Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 017/2013/0000/З |
Дугаар | 221/МА2014/0084 |
Огноо | 2014-01-21 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2014/0084
“Х и” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэйгээр нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарыг оролцуулан хийж, Архангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны 10А дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор “Х и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 010546 тоот актыг хүчингүй болгуулах гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: "Х и" ХХК-ний 2006-2009 оны санхүүгийн баримтад Татварын улсын байцаагч Туяацэцэг бид хоёр 2010 оны Татварын хэлтсийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөний дагуу шалгалт хийсэн. Шалгалтаар тухайн компани хуучин халуун усны байрыг 2 давхар орон сууцны зориулалттай болгон өөрчилж худалдсан орлогын татвараа төлөөгүй зөрчил илэрсэн. Тэр халуун усны байр нь "Х и" ХХК-ний өмч, үл хөдлөх хөрөнгийн 1600 дугаартай 11700861 улсын бүртгэлийн гэрчилгээгээр бүртгэгдсэн. 2001 оны 12 дугаар сарын 12-ны өдөр "Х и" ХХК-наэс улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж 2004 оны 12 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн хэлтэс бүртгэж гэрчилгээ олгосон учраас тус компанийн өмч мөн гэж үзэж байна. Уг байрыг орон сууцны зориулалттай болгож борлуулсан байгаа. 2006-2007 онд уг орон сууцыг давхарлаж барихын тул "Х и" ХХК-ний нэрээр Хаан банкнаас зээл авсан. Хувь хүний нэрээр биш компанийн байрыг барьцаалж, "Х и" ХХК-наар зээл авч орон сууц барьж борлуулсан байгаа юм. Үл хөдлөх хөрөнгийн газраас авсан баримтад орон сууц захиалгаар барих, авах гэрээ гээд 6 хүнтэй хийсэн гэрээ байгаа. Захиалгаар орон сууц барих нь "Х и" ХХК, гэрчилгээ, регистрийн дугаар, тамга тэмдэг дарагдсан байгаа. Халуун усны байрыг орон сууц болгон борлуулаад 41.300.000 төгрөг орлого олсон боловч татвар төлөөгүй байна гээд Д.Э-д зардал гаргасан баримтаа аваад ир гэхэд, би бариагүй В.Ганболд барьсан гэсэн. В.Ганболдоос удаа дараа зардлын баримтаа авчирч өгөхийг шаардсан боловч авчирч өгөөгүй. 1992 онд батлагдсан Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13.1-д "Татвар олсон орлогоо нуусан бол нуусан буюу бууруулсан орлогын дүнгээр торгууль ногдуулна" гэснийг үндэслээд 41.300.000 төгрөгийн торгууль ногдуулсан акт гаргасан. "Х и" ХХК-ний өмчийг барьцаалж зээл авсан учраас уг акт нь компани дээр гаргаж байгаа акт тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна " гэв.
Анхан шатны шүүх шийдвэртээ: Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, Архангай аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн "татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай" 010546 тоот актыг хүчингүй болгосугай гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: '"Х и" компанийн 2006-2009 оны үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт хийж татварын улсын байцаагчийн 010546 тоот актаар 41300.0 мян.төг-ийн торгууль ногдуулсан.
Тус компани нь 2005 онд Тост трейд" компанийн зуун талд байрлах хуучин халуун усны байрыг худалдан авч 14 айлын орон сууц болгон засварлаж 2006-2007 онд борлуулсан байна. Дээрх орон сууцны борлуулалтаас 41300.0 мян.төг-ийн орлого олсон нь "Х и" компанийн ул хөдлөх эд хөрөнгийн газар хийсэн орон сууц захиалах, захиалгаар орон сууц барих, авах гэрээ мөн “Х и” компанийн ХААН банкин дахь 5135056759 тоот дансны хуулга зэргээс нотлогдож байна.
Иймд Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10а шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд өгсөн хариу тайлбартаа: Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10а магадлалаар Аймгийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн татварын ногдуулах төлөлтийг шалгасан тухай 010546 тоот актыг хүчингүй болгосон юм. Дээрх хурлаар хэрэгт авагдсан нотлох баримтыг судалж үндэслэл бүхий дүгнэлтийг өгсөн хэмээн үзэж байна. “Х и” ХХК нь 2006-2007 онд барилга барьж зарж борлуулаагүй, татварын тайлангаа сар бүр гарган өгч байсан юм. Иргэн В.Г нь “Х и” ХХК-тай болон надтай ямар ч хамааралгүй өөрийн хувийн байшингаа 2 давхарлан барьж хувь хүмүүс банктай орон сууцны зээлийн гэрээ хийн зарж борлуулсан. Харин тухайн үед “Х и” ХХК-ийн нэр дээр зээл авсан нь үнэн.
Хэрэв татвараас намайг дуудах юм бол холбогдох мэдээллийг өгнө гэж хэлж байсан удаатай. Дээрх түүний хэлснээс харахад Татварын улсын байцаагчийн хяналт шалгалтаар тавьсан 41,300,000 төгрөгийн торгууль нь үндэслэлгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангалгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт өгч, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.
Архангай аймгийн татварын улсын байцаагчийн 2011 оны 05 дугаар сарын 23- ны өдрийн 010546 тоот актаар “Х и” ХХК нь 2006-2009 оны татварт ногдох орлогоо мэдүүлээгүй, нуусан үндэслэлээр 41.300.0 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
Гэтэл маргаан бүхий актын үндэслэл болгосон Татварын Ерөнхий хуулийн 13.1.1-т “Татварт ногдох орлогоо нуусан буюу...нуусан орлогын татвар ногдуулах орлоготой тэнцэх хэмжээний торгууль ногдуулах” гэсэн зөрчил энэ тохиолдолд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Хариуцагчийн зүгээс давж заалдах гомдолдоо “Х и” ХХК-ийн татвар ногдох орлогоо нуусан нь Хаан банкны дансны хуулга, орон сууц захиалах, захиалгаар орон сууц барих, авах гэрээ зэргээр нотлогдож байна гэж маргажээ.
Хэдийгээр давж заалдах гомдолд дурдсанаар Х и ХХК-ийн нэрээр орон сууц захиалгын гэрээ хийсэн байх боловч дээрх байгууллагын Хаан банк дахь дансны дэлгэрэнгүй гүйлгээгээр “Х и" ХХК 41,300,000 төгрөгийн орлогыг олсон гэдэг нь тогтоогдохгүй байна.
Аж ахуй нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно” гэжээ. Дээрх тохиолдол банкны дэлгэрэнгүй хуулганы хувьд торгууль ногдуулсан 41,300,000 мянган төгрөгийн орлого олсон гэх баримт тогтоогдохгүй байна.
Мөн орон сууц захиалгын гэрээг компанийн нэрээр хийсэн боловч ийнхүү гэрээ хийсэн нь Х и ХХК орлого олсны нотлох баримт болохгүй бөгөөд Х и ХХК-ийн данс зэрэг бусад нотлох баримтаар энэ нь тогтоогдохгүй байна.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байгаа боловч хууль хэрэглээний хувьд Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасныг баримталсан нь тухайн маргааны хувьд хууль хэрэглээний зохицуулалтыг зөв хэрэглээгүй байгаа учир өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