Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 147

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0147

Улаанбаатар хот

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: Б.Ч.

Нэхэмжлэгч: Ч.М.

Нэхэмжлэгч: Ч.Б.

Хариуцагч: НЗД,

Хариуцагч: НГЗБА,

Хариуцагч: ХБХГ,

Хариуцагч: “НЗТХ” ОНӨААТҮГ

Нэхэмжлэлийн шаардлага: “ХБХГын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09/345 тоот албан хариу, НЗДын Тамгын газрын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07/587 тоот албан хариу, НГЗБАны 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01-04/540 тоот албан хариунд дурдсан нэхэмжлэгч нарт газар өмчлүүлэх шийдвэр гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, ******* зусланд нэхэмжлэгч иргэдийн одоогийн эзэмшлийн буюу Б.Чд 700 м.кв, Ч.Мд 636 м.кв, Ч.Бад 624 м.кв газрыг тус бүр өмчлүүлэх тухай захиргааны акт гаргахыг НЗДд даалгах”

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Т, хариуцагч НЗД болон ХБХГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, хариуцагч “НЗТХ” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс анх тус шүүхэд хандан “НЗД, НГА, НХТЕТний газрын тус бүрийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 25 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 101 дүгээр тогтоолоор батлагдсан зуслангийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулан бидний эзэмшил газрыг хэвээр үлдээж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулан шийдвэрлүүлэхийг хариуцагч захиргааны байгууллагуудад даалгах, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, ******* зусланд нэхэмжлэгчдийн одоогийн эзэмшлийн буюу Б.Чд 700 м.кв, Ч.Мд 636 м.кв, Ч.Бад 624 м.кв талбай бүхий газрыг тус бүр өмчлүүлэх тухай захиргааны акт гаргахыг НЗДд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас Зуслангийн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэхээр тогтоосон хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн эс үйлдэхү нь хууль бус байсан болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, ******* зусланд нэхэмжлэгч иргэдийн одоогийн эзэмшлийн буюу Б.Чд 700 м.кв, Ч.Мд 636 м.кв, Ч.Бад 624 м.кв  газрыг тус бүр өмчлүүлэх тухай захиргааны акт гаргахыг НЗДд даалгах” гэж багасган тодорхойлсон.

Гэвч ХБХГ нэхэмжлэгч нарын гаргасан хүсэлтэд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09/345 тоот албан бичгээр “Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” баримт бичиг батлагдсантай холбогдуулан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийхээр тусгагдсан тул газар өмчлүүлэх талаар шийдвэр гаргуулах, шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг ирүүлсэн.

Түүнчлэн НЗДын Тамгын газар 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07/587 тоот албан бичгээр НГЗБА 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01-04/540 тоот албан бичгээр тус тус “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж, 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр шийдвэрлэгдсэн талаар дурдаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Зуслангийн ерөнхий төлөвлөгөө, 2014 оны 101 дүгээр тогтоолоор батлагдсан хаягийн зурагт авто зам, дугуйн болон явган хүний зам байхаар төлөвлөгдсөн байгааг үндэслэн нэхэмжлэгч нарын газарт төлөвлөгдсөн замын зураглалыг Нийслэлийн Газрын нэгдсэн мэдээллийн сангаас хасуулах, иргэдэд газар өмчлүүлэх шийдвэр гаргах боломжгүй” гэх хариуг өгсөн.

НЗДын ажлын албаны байгууллагуудын газар өмчлүүлэх шийдвэр гаргахаас татгалзсан шийдвэр нь нэхэмжлэгч нарын Монгол Улсын Үндсэн Хуулиар олгогдсон өмчлөх эрх, Газар өмчлүүлэх тухай хуульд заасан иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү.

Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд хүний аюулгүй байдал, байгаль экологи, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах,хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч этгээдийн эрх ашгийг тэгш хангах гэж заасан байдаг. Үүнийг 2012 оны 25 дугаар тогтоол, 2014 оны 101 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт заасан заалтыг хэрэгжүүлснээр Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан заалтуудыг давхар хэрэгжүүлж байгаа юм. Үүнийг бас зөрчиж байгаа юм.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн эрх хэмжээний асуудал бол иргэдэд газар өмчлүүлэх шийдвэр гаргах, иргэдийн хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй. НЗДын зүгээс иргэдэд өмчлүүлэх шийдвэр гаргахгүй байна гэвэл 2012 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар тогтоолоор батлагдсан зуслангийн ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 101 дүгээр тогтоолоор батлагдсан тухайн иргэдийн газар давхцаж, дугуй болон явган хүний зам байхаар төлөвлөгдсөн байгааг үндэслэн НЗДын Тамгын газар, түүний хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч иргэдийн газрыг өмчлөх боломжгүй гэж удаа дараа шийдвэр гаргаж, хариу өгч байсан. Энэ талаар нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 3 дугаар сард гаргасан. Өнгөрсөн хугацаанд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах болон хэргийн газрын үзлэг хийсэн. Эдгээр нөхцөл байдлуудаас зуслангийн ерөнхий төлөвлөгөөний анх байгуулагдсан гэрээ, ажлын даалгавар, хавсралт зэрэг баримтуудаар Зуслангийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа нь Улсын Их хурлын 2002 оны тогтоолоор Улсын Их хурлын 2013 оны тогтоолоос өмнө Монгол Улсын Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 он хүртэлх төлөвлөгөөний ажлын зураг тухайн үед хийгдсэн. Энэ захиргааны актын хэрэгжих хугацаа нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэгэнт 2020 он хүртэлх хугацаанд хийгдэж дуусах ёстой ажлын төлөвлөлт байсан гэж үзэж байна. Энэ төлөвлөлтийн хугацаа дууссан учир Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар захиргааны актын хэрэгжих хугацаа дууссан. Энэ байдлаар НЗДас иргэдэд газар өмчлүүлэхээс татгалзсан нөхцөл байдал арилсан гэж үзэж байна. Энэ үндэслэлээр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, зөвхөн НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандаж иргэдэд газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү гэсэн. Дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан НЗДас ийм шийдвэр гаргуулахаар даалгахыг хүсэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах буюу НЗДын эс үйлдэхүй, аль эсхүл хууль бус үйлдэл байсан талаар тодруулга хийж өгнө үү гэсэн байдлаар шүүхээс тодруулах даалгавар ирсэн. Шүүхээс  тавьсан шаардлагын дагуу бид 2012 оны 25 дугаар тогтоол, 2014 оны 101 дүгээр тогтоол тус бүрийн 2 дахь заалт. Зуслангийн ерөнхий төлөвлөгөөний дагуу зуслан тус бүрийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийх, Зуслан тус бүрийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх, иргэдийн газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаа хийгдээгүй байна. Ийм байдлаар бид НЗДын эс үйлдэхүй буюу өөрөөр хэлбэл 2012 оны 25 дугаар болон 2014 оны 101 дүгээр тогтоол тус бүрийн 2 дахь заалтад НЗДд үүрэг болгосон эдгээр заалтууд нь огт хэрэгжээгүй. Огт хэрэгжээгүй гэдэг нь захиргааны байгууллагууд тус шүүхэд хариуцагчаар татагдан, удаа дараагийн хариу тайлбарт нь байгаа. Өнөөдрийн байдлаар