Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/122

 

                                

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч С.Саранхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Сайнцогтын Саранхүүд холбогдох эрүүгийн 2221000000084 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг Баруун хотны гудамжны задгай тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт Сайнцогтын Саранхүү /РД: ЖЕ95012811/

Шүүгдэгч С.Саранхүү нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19 цагийн орчимд тус аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг “Баруун хотон” гэх газарт орших өөрийн гэртээ согтуугаар хутга, модыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн  Дорнод аймгийн Баяндун сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Алтаншагайг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хэл амаар доромжилж улмаар биед нь халдаж хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч С.Саранхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  Миний буруу. Би дахиж ийм алдаа гаргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.  

 

Хохирогч Б.Алтаншагай мөрдөн шалгах ажиллаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Дорнод аймгийн Баяндун сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг ...2022 оны 01 дүгээр сарын 29-ний орой 18 цагийн үед цагдаагийн хэсгийн байрны өрөөндөө ажлаа хийгээд байж байхад 18 цаг 37 минутанд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Солонго” хүнсний дэлгүүрийн худалдагч Солонго гэх эмэгтэй миний ... дугаарын утас руу залгаж мэдэгдэхдээ “манай дэлгүүрийн үйлчлэгч Одонцэцэг гэх эмэгтэйг гэрт нь түүний нөхөр Саранхүү нь зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна” гэсэн дуудлага мэдээллийг хүлээн авсан... би Мөнхбаатар гэх залуу манай цагдаагийн байрны гадаа явж байхаар нь дуудаж уулзаад “би нэг айл руу дуудлаганд явах гэж байна хамт яваад ирэх үү” гэхэд “за тэгье” гээд тэр үед нь би цагдаагийн хэсгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхбаярын эзэмшлийн Prius-20 маркийн 27-03 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад Мөнхбаатарын хамт дуудлага мэдээлэл өгсөн Баяндун сумын төвийн баруун хотхонд байх Саранхүү гэх айлын хашаанд орж машинтайгаа зогсоод машинаасаа буугаад уг айлын байшин руу Мөнхбаатар гэх залуутай хамт орсон. Ороход Одонцэцэг гэх эмэгтэй өөрийн 2 бага насны хүүхэдтэйгээ болон 1 дүүтэйгээ 4-лээ хамт байсан ба тэр Одонцэцэг ширээнийхээ хажууд сандал дээр суучихсан нүүрээ гараараа дараад арчиж байсан. Миний анх харснаар уйлсан шинжтэй мөн нүүрний дух хэсэгтээ цохиулсан шинжтэй овойж хавдсан байдалтай харагдаж байсан. Тэр үед нь би Одонцэцэг гэх эмэгтэйгээс юу болсон талаар асуухад “манай нөхөр Саранхүү нь өдөр Дашбалбар сумаас ирсэн хүмүүстэй нийлж архи ууж согтоод намайг зодож цохиод байна” гэж хэлсэн тэр үед Саранхүү гэх залуу хойд талын орон дээр хана руу харсан байдалтай хувцастайгаа унтаж байсан. Би Саранхүүг “босоорой” гээд сэрээхэд уг залуу сэрж тэр үед нь би “иргэнээс дуудлага ирүүлсэн хувцасаа өмсөөд дагаад яв” гэж хэлсэн. Улмаар Саранхүү дээлээ өмсөж байх үедээ намайг “чи муу пизда миний амьдралд оролцдог хэн бэ, чи ганц удаа зүгээр өнгөрөөчихөж болохгүй байна уу, муу пизда минь” гэж хэлсэн.  ... би Саранхүүд хандан “ярих юм байвал манай өрөөнд очоод ярилцъя, хувцасаа өмсчих явъя” гэхэд уг Саранхүү гэх залуу “чамд миний амьдрал ямар хамаатай юм” гэж хэлээд миний зүүн мөрний доод хэсэгт гараараа нэг удаа цохиж мөн миний нүүрний хоёр талын шанаа хэсэг рүү гараараа 2-3 удаа ээлжилж цохиж, хөл рүү нэг удаа өшиглөсөн. Би тэр үед Цагдаагийн албаны тухай хуулийн 23-р зүйлд зааснаар Саранхүүг уг гаргаж байгаа үйлдлээ цааш үргэлжлүүлэхгүй байх, таслан зогсоохоор шаардлага тавьсан. Тэр үед Саранхүү гэх залуу миний тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн учир би ... биеийн хүч хэрэглэж Саранхүү гэх залууг барьж аваад гаргаж байгаа үйлдлийг таслан зогсоохоор орон дээр нь дарсан. Тэр үед хамт явж байсан Мөнхбаатар гэх залууг “гараад машинаас гав аваад ир” гэж хэлээд явуулсан.     ... Саранхүү гэх залуу “намайг тавьчих, би чамайг дагаад явъя, дахиж ийм үйлдэл гаргахгүй, хоёулаа эр хүн шиг ярилцъя” гэж хэлэхэд нь би “за гадуур хувцасаа өмсчих, манай өрөөнд очоод хоёулаа ярилцъя” гэж хэлээд Саранхүүг би тавьсан. ... Саранхүү орон дээрээс босч дээлээ өмсөж байх үед Мөнхбаатар гэх залуу гаднаас орж ирээд “гав байхгүй байнаа” гэж хэлсэн. Тэр үед уг Саранхүү надад хандан “би чамайг ямар хүн гэдгийг чинь мэднээ, чи миний амьдралд оролцохгүй ганц удаа зүгээр өнгөрөөчихөж болохгүй байна уу” гэж хэлэхэд нь би “дээлээ өмсчих, манай өрөөнд очоод ярилцъя” гэж хэлэхэд Саранхүү миний толгой руу хоёр гараараа хоёр талаас ээлжлэн 5-6 удаа цохисон ... Саранхүүгийн үйлдлийг хориод барьж авахад биеэрээ цааш эргээд орныхоо хажууд байсан түлээний мод хийдэг савнаас нэг мод аваад цаанаасаа далайгаад эргээд хараад миний толгой, хүзүү, нуруу тус газарт 3-4 удаа цохиж, сүүлд нь уг модоо над руу шидсэн ба тэр үедээ надтай зууралдсан байснаа салсан. ... Саранхүүг бодохдоо энэ залуу эсэргүүцэл үзүүлэхээ болихгүй юм байна гэж бодоод машинаасаа гав бороохойгоо авах гээд гэрээс нь гарч явах тэр үед уг залуу пийшингийнхээ цаагуур тойроод шүүгээний шургуулганаас бор иштэй хутга аваад миний араас ирсэн. ... би машинаасаа гав бороохойгоо авах гээд хайхад байхгүй байсан ба тэр үедээ ажлынхаа өрөөнд үлдээснээ санаад байж байхад зүүн талын айлын хашаанд машинтай нэг хүн байхаар нь уг айл руу явж байхад Саранхүү гэрээсээ нөгөө хутгаа гартаа барьсан гарч ирээд машины хажууд зогсоод “чамайг алнаа” гээд орилж байсан... Саранхүү миний нэхэмжилсэн 188.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх хохирол байхгүй” гэжээ. /хх-ийн 24-29 тал/

