэгчид мэдэгдээгүй үед үүрэг гүйцэтгэгч хуучин үүрэг гүйцэтгүүлэгчид үүргийг гүйцэтгэсэн бол шинэ үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг хүлээхгүй агуулгатай  зохицуулалт.

Эрх шилжүүлж байгаа талаараа Т Х ХХК-с Г К ХХК-д мэдэгдсэн тухай баримтыг хариуцагч няцаагаагүй байна. Түүнчлэн хариуцагч нь Т Х ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч Чой Вон Жун /CHWJ-/ хариуцагч Г К ХХК-с үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй тул энэ талаар мэдэгдээгүйгээс төлбөр төлөхгүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэл муутай байна.

Г К ХХК-ийн Т Х ХХК-д бетон зуурмагийн гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 257.661.500 төгрөг байсан, үүнээс 154.232.002 төгрөгт 2 орон сууц өгөхөөр талууд тохирч, улмаар Чой Вон Жун /CHWJ-/ болон Г К ХХК-ийн хооронд 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан тул 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээгээр үлдэх 103.429.500 төгрөгийн шаардах  эрх шилжсэн  гэж үзнэ.  

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж заасан байна. Эрх шилжүүлэх гэрээний 2 дугаар зүйлд Т Х ХХК болон Г К ХХК нарын хооронд 2015.08.26-ны өдөр байгуулагдсан “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний нийлүүлэгчийн эрх, үүрэг, хариуцлагын талаархи  гэрээнд заасан нөхцөлийг хэвээр хадгалж, эрх хүлээн авагчид шилжүүлж байна” гэжээ.

Т Х ХХК болон Г К ХХК-ийн  хооронд 2015.08.26-ны өдөр байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 4 болон ерөнхий нөхцөлийн 4.2-т “бетон зуурмагийн тооцоог тухайн өдөрт худалдан авах зуурмагийн үнийн дүнгийн 60 хувийг 1 хоногийн өмнө нийлүүлэгч талд шилжүүлэх ба хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно. Үлдэгдэл 40 хувийн тооцоог 3 сарын дотор төлнө” гэж талууд тохирчээ.

Түүнчлэн гэрээний 4.7-д хугацаандаа нийлүүлсэн бетон зуурмагийн төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс хоногийн 0.5 хувиар алданги тооцогдоно гэж заасан байх тул алданги гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ЧВЖ /CHWJ-/ хариуцагч Г К ХХК-ийн хооронд байгуулсан 2017.02.25-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу... 149 тоот 2 өрөө орон сууц, 96 тоот 3 өрөө орон сууцуудыг хариуцагч нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн нь тогтоогджээ. Харин 149 тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч Г К ХХК нь УБ М ХХК-д арматур худалдан авсны төлбөрт шилжүүлэхээр гэрээ байгуулсан, тухайн орон сууцны өмчлөх эрхийн талаархи маргааныг өөр шүүх хянан хэлэлцэж байгаа нь тогтоогдсон тул  шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэн, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. 96 тоот 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой гэрээний үүргийг биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч маргаагүй, шүүх уг шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00269 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 721 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.430.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