захиргааны байгууллагад иргэд өөрсдөө очиж, хүсэлт, саналаа гаргахад “энэ зураг төсөл хэрэгжихгүй дээ, 10 жилийн дараа ч хэрэгжихгүй. Та амар тайван  байвал яасан юм бэ?” гэж хариу өгч байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон тодотгол хийгдээгүй. Энэ зураг төсөл хэрэгжих ажиллагаа ч хийгдэж эхлээгүй. Иргэдийн эзэмшиж байгаа газарт зам барилга, ерөнхий төлөвлөлтийг хийхдээ иргэдийн эзэмшил газрыг нь хэвээр үлдээх тухай анхны ажлын даалгавар байна. Ажлын даалгаврыг НЗТХгээс зөрчиж хийгдсэн байсан. Тийм учир бид Зураг төслийн ерөнхий автор гэсэн утгаараа НЗТХ, Нийслэлийн ХБХГыг хариуцагчаар татсан. Тэдгээрийн шүүхэд ирүүлсэн тайлбараас харахад хэрвээ нэгэнт аж ахуйн тооцоотой болж, бусад байгууллагуудтай гэрээгээр ажилладгийн НЗД болон Нийслэлийн ХБХГаас үүрэг даалгавар өгч, гэрээ хийгдвэл энэ зуслангийн ерөнхий төлөвлөгөөг тухайлсан иргэдийн газар дээр баригдахаар төлөвлөсөн зам, авто зам, дугуйн зам, явган хүний замыг шийдвэрлэж болно гэдэг эерэг хандлага үзүүлсэн. Өнөөдрийн НЗТХгээс ирүүлсэн хариу тайлбар дээр ч гэсэн яг энэ хандлага чиглэлээ баримталж, бичгээр ирүүлсэн. Бидний гол шаардлага бол 2012 онд хийгдсэн зураг төслийн ажил, 2011 онд хийгдсэн зураг төслийн зуслангийн ерөнхий төлөвлөгөө батлагдсан 2012 он. 2014 онд хаягийн зургийн баталгаажилт хийгдсэн. Энэ өнгөрсөн 8 жилд хэдийгээр НЗД, түүний ажлын албанаас энэ зураг төслийн дагуу ажил хийгдээгүй гэдэг байдлаар 2016 оноос иргэд өргөдөл гомдлоо гаргаж явсан байхад энэ ерөнхий төлөвлөгөөний тодотгол гэх мэтчилэн иргэдийн эзэмшил газрыг аль болох хэвээр нь үлдээх ажлын даалгаврын гэрээнд заагдсан үүрэг зөрчигдсөн энэ асуудлыг захиргааны байгууллага аль аль нь авч үзэхгүйгээр зөвхөн зуслангийн ерөнхий төлөвлөгөө батлагдсан, түүнд ингэж тусгагдсан гэдэг ерөнхий төлөвлөлтийн зураг төслийг харуулж, иргэдэд өмчлүүлэхээс татгалзсан энэ үйлдэл нь эс үйлдэхүй юм. Нэгэнт зураг төслийн хэрэгжих хугацаа өнгөрсөн байна. Ийм учраас захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар захиргааны актын биелэгдэх хугацаа дууссан өөрөөр хэлбэл иргэдэд газар өмчлүүлэхээс татгалзсан нөхцөл байдал арилсан гэж үзэж нэхэмжлэгч нарын итгэмжлэлийг авсны үндсэн дээр НЗД, Нийслэлийн ХБХГ, НГЗБАнд тус бүр нь хүсэлт явуулсан. Ингэхэд Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөг 2030 он хүртэлх хугацаагаар хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хөгжлийн чиг хандлага гэж байгаа юм. Тухайн баримт бичиг батлагдсантай холбоотойгоор зуслангийн ерөнхий төлөвлөгөөний үйл явц цаашид хэрэгжих нь гэсэн үндэслэлээр хариу ирүүлсэн. Тийм учир бид энэ гурван байгууллагын албан бичгийг эрх бүхий байгууллагаас гарч байгаа сөрөг хандлага бүхий захиргааны акт, шийдвэр гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл өмчлүүлэхээс татгалзаж байна. татгалзаж байгаа үндэслэл нь 2013 оны Монгол Улсын Их Хурлын тогтоол, 2030 он хүртэлх Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага гэсэн баримт бичиг гэсэн эдгээр баримт бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 76 дугаар зүйлд заасан төлөвлөлт. Захиргааны байгууллагын төлөвлөлт нь  Захиргааны ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.6-д заасан тухайн орон нутгийн зам байгууламж, нийтийн эзэмшлийн байгууламжийг байгуулах, нураах, буулгах, өөрчлөхтэй холбоотой төлөвлөлтийг хийлгэсэн. Өнөөдрийн байдлаар цаг хугацаа нь дууссан 2020 он хүртэл гэхээр 2020 оноос хойш ямар нэгэн байдлаар батлагдсан төлөвлөлт хийгдсэн гэдэг нотлох баримт шүүхэд ирээгүй.

