Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2017/00565

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 15 өдөр

           Дугаар 183/ШШ2017/00565

                          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 20 дугаар байрны 62 тоотод байрлах, “Ориент Инвест” ББСБ /Регистрийн дугаар:2737515/-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,  5 дугаар хороо, Голомт хотхон, Сөүлийн гудамж е байр 33 тоотод бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Могул таун хотхон, 97-207  тоотод оршин суух, Гурван төрөм овогт Чалхаанамсангийн Амгаланбаатар  /Регистрийн дугаар:ЛН66111118/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,  5 дугаар хороо, Голомт хотхон, Сөүлийн гудамж е байр 33 тоотод бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Могул таун хотхон, 97-207  тоотод оршин суух, Тайж овогт Батсуурийн Батцэцэг /Регистрийн дугаар:ЖИ75022601/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 74,585,600 төгрөг, зардал 15,000 төгрөг, нийт 74,600,600 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаа хөрөнгөний анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг 31,500,000 төгрөгөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, Б.Болорчимэг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нарантунгалаг, өмгөөлөгч Х.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.                                                                                                         

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч “Ориент инвест” ББСБ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Амгаланбаатар нь тус ББСБ-д хандан 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельсийн гудамж, 18 дугаар байрны 14 тоотод байрлах 68,6 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалан 50,000,000 төгрөгний зээл хүссэн өргөдлийг гаргасан. Өргөдөл болон бусад холбогдох баримтыг тус хянан үзээд иргэн Ч.Амгаланбаатарт 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр 45 000 000 /арван таван сая/ төгрөгийг 14/2177 тоот зээлийн гэрээ болон түүний хавсралт 14/4173 тоот Хөрөнгө Барьцаалах Гэрээг байгуулан нотариат болон бүртгэлд бүртгүүлж батгалгаажуулж 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөнгө хүлээлцсэн  баримт дээр гарын үсэг зуруулан олгосон.

Зээлдэгч Ч.Амгаланбаатар нь уг 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтийн дагуу харилцан тохиролцож барьцааны зүйлийг өөрчилж, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 15/4104 тоот хөрөнгө барьцаалах гэрээг байгуулан, Б.Батцэцэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж, 39А байрны 33 тоот хаягт байрлах, Ү-2203016341 улсын бүртгэлийн дугаартай, 000017980 тоот гэрчилгээтэй, 50,28 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан.  Улмаар уг гэрээг бүртгэлд бүртгүүлж, өмнөх барьцааны орон  сууцыг суллаж өгсөн. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээний хугацааг сунгасан. Зээлийг авснаас хойш гурван удаа буюу 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 20,020,000 төгрөг буюу нийтдээ үндсэн зээлд 2,000,000 төгрөг, хүү 18,900,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,620,000 төгрөг бүгд 22,520,000 төгрөг төлсөн байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлөхөөр заасан тул энэ дарааллаар хариуцагчийн төлсөн мөнгийг харилцан тохиролцож тооцсон.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 43,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны хүү  27,181,330 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,404,270 төгрөг, нийт 74,585,600 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулж өгнө үү. Мөн шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 15,000 төгрөгийг гаргуулна.  

