Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар   2022/ШЦТ/410

 

 

 

 

  2022        05         09                                   2022/ШЦТ/410

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, улсын яллагч Б.Дөлгөөн, шүүгдэгч П.Ц /өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Цд холбогдох эрүүгийн “2211 00000 0871” дугаартай, 186/2022/0370/Э индекстэй хэргийг 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 09-ний  өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймаг Батцэнгэл суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, “Стандарт мах” ХХК-нд мах бэлтгэгч ажилтай, ам бүл 3, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 11 дүгээр гудамжны 563 тоотод оршин суух бүртгэлтэй,

        - урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №2019/ШЦТ/416 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, П.Ц,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч П.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мойлхон” нэртэй караокены гадаа хамтран амьдрагч гэх Ю.Сайхантуултай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, түүний толгойн хэсэгт гараараа 3-4 удаа цохиж түүний биед дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1.  Шүүгдэгч П.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ю.Сайхантуулын:...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр би гэртээ байж байтал манай найз эмэгтэй надруу залгаад найз нь эмээ болсон хүрээд ирэх үү гээд би найзтайгаа уулзах болж Хүчит шонхор худалдааны төвийн зүүн талын автобусны буудлын хойд талд байрлах “Мойлхон” нэртэй караокед яваад очтол манай найз, найз нарынхаа хамт сууж байсан. Би ширээнд суугаад юм яриад сууж байтал манай хамтран амьдрагч П.Ц нь орж ирээд хамт сууж байсан хүмүүс рүү ярих ярихгүй юм яриад та нар яахаараа нийлдэг юм гээд хэрүүл хийгээд байхаар нь би гараад зугтаагаад зам хөндлөн гарч явтал П.Ц миний араас хөөж гарч ирээд миний толгойн тус газар 2-3 удаа цохисон. Тэгээд би газарт хальтарч унаад босоод ирсэн чинь толгойноос цус гарсан байсан. Би замын эсрэг талд гарч сууж байгаад цагдаа дуудаж П.Цыг цагдаад өгч явуулчихаад гэмтлийн эмнэлэг орж толгойгоо үзүүлсэн чинь хагарчихсан байна гээд  хагарсан шарханд 5 оёдол тавьсан  гэх мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар тал/,

        2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн:...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжпэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж тус тус заасан байх тул эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Тусламж үйлчилгээний зардал болох 202,000 төгрөгийг яллагдагч П.Цаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 14-15 дугаар тал/,

        2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022  оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4534 дугаартай:..

        1. Ю.Сайхантуулын биед дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

        3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

        4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт. /хх-ийн 22-23 дугаар тал/,

            Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

         3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр тал/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 167 дугаар тогтоол /хх-ийн 74 дүгээр тал/, шүүгдэгч, хохирогчийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 71, 73 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022  оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4534 дугаартай дүгнэлт  /хх-ийн 22-23 дугаар тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч П.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мойлхон” нэртэй караокены гадаа хамтран амьдрагч гэх Ю.Сайхантуултай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, түүний толгойн хэсэгт гараараа 3-4 удаа цохиж түүний биед дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

        - хохирогч Ю.Сайхантуулын:...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр би гэртээ байж байтал манай найз эмэгтэй надруу залгаад найз нь эмээ болсон хүрээд ирэх үү гээд би найзтайгаа уулзах болж Хүчит шонхор худалдааны төвийн зүүн талын автобусны буудлын хойд талд байрлах “Мойлхон” нэртэй караокед яваад очтол манай найз, найз нарынхаа хамт сууж байсан. Би ширээнд суугаад юм яриад сууж байтал манай хамтран амьдрагч П.Ц нь орж ирээд хамт сууж байсан хүмүүс рүү ярих ярихгүй юм яриад та нар яахаараа нийлдэг юм гээд хэрүүл хийгээд байхаар нь би гараад зугтаагаад зам хөндлөн гарч явтал П.Ц миний араас хөөж гарч ирээд миний толгойн тус газар 2-3 удаа цохисон. Тэгээд би газарт хальтарч унаад босоод ирсэн чинь толгойноос цус гарсан байсан. Би замын эсрэг талд гарч сууж байгаад цагдаа дуудаж П.Цыг цагдаад өгч явуулчихаад гэмтлийн эмнэлэг орж толгойгоо үзүүлсэн чинь хагарчихсан байна гээд…шарханд 5 оёдол тавьсан  гэх мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар тал/,

        - иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн:...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжпэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж тус тус заасан байх тул эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Тусламж үйлчилгээний зардал болох 202,000 төгрөгийг яллагдагч П.Цаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 14-15 дугаар тал/,

        - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022  оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4534 дугаартай дүгнэлт. /хх-ийн 22-23 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ бусдыг  үл хүндэтгэж хэрүүл маргаан үүсгэж хохирогчийн толгойн тус газар  цохиж гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул П.Цы гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.Цыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Хохирогч Ю.Сайхантуул нь П.Цтай эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргасан, шүүхийн шатанд утсаар ярьсан тэмдэглэл  байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 600  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч П.Цыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,   төрд учруулсан хохирол болох 202.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь “100900020080”  дугаартай дансанд төлж барагдуулсан  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч П.Ц  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч П.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, төрд учруулсан хохирол болох 202.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь “100900020080”  дугаартай дансанд төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           7.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