Төлөвлөлт хийхийн тулд түүний сонсох ажиллагаа хийх ёстой. Яг л захиргааны актын үйл ажиллагаа хийгдээд төлөвлөлт батлагдсан байх ёстой. 2000 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ХБХГаас өгсөн албан хариу, Засаг даргын тамгын газрын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, НГЗБАны 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хоёр албан бичигт төлөвлөлт явагдаагүй, сонсох ажиллагаа хийгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар цаг хугацаа нь дуусгавар болж хэрэгжих хугацаа нь өнгөрсөн асуудлаар өмчлүүлэхээс татгалзаж байгаа нь хууль бус юм. Тиймээс шүүхээс хууль бус болохыг нь тогтоож өгнө үү.

Хоёр дахь нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл бол Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх эрхийг олгосон. Тухайн эрхийг олгохдоо ямарваа нэгэн хориг саад, өмчлүүлэхэд хязгаарлалт тавихыг хориглоно гэсэн. Үүн дээр хязгаарлалт тавихыг хориглоно гэсэн асуудлыг бид шүүхийн газрын үзлэг дээр хариуцагч нар байсан. Иргэн Б.Чын нэг хашаанд хоёр байшин байгаа. Хоёр байшингийн нэг болох н.Ижилмөрөнгийн байшинд өмчлүүлэх эрх олгочихсон. Хаягийн бүртгэл хийгдээд, яг тэр 5 метрийн зайтай байшинд өмчлүүлэх эрх олгохгүй байна. Иргэдийн Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан адил тэгш эрхтэй байх, ямар нэгэн байдлаар ялгаварлахгүй байх, Газар өмчлүүлэх тухай хуульд заагдсанаар өмчлүүлэхгүй байх өнөөдрийн нөхцөл байдал арилсан байхад 2013 оны Монгол Улсын Их Хурлын тогтоолыг 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага гэсэн баримт бичиг гэж байна. Иргэдэд тухайлан хүрч байгаа юм уу? Төлөвлөлт хийгдээд сонсох ажиллагаа хийгдээгүй, санал аваагүй байж эдгээр хүмүүст дахин татгалзсан хариуг өгсөн нь энэ асуудлыг шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэх хүсэл зоригтой юм байна гэдгийг ойлгосон. Эвийн журмаар асуудлыг шийдвэрлэе гэсэн боловч эрх мэдэл хүрэхгүй байгаа бөгөөд мөн Улсын Их Хурлын тогтоол гарсан байгаа юм байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зүгээс хүсэхэд яг нэхэмжлэлийн шаардлагын дагуу эдгээр гурван иргэн газар өмчлүүлэх тухай шийдвэрийг нэхэмжлэлийн дагуу хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч НЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Зуслангийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 25 дугаар тогтоолоор ******* зуслангийн ерөнхий төлөвлөгөөг баталсан бөгөөд тус тогтоолын 2 дугаар зүйлд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлэх ажлыг хуульд нийцүлэн зохион байгуулахыг НЗДд даалгасан байна.

Уг тогтоолын хэрэгжилтийг хангуулан НЗДас 2014 оны 01/2128 дугаар албан бичгээр хаягийн зургийн талаар саналыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “Хаягийн зураг батлах тухай” 101 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны ******* хаягийн зургийг баталсан.

