Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0119 |
Огноо | 2014-03-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2014/0119
Д.Г нарын 9 иргэн
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Д.Г, Б.И, Ц.Т, Б.М, Б.Х, О.М, Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ж нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 499 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Г нарын 9 иргэний нэхэмжлэлтэй, ШӨХТГазрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г, Б.И, Ц.Т, Б.М, Б.Х, Т.М, О.М, Ж.С, Д.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2013.5.22-ны өдрийн 88 тоот тушаалыг хүчингүй болгох, хууль бусаар халагдсан хугацааны цалин, урамшуулал, нэмэгдлийг хуульд заасны дагуу олгуулах, нийгмийн даатгалын хураамж болон татварыг төлүүлэх, тухайн ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү" гэжээ.
Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нар нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчсөн, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, ёс зүйн зөрчил гаргасан, ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй хүмүүсийг цаашид төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах шаардлагагүй гэж үзэн холбогдох шийдвэрийг гаргасан бөгөөд энэхүү шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн, үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2013 оны 05 сарын 22-ны өдрийн 88 дугаар тушаалыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү" гэжээ.
Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 88 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.И, Ж.С нарыг урьд эрхэлж байсан Өрсөлдөөний зохицуулалтын хэлтсийн мэргэжилтний албан тушаалд, Д.Гийг Зар сурталчилгааны зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд, Т.М, Д.М нарыг Зар сурталчилгааны зохицуулалтын хэлтсийн мэргэжилтний албан тушаалд, Ц.Т, Б.Х, Б.М, О.М нарыг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн мэргэжилтний албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Жархынбек би Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх (хуучнаар нийслэлийн захиргааны хэргийн шүүх)-ийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 499 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсгийг үндэслэн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 88 дугаарыг тушаалыг хүчингүй болгож, Д.Г, Т.М, Д.М, Б.М, Ц.Т, Б.Х, О.М, Б.И, Ж.С нарыг урьд нь эрхэлж байсан албан тушаалд тус тус эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны хөдөлмөрийн хөлстэй тэнцэх олговрыг олгуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр тус тус шийдвэрлэснийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна
1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хөдөлмөрийн дотоод журамд ажлын цаг, түүний ашиглалт, хариуцлагын талаар тодорхой заасан байдаг бөгөөд Д.Г, Т.М, Д.М, Б.М, Ц.Т, Б.Х, О.М, Б.И, Ж.С нар нь уг журмын 6.2-т "Ажилтан бүр ажилдаа ирэх, явахдаа цагийн бүртгэлд тэмдэглэл хийж, ажлын цагаар зайлшгүй шаардлагаар гадуур явахдаа нэгжийн даргаас зөвшөөрөл авч байна, Ажилдаа ирэх болон явах цагийн аль нэгийг бүртгүүлээгүй бол ажлын 4 цаг, ирэх болон явах цагийг аль алийг нь бүртгүүлээгүй бол ажлын нэг өдөр тасалсанд тооцно." гэж, 6.3-т "Сарын эцэст төрийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлж буй нэгжийн дарга цагийн бүртгэлийн сарын мэдээг нэгжийн дарга нартай тулган тодруулж, хүндэтгэн үзэх шалтгаангүй хожимдсон болон ажил тасалсан ажилтны цаг минутыг нэгтгэн үзэхэд тухайн сард 3 цаг хүртэл хугацаанд хожимдсон болон ажил тасалсан бол холбогдох сарын цалингаас хасах, түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан бол хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авна." гэж тус тус заасныг зөрчсөн бөгөөд зөрчлийг нэг бүрээр нь дурдвал. Үүнд:
Төрийн албан хаагч өглөө бүр 8 цагаас ажилдаа ирж иргэдэд үйлчлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ удаа биелүүлээгүй болох нь цаг бүртгэлийн мэдээгээр нотлогдсон байдаг. Нэхэмжлэгч нарын зүгээс ч маргаагүй байхад шүүх ажлын цагийн бүртгэлийн мэдээг нотлох баримт гэж үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан нь Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасныг зөрчсөн.
