Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
Хэргийн индекс | 183/2017/00111/И |
Дугаар | 183/ШШ2017/00608/И |
Огноо | 2017-03-20 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2017/00608/И
2017 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2017/00608 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 45-3 тоотод оршин суух, Жагд овогт Гонгорын Төгөл /Регистрийн дугаар:УХ88071267/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа, өөрийн байранд байрлах, Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох
Ахлах эдийн засагчийн ажил албан тушаатай дүйцэхүйц ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,176,545 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Манлай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Төгөл шүүхэд гаргасан болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Төгөл миний бие тус газарт 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс Санхүү, төлөвлөлтийн мэргэжилтнээр ажиллаж байгаад, 2016 оны 1 дүгээр сарын 07-ы өдрөөс Хөрөнгө оруулалтын тасгийн ахлах эдийн засагчаар дэвшиж ажилласан. Ажиллах хугацаандаа ажлыг хангалтгүй хийж байсан удаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын захиргаа удирдлагын газрын дарга Т.Батжаргалаас 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр орон тоо хасагдсан тул Хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс тасалбар болгон цуцлах тухай 07 тоот мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдэх хуудсыг өгөхөд орон тоо хасагдсан гэсэн үндэслэлтэй танилцуулга хийгээгүй бөгөөд тус байгууллагын бүтцийг батлаагүй байсан. Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 70 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцийг шинэчлэн баталж, уг бүтцээр Хөрөнгө оруулалтын тасгийг Худалдан авах ажиллагааны хэлтэс болгон нэршлийг өөрчилсөн. Мөн бусад харьяа газар албадын нэршлийг өөрчилсөн. Мэдэгдэлд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс ажлаас чөлөөлөхөөр тусгасан хэрнээ 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ажлаас чөлөөлөх тухай Б/227 тоот тушаал гарсан. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр гэрээг цуцалсан байна. Гэтэл миний ажиллаж байсан Хөрөнгө оруулалтын тасгийн ахлах эдийн засагчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, гол үйл ажиллагаа шинээр нэршил өөрчлөгдсөн Худалдан авах ажиллагааны хэлтсийн менежерийн ажлын байрны тодорхойлолтод тэр чигтээ тусгагдсан байгаагаас үзвэл орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэлгүйгээс гадна аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан нөхцөл байдал үүсээгүй байна.
Иймд урьд эрхэлж байсан ахлах эдийн засагчийн ажил, албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд тогтоож өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорын хувьд хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 4,997,454 төгрөгийг өгсөн тул хасч тооцон, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл ажилгүй байсан 14 хоногт нэг өдрийн 84,039 төгрөгөөр бодон нийт 1,176,545 төгрөгийг гаргуулж, нийгмийн болнон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зам тээвэр, хөгжлийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 70 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг шинэчилэн баталсан. Уг тушаалаар тус байгууллагын Санхүү эдийн засгийн газарт Хөрөнгө оруулалтын тасаг харьяалагдаж байсныг өөрчилж, даргын харьяа Худалдан авах ажиллагааны газар болж өөрчлөгдсөн.
Өмнөх бүтцэд байсан Хөрөнгө оруулалтын тасаг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна барилгын, аэродромын гэх зэргээр салбар салбарын мэргэжлийн инженерүүд харьяалагддаг тасаг байсан. Шинээр баталсан бүтцээр энэ байдлыг өөрчилж, салбарын инженерүүдийг салбар хариуцсан нэгжүүдэд шилжүүлэн шинээр байгуулсан Худалдан авах ажиллагааны хэлтэс нь зөвхөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах авах чиг үүргийг гүйцэтгэх болж шууд байгууллагын даргын харьяа хэлтэс болсон. Ингэснээр Тус байгууллагын хуучин бүтцээс Санхүү, эдийн засгийн газар дотор харьяалагдаж байсан худалдан авах ажиллагаа хариуцсан эдийн засагч Худалдан авах ажиллагааны хэлтэст харьяалагдах болсон. Дээрх сайдын тушаалтай уялдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд байгууллагын бүтцийн нэгж дэх дотоод бүтцийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/735 дугаар тушаалаар баталсан. Нэхэмжлэгч Г.Төгөлийн ажиллаж байсан Хөрөнгө оруулалтын тасаг байхгүй болж, улмаар шинээр батлагдсан Худалдан авах ажиллагааны хэлтэст нэхэмжлэгчийн ажиллаж байсан ахлах эдийн засагчийн орон тоо батлагдаагүй тул түүнд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг өгсөн. Ингээд ИНЕГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/227 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэлээр түүнтэй байгуулсан гэрээг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс тасалбар болгон цуцлах тухай тушаал гарсан. Тус байгууллагын дарга 2016 оны 12 дугаар сарын 2-7-ны хооронд албан томилолтоор явах болсон тул тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан. Гэхдээ тушаалд 12 дугаар сарын 07-ны өдрөөр гэрээг тасалбар болгон цуцлахаар заасан, мөн өдрөөс нэхэмжлэгчтэй ажил хүлээлцэх комисс ажиллаж эхэлсэн тул хуульд заасан ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх хугацаатай зөрчилдөхгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчид ажлаас халагдсаны тэтгэмжид 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 4,997,454 төгрөгийг олгосон. Уг мөнгийг авснаар нэхэмжлэгч тушаалыг хүлээн зөвшөөрснийг илтгэж байна.