Тус тогтоолын 2 дугаар зүйлд хаягийн зургийн дагуу зуслангийн бүсэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулахыг НЗДд үүрэг болгосон бөгөөд дээрх нэхэмжлэгч иргэдээс газар өмчлөх тухай хүсэлт гаргасан газар нь хаягийн зурагт авто зам, явган зам байхаар төлөвлөгдсөн байх тул уг төлөвлөлтөд орсон хэсгээр өмчлүүлэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч НЗД болон ХБХГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний хугацаа дуусан талаар ярьж байна. Манай зүгээс нэхэмжлэгч талд тодорхой хариу өгсөн. 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө нь Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэлх хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага буюу Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хуульчлан баталсан. Маргаан бүхий газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 25 дугаар тогтоолоор ерөнхий төлөвлөгөөг баталснаар хэрэгжиж эхэлсэн. ******* ерөнхий төлөвлөгөө нь өмнө ч хэлж байснаар хэрвээ тодотгол мөнгө нь тавигдаад, цааш хэрэгжүүлэх тохиолдолд нэхэмжлэл гаргаж байгаа иргэдийн асуудлыг тухайн үед шийдэх боломж байна. Гэхдээ хэзээ хийгдэх нь яг одоогоор бол тодорхойгүй байгаа учир тодотгол хийх хүртэлх хугацаа болтол түр хүлээгээч ээ гэсэн хариуг нэхэмжлэгч талд өгсөн. Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид газрын үзлэгийг очиж үзсэн. Яг энэ иргэдийн газар нь хамгийн буланд байгаа газар. Ерөнхий төлөвлөгөөнд туссан дугуйн зам хэрэгтэй юм уу? гэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 80 дугаар зүйл дээр төлөвлөлтийг өөрчлөх гэж заасан. Төлөвлөгөөг эцэслэн батлахаас өмнө өөрчлөлт оруулбал сонсох ажиллагааг дахин явуулна. Эсхүл 80 дугаар зүйлийн 80.2-т зааснаар “Нийтийн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр өөрчлөлт оруулах тохиолдолд сонсох ажиллагаа дахин явуулахыг шаардахгүй.” гэж заасан. Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлсэн цаг хугацаа нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байна. Тиймээс өмнө нь гарсан ерөнхий төлөвлөгөөн дээр сонсох ажиллагаа хийгээгүй гэж байгаа нь үндэслэлгүй боловч тодотгол хийх тохиолдолд сонсох ажиллагааг хийх байсан юм. Хууль зөрчсөн үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна“ гэж заасан. Хууль ёсны бөгөөд харин үндэслэл бүхий байна гэдэг дээр жоохон тиймэрхүү байна. Нэхэмжлэгчийн ярьж байгаа Үндсэн хуульд эрх тэгш гэж заасан байхад нэг хашаанд хоёр айл байхад нэгэнд нь өмчлүүлчихээд нөгөөд нь өмчлүүлэхгүй байгаа энэ үйлдэл нь хууль бус байна гэсэн агуулга яригдаж байна. Газар дээр нь очиж бүгд үзсэн. Энэ газар шаардлагагүй юм байна, тухайн газрыг нь өгчихье гэсэн боловч ерөнхий төлөвлөгөө нь нэгэнт батлагдаад цаашид хэрэгжихээр 2030, 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнүүд батлагдаад байгаа учир цаг хугацааны асуудлаар 2020 онд дуусч байна гэж хэлэх нь учир дутагдалтай байна. Тийм учраас үүнийг шүүх харгалзан үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хэсгийг анхаарах нь зүйтэй байх. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэв.

Хариуцагч НГЗБАны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны ******* аманд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжаар иргэн Ч.Бад 624 м.кв газрын зуслангийн зориулалтаар, 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 281 дүгээр захирамжаар 700 м.кв газрыг иргэн Б.Чд, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/494 дүгээр захирамжаар 636 м.кв газрыг иргэн Ч.Мд тус тус 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

