| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 101/2016/07196/И |
| Дугаар | 183/ШШ2017/00564 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2017/00564
| 2017 оны 03 сарын 15 өдөр | Дугаар 183/ШШ2017/00564 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, 12-68 тоотод оршин суух, Ажиндай овогт Соёдуламын Эрдэнэбаатар /Регистрийн дугаар:ИВ91011611/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум, 1 дүгээр баг, Лхүмбэд бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 13 дугаар гудамж, 602 тоотод оршин суух, Тайч овогт Ворошиловын Цогбадрах /Регистрийн дугаар:ШД87010212/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Сансар хотхон, 4-2 тоотод бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 13 дугаар гудамж, 602 тоотод оршин суух, Буурлууд овогт Хаянхярваагийн Энхзул /Регистрийн дугаар:ЛА86120408/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 7,760,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Эрдэнэбаатар, хариуцагч Х.Энхзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч В.Цогбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Эрдэнэбаатар миний бие 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэн В.Цогбадрахад 3,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлж, гэрээг байгуулсан. Гэрээнд хүүг сарын 10 хувийн хүүтэй гэж бичсэн ч бодитоор нэг сард 100,000 төгрөгний хүү төлөхөөр тохиролцсон байсан. Уг зээлийн дагуу 2016 оны 2 дугаар сарын 20-нд 100,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сард 60,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сард 80,000 төгрөг нийтдээ 240,000 төгрөгийг хүүнд төлсөн.
2016 оны 3 дугаар сард 100,000 төгрөг төлсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь тэр өдөртөө 40,000 төгрөгийг нь буцаагаад авсан тул бодитоор надад 60,000 төгрөг өгсөн.
Мөн түүний эхнэр Х.Энхзулд 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 10% хүүтэйгээр нэмж зээлдүүлсэн. Уг зээлнээс нэг ч төгрөг төлөөгүй. Дээрх хүмүүстэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусч, үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл шаардлагыг минь хангаагүй иргэн намайг хохироож байна.
Иймд В.Цогбадрахаас үндсэн зээл 3,000,000 төгрөг, түүний хүү 960,000 төгрөг, алданги 1,800,000 төгрөг, бүгд 5,760,000 төгрөг, Х.Энхзулаас зээл 1,000,000 төгрөг, түүний хүү 400,000 төгрөг, алданги 600,000 төгрөг, бүгд 2,000,000 төгрөг, нийтдээ хариуцагч нараас 7,760,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан.
Би хүү алданги нэхэмжилсэн үнийн дүнгээ багасгаж байна. В.Цогбадрахын зээлийн тухайд үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү 60,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны алданги 1,800,000 төгрөг, нийтдээ 4,860,000 төгрөг болж байна. Х.Энхзулын гэрээний тухайд үндсэн зээл 1,000,000 төгрөг, нэг сарын хүү 100,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны алданги 600,000 төгрөг буюу сүүлийн гэрээний дагуу 1,700,000 төгрөг болохоор байна. Гэхдээ алдангиасаа хасаад хариуцагч нараас нийтдээ 6,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч В.Цогбадрах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Эрдэнэбаатараас нийт 4,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Эхний 3,000,000 төгрөгнөөс 2016 оны 2 дугаар сарын 20-нд 100,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сард 100,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сард 80,000 төгрөг нийтдээ 300,000 төгрөгийг хүүнд төлсөн. Сүүлийн 1,000,000 төгрөгнөөс нэг ч төгрөг төлөөгүй нь үнэн. Эхнэр Энхзул бага насны хүүхэдтэй ажилгүй, гэртээ байдаг ба одоогоор би ганцаараа ажил хийж байгаа. Иймд мөнгийг бөөнөөр төлөх боломжгүй. Миний гол эх үүсвэр тогтвортой ажилтай болж, цалингийн зээл авч 5,000,000 төгрөгийг төлөх боломжтой гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч С.Эрдэнэбаатар хариуцагч В.Цогбадрах, Х.Энхзул нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,760,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 6,000,000 төгрөг болгон багасгаж байх тул шүүх багасгасан шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
С.Эрдэнэбаатар, В.Цогбадрах нар нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 3,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь сарын 10 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай эргүүлэн төлөх, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр, мөн С.Эрдэнэбаатар, Х.Энхзул нар нь 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 1,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь сарын 10 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай эргүүлэн төлөх, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцож гэрээг байгуулсан байна. /хх-4, 5/
Зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн бичгээр байгуулсан зээлийн гэрээнд хүү нэг сарын 10 хувь байхаар тусгагдсан ч хэлэлцэн тохиролцсон хүү нь нэг сарын 100,000 төгрөг байсан гэж тайлбарлан, үүнд маргаагүй болно.
Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд байна. Мөн хариуцагч нь зээлийн хөрөнгийг шилжүүлэн авсан үйл баримтад маргаагүй байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас үндсэн зээл, хүү, алданги шаардах эрхтэй байна.
Хариуцагч нар нь үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү, алдангид 1,000,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин үлдэх хэсгийг төлөх боломжгүй, мөн эхний зээлийн хүүд 300,000 төгрөг төлсөн гэж, нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн хүүнд 240,000 төгрөг төлсөн гэж маргав.
Зохигчид 3,000,000 төгрөгний зээлийн хүүнд гурван удаагийн төлөлт хийсэн цаг хугацаанд маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигчид өөрсдөө нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах гаргаж өгөх үүргийг хүлээх бөгөөд хариуцагч нь 2016 оны 3 дугаар сард зээлийн хүүнд 100,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохоо баримтаар нотлоогүй тул шүүх тухайн өдөр төлсөн мөнгийг нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээ болох 60,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзэв.
Харин нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсны дараа буюу 2016 оны 5 сард төлсөн 80,000 төгрөгийг зээлийн хүүнд тооцож авсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан төлөх хугацаа болсон өрийг төлөхөд тэргүүн ээлжинд үндсэн үүрэг, дараа нь хүүг төлөхөөр зохицуулсан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн байна.
Иймд хариуцагч В.Цогбадрахаас үндсэн зээл 2,920,000 төгрөг, хүү 140,000 төгрөг, алданги 1,270,200 /2,920,000 төгрөг *хоногт 0,5% *87 хоног/ төгрөгийг, хариуцагч Х.Энхзулаас үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүү 100,000 төгрөг, алданги 435,000 /1,000,000 төгрөг *хоногт 0,5% * 87 хоног/ төгрөг, нийтдээ 5,865,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч В.Цогбадрах, Х.Энхзул нараас 5,865,200 /таван сая найман зуун жаран таван мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Эрдэнэбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 134,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 108,793 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