2. Б.Х, О.М, Б.И, Ж.С, Т.М, Ц.Т нар нь иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлуудыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, Б.М нь байгууллагыг төлөөлөн 2013 оны 4 сард Польш улсын Варшав хотод болсон Олон Улсын өрсөлдөөний сүлжээ /1С1М/ байгууллагын хуралд оролцохдоо албан үүргээ биелүүлээгүй буюу холбогдох хуралдаанд оролцоогүй, илтгэлээ тавиагүй, Д.М нь албан үүргээ гүйцэтгэн хяналт шалгалт хийж байхдаа "Оллоо" ХК-ийн ажилтнуудтай зүй бус харьцаж, тэднийг төрийн албан, улсын байцаагчийн албан тушаалаар далайлган сүрдүүлсэн, дарамталсан талаар уг компаниас амаар болон бичгээр гомдол ирсэн, Д.Гнь албан үүргээ гүйцэтгэн хяналт шалгалт хийж байхдаа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны иргэн Н.Буянчимэгтэй зүй бус харьцаж доромжилсон талаар тухайн иргэнээс гомдол ирсэн зэрэг зөрчлүүдийг гаргаж, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн болох нь тогтоогдсон байдаг бөгөөд 9 албан хаагчийн зөрчил тус бүрт нь шүүхээс хууль зүйн үндэслэлтэйгээр дүгнэлт хийгээгүй байна.
Улсын дээд шүүхийн төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 08 дугаарт тогтоолын 7 дугаар зүйлд хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан "...хангалтгүй биелүүлсэн..." гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно гэж заасныг үндэслэл болгож, өргөдөл гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, ажилдаа цагтаа ирэх үүргээ удаа дараа биелүүлээгүй зэргийг шүүх үнэлээгүй болно.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх (хуучнаар нийслэлийн захиргааны хэргийн шүүх)-ийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 499 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхийн /хуучнаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх/ /цаашид шүүх гэнэ/ 2013.11.20-ны өдрийн 499 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Жархынбекын 2014.01,13-ны өдөр гаргасан давж заалдах гомдолд дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Жархынбек 2 зүйлийг давж заалдах гомдолдоо дурдсан байх тул тэдгээрт хариу тайлбар хүргүүллээ. Үүнд:
1-рт "...Д.Г, Т.М, Д.М, Б.М, Ц.Т, Б.Х, О.М, Б.И, Ж.С нар нь ажлын цагаас хожимдсон, тасалж хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэж буруутгаж, үүнтэй холбогдуулан ажилчдын цаг бүртгэлийн мэдээг ногтлох баримт болгон өгсөн боловч шүүх хуралдааны явцад тухайн нотлох баримтыг үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,1-д "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж заасныг зөрчсөн" гэсэн байна.
Хариуцагчийн "..шүүх үнэлсэнгүй" гэж үзээд байгаа цагийн бүртгэлийн мэдээг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримт болох 2013.06.26-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн 130 дугаар тогтоол, Маргаан хянан шалгах комиссын дүгнэлт, 2013.06.24-ны өдрийн 7/8 тоот Төрийн албаны зөвлөлийн бичиг, Б.Х, О.М, Ц.Т, Б.И, Д.Г, Т.М, Д.М, Ж.С, Б.М нарын нийгмийн даатгалын дэвтэр, 2013.01,23-ны өдрөөс 2013.05.21-ны өдөр хүртэлх цалингийн цэс зэргийг шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлэхэд бусад нотлох баримтуудаар цаг бүртгэлийн мэдээ нь няцаагдсан болох талаар шийдвэртээ маш тодорхой дурдсан болно.
Түүнчлэн шүүх хуралдааны явцад ажлын цаг бүртгэл, цаг ашиглалттай холбоотой асуудлыг илүү нарийвчлан шинжлэн, судлах зорилгоор цалингийн цэсийг хариуцагчаас нэмэлт нотлох баримт болгон гаргуулан авч харьцуулан судалсан байдаг.