Тухайн иргэдийн эзэмшлийн газарт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “Хаягийн зураг батлах тухай” 101 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны ******* хаягийн зургийг баталсан байх тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох” гэж заасны дагуу тус тогтоолыг зөрчиж газар өмчлөн авах иргэний асуудлыг шийдвэрлүүлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын 2 дахь хэсэгт заасан хаягийн зурагт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг тухай бүр хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх үүргээ биелүүлээгүй хэмээн маргаж байх боловч иргэдийн гомдол, санал тухай бүрт хариуг ирүүлж, улмаар “НЗТХ” ОНӨААТҮГ, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандан уг иргэдийн газар өмчлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар албан бичиг хүргүүлж байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасантай нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч “НЗТХ” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн зургийг албан хэрэгт зурсан ч гэсэн одоо яг тухайн хэсэг дээр нь зураад өөрчлөх гэхээр боломжгүй байна. Төлөвлөгөө нь ерөнхийдөө батлагдчихсан. Үүн дээр хэсэгчилсэн төлөвлөгөө гарах ёстой. Хэсэгчилсэн төлөвлөгөө хийгдээгүй. Хэсэгчилсэн төлөвлөгөө хийгдсэн тохиолдолд тэр оршин суугчтай зөвшилцөх ёстой байдаг. Энэ нь аль ч зуслангийн аманд хийгдээгүй. Хийгдэх зүйл яригдаж байгаа. 2020 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хөгжлийн хандлагын хувьд гэвэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дуусчихсан гэж үзэж болохгүй . Яагаад гэвэл дуусч байгаа учраас үүнд тодотгол хийж, 2030 он хүртэл хөгжүүлнэ гэж Монгол Улсын Их Хурлаар батлагдсан. Манай байгууллагын байр суурь шийдвэр гаргах эрхгүй. Бид ч гэсэн маргаан бүхий газар очиж үзсэн. Болдог бол эрх бүхий байгууллагаас шийдвэр ирсэн тохиолдолд тэрүүхэн тэнд нь зурчихмаар байгаа юм. Ерөнхий төлөвлөгөө бол бүгд том байдаг. Гэтэл тэр ******* амны нэхэмжлэгч нарын хэсэгхэн газарт нь нөхцөл байдалтай тохируулан Засаг дарга, эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр, эс үйлдэхүй нь хууль зөрчсөн байна, хууль зөрчсөн гэдэг нь ингэж нотлогдож байна, эрх ашиг нь зөрчигдсөн хүмүүс нэхэмжлэл гаргаад ингэж явж байгаа нь үндэслэл болоод тэрүүхэн хэсэг газарт нь жижиг хэмжээний тодотгол хийх боломж байдаг бол тийм шийдвэр гарсан тохиолдолд шат шатаар нь хэрэгжүүлээд явахад, манайд зураг нь ирэхэд тэрүүхэн хэсэг газарт нь жижиг хэсэгчилсэн төлөвлөгөө хийгээд явах боломж байгаа. НЗД болон холбогдох байгууллагаас ирүүлсэн албан бичигтэй танилцахад 2020 онд зуслангийн ерөнхий төлөвлөгөөнд  хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүд хийгдэнэ гэж бодлогын бичиг баримтад нь тусгагдчихсан байсан. Тэр талаар нь нарийн шийдвэр байхгүй учир албан бичигт нь тусгаж өгөөгүй байх шиг байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч, Ч.М, Ч.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б анх тус шүүхэд хандан Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын тус бүрийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 25 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 101 дүгээр тогтоолоор батлагдсан зуслангийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулан бидний эзэмшил газрыг хэвээр үлдээж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулан шийдвэрлүүлэхийг хариуцагч захиргааны байгууллагуудад даалгах, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, ******* зусланд нэхэмжлэгчдийн одоогийн эзэмшлийн буюу Б.Чд 700 м.кв, Ч.Мд 636 м.кв, Ч.Бад 624 м.кв талбай бүхий газрыг тус бүр өмчлүүлэх тухай захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газрыг өмчлүүлэхээс татгалзсан хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, ******* зусланд нэхэмжлэгч иргэдийн одоогийн эзэмшиж буй /Б.Чд 700 м.кв, Ч.Мд 636 м.кв, Ч.Бад 624 м.кв/ газрыг өмчлүүлэх тухай захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах хэмээн тодорхойлсныг шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхээс хийсэн үзлэг зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, ******* аманд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ч.Б 624 м.кв газрыг, 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 281 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.Ч 700 м.кв газрыг, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/494 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ч.М 636 м.кв газрыг тус тус зуслангийн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болжээ.

