Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/130

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Э.Хосбаяр

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, ээж, дүү, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* оршин суух, урьд нь Дорнод аймаг дахь Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 01 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, *******.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах дугуй засварын гадна иргэн ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хавсарч унаган, эрүүл мэндэд нь “баруун хөлийн дунд чөмөг ясны хүзүү хэсгийн зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 19 цагийн орчимд 24 дүгээр байрны таксины зогсоол дээр зогсож байхад ******* гэдэг хүн согтуу ирж суусан. ... Тээвэрчний Саяг руу явна гээд явах замдаа Нарлаг дэлгүүр дээр зогсож тамхи авна гэсэн. Тухайн үед цагаан сар болох гээд очер дараалал ихтэй байсан тул ийм их дарааллын араас ганц тамхи бичүүлбэл олон цаг болно. Саяг орох замдаа өөр дэлгүүр ороод авчих гэсэн. Хэрвээ хохирогч цагаан сарын бараа, гэрийнхээ хүнсийг цуглуулах байсан бол би хүлээж болох байсан. Нэг хайрцаг тамхины төлөө олон тэрэгний араас яаж зогсох вэ гээд  дургүйцэхэд “чи хүнд үйлчилж байгаа юм бол хэдэн ч цаг хамаагүй хүлээх ёстой гэсэн”. Би нөхцөл байдлаа хар ийм их дараалалтай байхад би чамайг хүлээж чадахгүй, эсхүл буу гэж хэлсэн. Тэгтэл мөнгийг чинь өгнө, сууж явна гээд цаашаа явах замдаа бид хоёр муудалцсан. Захын гэрлэн дохионы тэнд намайг боох гээд оролдсон боловч гар нь хүрээгүй тул миний куртикны үсийг ханзалж татахад нь би гараараа барьж байгаад гэрлэн дохио өнгөрсний дараа машинаас бууж маргалдаж хохирогчийг 2 удаа хавсарч унагаасан...гэв.

 

Хохирогч *******  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би тухайн өдөр хүний машин засаад 50.000 төгрөгтэй болсон байсан. Үүний дараа найзуудтайгаа уулзаад нэг том пиво уугаад, нэмж дахин нэг пиво задлаад би 2 аягыг уусан. Би тэр өдөр хүний машин зассан байсан тул муухай хувцастай байсан. ... эхнэр рүүгээ мөнгөтэй болчихлоо гээд утсаар ярихад “тамхи, талх, сүү” авчраарай гэсэн. Гэр рүүгээ явах гээд 24 дүгээр байрны таксины зогсоолын хамгийн захын таксинд суусан. Тухайн үед нүдэнд шууд Нарлаг худалдааны төв харагдахад нь Нарлагийн гадаа зогсчих тамхи авъя гэсэн. Гэтэл дараалал ихтэй байна, та нар дэлгүүр орохоороо алга болдог, архи үнэртүүлсэн юм байж гэж хэлсэн. Тэгэхэд нь би “та үйлчилгээнд явдаг хүн байж ямар муухай харьцаатай юм бэ, би ч гэсэн таксинд явдаг, би мөнгийг чинь өгнө” гэхэд “муу сайн архичин, өөр дэлгүүрээс юмаа ав” гэж хэлсэн. Шүүгдэгч нь мэдүүлэгтээ намайг өөрийг нь боосон гэж байна. Би шүүгдэгчийг боож, заамдсан зүйл болоогүй, би тухайн үед их хэмжээний согтолттой байгаагүй. ... би бууя гэхэд гэрлэн дохио өнгөрөөгөөд буу гээд дугуй засварын харанхуй хэсэг рүү орж зогсоод намайг буугаад ир дээ гэхэд нь би буугаад халаасандаа гараа хийгээд зогсож байхад намайг хавсарч унагаасан. Би унасандаа уурлаад хараалын үг хэлж босож ирэхэд намайг дахин хавсарч унагаагаад миний дээр суугаад цасаар нүүрийг минь угаасан. Тухайн үед нүд рүү цас, шороо орж юм харахгүй болсон. ... би машиных нь урд зогсоход шүүгдэгч машинаасаа бууж ирээд намайг асар хүчтэй түлхсэнээс би босож чадахгүй болсон, тухайн үед 19 цаг 40 минут болж байсан. Үүний дараа шүүгдэгч явж, тэр үед “миний хажуугаар хүн явахгүй, би туслаарай гэж орилоод, гар хөлдөхвий гээд гараа ханцуйлаад өнхрөөд яваад” байсан. ... хажуугаар нэг эмэгтэй зөрөхөд нь “ахдаа туслаач ах нь уначихлаа, босож чадахгүй байна, цагдаа эсхүл эмнэлэг дуудаад өгөөч” гэсэн. Тэгэхэд тэр эмэгтэй эмнэлэг дуудаж өгөхөд эмнэлэг маш хурдан ирсэн. Тэр үед хүлээн авахын эмч нь намайг “согтуу биш байна шүү дээ, яагаад унасан юм бэ” гээд хүлээн авах дээр очоод бүртгэхэд 20 цаг 40 минут болж байсан. Хэрвээ би их хэмжээний согтолттой байсан бол 1 цагийн хугацаанд цасан дотор миний хуруу хөлдөж, хайрагдах байсан байх. Иймд би их хэмжээний согтолттой байгаагүй мөн шүүгдэгчийг доромжилж, боохыг завдаагүй. Шүүгдэгч худлаа яриад өөрийгөө өмөөрч байна. Хохирлоо гаргуулах хүсэлтэй байна...гэв.

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 180 тоот дүгнэлтэд:

1. *******ы биед баруун хөлийн дунд чөмөг ясны хүзүү хэсгийн зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 28-29 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 тал/

- *******ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21, 37-38 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар, мэтгэлцээний үндсэн дээр нь хянаж үзэхэд шүүгдэгч *******эд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Буурал овогт Лхаасүрэнгийн Отгонсүх нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дугуй засварын гадна хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хавсарч унаган, эрүүл мэндэд нь “баруун хөлийн дунд чөмөг ясны хүзүү хэсгийн зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 180 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж хохирогчийг 2 удаа хавсарч унагаан дээр нь сууж нүүрийг нь цасаар угааж басамжлан хүний эрүүл мэндэд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь “...энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогч машин дотор *******ийг боосноос болсон” гэж мэдүүлж байгаа боловч шүүх хуралдаанд  гаргасан хохирогчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хохирогч ******* нь, шүүгдэгч *******ийг машин дотор хүзүүгээр нь боосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй,  нотлогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******эд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******эд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

 

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс гэм хорын хохиролд нийт 1354.360 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийн нотлох баримтын шаардлага хангасан 754.360 төгрөгөөс шүүгдэгч нь 500.000 төгрөгийг төлж барагдуулсан тул  үлдэгдэл 254.360 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын оршин суух ******* /-д олгож, хохирогч ******* нь цаашид гарах  эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 500.000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 жил Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******эд мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нийт 254.360 /хоёр зуун тавин дөрвөн мянга гурван зуун жар/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын оршин суух ******* /-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