Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 1055

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Оод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Ариунсанаа,

яллагдагч Б.Оын өмгөөлөгч К.Бауиржан,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2606 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор И.Ариунсанаагийн бичсэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 99 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Б.Оод холбогдох 1806065431589 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Чонод овгийн Б-н О, 1979 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 39 настай эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ....................... ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ...................../;

Б.О нь 2018 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 20-291 тоотод Б.Атэй маргалдаж, архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “...Шүүх хүсэлтийг хүлээн авч, дараах мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй байна.

  1. Б.Оыг тухайн хэрэг учрал болоход цагдаагийн байгууллага
    эрүүлжүүлсэн гэх тул түүнийг аль дүүргийн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн
    тухай тэмдэглэл, согтолтын зэргийг тэмдэглэсэн тэмдэглэгээ зэрэг нотлох баримтыг
    хэрэгт хавсарган ирүүлэх,
  2. Хохирогч Б.А нь хэрэг болсон гэх шөнө Гэмтлийн эмнэлэгт очсон, дараа нь өөр дүүргийн эрүүлжүүлэх байранд саатуулагдсан тухай хохирогч, гэрчүүдийн хооронд яригддаг бөгөөд тэрээр аль дүүргийн эрүүлжүүлэх байранд ямар шалтгааны улмаас очсон, эрүүлжүүлэх байранд саатуулагдахаасаа өмнө, эсхүл хойно Гэмтлийн эмнэлэгт орсон эсэхийг шалгаагүй, Б.Оын гэрээс хэдэн цагт гарсан, гэртээ хэдэн цагт харьсан, замдаа өөр газраар орсон эсэхийг тогтоох нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхээр байна гэж байх тул хохирогч Б.А нь хэрэг болсон гэх шөнө Гэмтлийн эмнэлэгт очсон эсэх талаарх лавлагааг Гэмтэл согог үндэсний төвийн хүлээн авах хэсэг, цагдаагийн хэсгээс нотлох баримтыг гаргуулан авах, мөн дүүргүүдийн эрүүлжүүлэх байрнаас лавлагааг гаргуулан авч хэрэгт хавсаргах,
  3. Тухайн үед дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч болон дэд ахлагч Д.Эрдэнэбаатар нь 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу Б.Оыг бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгож шийтгэл ногдуулсан байна.

Дуудлагаар очсон гэх цагдаагийн албан хаагч нар тухайн үеийн нөхцөл байдалд дүгнэлт хийхдээ, бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн биш харин бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжтэй зөрчил байна гэж үзэн Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан гэж үзэхээр байгаа бөгөөд энэ нөхцөл байдлыг тодруулалгүй орхигдуулсан байх тул дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчид болон цагдаагийн дэд ахлагч Д.Эрдэнэбаатараас болсон үйл явдлын талаар мэдүүлэг авч, 0078417 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 100.000 төгрөгийн торгууль улсын төсөвт орсон эсэхийг тодруулах ажиллагааг хийх,