2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Зуслангийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 25 дугаар тогтоолоор ******* зуслангийн ерөнхий төлөвлөгөөг баталж, уг ерөнхий төлөвлөгөөний үндсэн дээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлэх ажлыг хуульд нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгажээ.

Улмаар Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэлх хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага буюу Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хуульчлан баталсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргаас 2014 оны 01/2128 дугаар албан бичгээр хаягийн зургийн талаарх саналыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Хаягийн зураг батлах тухай 101 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны ******* хаягийн зургийг баталж, тогтоолын 2 дугаар зүйлд хаягийн зургийн дагуу зуслангийн бүсэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон.

3. Нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг даргад хандан удаа дараа газар өмчлөх хүсэлт гаргасныг Нийслэлийн Засаг даргын зүгээс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох гэж заасан тул тогтоолыг зөрчиж газар өмчлүүлэх боломжгүй хэмээн татгалзаж шийдвэрлэж байжээ.

Үүнтэй холбогдуулан маргаан бүхий үйл баримттай холбогдуулан шүүхээс хийсэн үзлэг, хэргийн оролцогчдын тайлбар, шүүхээс нотлох баримтыг цуглуулах чиг үүргийнхээ хүрээнд цуглуулсан зуслангийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын даалгавар, гэрээ, хавсралт зэрэг баримтуудаар, захиалагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд өгсөн зуслангийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн ажлын даалгаварт ...Иргэдийн эзэмшиж байгаа газарт зам барилга, ерөнхий төлөвлөлтийг хийхдээ иргэдийн эзэмшил газрыг нь хэвээр үлдээх тухай тусгасан байхад Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээс ажлын даалгаврыг зөрчиж нэхэмжлэгчдийн эзэмшиж буй газартай давхцуулан дугуй болон явган хүний зам байхаар төлөвлөсөн. Үүний улмаас ажлын даалгавар зөрчигдсөн зураг төсөл боловсрогдож, уг төлөвлөлт бүхий зураг төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Хаягийн зураг батлах тухай 101 дүгээр тогтоолын хавсралтаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, ******* хаягийн зураг нэршлээр баталжээ.

Улмаар нэхэмжлэгч нарын зүгээс эл асуудлаар хариуцагч нарт хандан зуслангийн хэсэгчилсэн төлөвлөгөөний зураг төсөлд холбогдох өөрчлөлтийг оруулах хүсэлтийг удаа дараа гаргасныг хариуцагч нар болох Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07/587 болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01-04/540 зэрэг албан бичгүүдээр тус тус Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж, 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр шийдвэрлэгдсэн талаар дурдаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Зуслангийн ерөнхий төлөвлөгөө, 2014 оны 101 дүгээр тогтоолоор батлагдсан хаягийн зурагт авто зам, дугуйн болон явган хүний зам байхаар төлөвлөгдсөн байгааг үндэслэн нэхэмжлэгч нарын газарт төлөвлөгдсөн замын зураглалыг Нийслэлийн Газрын нэгдсэн мэдээллийн сангаас хасуулах, иргэдэд газар өмчлүүлэх шийдвэр гаргах боломжгүй гэх хариуг өгч, өөрсдийн хууль бус үйл ажиллагааг хаацайлж байгаа нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр, нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газрыг өмчлүүлэхээс татгалзсан хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б.Ч, Ч.М, Ч.Б нарт газар өмчлүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Үүнтэй холбогдуулан, хариуцагч Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад Батлагдсан төлөвлөгөөнд тулгуурлан зуслангийн хэсэгчилсэн төлөвлөгөө хийгдэх ёстой ч хийгдээгүй. Хэсэгчилсэн төлөвлөгөө хийгдсэн тохиолдолд тэр оршин суугчтай зөвшилцөх ёстой байдаг. Нэхэмжлэгч нарын хэсэгхэн газарт нь жижиг хэмжээний тодотгол хийх боломжтой хэмээн хэлснийг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Ч, Ч.М, Ч.Б нараас гаргасан газар өмчлөх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б.Ч, Ч.М, Ч.Б нарт газар өмчлүүлэх эсэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М