Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/416

 

 

 

 

 

2022        05         09                                 2022/ШЦТ/416

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

      Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,  улсын яллагч Б.Дэлгэрмаа, шүүгдэгч А.Г, /шүүгдэгч  өөрөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

      Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Гд холбогдох эрүүгийн “2203 00000 0218” дугаартай, 186/2022/0361/Э индекстэй хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ах, бэр эгч, 2 хүүхдийнх нь хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 59-22 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А.Г,

           Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч А.Г нь 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 20 цаг 15 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуслангийн замд “Toyota Aqua” маркийн 19-73 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж, явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасалгүй, уг гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.Норсонжавт зогсож, зам тавьж өгөлгүй мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

      1.1. Шүүгдэгч А.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Өөрийнхөө бурууг ойлгож байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.

      1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бадамгарав нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Осол гарах үед би байгаагүй. Тухайн өдөр манай ээж манай гэрээс гараад гэрлүүгээ явж байсан. Гарцаар гараад л гэртээ орчих байсан. Ээж осолд орсноос хойш манай гэр бүл эдийн засгийн хэцүү байдал орсон. Манай ээж хүүхдүүдийг хардаг, өөрөө боломжоороо хөдөлмөр эрхэлдэг байсан. Би ээжийгээ асрах гээд ажлаасаа гарсан. Миний ээжид ямар нэг хууч өвчин байгаагүй. Одоо даралт нь ихэсдэг, чих нь шуугидаг, юм мартдаг болсон. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна гэв.

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

           2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Норсонжавын:..2022  оны 3 дугаар сарын  25-ны өдөр би гэртээ байж байгааад 12 цагийн орчим гэрээсээ гараад охин Бадамгаравын гэрт очоод хоол цай хийлгэж идэж байгаад охины гэрт байж байсан. Тухайн үед гэрээсээ гараад автобусанд суугаад охины гэрт очсон. Тэгээд охины гэрт байж байгаад орой 20 цагийн орчим охины гэрээс гараад буцаад гэрлүүгээ явах гээд автобусанд суугаад явж байгаад гэрийнхээ ойролцоо байрлах автобусны буудал дээр буугаад ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй нэг автомашин намайг ирээд мөргөсөн. Тухайн үед би юу болсон талаар сайн мэдэхгүй байна, түс тас хийгээл явчихсан, тэгээд би газарт унаад  цааш юу болсон талаар санахгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр тал/,

          2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч А.Найдансүрэнгийн:..Ослын      талаар мэдэхгүй “Хьюндай Сонота-7” маркийн 03-94 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийнх А.Зулхүү манай дүү учир жолоодох эрхтэй. Бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахгүй, осол гаргасан манай дүү Зулхүү хариуцна...манай дүү жолоодох эрхийг үнэмлэхтэй надаас машин авахдаа эрүүл байсан. Надад дүүгээсээ нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 27, 30 дугаар хуудас/,    

           2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч С.Ганцэцэгийн:..манай хүү А.Г нь 1997 онд Өвөрхангай аймгийнн Арвайхээр сумын нутагт бага хүү минь болж төрсөн. Хүүхэд бага насаа Улаанбаатар хотын 158 дугаар цэцэрлэгт хүмүүжиж, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуульд суралцаж төгсөөд, Орхон их сургуульд элсэн орж, эрх зүйч мэргэжлээр төгссөн. Одоо хувиараа газар зохион байгуулалтын хяналтын баталгаажуулах чиглэлээр ажилдаг. Манай хүү ах, эгч нарын хамт Баянгол дүүгийн 18 дугаар хороо, 59-22 тоотод амьдардаг. А.Г нь архи, тамхи хэрэглэдэггүй, дээд боловсролтой, зөөлөн, дөлгөөн, ааштай,бусдад тусархуу үнэнч, шудрага хүүхэд байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 28 дугаар тал/,  

           2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Г.Дөлгөөний:..2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр би Гантогтох ахын гэрт нь байж байгаад тус өдрийн 17 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумруу Гантогтох ахын эгчийг хүргэж өгөх гээд явсан.Төв аймгаас Улаанбаатар хотруу Гантогтох ах бид хоёр хоёулахнаа гарсан. Гүнтийн даваагаар даваад зуслангийн замаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явж байсан.  Тэгээд 7 буудал орохын наахан талд явж  байтал гэнэт явган зорчигчийг явган хүний гарцан дээр мөргөөд унгаачихсан. Манай ах машинаа зогсоогоод машинаасаа буугаад мөргүүлсэн хүнрүүгээ гүйгээд очсон. Намайг гар утас аваад ир гэхээр нь би Гантогтох ахын гар утсыг аваачиж өгөөд түргэн дуудлага өгсөн. Гантогтох ах бид хоёр газар хэвтэж байсан хүнийг өргөж машинд суулгасан гэх мэдүүлэг. /хх-ийн 35 дугаар тал/,