Иргэний нэхэмжлэгч Э.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би хэсгийн төлөөлөгч Алтаншагайгаас хаалганы бариул яагаад хугарсан талаар асуухад Саранхүү нь согтуу агсам тавьж байгаад машины хаалганы бариулыг татаад хугалчихсан гэж хэлсэн. Би хугарсан ... бариулыг 30.000 төгрөгөөр үнэлнэ. Саранхүү надад 30.000 төгрөг өгсөн. Одоо Саранхүүгээс авлага байхгүй” гэжээ. /хх-ийн 33-34 тал/

Гэрч Т.Мөнхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 29-ний орой Баяндун сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Алтаншагайтай гудамжинд явж байгаад таарахад тэрээр “ баруун урд хотон руу айл руу явж байна,  ханиндаа яваад ирэх үү” гэхээр нь “тэгье” гээд түүний машинд нь суугаад хамтдаа сумын төвийн баруун урд захад байхад С.Саранхүү гэх айлын гадаа очоод би Б.Алтаншагайгийн хамт тус айл руу ороход гэрт нь эхнэр болох Б.Одонцэцэг бага насны 3 хүүхдийн хамтаар байсан бөгөөд эхнэр нь сандал дээр суугаад нүүрээ арчиж байсан, намайг харахад эхнэрийнх нь дух нь овойж хавдсан харагдсан, эхнэр нь биднийг ороход “манай нөхөр  Саранхүү өдөр  Дашбалбар сумаас ирсэн хүмүүстэй нийлж архи уугаад согтоод намайг зодсон” гэж хэлж байсан тул хэсгийн төлөөлөгч байшингийн хойд талын орон дээр унтаж байсан Саранхүү рүү дөхөж очоод сэрээхэд тэрээр босоод орон дээр суухад нь “гадуур хувцасаа өмсчих, ажил дээр очоод уулзъя” гэхэд Саранхүү нь дээлээ өмсөж байснаа гэнэт дээлээ тайлаад уурлаад “Миний амьдрал чамд хамаагүй, чамайг ална аа” гээд шууд Алтаншагайгийн нүүр рүү нь гараараа цохиод мөн хөлөөрөө түүний шилбэ хэсэг рүү өшиглөхөөр нь Алтаншагай түүний өөдөөс бариад авахаар нь би бас Саранхүүгийн араас нь тэвэрч аваад орон дээр дарахад Саранхүү Алтаншагайд хандан “За эр хүн шиг ярилцъя” гэхээр нь Алтаншагай түүнийг тавиад надад хандан “чи гараад машинаас гав аваад ир” гэхээр нь би гараад... ирэхэд тэр хоёр дахиад орон дээр барьцалдаж аваад Саранхүү Алтаншагайгийн нүүр рүү нь хэд хэдэн удаа хүчтэй цохиод авсан. Тэгэхээр нь би дахиж очиж Саранхүүг бариад авах үед Саранхүү түлээний хайрцагт байсан түлээний мод аваад хэсгийн төлөөлөгч рүү цохиод бас шидсэн. ...тэндээсээ цаашаа гал тогооны шүүгээ рүү очоод хутга аваад “чамайг одоо ална аа” гээд дайрахад нь Алтаншагай гэрээс гараад зугтсан, харин түүний  араас Саранхүү хөөгөөд гараад машин руу очоод хаалгыг нь татаж үзэж байхад нь би араас нь гэрээс гараад зүүн тийшээ зугтаасан. Харин Саранхүү тэр үед хэсгийн төлөөлөгчийг хайгаад “Алтаншагай би чамайг ална аа” гээд хутгаа бариад машиных нь тэр хавиар хайгаад байсан. Энэ үед хэсгийн төлөөлөгч над руу залгаад наанаасаа холд би араас чинь очлоо гээд удалгүй өөр машинтай... миний араас ирээд намайг аваад явсан” гэжээ. /хх-ийн 37-38 тал/