Түүнчлэн 2013 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудад бид бүхэн ажил тасалсан, бид бүхнийг ажил тасалсан гэж үзэж байсан бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хөдөлмөрийн дотоод журмын 6.3-т "Сарын эцэст төрийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлж буй нэгжийн дарга цагийн бүртгэлийн сарын мэдээг нэгжийн дарга нартай тулган тодруулж, хүндэтгэн үзэх шалтгаангүй хожимдсон болон ажил тасалсан ажилтны цаг минутыг нэгтгэн үзэхэд тухайн сард 3 цаг хүртэл хугацаанд хожимдсон болон ажил тасалсан бол холбогдох сарын цалингаас хасах, түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан бол хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авна" гэж заасны дагуу тухай бүр нь арга хэмжээ авах байсан гэтэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа нь бид бүхнийг ажил таслаагүй гэдгийг баталж байгаа нотолгоо юм. Мөн шүүх хуралдааны үед шүүгчид уг асуудалтай холбогдуулан хариуцагч талаас "та бүхэн дотоод журмынхаа хүрээнд цаг бүртгэлийн мэдээг сар бүр гаргаж цалин боддог байх, ингэхдээ энэ хүмүүст тухайн сард та тэдэн цаг, минутын хоцролттой гарсан байна гэдэг асуудлыг тавьж байсан тохиолдол байгаа юу гэсэн асуулт тавихад сар бүр гаргадаг, хүмүүст нь хэлээгүй" гэсэн хариулт өгч байсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар "Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн бол ... сахилгын шийтгэл ногдуулж болохгүй" гэсэн хөөн хэлэлцэх хугацааг зөрчиж уг асуудалд гэнэтийн байдалтай хандаж байгаа нь биднийг заавал буруутгах гэсэн хэт нэг талыг барьсан үйлдэл хийж байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байсан юм. Хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн талаар шүүхийн шийдвэрт тодорхой дурдсан байгаа.
Хариуцагч зөвхөн цаг бүртгэлийн мэдээг хөдөлшгүй, туйлын үнэн нотлох баримт мэтээр үзэж шүүхийн тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлсэн бусад нотлох баримтуудыг үгүйсгэж байгаа нь, "нотлох баримт дараа дараагийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа тохиолдолд уг нотлох баримтын нотлох шинж багасдаг" болох тухай эрх зүйн үндсэн ойлголтыг үл харгалзан муйхарлан зүтгэж байгаа нь харамсалтай юм.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо "...өглөө бүр 8 цагаас ажилдаа ирж иргэдэд үйлчлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ удаа дараа биелүүлээгүй болох нь цаг бүртгэлийн мэдээгээр нотлогдсон. Нэхэмжлэгч нарын зүгээс ч маргаагүй байхад шүүх ажлын цаг бүртгэлийн мэдээг нотлох баримт гэж үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан" гэж бодит байдлыг илт гуйвуулж, гүжирдсэн зүйлийг дурдсан байна. Тодруулбал, шүүх хуралдааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад тухайн цаг бүртгэлийн мэдээг нэхэмжлэгч нарын зүгээс хүлээн зөвшөөрөх бус харин ч тус "цаг бүртгэлийн мэдээ" нь өөрөө нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар дурдаж, харин үүнийг шүүхээс үнэн бодит байдлаар дүгнэж, шийдвэрлэсэн гэж бид үзэж байна.
Тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ажлын цаг ашиглалттай холбоотой зохицуулалт байдаг бөгөөд хариуцагчийн тухайн тавьж буй асуудал нь өөрөө дотоод журмынхаа холбогдох заалтуудыг зөрчсөн, мөн бусад ажилчдын цаг бүртгэлтийн байдалтай харьцуулан үзэхэд шударга ёс, эрх тэгш байдал алдагдсан байгаа талаар мөн тодорхой авч хэлэлцсэн байдаг билээ.
Иймд нэхэмжлэгч бид Шүүх цаг бүртгэлтэй холбоотой нотлох баримтуудыг хуулийн хүрээнд бодитой үнэлж, гагцхүү өөрийн итгэл үнэмшлээр үнэн зөв шийдсэн, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй байна.