           2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 5001 дугаартай дүгнэлтэд:

           1. Норсонжавын биед цээжний баруун талын 5,6,7,10,11,12-р хавирганы хугарал, баруун, зүүн хөлний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

           3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ж.Ганцэцэг гэх дүгнэлт.  /хх-ийн 38-39 дүгээр тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

           3.1 Улсын яллагч: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 4-16 дугаар тал хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, гэрэл зургийн үзүүлэлт, 19 дүгээр тал, хохирогч Норсонжавын мэдүүлэг 35 дугаар тал,  гэрч Дөлгөөний мэдүүлэг,       26-28 дугаар тал,  иргэний нэхэмжлэгч Ганцэцэгийн мэдүүлэг, 38-39 дүгээр тал,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, 71-72 дугаар тал,  412 дугаартай мөрдөгчийн магадлагаа, 30-31 дүгээр тал,  иргэний хариуцагч Ганцэцэгийн мэдүүлэг, 105 дугаар тал,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бадамгаравын мэдүүлэг, 107 дугаар тал,  гэрч Ганцэцэгийн мэдүүлэг, 109 дүгээр тал,  гэрч Болорзаяагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

          3.2.Бусад оролцогчид шинжлэн судлуулах баримт байхгүй гэв.

            Гэм буруугийн талаар:

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

 Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

            Шүүгдэгч А.Г нь 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 20 цаг 15 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуслангийн замд “Toyota Aqua” маркийн 19-73 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж, явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасалгүй, уг гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.Норсонжавт зогсож, зам тавьж өгөлгүй мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

          - хохирогч Л.Норсонжавын:..2022  оны 3 дугаар сарын  25-ны өдөр би гэртээ байж байгаад 12 цагийн орчим гэрээсээ гараад охин Бадамгаравын гэрт очоод хоол цай хийлгэж идэж байгаад охины гэрт байж байсан. Тухайн үед гэрээсээ гараад автобусанд суугаад охины гэрт очсон. Тэгээд охины гэрт байж байгаад орой 20 цагийн орчим охины гэрээс гараад буцаад гэрлүүгээ явах гээд автобусанд суугаад явж байгаад гэрийнхээ ойролцоо байрлах автобусны буудал дээр буугаад ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй нэг автомашин намайг ирээд мөргөсөн. Тухайн үед би юу болсон талаар сайн мэдэхгүй байна, түс тас хийгээл явчихсан, тэгээд би газарт унаад  цааш юу болсон талаар санахгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр тал/, 

            - насанд хүрээгүй гэрч Г.Дөлгөөний:..2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр би Гантогтох ахын гэрт нь байж байгаад тус өдрийн 17 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумруу Гантогтох ахын эгчийг хүргэж өгөх гээд явсан.Төв аймгаас Улаанбаатар хотруу Гантогтох ах бид хоёр хоёулахнаа гарсан. Гүнтийн даваагаар даваад зуслангийн замаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явж байсан.  Тэгээд 7 буудал орохын наахан талд явж  байтал гэнэт явган зорчигчийг явган хүний гарцан дээр мөргөөд унгаачихсан. Манай ах машинаа зогсоогоод машинаасаа буугаад мөргүүлсэн хүнрүүгээ гүйгээд очсон. Намайг гар утас аваад ир гэхээр нь би Гантогтох ахын гар утсыг аваачиж өгөөд түргэн дуудлага өгсөн. Гантогтох ах бид хоёр газар хэвтэж байсан хүнийг өргөж машинд суулгасан гэх мэдүүлэг. /хх-ийн 35 дугаар тал/,

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 5001 дугаартай дүгнэлт.  /хх-ийн 38-39 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан, А.Гыг гэм буруугийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

    Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Г нь явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөх  ёстой гэдгийг мэдсээр байж,  түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж  чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэнээс хүний биед хүндэвтэр хохирол учруулсан  гэм буруугийн болгоомжгүй үйлдэл байна. 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Гыг “Авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч А.Г нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг  бусдад учруулсан хохирлыг  төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Л.Норсонжав нь цаашид гарах эмчилгээний  зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж  жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  шүүгдэгч А.Гыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг  зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн  хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                                                                                  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000  /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Год оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90  хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

            5. Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Хохирогч Л.Норсонжав нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            7.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

       8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