  1. Хэргийг мөрдөн шалгах үед хохирогч болон гэрчүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байдлаар буюу ширээн дээр байсан архины шилийг авч цохисон, эсхүл авч шидсэн гэх байдлаар мэдүүлжээ. Иймд хохирогч, гэрч нараас дахин мэдүүлэг авах замаар мэдүүлгийн зөрүүг гаргах ажиллагааг хийх нь зүйтэй байна гэх үндэслэлээр Б.Оод холбогдох эрүүгийн 180606541589 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Оод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор И.Ариунсанаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээрх шүүгчийн захирамжид заагдсан мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх шаардлагагүй, хэрэгт авагдсан хохирогч Б.А, гэрч Б.Ганболд, Г.Золжаргал, Б.Энхтөр, яллагдагч Б.Оын гэрчээр байцаагдахдаа өгсөн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр, нэг мөр тогтоогдсон гэж үзэж байна. Хохирогч Б.А нь Б.О хэрхэн, яаж халдсан, өөрөөр хэлбэл, архины шилээр цохисны улмаас биед нь гэмтэл учирсан талаар шууд зааж мэдүүлсэн хохирогчийн мэдүүлгийг гэрч Б.Ганболд, Б.Энхтөр, Б.Золжаргал нарын мэдүүлэг давхар нотолсон шинжтэй нотлох баримтууд болно. Ялангуяа, дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч Б.Энхтөрийн Б.Аийн нүүр цус болсон байдалтай байсан талаар мэдүүлсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэнийг нотлох баримт болно. Хохирогч Б.А, гэрч Б.Ганболд нар нь “...архины шилийг авч цохисон эсхүл авч шидсэн...” гэх байдлаар мэдүүлсэн боловч Б.О Б.Аийг “...архины шилээр нүүрэнд цохисон нь” тодорхой байна. Иймд хэрэгт нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д заасан “Гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” тогтоогдсон. Түүнчлэн хохирогч Б.А, гэрч нар нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадсан. Мөн тухайн үед гэмт хэргийн газар дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч Зөрчлийн тухай хуулиар Б.Оод арга хэмжээ авсан нь гэмт үйлдэл болсныг нотолсон үйл баримт болж байгаа ба улмаар шинжээчийн дүгнэлт гарсны дараа хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Хохирогч Б.Аделбек нь Б.Оод архины шилээр цохиулж биед нь гэмтэл учирсан, гэмт хэрэг үйлдэгдэж, төгссөний дараа Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн байдаг. Хохирогчийн эмнэлэгт очсон, эмнэлгээс гараад гэртээ ирсэн, улмаар эрүүлжүүлэгдсэн эсэх зэрэг нь хэргийн шийдвэрлэлтэд хамааралгүй байна. Түүнээс гадна хохирогч Б.Аийн биед учирсан гэмтэл нь бүрэн тогтоогдсон байхад яллагдагч нь шилийг шидсэнээс эсвэл шилийг барьж байгаад цохисон эсэх нь хэрэгт ач холбогдолгүй байна. Хэрэв шаардлагатай гэж үзвэл шинжээчийг болон хохирогч, гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулан дээрх нөхцөл байдлын талаар тодруулах боломжтой байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2606 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагч Б.Оын өмгөөлөгч К.Бауиржан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн дүүрэн хийгдээгүй байна, шалгавал зохих нөхцөл байдлыг шалгаагүй, шүүх хуралдаанаар тэдгээр нөхцөл байдлыг нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэх үндэслэлээр мөрдөн байцаалтын ажиллагааг дахин нэмж хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан. Мэдүүлэг өгсөн Энхтөр гэх цагдаагийн албан хаагч нь жолооч цагдаа байсан. Тухайн цагдаагийн өгсөн мэдүүлэгт “тухайн үед яваад очиход цус нь гоожсон, бүх хувцас нь цус болчихсон байдалтай байсан” гэсэн байдаг. Гэтэл Эрдэнэбаатар гэх цагдаагийн албан хаагч нь энэ хэрэгт ямар нэгэн байдлаар мэдүүлэг, тайлбар өгөөгүй. Өөрөөр хэлбэл, болсон нөхцөл байдал буюу ямар зүйл болсон, яагаад 100.000 төгрөгөөр торгосон гэх талаар тайлбар, мэдүүлэг өгөөгүй. Мөн Энхтөр гэх цагдаагийн албан хаагчийн өгсөн мэдүүлэг нь гэрч Ганболд, Золжаргал нарын өгсөн мэдүүлэгтээ зөрчилдөөд байдаг. Гэрч Золжаргалын тухайд “хамар руу нь шилээр цохих шиг болсон. Тэгээд хамраас нь цус гарсан. Бид нар цусыг нь угааж цэвэрлэсэн” гэж мэдүүлэг өгсөн. Гэтэл Энхтөр гэх цагдаагийн албан хаагчийн тухайд “хувцас нь нилээд цус болчихсон, мөн нүүр нь цус болчихсон байдалтай байсан” гэх агуулгатай мэдүүлэг өгсөн. Тэгэхээр энэ хоёрын мэдүүлгийн аль нь үнэн зөв гэх талаар асуудлыг тодруулах шаардлагатай. Мөн хамар руу нь цохисон болгоноос буюу хамар дотроо маш олон хялгасан судастай тул тасарч цус гарах магадлалтай. Гэхдээ энэ байдлыг шууд хөнгөн гэмтэл учруулсан, хамрыг нь хугалсан нөхцөл байдал тухайн үед үүссэн гэдэг нь эргэлзээтэй. Тэгэхээр энэ байдлыг шалгуулах зайлшгүй шаардлагатай. Хохирогч Б.Аийн хувьд дараа нь эрүүлжүүлэх байранд орсон тухай гэрч, хохирогч, холбогдогч нарын хооронд яригддаг. Энэ талаар ч хохирогч өөрөө үгүйсгээгүй. Энэ талаар ч мэдүүлэг өгсөн. Гэхдээ эхнэртэйгээ муудалцаж эрүүлжүүлэх байранд орсон гэж тайлбарласан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд прокурор гэмтлийн эмнэлэгт очсон тухай баримт хавтас хэрэгт авагдсан гэж тайлбарласан. Гэтэл хэргийн материал дотор гэмтлийн эмнэлэгт ямар байдалтай очсон, ямар гэмтэлтэй байсан талаар тогтоосон зүйл байдаггүй. Тэгэхээр энэ гэмтлийг хэзээ авсан талаар шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байна. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2606 дугаартай шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг нотлохоор,

2. Мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтын эх сурвалжийг шалгаж, үнэлэх байдлаар шийдвэрлэхээр,

3. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор,

4. Мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар тус тус хуульчилсан бөгөөд эдгээр зохицуулалтын хүрээнд шүүх хуралдааныг явуулж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Прокурор шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэж үзсэн хохирогч, гэрч, шинжээч нарыг оролцуулах талаар шүүхэд хүсэлт гаргаж, хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтой байгааг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2606 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Оод холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Оод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                Ц. ОЧ