Иргэний хуулийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоосон үнийн, 70 хувиар тооцон тогтооно” гэж заасны Ч.Амгаланбаатартай байгуулсан 15/4104 тоот хөрөнгө барьцаалах гэрээний 2.1-д заасны дагуу Б.Батцэцэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж, 39А байрны 33 тоот хаягт байрлах, Ү-2203016341 улсын бүртгэлийн дугаартай, 000017980 тоот гэрчилгээтэй, 50,28 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг 43,000,000 төгрөгийн 70 хувь буюу 30,100,000 төгрөгөөр тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Амгаланбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс зээлд 25,468,000 төгрөгийг төлсөн байгаа. Энэ нь нийт зээлсэн мөнгөний 50 хувиас илүү дүнтэй байна. Гэтэл хамаагүй их мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Батцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие “Ориент инвест” ББСБ-с Ч.Амгаланбаатарын авсан 45,0 сая төгрөгийн зээлд ямар ч хамааралгүй, зээлийг би аваагүй. Тухайн үед байрыг барьцаалж зээл авахад хуулийн мэдлэг дутуугаас үр дагаврыг ойлгоогүй. Миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол Голомт хотхон Е байрны 33 тоот байраар зээлийн эргэн төлөлтийг хангуулах гэж байгааг зөвшөөрөхгүй. Мөн өмчлөгч эзний зөвшөөрөлгүй үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус байр Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд оршдог, нэг мкв нь зах зээл дээр 3,5-4 сая төгрөгний үнэтэй худалдаалагдаж байгаа. Үл хөдлөх хөрөнгийг улсын тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээний газар үнэлдэг гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.Амгаланбаатар тус байгууллагаас 45,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Мөн зээлийн эргэн төлөлтөд 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 20,020,000 төгрөг, нийт 22,520,000 төгрөг төлсөн гэдэгт маргахгүй. Зээлийн гэрээг анх 6 сарын хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаа дууссан байхад хариуцагчийн төлсөн мөнгийг хүү, нэмэгдүүлсэн хүүнд үндэслэлгүйгээр тооцож авсан байна. Иймд зээлээс 31,292,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Ориент инвест” ББСБ нь хариуцагч Ч.Амгаланбаатар, Б.Батцэцэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 74,585,600 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг нийт 74,600,600 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаа хөрөнгөний анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг 31,500,000 төгрөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ч.Амгаланбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаас 31,292,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, гэрээний хугацаа дууссан байхад төлсөн төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцон авч үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүүг их хэмжээгээр тооцсон тул үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Б.Батцэцэг зээлийн гэрээг байгуулаагүй тул зээлийг хариуцахгүй, үр дагаварыг ойлгоогүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахыг болон анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийг зөвшөөрөхгүй гэж маргав.

Ч.Амгаланбаатар нь “Ориент инвест” ББСБ-тай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч нь 45,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь сарын 4 хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр 14/2177 тоот зээлийн гэрээг, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельсийн гудамж 18-14 тоот хаягт байрлах 68,6 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахаар 14/4173 тоот барьцааны гэрээг тус тус байгуулсан байна. Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээний хугацааг мөн өдрөөс 3 сарын хугацаагаар сунгаж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.  /хх 9-10, 13-14, 87/

Түүнчлэн зохигчид хэлэлцэн тохиролцож, Б.Батцэцэгээс олгосон итгэмжлэлийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээний үүргийг Б.Батцэцэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж, 39А байрны 33 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016341 дугаарт бүртгэлтэй 50,28 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцнаас хангуулахаар 15/4104 тоот “Хөрөнгө барьцаалах гэрээ”-г байгуулан барьцааны зүйлийг сольсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх 11-12, 16, 91-118/

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Хариуцагч Ч.Амгаланбаатарт зээлийн 45,000,000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Ориент инвест” ББСБ-ийн кассын зарлагын баримтаар тогтоогдож байх ба зохигчид зээлийн хөрөнгийг шилжүүлсэнд маргаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийг Ч.Амгаланбаатараас төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Түүнчлэн зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний  2.1.2, 2.3-т зээлийн хүү сарын 4 хувь байх, зээлдэгч  зээлийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг зээлийг төлөгдөж дуусах хүртэлх хугацаагаар тооцож төлөхөөр тус тус тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй байна. Харин нэхэмжлэгч “Ориент инвест” ББСБ, хариуцагч Б.Батцэцэг нарын хооронд зээлийн харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь түүнээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй байна.

Хариуцагч нь зээлийн төлбөрт 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 20,020,000 төгрөг, нийт 22,520,000 төгрөг төлсөн гэдэгт зохигчид маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4-т зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллын дагуу төлөхөөр харилцан тохиролцсон тул зээлийн гэрээний хугацаа дуусгавар болж, гэрээг талууд сунгах хүртэл хооронд хугацаанд буюу 2015 оны 6 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 02-ны хооронд зээлдэгчийн хоёр удаагийн төлөлтөөр төлсөн 21,520,000 төгрөгнөөс үндсэн зээлд 2,000,000 төгрөг, хүүнд 19,800,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,620,000 төгрөгийг тооцсон гэж тайлбарлав.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гэрээний нөхцлийг өөрсдөө тодорхойлж, байгуулах эрхтэй ч уг тохиролцоо нь хуулийн хүрээнд, хуульд нийцсэн байх шаардлага тавигдана. Талууд гэрээний 2.4-т үүрэг гүйцэтгэх дарааллыг тохиролцсон ч энэ тохиролцоо нь гэрээний хугацаанд төлсөн зээлийн төлбөрийг тооцоход харшлахгүй юм.