 

Гэрч Б.Одонцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 29-ний орой 17 цагийн орчимд гэртээ очсон чинь манай нөхөр С.Саранхүү гэртээ байхгүй байсан юм. Тэгэхэд нь би хүүхдүүдээсээ асуусан чинь аав гэртээ орж ирсэн ... нэг танихгүй ахтай цуг гадагшаа гарсан гэхээр нь би нөхрийнхөө араас гарсан юм. ... би Баяраа гэх айлын гадаа очсон чинь манай нөхөр ... Бямбаа гэх хүнтэй маргалдаад бие биетэйгээ заамдалцаад зодолдож байхаар нь би болиулах гэж дундуур нь орсон чинь манай нөхөр намайг алгадаж, гарыг минь мушгисан юм. ... тэнд Балжаа гэх ах нөхөр бид хоёрыг машиндаа суулгаад гэр рүү хүргэж өгөх замд манай нөхөр Саранхүү намайг машины арын суудал дээр гарыг минь өчиж байгаад “чи намайг хүнтэй зодолдож байхад дундуур орж салгалаа, би тэр хүнийг чинь алах байсан юм” гээд миний толгой руу баруун зүүн хоёр ээлжлэн олон удаа нүүр нүдгүй чанга цохисон юм. ... би гэртээ орж ирээд цагдаад дуудлага өгсөн юм. Их удаагүй сумын хэсгийн төлөөлөгч Алтаншагай нэг хүн гаднаас орж ирсэн юм. Энэ үед манай нөхөр Саранхүү орон дээр дээлээ нөмрөөд хэвтэж байсан юм. Манайд дуудлагаар орж ирсэн Алтаншагай цагдаа манай нөхрийг аваад гарах гэтэл “миний гэр бүлийн асуудал чамд хамаагүй, нэг удаа зүгээр өнгөрүүлчихэж болдоггүй юм уу” гэж уурлаад босож ирээд “чи муу хүний амьдралд ордог хэн бэ” гэж хэлээд цагдаа руу дайрч гараараа цохисон юм. ... манай нөхөр шүүгээн дотроос нэг хутга бариад “би чамайг ална” гэж Алтаншагай цагдаа руу дайрсан юм. Энэ үед цагдаа гараад явсан. ... тэрнээс хойш би юу болсон талаар сайн мэдэхгүй байна” гэжээ. /хх-ийн 42-43 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/

- С.Саранхүүгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-47, 59-61 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

 

Шүүгдэгч Бодонгууд овогт Сайнцогтын Саранхүү нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19 цагийн орчимд тус аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг “Баруун хотон” гэх газарт орших өөрийн гэртээ, согтуугаар Дорнод аймгийн Баяндун сумын хэсгийн төлөөлөгч буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хутга, болон модыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Алтаншагай, иргэний нэхэмжлэгч Э.Энхбаяр, гэрч Т.Мөнхбаатар, Б.Одонцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч С.Саранхүүд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Саранхүүг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хутга, болон модыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 Шүүхээс шүүгдэгч С.Саранхүүг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хутга, болон модыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Саранхүүгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.Саранхүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

 

Шүүх хуралдааны товыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт мэдэгдэхэд шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  “Хүрэн өнгийн бариултай хутга, 6 см өргөнтэй хүрэн өнгийн мод тус бүр 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч С.Саранхүүгийн ЖЕ95012811 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бодонгууд овогт Сайнцогтын Саранхүүг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хутга, болон модыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Сайнцогтын Саранхүүг 2 /хоёр/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Саранхүүг 2 /хоёр/ жил Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, С.Саранхүүд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь зааснаар шүүгдэгч Б.Саранхүү нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч С.Саранхүүгийн ЖЕ95012811 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Хүрэн өнгийн бариултай хутга, 6 см өргөнтэй хүрэн өнгийн мод тус бүр 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.                                                                                                                                                                            

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Саранхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