Худалдан авах ажиллагааны хэлтэст менежерийн орон тоо шинээр бий болсон нь үнэн ч тус хэлтсийн менежерийн ажлын байр, нэхэмжлэгчийн ажиллаж байсан ахлах эдийн засагчийн ажлын байранд тавигдах шаардлагууд өөр байгаа. Менежерийн ажлын байранд нягтлан бодогч мэргэжилтэй, харин ахлах эдийн засагчийн ажлын байранд эдийн засагч мэргэжилтэй хүн ажиллахаар тусгагдсан байгаа.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны орон тоо хасагдсан, захиргаа ажилтанд мэдэгдлийг зохих журмын дагуу өгсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.Төгөл нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан урьд эрхэлж байсан ахлах эдийн засагчийн ажил албан тушаалтай дүйцэхүйц ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 20-ны хоорондох хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,176,545 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөв.
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Г.Төгөлийг тус байгууллагын Хөрөнгө оруулалтын тасгийн ахлах эдийн засагчаар 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс ажиллуулахаар томилж, улмаар талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр тус тус тогтоогдож байна. /хх 10/
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/227 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан “орон тоо хасагдсан” үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /хх-6/
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ шинээр бий болсон “менежер”-ийн албан тушаалд нэхэмжлэгчийн ажиллаж байсан “ахлах эдийн засагч”-ийн гүйцэтгэж байсан ажлын чиг үүргийг бүхэлд нь шилжүүлсэн тул бодитоор орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэлгүй гэж, харин хариуцагч нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан “ахлах эдийн засагч”-ийн орон тоо хасагдсан тул зохих журмын дагуу мэдэгдлийг өгч ажлаас чөлөөлсөн, мөн “менежер” болон “ахлах эдийн засагч”-ийн ажлын байранд тавигдах мэргэшлийн шаардлага өөр гэж маргав.
Зохигчид Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 70 дугаар тушаал, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/735 дугаар тушаалаар тус байгууллагын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хөрөнгө оруулалтын тасаг өөрчлөгдөж, Худалдан авах ажиллагааны хэлтэс болсон, шинэ бүтцээр “ахлах эдийн засагч”-ийн орон тоо байхгүй болсон, шинээр “менежер”-ийн орон тоо бий болсон үйл баримтад маргаагүй байна. /хх 48-50, 92-93, 101,102 дахь тал/
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу нэхэмжлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг гардуулсан, тэтгэмжид 4,997,454 төгрөг хүлээн авсанд маргаагүй байна. /хх-88, 103/
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэлээр захиргаа ажилтантай байгуулсан гэрээг цуцлахад орон тоо хасагдсан үйл баримт байхаас гадна мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн байх нөхцөл бүрдсэн байхыг хуулиар шаарджээ.
Байгууллага дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагагүй орон тоог үндсэн бүтцээс үгүй болгохыг орон тоо хасагдсан гэж ойлгох бөгөөд тухайн байгууллагын орон тоо, бүтцийг өөрчлөх зайлшгүй үндэслэл, шаардлага бий болсон нь тогтоогдсон, энэ талаар эрх бүхий этгээдийн шийдвэр бодитойгоор гарсан байх шаардлагатай юм.
Хариуцагч нь Санхүү, эдийн засгийн газар дотор худалдан авах чиглэлээр ажиллаж байсан эдийн засагчийг газраас салгаж Хөрөнгө оруулалтын тасагтай нэгтгэн шинээр бий болгосон Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч энэ тухай тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна хэрэгт нотлох баримтаар авагдсан Хөрөнгө оруулалтын тасгийн “ахлах эдийн засагч” болон Худалдан авах ажиллагааны хэлтсийн “менежер”-ийн ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан үзвэл тухайн ажлын байрны хэрэгжүүлэх чиг үүрэг бүхэлдээ шинээр бий болгосон “менежер”-ийн чиг үүрэгт шилжсэн болох нь тогтоогдож байна.
Мөн “ахлах эдийн засагч”-ийн ажлын байранд тавигдах шаардлага эдийн засагч, санхүүч байхаар, “менежер”-ийн ажлын байранд тавигдах шаардлага эдийн засагч, санхүүч, нягтлан бодогч байхаар тусгагдсанаас үзвэл хариуцагчийн уг хоёр албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлага өөр гэсэн тайлбар нотлогдохгүй байна. /хх 35-37, 41-43/
Иймд хариуцагч байгууллага нь “ахлах эдийн засагч”-ийн орон тоог хасах зайлшгүй шаардлагатай байснаа баримтаар нотлоогүй гэж үзэв. Мөн шинээр “менежер” гэсэн орон тоог бий болгож, нэхэмжлэгч Г.Төгөлийн эрхэлж байсан ажлын чиг үүргийг бүхэлд нь гүйцэтгүүлэхээр өөр этгээдийг ажилд шинээр томилсон нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас халагдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүнийг урьд эрхэлж байсан ахлах эдийн засагчийн ажил, албан тушаалтай дүйцэхүйц хэмжээний ажилд томилохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан нөхөх олговрыг тооцохдоо нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмжид 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 4,997,454 төгрөгийг хүлээн авсан үндэслэлээр 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны нөхөх олговор гаргуулахаар шаардаж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээрх хугацааны олговорыг тооцов.
Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасныг баримтлан ажилгүй байсан дээрх хугацаанд тооцвол ажлын нийт 12 хоног, нэг өдрийн 77,479 төгрөг, нийт 929,748 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан, улсын орлогод нөхөн төлүүлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Г.Төгөлийг урьд эрхэлж байсан ахлах эдийн засагчийн ажил, албан тушаалтай дүйцэхүйц ажилд эгүүлэн томилохыг Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгаж, Иргэний нисэхийн ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 929,748 /есөн зуун хорин есөн мянга долоон зуун дөчн найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Төгөлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 246,797 төгрөгийгхэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Төгөлийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих журмын дагуу баталгаажилт хийхийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 26,863 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