Харин Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар төлөх хугацаа болсон өрийг төлөхөд тэргүүн ээлжинд үндсэн үүрэг, дараа нь хүүг төлөхөөр зохицуулсан үүрэг гүйцэтгэх дарааллыг нэхэмжлэгч зөрчиж гэрээний 2.4-т заасныг баримтлан төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл дарааллаар тооцож авсан нь буруу байна.

Иймд зээлдэгчид зээл олгосноос хойш 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээг дахин сунгах үед зээлдэгч нь үндсэн зээл 23,480,000 төгрөг, хүү 19,022,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,644,000 төгрөг төлөх ёстой байсан гэж үзэв.

Зээлдэгч нь зээлийн гэрээг сунгаснаас хойш 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлээс тооцвол төлбөл зохих хүү 14,776,432 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,391,702 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас үндсэн зээл 23,480,000 төгрөг, хүү 33,798,432 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,035,702 төгрөг нийт 61,314,134 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 13,271,466 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч Б.Батцэцэг нь барьцааны гэрээг байгуулсан талаар маргаагүй ч зээлийг аваагүй, үр дагаварыг ойлгоогүйгээс хариуцагч Ч.Амгаланбаатарын зээлийн барьцаанд өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаанаас хангуулахаар шаардаж буйг зөвшөөрөхгүй гэж маргав.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т “барьцааны зүйл нь бусдын хөрөнгө байж болно” гэж заасан байх ба хариуцагч Б.Батцэцэгээс Ч.Амгаланбаатарт өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалах эрхийг олгож, уг итгэмжлэлийн дагуу зохигчид 15/4104 тоот барьцааны гэрээг байгуулж, бүртгэлд бүртгүүлсэн тул талуудын хооронд байгуулсан хөрөнгө барьцаалах гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна. Иймд хариуцагч Ч.Амгаланбаатар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б.Батцэцэгийн өмчлөлийн барьцааны үл хөдлөх хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ гүйцэтгээгүйгээс шүүхэд нотлох баримт бүрдүүлэхэд гарсан нотариатын зардалд 15,000 төгрөг нэхэмжилж байх ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар нэхэмжлэгчээс гарсан зардал болох 18 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

            Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь барьцааны үл хөдлөх хөрөнгийн анхны дуудлага худалдааны орох үнийг 45,000,000 төгрөгний 70 хувиар буюу 31,500,000 төгрөгөөр тооцон тогтоолгохоор шаардлага гаргаж байх боловч нэхэмжлэгчийн саналаар барьцаа хөрөнгийн үнийг тогтоох боломжгүй, энэ шаардлага нь үндэслэлгүй, түүнчлэн зээлийн үндсэн маргааныг хянан шийдвэрлэсний эцэст шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд уг асуудлыг шийдвэрлэх тул дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь зээлийн төлбөр гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид 530,878 төгрөг, анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийг тогтоолгох тухай шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, нийт 601,078 төгрөг төлөхөөс 614,586 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 13,508 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас тэмдэгтийн хураамжийг хангагдсан хэмжээгээр тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

                                                                                                                     ТОГТООХ нь:  

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Ч.Амгаланбаатараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 61,314,134 төгрөг, гарсан зардал 15,000 төгрөг, нийт 61,329,134 /жаран нэгэн сая гурван зуун хорин есөн мянга нэг зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ориент Инвест” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,271,466 төгрөг, зээлийн гэрээний үүргийг хариуцагч Б.Батцэцэгээс гаргуулах болон барьцаа хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийг 31,500,000 төгрөгөөр тогтоох тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ч.Амгаланбаатар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Б.Батцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016341 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж, 39А байрны 33 тоот хаягт байрлах 1 өрөө, 50,28 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  614,586 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 13,508 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Ч.Амгаланбаатараас 464,595 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг,  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              О.ОДГЭРЭЛ