2-рт "Б.Х, О.М, Ц.Т, Б.И, Д.Г, Т.М, Д.М, Ж.С, Б.М нар нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдсон байдаг бөгөөд 9 албан хаагчийн зөрчил тус бүрд нь шүүхээс хууль зүйн үндэслэлтэйгээр дүгнэлт хийгээгүй байна" гэжээ.
Шүүх бидний 9 нэр бүхий нэхэмжлэгчийн хэргийг тус бүрт нь хуралдааны явцад тал бүрээс нь мэтгэлцэх зарчмаар багагүй хугацаанд ул суурьтай хэлэлцэж, шийдвэрлэсэн.
Ингэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд болох төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн байдал, Төрийн албаны зөвлөлөөс гаргасан тогтоол, дүгнэлт, албан бичиг болон бусад нотлох баримтыг үнэн зөв шинжлэн судалж, үнэлсний үндсэн дээр эдгээр албан хаагчид нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хуулийн хүрээнд бодитой шийдвэр гаргасан гэж бид үзэж байна.
Мөн Иргэдийн төлөөлөгчийн зүгээс ч "хариуцагч тал болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нь эдгээр нэр бүхий 9 хүнийг ямар ч баримт нотолгоогүйгээр буруутгасан, хүний эрхийг ноцтой зөрчин хохироож байна" гэж дүгнэсэн байдаг.
Бид бүхний хэн нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар "албан үүргээ хэрхэн хангалтгүй биелүүлсэн" нь тодорхой бус түүнийг шалгаж тогтоогоогүй, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйг зөрчсөн талаар тухайн байгууллагын ёс зүйн зөвлөлөөс дүгнэлт гараагүй, Засгийн газрын 1995 оны "Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 2.4-т "Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтооно7 энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй", Төрийн албаны тухай хуулийн 25, 26.4-д заасныг хариуцагч тал тус тус зөрчсөнийг анхан шатны шүүх тогтоосон.
Хариуцагч нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан заасан зөрчилд ногдуулж буй сахилгын шийтгэл эсэх, эсвэл албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн эсэхэд ногдуулж буй шийтгэл аль нь болохыг ялгаа заагтай авч үзээгүйтэй холбоотой Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 -д заасны дагуу "төрийн албанаас халах шийтгэл"-ийг шууд ногдуулсан нь тухайн зөрчил гэж үзэж буй шинж байдалтай нийцэхгүй байгаа болохыг шүүх хуралдааны явцад тодорхой авч хэлэлцсэн байдаг.
Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид Шүүхийг үл хүндэтгэсэн байдал удаа дараа гаргаж байсныг энд онцлон дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:
Бидний 9 хүн 2013.05.22 өдөр ажлаас халагдсанаас хойш даруй 8 сарын хугацаа өнгөрч байхад маргаан эцэслэн шийдэгдээгүй байгаа нь хариуцагчийн хариуцлагагүй, шүүхийг үл хүндэтгэх байдлаас үүдэлтэй юм.
Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 499 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 88 дугаар тушаалаар нэхэмжлэгч нарыг “ажлын цаг тасалсан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэдэг үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 -д заасныг үндэслэн төрийн албанаас халсан байх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх хэсгүүд нь хариуцагчид “хууль тогтоомжид заасны дагуу” албан хаагчийг төрийн албанаас халах эрх олгосон ерөнхий зохицуулалт бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 -д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн" бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халж болохоор зохицуулжээ.
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 88 дугаар тушаалын үндэслэл болсон “ажлын цаг тасалсан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн" гэх үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байхын зэрэгцээ энэ нь төрийн жинхэнэ албан хаагчдыг төрийн албанаас халах “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэдэг үндэслэлд хамаарахгүй байна.
Ажлын цаг тасалсан гэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч 9 албан хаагчдын ажлын цаг тасалсан тухай асуудлаар анхан шатны шүүхээс энэ талаар хийсэн дүгнэлт үндэстэй, дээрх хурууны хээний бүртгэлийн төхөөрөмжөөр тооцоолон гаргасан баримт нь дангаараа ажлын цаг тасалсан гэдгийг нотлох баримт болохгүйн зэрэгцээ энэ нь тогтоогдсон тохиолдолд сахилгын зөрчлийн хувьд шалгагдаж шийдвэрлэгдвэл зохиох зүйл байх бөгөөд төрийн албан хаагчийг шууд ажлаас халах үндэслэл биш юм. Түүнчлэн хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарын нийгмийн даатгал дэвтрийн бичилтэд сахилгын шийтгэл ногдуулан хариуцлага тооцож, цалин хассан гэдэг нь тогтоогдохгүй байна.
Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч нар нь өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлдэггүй, хяналт шалгалтыг удирдамжид заасны дагуу хийдэггүй, ажилдаа хариуцлагагүй ханддаг тул хэлтсийн дарга нараас санал оруулж ирснээр ажлаас халах болсон гэж маргасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ” гэж заасан. Гэтэл хариуцагч нь 2012 онд нийт ажилчдын үр дүнгийн гэрээг дүгнээгүй атлаа нэхэмжлэгч нарыг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр ажлаас халсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.
Тухайлбал, нэхэмжлэгч Б.Мын тус байгууллагыг төлөөлөн 2013 оны 4 сард Польшын Варшав хотод болсон Олон улсын өрсөлдөөний сүлжээ /1С1Ч/ байгууллагын хуралд оролцохдоо албан үүргээ биелүүлээгүй буюу холбогдох хуралдаанд оролцоогүй илтгэлээ тавиагүй талаар зохион байгуулагч талаас албан ёсны захидал ирсэн гэжээ. Гэтэл Б.М хуралд оролцсон байх бөгөөд холбогдох баримтуудаас дүгнэвэл илтгэл тавих эсэх нь түүнээс шалтгаалсан асуудал биш байна. Түүнчлэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын Хамтын ажиллагааны хэлтсийн даргад цахим шуудан явуулж Б.Мыг хуралд оролцоогүй талаар мэдэгдсэн Владимир гэгч нь тухайн Олон улсын өрсөлдөөний сүлжээ /1С1М/ гэх байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй, уг үйл ажиллагаанаас шалтгаалан тус байгууллагад сөрөг үр дагавар учирсан гэх үндэслэлийг нотлох баримтгүй байна.
Хариуцагч нэхэмжлэгч нарын албан үүргээ хэрхэн хангалтгүй биелүүлснийг шалгаж тогтоолгүй, нэхэмжлэгч нарт танилцуулалгүй, тайлбар хийх зэрэг эрхээр хангаагүй нь хууль бус байна.
Хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан “Улсын Дээд шүүх ... албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг тайлбарласныг үндэслэл болгож нотлох баримтыг үнэлсэнгүй” гэх үндэслэлийн тухайд:
Төрийн хяналт шалгалтын байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагын ажилтны хувьд нэхэмжлэгч нар тодорхой байгууллага, этгээдийн үйл ажиллагаа “хяналт шалгалт” хийж төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг байх бөгөөд энэхүү хяналт шалгалтад хамрагдсан иргэд, байгууллагуудаас тухайн хяналт, шалгалтын үйл ажиллагаатай холбогдуулан гомдол гаргах боломжтой бөгөөд гагцхүү тэдгээр гомдол үндэслэлтэй эсэх нь зохих журмын дагуу , шалгагдаж, тогтоогдсоны дараа зөрчлийн шинж байдалд тохирсон хариуцлагыг
хүлээлгэх журмыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан байдаг.
Иймд төрийн албан хаагчдын нэр дээр гомдол гарсныг төрийн албанаас халах үндэслэл болгох боломжгүй бөгөөд захиргааны байгууллага нэхэмжлэгч нарын гаргасан гэх зөрчил, дутагдлыг тухайн шалгаж тогтоосон зүйлгүй, нотлох баримтгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн “албан хаагчийн зөрчил тус бүр дээр дүгнэлт хийгээгүй” гэх гомдол үндэсгүй, анхан шатны шүүх энэ талаар тодорхой дүгнэлт хийсэн байна.
Анхан шатны шүүхээс эдгээр болон бусад асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.